ӨМНИЙН ГОВИЙН ХИЛЧИД ба ХАВРЫН НАЙРАГ
  • 14:04
  • 364
Бор шаргал тал налайна. Дулаахан сайхан. Хараа талбиун энэ л мэдрэмж хүнд сэтгэлийн цэнгэл эдлүүлдэггүй гэж үү. Говийн үзэмжийг магтан дуулах загийн шугуй. Хаа холын уулсын шимээр тэтгэгдэх энэ ургамал говь нутгийн зон олны тэсвэр хатуужил, тэмцэл тэмүүллийг өгүүлэх мэт.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Говийн хаврыг юу эс андахав. Энэхүү тайван налгар дүр төрх дандаа амгалан орших нь үгүй. Үдээс хойш тийшээ салхи хөдөлж эхлэх нь аргагүй л говьд яваа шүү гэж сануулах мэт. Хилийн 0131 дүгээр ангийн төвөөс гарсан бид 350 км замыг туулан Хилийн 0325 дугаар салбарт хүрэлцэн ирлээ. Томилолтын зорилго ”Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг бэлтгэх. Харин нөгөө талын ганзагалаандаа “Эх орны манаа” сонинд богц дүүргэх үүрэгтэй. Ингээд төлөвлөгөөний дагуу Хилийн 0131 дүгээр ангийн СМССА-ны дарга, ахмад О.Эрдэнэсүхээр хөтөчлүүлэн хилийн зүг хөдөллөө.

 “Онц хилчин” гэрээт хилчинтэй танилцав

Боомтоос гараад төдөлгүй хилийн хөдөлгөөнт харуул дээр ирсэн нь учиртай аж. Хилийн 0325 дугаар салбарын гэрээт хилчин Э.Түмэндэлгэр тус харуул дээр үүрэг гүйцэтгэж буй учир ийнхүү биднийг чиглүүлжээ. Хилийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Батхүүгийн хэлсэнчлэн хилийн хөдөлгөөнт харуулыг болзошгүй чиглэлд томилоод байгаа нь энэ аж. Хил хамгаалалтад тус хилийн харуул үр дүнгээ өгч байгаа ч цаашид хүний хүчээс илүүтэй техникийн хүчинд анхаарал хандуулах цаг болжээ гэж ярьсан нь сэтгэлд буув. Хилийн хөдөлгөөнт харуулд дэслэгч А.Гэрэлчулуун ахлан гэрээт хилчин, байлдагч Отгонзориг, Мөнх-Эрдэнэ, Балдансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байгаагаа ярив. Гэрээт хилчин, байлдагч Э.Түмэндэлгэр дуутай хууртай Дундговь нутагт төрж, их хөлийн Замын-Үүдэд өсөж торнисон. Хилийн 0243 дугаар ангид хугацаат цэргийн албыг хаагаад өөрийн хүсэлтээр гэрээт хилчний албыг сонгоод даруй нэг жил өнгөрчээ. Хугацаат цэргийн албаа тэрбээр дурсамж дүүрэн өнгөрүүлсэн нь энэ албанд татагдах учиг болсон ч гэж болох. Хилчдийн урлагийн наадамд дуу, бүжгийн төрөлд оролцон хүрэл медалийн эзэн болж байсан гэнэ. Өмнийн говьд алба хааж байгаа гэрээт хилчдийн сонор сэрэмжийг өргөн тэрбээр “Онц хилчин” болж мандаад авсан байна. Ийм учир явдал болжээ. Тус боомтод гэрээт хилчнээр томилогдон ирээд удаагүй байж. Яг өдий цаг буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн шөнийн 04.00 цаг орчим. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байх үед нь боомтын хашаагаар Хятадын талаас нэгэн хүн явганаар гэнэт л гүйгээд гараад ирж. Замдаа таарсан хашаа саадыг торохгүй давах түүний зоригтой үйлдэл тун этгээд басхүү айдас төрүүлэм. Хилийн салбарт томилогдон ирээд хоёр л хонож байсан тул газар орноо төдийлөн сайн мэдэхгүй байв. Гэхдээ ах гэрээтүүд нэг ч хүн явах ёсгүй гэсэн нь гэнэт санаанд бууж гэнэ. Хил зөрчигчтэй хэл ойлголцохгүй дээрээс нь хоёр гараа халаасандаа хийчихсэн байсан тул эхлээд сэрэмжилж. Харин төдөлгүй халааснаасаа гараа гаргахад нь ухасхийн бариад авч л дээ. Согтуугаар улсын хил зөрчсөн хил зөрчигчийг ийнхүү авхаалж самбаа гарган барьсан тул тэрбээр ХХЕГ-ын даргын тушаалаар гэрээт хилчин болсон даруйдаа “Онц хилчин” болжээ. Түүний аав, ээж насаараа Хилийн цэрэгт ажилласан хүмүүс тул хүү нь удам залгахыг хүссэн гэнэ. “Онц хилчин” тэмдгээ гэрийнхээ хойморт аавынхаа тэмдэгтэй ихэрлүүлэн залчихаад ирсэн гээд инээлээ. Аав хүү хоёр бараг зэрэг шахам “Онц хилчин” болцгоож. Аав ээж нь хүүгээ байгууллагын эрхэм дээд шагналаар шагнуулсныг дуулаад магнай тэнийн баярласан гэнэ. Гэрээт хилчний албыг хаагаад үргэлжлүүлэн цэргийн сургуульд суралцахаар бэлтгэж байгаагаа ярив. “Гэрээт хилчний алба сайхан байна. Манай өрөөний гурав Дорнод, Дундговь, Өвөрхангайн залуус. Бид сайхан найзууд. Ирээдүйд хилчин офицерууд болох зорилго өвөртөлсөн. Бие биенийгээ их тусалж дэмждэг” гэлээ. Өмнийн говьд гэрээт хилчний алба хааж шижигнэсэн залуусын төлөөлөл Э.Түмэндэлгэртэй танилцсан нь энэ юм. “Ямар ч үед хилээ манах үүрэгтэй, байгалийн хүчин зүйлийн өмнө ч шантрахгүй” гээд тэрбээр даруухан инээх нь олныг нуршилгүй мөн чанарыг нь илэрхийлнэ. Цэргийн суран бүс, офицер цүнхээ шинэхэн хангалтаар авсан мэт хадгалах ааваасаа албандаа чин үнэнч зүтгэх тууштай чанарыг олж харсан гэж ярих “Онц хилчин”, гэрээт хилчин, байлдагч Э.Түмэндэлгэрийнхээ цаашдын замд дардан амжилтыг хүсье.

