ОЁДОЛЧИН, АХЛАХ АХЛАГЧ М.ЭНХМАА: Үйл урлана гэдэг бусдыг баярлуулдаг сайхан энергитэй ажил
  • 13:53
  • 4321
“Ажлын өрөөнд нь” булангийн энэ удаагийн дугаарт Хилийн 0243 дугаар ангийн оёдолчин, ахлах ахлагч М.Энхмаа саатаж байна. Үйл уран энэ бүсгийн гараар оёж шидэгдсэн, ур ухаанаа шингээн шагласан олон бүтээлийг нэрлээд баршгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө Монгол-Оросын хилчдийн уулзалтын үеэр үйлчилгээний бүсгүйчүүдэд зориулан түүний урласан дээлэнд нүд унагаж бид анх танилцаж билээ.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ 

-Үйл уран байг. Яг одоо ямар үйл хийж байна вэ?

-Баярлалаа. Алба, тасгуудын тугийг оёж сууна. Ангийн хүндэтгэлийн танхимд залах юм. Өнөөдөр нийт таван туг оёлоо. Соёлын төвийн хөшгийг саяхан оёж дуусгасан. Одоо дээд талын хэдэн жижиг цонхны хөшиг оёх үлдээд байгаа.

-Шинэхэн соёлын төвөө улаан хүрэн өнгийн хөшгөөр тохижулсан нь нүдэнд дулаахан сайхан харагдсан шүү. Багагүй ч хөдөлмөр орсон байх?

-Соёлын төвийнхөө хөшгийг оёх гэж бид хэдэн өдөр завгүй суусан. Дуртай ажлаа хийж байгаа учраас төдийлөн ядардаггүй. Харин ч хурдхан дуусгаж хийсэн бүтээлээ харж санаа амрахыг хүсдэг. Бараг 300 метр даавуугаар тус хөшгийг оёсон байх шүү.

-Ингэхэд тус ангид хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Нийт 13 жил ажиллаж байна. Халх голд дөрөв, Мэнэнд нэг жил ажиллаад тус ангид шилжин ирсэн. Энэ хугацаанд холбоочин, жагсаалын дарга, тоо бүртгэгч гээд эмэгтэй хүн, эмэгтэй ахлагч хийж болох бүхий л орон тоон дээр ажиллаж үзсэн. Харин сүүлийн үед оёдолчноор ажиллаж байгаа. Ангийн шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа учраас ажил ихтэй байна.

-Таны ар талын ширээн дээр нэг удаагийн хамгааллын хувцас, хэрэглэл тавьсан харагдаж байна. Оёсон юм уу?

-Цар тахлын эсрэг хилчид сөрөн ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тиймээс ч дотоод нөөц бололцоондоо тулгуурлан нэг удаагийн хувцас, амны хаалтыг бид гарын доорх материал ашиглан, хямд төсрөөр оёсон. Эмнэлгийн зориулалттай материалаар нэг удаагийн хамгааллын хувцас гэхэд 5,000 төгрөгөөр гарч байгаа. Харин амны хаалт 500 төгрөгөөр гарах жишээтэй. Оёсон маскны тоогоо хэлж мэдэхгүй байна. Хэдэн мянга болсон. Дуртай ажлаа хийж байгаа болохоор надад сайхан байдаг. Түрүүн хэлсэнчлэн өмнө нь харин янз бүрийн ажил хийхэд амаргүй үе байсан.

-Оёдлын машинтай хэдэн настайгаасаа эхлэн найзалсан бэ?

-Бараг 7-8 настай л байсан байх. Эмээ минь анх юм оёхыг зааж өгсөн. Харин ээж төдийлөн дэмждэггүй байлаа. Эмээгийнхээ заасан эрдмийг өвлөж оёдолчин болсон доо.

-Дуртай зүйлээ хийхдээ хүн түүнээсээ жаргалыг мэдэрч байдаг. Мэргэжил бүхэн сайхнаас гадна бэрхшээлтэй тал ч бий. Жишээлбэл би жаахан юм оёхоор хөшдөг?

-Гайгүй ээ. Ёстой өөрийн чинь хэлснээр дуртай ажлаа хийж байгаа учраас ядрах зүйлгүй урагшаа зорьж ажилладаг. Ачаалалтай үед ангийн бүсгүйчүүд гар бие хамжихаас гадна хоёр бүсгүйг дагалдуулан сургаж байгаа. Хилчид угаасаа аливаа ямар ч ажилд эвсэлтэй нөгөө талаас ажил нь ихийг сургадаг давуу талтай. Би хилийн салбарт угаагч, оёдолчин, тогооч, талхчин гээд бүгдийг хийж сурсан. Тэтгэвэртээ гараад хаана ч ажилласан гологдохгүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Хилийн цэрэг хүнийг амьдралд сургадаг сайхан газар. Энэ сайхан буянтай байгууллагын үр шимийг хүртэн ажиллаж байгаадаа баяртай явдаг.

