БНМАУ-ын Баатар ХОРЛООГИЙН ДАМБА /1919-1943/
  • 12:01
  • 5002

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Уртын хоолой хэмээх газар төрсөн. Эрдэнэцагааны отрядод цэргийн албанд очиж, цэргийн эрдэмд суралцан, тасгийн даргаар дэвшин, бага дарга болжээ. Буудлагын зэвсгийг чадамгай эзэмшин, салбарын буудлагын аваргаар байнга шалгарч байсан. Онц буудагч юм. 1943 оны эхээр 5-р отрядын Даяннуурын заставт шилжин албаа хаав.

1943 оны 7 сарын 30-нд Шарговийн Багадаваатын харуулд ахлах түрүүч Д.Намнангийн удирдлагад байлдагч Сандуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарын хамт гарчээ. Гэтэл хилийн манааг Хасагийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж, хүч тэнцвэргүй ширүүн байлдаан болов. Нөхөд нь дайсантай эрэлхэг зориг гарган байлдсаар амь насаа алдаж тэр цор ганцаар үлдэж, зүүн гараа хуга буудуулсан ч тулалдсаар байж амь үрэгдсэн байна.

Энэ байлдаанд оролцсон дайсны этгээд хожим нь манай талд олзлогдон мэдүүлэхдээ “Бид 1943 оны 7 сарын 30-нд 100 гаруй хүмүүс танай хилийн манааг баривчлах зорилгоор ирсэн боловч 3 нь дараалан алагдаж үлдсэн нь толгой өндийлгөхгүй буудаж байгаад өөртөө зэвсэг хэрэглэсэн. Үнэхээр баатар хүн байсан тул бид заншил ёсоор “Баатар болцгооё” гэж цуснаас нь амссан. Хоёр цэргийн амийг төлж өгье” гэжээ.

Х.Дамбыг АИХТ-ийн 1961 оны 270-р зарлигаар БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнаж, 1973 онд ХЦ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан хилийн 0130-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгосон. Төрсөн нутаг Хэнтийн Өмнөдэлгэрт хөшөөг нь босгожээ.