БЭЛТГЭЛ ХОШУУЧ Ч.АЛАГАА: ХИЛИЙН ЦЭРГИЙН ХОЛБОО ЭНЭ АЛБАНЫ ГОЛ СУДАС ЮМ
  • 14:01
  • 2851
Хилийн 0286 дугаар анх үүсэн байгуулагдахад тулгын чулууг нь тулалцаж асан ахмад хилчид эдүгээ ч ангитайгаа хаяа дэрлэн энх тунх сайхан амьдарч байна. Ахмад хилчдийнхээ төлөөлөл болгож бэлтгэл хошууч Ч.Алагаатай ярилцлаа.

Ахлах дэслэгч Г.НЯМГЭРЭЛ 

-Та сайхан хаваржиж байна уу. Булган нутагтай хувь заяагаа холбосон түүхээсээ сонирхуулаач?

-Би Архангай аймгийн Тариат сумын хүн. Хилийн 0151 дүгээр ангид 1970 онд цэргийн алба хааснаас хойш хувь тавилан минь хил хамгаалах албатай холбогдсон. Одоогийн Хилийн 0208 дугаар тусгай салбарын байрлаж буй байрны гадаах хашааг манай оны цэргүүд сургалтын төвд байх хугацаандаа барьж байсан. Цэргийн албаа хаачихаад радистын курсэд нэг жил суусан. Тухайн үеийн холбоочны курс нэг жил байсан юм. Тэндээсээ Хилийн 0130 дугаар ангид түрүүч цолтой очоод ахлагчаар улирч хилийн салбараас ажлын гараагаа эхлүүлсэн. Ингээд 1975 онд офицер болж Хил хамгаалах ерөнхий газрын штабт холбоочин хийсэн. Тухайн үед холбоочид бүгд офицер байсан юм. Дараа нь 1978 онд ОХУ руу холбоочдын мэргэжил дээшлүүлэх курсэд явсан. Курс төгсөөд Хилийн 0214 дүгээр ангийн холбооны даргаар томилогдсон. Алтайн хязгаарт 1984 оны хүртэл зургаан жил ажилласан. Алтайгаас Үенч рүү шилжин ажилласан. Үенчид ажиллаж байтал Хилийн 0286 дугаар анги байгуулагдах болж би наашаа ирсэн юм. Хангай газрын хүн говьд олон жил ажиллахаар нутгаа санаад шөнө бүр голын дэргэд модны захад сууж байна гэж зүүдлэх болсон. Ингээд Булган нутагт ирж суурьшсан түүхтэй.

-Тухайн үеийн харилцаа холбоог одоо үеийнхтэй харьцуулахын аргагүй шүү дээ?

-Хуучин буудал байсан байранд манай штаб байрлаж байсан. Дөрвөн айлын орон сууц шиг ганцхан байшин байлаа. Холбооны хэрэгсэл юу ч байхгүй. Ангийн дарга маань холбооны даргаар олон жил ажилласан хүн, та явж холбооны хэрэгсэл олж ир гэсэн. Тухайн үеийн Хилийн цэргийн штабын даргаар хошууч генерал П.Даш ажиллаж байсан юм. Бид өмнө нь Хилийн 0130 дугаар ангид хамт ажиллаж байсан. Тэгээд мөн л даргаасаа гайгүй хэрэгсэл өгөөч гэж хүсэлт тавьсан. Бага сагаар, энд тэндээс холбооны техник хэрэгсэл цуглуулсаар жилийн дараа гэхэд манай анги компьютер, нарны дэлгэц, станцуудаар хангагдаж хилийн хаанаас ч холбоо барих боломжтой болсон. Утсан холбоог Хилийн 0151 дүгээр ангийнхныг авчирч тавиулж байлаа.

-Төрсөн нутагтаа хэр их очиж байна вэ. Нутаг бодогдох юм уу?

-1992 оноос хойш Тэшиг нутгаасаа холдоогүй сайн сайхан амьдарч байна. Манай нутаг сайхан шүү дээ. Хангай газрын салхи хүртэл надад зөөлөн байх шиг санагддаг. Тэгээд ч одоо хүүхдүүд маань бүгд Тэшигтэй холбоотой болж эндээ хүргэн, бэр болоод суурьшлаа. Би эднээсээ холдоод хаачих билээ. Хүүхдүүдээ л бараадаж амьдарна.

-Та насаараа хилчин холбоочин хийсэн хүн. Албаныхаа онцлогийг өөрийнхөөрөө тодорхойлооч гэвэл?