-Тоног, төхөөрөмжийн хувьд цомхон харагдаж байна?

-Оёдлын болон хэрээсний машинтай. Энэ хоёр байхад асуудалгүй дээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө ангийнхаа урлагийнхныхаа сэлгээний хувцсыг оёж өгөх бодолтой байгаа. Гадуур урлагийн хувцсыг маш үнэтэй оёдог шүү дээ. Уг нь одоогоос гурван жилийн өмнө нэг оёдолчин дагалдуулж сургасан боловч ажлаасаа гарчихсан. Хувиараа юм оёх нь магадгүй ашигтай байсан биз.

-Ажлаа өвлүүлэх залгамж халаагаа бэлдэнэ гэдэг их чухал шүү. Туршлагатай, чадвартай хүний орон зай их үгүйлэгддэг? 

-Ажлаа сэтгэлтэй хүнд өвлүүлчих юмсан л гэж бодож байна. Дадлагажуулж байгаа бүсгүй маань мундаг хилчний гэргий учраас итгэлтэй байгаа. Ер нь Хилийн цэргийн дотор нь орж үзсэн, амьдралын зах зухаас нь мэддэг, тогоонд нь чанагдсан хүн гэдэг өөр. Гаднаас оёдолчин авахад цэргийн хувцасны нарийн дүрэм, зааврыг мэдэхгүй учраас олон хүндрэл гардаг. Тухайлбал хилчин дээл, монгол дээл хоорондоо их ялгаатай. Гэхдээ би тэтгэвэрт гарсан ч анги, хамт олноосоо холдож чадахгүй ээ. Намар болохоор хэдэн цэргийнхээ 300 бээлгийг оёно гээд бүүр дадал болчихсон хүрээд ирэх байх. /Инээв.сур/

-Таны ярианаас тэтгэвэртээ гарах гэж байгаа гэж ойлголоо?

-Тийм, хугацаа болчихсон. Тэтгэвэртээ гараад өөрийнхөө салоныг нээнэ гэж боддог. Сэлэнгэ аймагт оёдлын газрууд олон бий л дээ. Гэхдээ аймагтаа байхгүй сайхан салоныг нээх нь миний мөрөөдөл. Сэлэнгэ сайхан нутаг. Манай гэр бүл цаашид эндээ ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа.

-Европ, үндэсний хувцас гээд бүхий л төрлөөр оёх уу?

-Тэгэлгүй яахав. Багаасаа сурч, өөрийгөө хөгжүүлснийх чадна.

-Ингэхэд өөрөө шөнийн 22.00 цагт ажиллаад сууж байх юм. Гэртээ харих болоогүй юм уу?

-Гэртээ харьчихаад ирсэн. Амжуулах яаралтай ажилтай учраас эргээд ирлээ. Ер нь би ажилдаа дуртай. Хүнд оёж өгсөн хувцсаа өмсөхийг нь харж баясах нь миний жаргал. Тэр хүн миний оёод өгсөн хувцсыг өмсөөд баярлаж байхыг харах сайхан. Үйл урлана гэдэг бусдыг баярлуулдаг сайхан энергитэй ажил шүү дээ. Энэ сайхан мэдрэмжийг би байнга хамт олноосоо мэдэрч чаддаг учраас ажилдаа дуртай, эрч хүчээр дүүрэн байдаг гэж хэлж болно.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүн Хилийн 0101 дүгээр ангид баримт бичгийн шалгагчаар ажилладаг. Ахлах дэслэгч Т.Эрдэнэбилэг гэдэг. Бид охин, хүү хоёртой. Анх ханьтайгаа Хилийн 0151 дүгээр ангид холбооны курсэд сурч байхдаа танилцсан юм. Хилийн цэрэг гэх том айлын босгыг давсан Сүмбэртээ, ханьтай минь учруулсан Хилийн 0151 дүгээр ангид, хоёр сайхан үртэй болсон Сэлэнгэ сайхан нутагтаа гээд талархаж явах олон зүйл надад олон бий.

-Ажиллах хугацаандаа олон дурсамжтай үйл явдалд гар бие оролцож байсан нь дамжиггүй?

