ХАЛАГДАХ ЦЭРГИЙН УЯНГА
  • 13:37
  • 1724
Хилийн цэрэгт алба хаасан хугацаат цэргийн алба хаагч хэн болоод халагддаг вэ? Нэг жилийн хугацаанд тэд юунд суралцдаг бол... Эдгээр ерөнхий асуултад Хилийн 0101 дүгээр ангийн хилийн 0305 дугаар салбарын байлдагч нараас хариулт эрэв. Хилийн цэрэгт тэр тусмаа хилийн шалган нэвтрүүлэх боомт бүхий ангид хугацаат цэргийн алба хаасан байлдагч нарт өөрийн гэсэн бахархал бий. 2019 оны нэгдүгээр ээлжээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс хугацаат цэргийн албанд татагдан ирж албаа амжилттай хаагаад халагдах гэж буй, түрүүч О.Билгүүнээр төлөөлөн эдгээр асуултад хариулт эрэв.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Хилийн цэрэгт алба хаасан хугацаат цэргийн алба хаагч хэн болоод халагддаг вэ? Нэг жилийн хугацаанд тэд юунд суралцдаг бол... Эдгээр ерөнхий асуултад Хилийн 0101 дүгээр ангийн хилийн 0305 дугаар салбарын байлдагч нараас хариулт эрэв. Хилийн цэрэгт тэр тусмаа хилийн шалган нэвтрүүлэх боомт бүхий ангид хугацаат цэргийн алба хаасан байлдагч нарт өөрийн гэсэн бахархал бий. 2019 оны нэгдүгээр ээлжээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс хугацаат цэргийн албанд татагдан ирж албаа амжилттай хаагаад халагдах гэж буй, түрүүч О.Билгүүнээр төлөөлөн эдгээр асуултад хариулт эрэв. Түүний хувьд ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд цэргийн албанд татагдан иржээ. Жаахан хүү байхаасаа цэргийн албанд татагдсан тэрбээр анхны цэргийн зарлангаа тосож аваад ихэд баярлаж хавь ойрхынхондоо дуулган хөөрчээ. Ингээд хугацаат цэргийн алба хаагч болж хилийн манаанд явж эхэлсэн өдрөөс хойш цэргийн амьдралын хатуу ширүүнийг нь үзэх бүр улам ихээр татагдах болж. Бодож төсөөлж байснаас нь ч илүү цэргийн алба сайхан байсан гэнэ. Түүний хувьд сурагчийн ширээний ардаас нэгэн хамт олны дунд уусан шингэхдээ эрчүүдийн мөн чанар, бат нөхөрлөлийн үнэ цэнийг илүүтэй мэдэрчээ. Айлын том хүү тэрбээр ээж, дүү хоёрынхоо амьдралын түшигт багана гэдгийг мэдэрч, эр бяр чангарахын зэрэгцээ ухааны цар нэмсэн хугацаа байв. Олон аавын хөвгүүд тулгарсан асуудлаа хамтдаа ярилцан шийдэж, тухайн асуудлын ард нь гарчихаад жагсаж зогсох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Нялуунаас илүү шулуун зан угаас эрчүүдийнх. Хүүгийнхээ цэргийн болох хүслийг биелүүлэхээр багаас нь дэмжсэн хүн бол түүний ээж. “Өрлөг Тэмүүжин” сургуульд орох гэж бүдэрсэн үе ээж хүү хоёрт бий. Тиймээс ч хүссэн зүйлийнхээ захаас зуурсан түүний хувьд цэргийн албанд татагдсан өдөр бүр сонирхолтой байсан. Цэргийн албанд зааж сургах бүхнийг эзэмших гэж, эрдэм болгох гэж сонирхолдоо хөтлөгдөн нэг жилийг өнгөрөөжээ.

Анх Хилийн цэрэгт алба хаах нь баатарлаг, биеэр туулах чадвар сууна гэж харсан нь оносон талаар ярив. Шалган нэвтрүүлэх албанд хуваарилагдахдаа илүү ашигтай хувилбар буюу нэг сумаар ихийг мэдэх боломж гэж дүгнэсэн нь ч оножээ. Цэргийн албанд тохиолдсон хөгтэй явдал олон бий. Сайхан дурсамж ч тэднийх. Үнэнч нөхөрлөл, амьдралын анхны гараа, хилийн манаа, галт тэрэгний түжигнэх чимээ гээд салбарынхаа бүхий л зүйлд эд эсээрээ хайртай. Энэ бүхэн тэр чигтээ амьдралын нандин дурсамж юм. Түрүүч О.Билгүүний хэлсэнчлэн өөрийнхөө амьдралд хэд дахин хожилтой нэгэн жилийн хугацаа ажлын талбарын үндсэн бэлтгэл нь болж чаджээ. Бие бялдраа хөгжүүлсэн нэг жил, хилийн албанд шунан дурласан нэг жил. Хугацаат цэргийн албанд хүнийг таних, удирдах, хамтрах гээд харилцааны олон ур дүйд суралцсан нь түүний насан туршийн “өмч”. Цэргийн албанд өөрийн дутагдлаа ч олж харсан. Өмнө нь олон хүнтэй төдийлөн нээлттэй харилцаж чаддаггүй байсан тэрбээр өөрийгөө нээж, мэдэрч таньсан байна. Түүний цэргийн албанд татагдан ирээд мэдэрсэн хамгийн сайхан зүйл бол нэгэн цул хамт олон буюу өөрийн гэр бүл мэт санагдах дотно нөхөрлөлийн үнэ цэнэ билээ. Хөөрхөн дүү нь уншиж, бичиж сурсныг дуулаад түүнийхээ өмнө насан туршдаа хариуцлага хүлээх ах гэдгээ ухаарч, амьдралын замд хэрхэн хөтлөх талаар бодож амжиж. Энэ бүхний төлөө хийх түүний эхний алхам бол гэрээт хилчний албыг хааж, мөнгөн хуримтлал бий болгох явдал. Улмаар ДХИС-д суралцан бакалаврын боловсрол эзэмшихээр төлөвлөжээ. “Миний болон бидний хувийн хөгжилд маш их тус болсон салбарынхаа дарга, хамт олон, нийт цэргүүддээ баярлалаа. Үнэхээр их баярладаг. Хүндэлдэг шүү та нарыгаа. Мартаж чадахгүй. Намайг хоёр дахин хүчтэй болгосон газар бол хугацаат цэргийн алба”. Энэ бол тасгийн захирагч, түрүүч О.Билгүүнээр төлөөлөн Хилийн 0101 дүгээр ангид хугацаат цэргийн албыг хаагаад халагдаж буй залуусын чин сэтгэлийн илэрхийлэл. Шалганы шаламгай цагаан захтнууд гэж тэд өөрсдийгөө тодорхойлох. Улс орны нүүр царай болсон, үүрэг гүйцэтгэл нь хүртэл содон залуус Монголын Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хаасан залуус өнгөлөг жавхаалаг, зорилго тэмүүлэлтэй байгаа нь энэ. Халагдах цэргийн уянга эгшиглэнэ.