-Хилийн цэргийн холбоо гэдэг энэ албаны гол судас. Холбоо хэзээ ч тасалдах ёсгүй. Хилчин холбоочин хүн хамгийн чухал нь техникийн мэдлэг сайтай байх хэрэгтэй. Дээр нь албаны нууцлал гэдэг зүйлийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Дээр үед одоогийнх шиг утсан холбоо гэж байх биш. Бүх ажил холбоогоор дамжина. Тиймээс сонссон бүхнээ чанд нууцлах ёстой байлаа. Одоо ч тийм шүү дээ. Албаны нууцыг чанд сахих хэрэгтэй.

-Танайх ам бүл хэдүүлээ билээ. Танай хүүхдүүдийн гурав нь хилчин холбоочин болсон байдаг?

-Манайх 1973 оны айл. Ховдын Үенчийн бүсгүйтэй сэтгэл нийлж тэндээ айл болсон. Манайх таван хүүхэдтэй. Нэг хүү, дөрвөн охинтой. Ганц хүүгээ би холбоочин болгоно гэж болгосон юм. Одоо аавтайгаа ижилхэн тэтгэврийн хүн болчихсон сууж байна. Хүүгээ би багаас нь холбооны багаж хэрэгсэлтэй  нөхөрлүүлсэн. Харин хоёр охиноо сүүлд холбооны сургалтад суулгаж холбоочин болгосон.

-Танай холбоочин хоёр охиныг хилчид таних нь таних байх. 2014 оны Хил хамгаалах байгууллагын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний аварга бүсгүйчүүд шүү дээ.

-Би охидуудаа хилчин болно гэхэд нэг л зүйлийг анхнаас нь сайн хэлж байсан. Дайчин чанар. Нэгэнт цэргийн хүн болно гэсэн бол цэргийн хүний биеэр хийж гүйцэтгэх бүхнийг сайн сур. Чадахгүй бол битгий энэ хувцас өмс, мөрдэс зүү гэх шаардага тавьсан. Охид маань дажгүй ээ. Цэргийн бүсгүй хүний чадварыг муугүй эзэмшсэн л харагддаг.

-Хилчдийн нөхөрлөл үүрдийнх байх шиг санагддаг. Хязгаарт үлдсэн нөхөрлөл, анд найзуудаасаа ярьвал?

-Тэшигийн хилчид миний анд нөхөд. Бэлтгэл ахлах дэслэгч Л.Ганпүрэв бид хоёр нэг аймаг, нэг сумын хоёр. Дээхнэ үед ферм гэж байлаа шүү дээ. Тэгэхэд бид хоёр үнээний ферм дээр тоглож өссөн хоёр. Үенч, Алтайн ангид хамт ажиллаж байсан найзууд байна. Хөвсгөлийн “Аяны жолоо” гэж хүнсний үйлдвэрийн захирал Сүхбаатар гэж хүн бий. Өмнөговийн Сэгс Цагаан Богдоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл хилийн бүх салбараар холбоочныхоо ажлаар явсан байдаг юм. Ингэхэд хамтдаа мөр зэрэгцэн зүтгэж явсан бүх л найз нөхдөө санан дурсаж суудаг даа.

-Танд хамгийн их дурсамж авчирсан цол юу вэ?

-Ахмад цолондоо маш их хайртай. Ээлтэй сайхан цол. Бага дэслэгч цолыг би таван жил зүүсэн. Уг нь хугацаа нь хоёр жил. Амралт, чөлөө хэтрүүлсэн, намын хурал тасалсан гэх шалтгаанаар хойшлоод л байсан. Дэслэгчийг нэг жил, ахлах дэслэгчийг нэг жил зүүж би ахмад болсон. Ахмад цолны дараа гурван жилийн дараа хошууч болсон. Хошууч цолоо би хорин жил зүүсэн дээ. Тухайн үед албаны дарга нар бүгд хошууч байлаа.

-Хил хамгаалах байгууллага өдрөөс өдөрт эрс залуужиж байна. Өнөөдрийн бидэнд, маргаашийн дүү нарт маань захиж хэлмээр, сануулж анхааруулмаар үгс байдаг л байх?

-Ажилдаа чин сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. Бидний үед яг үнэндээ ар гэрийн асуудал бүрэн орхигддог байлаа шүү дээ. Хил л гэдэг зүйл нэгдүгээрт байлаа. Хил тайван байвал гэдэг бодол ямагт байсан. Одоогийн залуус залхуу болчих вий, өнөө маргаашаа аргацаасан сэтгэлтэй байх вий гэхээс эмээж явдаг. Тиймээс дүү нар минь ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаарай гэдгийг л захия. Хүн хүч сайтай, техник хэрэгсэл хангалттай байна шүү дээ. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ хандахад болохоор байна.

-Цаг гаргасанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.