Ахлах ахлагч А.Даваахүү: зорчигчийн тав тух хамгийн чухал
  • 09:47
  • 1796
Жолооч мэргэжлийг дийлэнх хүмүүс тэр бүр чухал гэж боддоггүй. Мэргэшсэн жолооч гэдэг хол ойрын аль ч замд өөрийн болон бусдын амь насыг хариуцаж явдаг чухал мэргэжил. Мөн зорчигчийнхоо ая тухыг давхар бодолцож машинаа тоноглож, засварлаж чаддаг тийм л сэтгэл шаардсан ажил. Энэхүү хариуцлагатай бөгөөд сэтгэл шаардсан ажлыг эрхэмлэн гүйцэтгэдэг Хилийн 0130 дугаар ангийн автотехникийн албаны жолооч, ахлах ахлагч А.Даваахүүтэй ярилцлаа.

Ахлах дэслэгч Д.Гэрэлтуяа

Жолооч мэргэжлийг дийлэнх хүмүүс тэр бүр чухал гэж боддоггүй. Мэргэшсэн жолооч гэдэг хол ойрын аль ч замд өөрийн болон бусдын амь насыг хариуцаж явдаг чухал мэргэжил. Мөн зорчигчийнхоо ая тухыг давхар бодолцож машинаа тоноглож, засварлаж чаддаг тийм л сэтгэл шаардсан ажил. Энэхүү хариуцлагатай бөгөөд сэтгэл шаардсан ажлыг эрхэмлэн гүйцэтгэдэг Хилийн 0130 дугаар ангийн автотехникийн албаны жолооч, ахлах ахлагч А.Даваахүүтэй ярилцлаа.

-Хил хамгаалах байгууллага, тус ангид хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Хил хамгаалах байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Хугацаат цэргийн албыг 1990-1992 онд тус ангид хааж байлаа. Цэргийн алба хаасан хугацаагаа оруулах юм бол энэ ангидаа 22 жил ажиллаж, амьдарч байна.

-Хилчин жолооч байхын бахархал нь юу вэ?

-Миний аав намайг Хил хамгаалах байгууллагаар овоглох замыг заасан. Хугацаат цэргийн албыг 1992 онд хаагаад энгийн байгууллагад  найман жил ажилласан. 2000 онд тус ангидаа ахлагчийн албанд улирч байлаа. Энгийн байгууллагад ажиллах хугацаанд аав минь Хилийн цэргийн бахархал хийгээд сайхныг хэлж, ярьж хүсэл сонирхолыг минь өдөөж өгсөн. Бидний үед нарийн мэргэжил байлаа. Жолооч мэргэжил эзэмшихийн тулд заавал аравдугаар анги төгссөн байх шаардлагатай байсан. Тиймээс Үенч суманд наймдугаар анги төгсөөд Булган суманд аравдугаар ангиа дүүргээд жолооч мэргэжил эзэмшин суралцсан. Жолооч болохын тулд 6-8 сар сураад шалгалтыг нь өгөөд тэнцвэл жолооч мэргэжил эзэмшдэг байсан. Би хүүхэд байхын жолооч болох хүсэл сонирхолтой байсан. Хоёр ах маань жолооч байсан нь энэ мэргэжилд дурлах бас нэг түлхэц болсон болов уу. Анх жолоо мушгиж аян замд явахад үгээр хэлшгүй тийм нэг сайхан мэдрэмж төрж билээ.

-Та одоо эзэмшиж буй автомашиныхаа талаар  бидэнд сонирхуулаач?

-Пав 1018 ХЦА дугаартай автомашиныг 11 жил барьж байна. Яг л миний анд нөхөр гэр шиг санагддаг. “Ханилж яваа ханиа, унаж яваа морио муулдаггүй” гэдэг эртний үг байдаг. Монгол хүн өөрийн эдэлж хэрэглэж буй зүйлдээ сэтгэл  гарган хайрлаж хамгаалж байх нь эд юмсаа ариглан гамтай хайрлахын нэр юм даа. Энэ ч утгаараа авто машин миний хоёр дахь гэр. Жолооч нарыг дуучин хүмүүс байдаг гэж боддог. 

-Аяны замд сайхан дуу дуулаад явахад сэтгэл сэргээд зам ч хурдан хорогдох шиг болдог?

-Дуу дуулах сайхан. Миний хувьд сайн дуучин биш ч дуулах дуртай хүмүүсийн нэг. Аян замд явж байхдаа автомашиныхаа дууг чагнаж сонсож, сонор сэрэмжтэй явахыг боддог. Жолооч нар автомашиныхаа дугарч байгаа дуугаар юу нь болж, юу нь болохгүй байна гэдгийг оношилж тодорхойлж явдаг улс.

-Автомашинаа бариад, жолооны хүрдний ард явахын жаргалыг та юу гэж боддог вэ. Төвөгшөөх сэтгэл төрж байв уу? 

-Төвөгшөөж, халаглах сэтгэл төрдөггүй. Харин ч хэд хоног аян замд явахгүй зогсохоор хэцүү байдаг. Аян замд явах  ажил үүрэг гарвал харин ч баярлаж, сэтгэл гэгэлзээд автомашинаа болон өөрийнхөө хувийн бэлтгэлийг хангаж эхэлдэг. Бэлтгэлээ хангаж аваад л аян замд явах сайхан шүү дээ.

-Таны анхны авто машин ямар машин байв?

-2000 онд ахлагч болоод хилийн салбарт Газ-66 автомашиныг хүлээн авч байв. Тэр машиныг миний хувьд өмнө харж байснаас жолоог нь огт барьж үзээгүй байсан. 

-Жолооч нарыг ажиглаад байхад байнга л автомашинаа зүлгэж арчиж цэвэрлэж зогсдог.

-Тэгэлгүй яахав. Жолооч нар байнгын бэлэн байдалд байх ёстой эрхэм үүргийг хүлээсэн хүмүүс. Хэдийд ч  дуудахад автомашины бүрэн бүтэн байдлыг хангасан байх ёстой. Тиймээс аян замд яваагүй үедээ автомашиныхаа бэлэн байдлыг хангаж үзэж шалгана. Бүр автомашинтайгаа хүнтэй харьцаж байгаа юм ярилцана шүү дээ. Жолооч хүн бүр зорчигчийнхоо тав тухтай байдлыг хангах нь чухал гэж үздэг. Тиймээс  автомашиныхаа кабины хөлд сэрүүний улиралд хонины элдсэн нэхий дэвсдэг. Хол, ойрын замд зорчигчийн хөлийг дааруулахгүй гэсэндээ тэр л дээ.  Харин дулааны улиралд урд хэсэгт жижигхэн сэнс тавьдаг. Автомашинаа аль болох дулаахан тохилог, цэвэр цэмцгэр байлгахын тулд байнга л цэвэрлэгээ үйлчилгээг хийнэ шүү дээ.

-Та хилчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Мэргэжил бүхэн сайхан. Бид юу хийж чадна түүгээрээ гайхуулж, гангарч чадна. Иймд өөрт байгаа чадвараа олж хараад өөрийгөө болон өрөөл бусдыгаа хөгжүүлж байцгаая гэж уриалмаар байна.