Сэтгэлд тодхон харуул минь

Хилийн 0131 дүгээр ангийн 0154 дүгээр салбарын хилийн харуул хүрэх зам үнэхээр “янзтай”. Фургон автомашинд ойж буусаар хилийн харуулын барааг харав. Говь нутагт өндөрт тооцогдох уулын орой дээр манааны байрыг байрлуулжээ. Бид эхлээд тус харуул байрлаж байсан хуучин тууриар дайрав. Уулын ардхан байрлах тус туурь манай үе үеийн дарга, офицер, ахлагч нар ажиллаж байсан дурсамжит газар. Хошууч генерал Ц.Сэргэлэн тус хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан талаар бид дурсаад цааш хөдөллөө. Уулын зүүн сугаар уруудан тойрвол энгэрт нь төвхнөсөн под хийсэн тохижилттой хилийн харуул угтах. Зүүн урдаа овоо тахьжээ. Хашаагаар оронгуут сургалтын хотхоноо будаж янзалсан харагдав. Харуулын дарга, ахлах ахлагч Д.Мөнхжаргал болон байлдагч ахлах байлдагч Б.Хаш-Эрдэнэ, байлдагч Д.Энхбаяр, Н.Ванчинсүрэн, В.Жамсранжав нар үүрэг гүйцэтгэж байлаа. Тус хилийн харуул боомтод ойрхон учраас хөдөлгөөн ихтэй байдаг аж. Хилийн харуулын байранд ороход “Малчин” ТВ-ээр нийтийн дуу эгшиглэж байлаа. Нийт 80 гаруй суваг гардаг гэнэ. Цэргүүд бор цай аягалж, талх таваглан тавив.