-Өө олон байлгүй яахав. 2007 онд Хилийн 0198 дугаар ангийн 70 жилийн ойн, 2008 онд Хилийн 0243 дугаар ангид шилжин ирээд мөн л ойн баярын хувцсыг оёсоноо би мартдаггүй. 2018 оны хилчдийн урлагийн наадмаар ангийнхныхаа бүх хувцсыг оёж, манай анги бүсдээ түрүүлсэн. Тэр үед манай ангийнхан нэг их өнгөлөг сайхан харагдаж билээ. 2019 онд Хилийн 0164 дүгээр ангийн 80 жилийн ойн урлагийн болон үйлчилгээний хувцсыг оёсон. Хилийн 0288 дугаар ангид хилийн шалгагч бүрэлдэхүүний хувцас оёход хоёр сар ажилласан. Тэр үед ажлын урилга авсан ч би зөвшөөрөөгүй. Өөрийнхөөрөө дуртай ажлаа хийхийг хүссэн. Би дизайнер мэргэжлээрээ ажиллаж загвар зохион бүтээх сонирхолтой учраас татгалзсан. Ид хийх насан дээрээ өөрийгөөө хөгжүүлж ажиллах сонирхол надад бий. Би хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч ангидаа туслах зүйл байвал хэзээд бэлэн. Хар багаасаа энэ сайхан байгууллагатай амьдралаа холбосон учраас надад үгүй гэж хэлэх эрх байхгүй. Хурандаа Д.Гантөмөр болон Х.Дамдинсүрэн дарга нарт талархаж, маш их хүндэлж явдаг. Анх цэргийн байгууллагад ороод удаагүй байхад ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр хурлын үеэр хэлсэн нэг үгийг намайг маш их цэнэглэж өгсөн юм. Амттай сайхан бууз хийхийн тулд мах, шүүсийг хооронд нь баздаг шиг хамт олон нэг байхын тулд эв нэгдэлтэй, хүсэл эрмэлзэл дүүрэн байх хэрэгтэй гэж хэлсэн нь их бодогддог. Хэн ч бай ажилдаа эзэн байх юм бол үр дүнг нь үздэг. Энэ нь ч миний зарчим. Үр дүнг нь ч үзэж ажиллаж байгаа. Цэргийн сайхан мөрдэсийг зүүж ажиллалаа. Ер нь өөрт таарсан ажлаа жин тан хийх сайхан. Тиймээс ч би хэрэгтэй газраа, чадах ажлаа л хийе гэж боддог.

-Таны ажлаа сайн хийх хамгийн гол хөшүүрэг гэвэл?

-Мэдээж хамт олны дэмжлэг, урам байсаар ирсэн. Манай ангийн бүсгүйчүүд намайг маш сайхан дэмждэг. Олон сайхан арга хэмжээнд тэд миний оёсон хувцсаар гангарч, хоорондоо “ЭМА брэндээрээ л гоёно шүү дээ” гэж ярихад нь л би баярлачихдаг.

-Салоны чинь нэр тодорхой юм байна шүү дээ?

-Өө тодорхой. Манай хүүхнүүд намайг Эма гэж дуудна, зарим нь ЭМА салоны захирал гэж хошигнодог юм. Манай өрөө заримдаа салон болох нь ч элбэг. Гэхдээ албаны өрөө учраас хүссэнээрээ тохижуулаад байж чаддаггүй. Хувийн салонтой болохоороо “Хилийн 0243 дугаар ангийн Эма солон” гээд биччихэж магадгүй шүү. /Инээв.сур/ Энэ ангидаа, хилдээ би их хайртай.

-Ярилцсанд баярлалаа. Шөнийн 23.00 цаг болж байгаа учраас хоёулаа ярилцлагаа энэ хүргээд өндөрлөе. Та төлөвлөсөн ажлаа гялс амжуулаад эрт харьж амрах ёстой байх?

-Зүгээр ээ баярлалаа. Хилчин бүсгүйчүүд ажлын ачаалал дааж сурсан байдаг. Манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийг эргээд ажилд авах сонирхолтой байдаг гэсэн. Хоол хийж чадах уу чадна, үнээ сааж чадах уу чадна, угаагч хийж чадах уу чадна гэхээр Хилийн цэргийнхэн төгс юм аа гэдэг гэсэн. Хилийн салбарт удаан ажилласан хүнд үнэхээр чадахгүй зүйл байхгүй. Энэ дашрамд нийт бүсгүйчүүддээ санаа нэгтэй, хийсэн ажил нь үр дүнтэй байхыг хүсье. Хамгийн гол нь эрүүл энх байвал болно шүү дээ. Хилийн 0243 дугаар ангийн хамт олондоо, сайхан бүсгүйчүүддээ талархал дэвшүүлье.