АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ЭНХЗАЯА: Шалгагчид аа, халдваргүйжүүлэлтийн горимоо сайн баримтлаарай
  • 13:59
  • 1265
Хилийн 0101 дүгээр ангийн баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч Б.Энхзаяатай тус ангийн шалгагч бүрэлдэхүүнийг төлөөлөн ярилцлаа.

Ахлах дэслэгч Л.Номингэрэл

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг ахлах дэслэгч Б.Энхзаяа гэдэг. Би Сэлэнгэ аймагт төрж, өссөн. Их сургуулиа төгсөөд Хилийн 0101 дүгээр ангид зургаа дахь жилдээ баримт бичгийн шалгагчаар ажиллаж байна. Отгонтэнгэр их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Аав маань Алтанбулаг боомтын даргаар долоон жил, шалган нэвтргүүлэх албаны даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батчулуун гэж хүн байдаг. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн.

-Тусгай горимд шилжин ажиллаж байна. Таны өнөөдрийн гүйцэтгэж байгаа үүрэг юу вэ?

-Салбарын захирагчийн томилгооны дагуу хилийн боомтын журамд хяналт тавьж ажиллаж байна. Хилийн боомтын ногоон бүсэд үүрэг гүйцэтгээд, улаан бүсээр орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих үүрэгтэй.

-Онцгой нөхцөлд ажиллахад хилчин шалгагч нар юуг анхаарах ёстой гэж бодож байна?

-Хоёрдугаар сарын 26-ны Улсын онцгой комиссийн хоёрдугаар тушаалын дагуу боомтыг улаан, шар, ногоон бүсэд хуваан, үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Одоогийн энэ онцгой нөхцөлд бид халдваргүйжүүлэлт, хамгаалалтыг маш сайн сахиж, тусгай хэрэгсэл болон маск, бээлийг өмсөж хэрэглэж байгаа. 

-Эрсдэлтэй бодитоор тулж ажиллаж байгаа энэ цаг үед ажил мэргэжлийнхээ онцлогийг илүүтэй мэдэрч байгаа болов уу?

-Шалган нэвтрүүлэх алба маш өндөр үүрэг хариуцлагатай, хянамгай, гярхай байхыг биднээс шаарддаг. Мөн техник технологийн болон гадаад хэлний мэдлэг сайтай байхыг шаардна. Би хилчин шалгагч гэдгээрээ маш их бахархдаг. Энэ цаг үед ч улс эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө үүргээ сайн гүйцэтгэхийг зорьж байна.

-Өөрөө “Онц хилчин” шалгагч гэсэн байх аа?

-Хилийн Алтанбулаг боомт таваас, есдүгээр сар хүртэл ачаалал их байдаг. Энэ үед илүү сонор сэрэмжтэй байхыг шаарддаг. Визний хуурмаглал, бусдын бичиг баримт ашиглах явдал их гардаг. Би хэд хэдэн удаагийн бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэх гэсэн үйлдлийг илрүүлсэн. Улмаар 2018 оны есдүгээр сарын 17-нд энэ хүндтэй тэмдгээр шагнуулсан. 

-Хилчин шалгагч нартаа ямар уриалга хэлэх вэ?

-Хилчин шалгагчид аа, халдваргүйжүүлэлтийн горимоо сайн баримтлаарай. Бүгдээрээ хайртаа бүхнээ хамтдаа хамгаалъя гэж хэлмээр байна.