 

Тус хилийн харуул 1974 онд байгуулагдсан бөгөөд 2009 онд уг байрлалд шилжин байрласан аж. 2009, 2014 оны ангийн тэргүүний тохижилттой хилийн харуулаар шалгарч байжээ.  Харуулын дарга, ахлах ахлагч Д.Мөнхжаргалын хувьд Хил хамгаалах байгууллагад 16 жил, харин хилийн 0154 дүгээр салбарт долоо дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэд хилийн харуулд гарч ирээд зургаа хонож байгаа гэлээ. Харуулын даргын хувьд “Цэргүүд сахилга хариуцлага, сэтгэл санаа хэвийн сайн байгаа” гэж дүгнэв. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас цэргийн албанд татагдан албаа амжилттай хааж буй ахлах байлдагч Б.Хаш-Эрдэнэтэй төлөөлөн ярилцлаа. Хилийн харуулын сүүдрэвчин дор бидний яриа илэн далангүй өрнөх. Миний бодлоор сүүлийн үеийн хугацаат цэргийн алба хаагчид өөрийгөө хийгээд үзэл бодлоо илэрхийлэх нь илүү нээлттэй болсон санагддаг. Тус хилийн харуулын цэргүүд бүгд энэ хавар халагдах хал цэргүүд байв. Хилд алба хаасан нэг жилээ дүгнээч гэвэл, “Бахархалтай, ихийг сурч мэдсэн, Монгол Улс, хил гэж юу болохыг ойлгосон, юуны тулд хилээ манаж байгааг мэдсэн хугацаа байлаа” гэж товч тодорхой хариулав. Би ч үргэлжлүүлэн юуны тулд хилээ манасныг тодруулбал, “Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хайртай бүхнээ хамгаалсан нэг жил байлаа” гэв. “Хилийн харуулд өдөр бүр манаанд гарч, өөрийн нүдээр дархан хилээ хамгаалдаг учраас харуулд гарах сайхан. Хил дээр өөртөө итгэх итгэл бүр илүү асаж өгдөг” гэж сэр сэр салхилах хээрийн задгай салхин дор үзэл бодлоо ний нуугүй ахлах байлдагч илэрхийлэв. Хилийн харуулын чанх ар талын уулын орой дээр байрлуулсан манааны байр руу заагаад “Хамгийн их санана даа. Нэг жил амьдарсан гэр минь шүү дээ. Ихэнх цагаа өнгөрүүлсэн, бүгдийг харах боломжтой сайхан газар. Бараг л хоногийн 24 цагийн ихэнхийг тэнд өнгөрдөг учраас хайртай байлгүй яахав” гэв. Хилд өнгөрүүлсэн нэг жилийн хугацаандаа цэргүүд сэтгэл дүүрэн байж, өөрийгөө нээж, бусдыг сонсож сураад хилийн харуулдаа хоргодон байж халагдахын өмнөх дэнслэл энэ байна.

 

ОНЦЛОГТОЙ САЛБАРТ

Хилийн боомтод ойрхон ачаалал ихтэй хилийн салбар бол хилийн 0154 дүгээр салбар юм. 1971 онд байгуулагдсан тус салбар ирэх жил 50 жилийн ой нь тохионо. Ангийн уулзвар болохоос гадна хариуцсан хэсэг ихтэй онцлогтой салбар аж. Ангийн болзошгүй чиглэлд хамаарах тус салбарын чанх урдуур нүүрс тээврийн зам өнгөрдөг. Салбар эдгээр автомашинуудад хяналт тавьж постоор нэвтрүүлдэг байна. Ердийн цагт мөнхийн шороо тоос босож хөдөлгөөн ихтэй байдаг бол өнөө ажин түжин сайхан байгааг салбарын бүсгүйчүүд ярилаа. Ийнхүү хөл хөдөлгөөн бага нүүрс шороо босохгүй байх нь жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндэд тустай байгааг тэд ярив. 

 

АХЛАХ ДЭСЛЭГЧ С.БАЯРЦОГТ: ЭНЭ ЖИЛ МАНАЙ ХИЛИЙН САЛБАРТ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭХЭЭР ТӨЛӨВЛӨГДСӨН

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-ХСИС-ийг 2012-2016 онд суралцан төгссөн. Хилийн 0184 дүгээр ангид ажиллаж байгаад 2017 онд Хилийн 0131 дүгээр ангид томилогдон баримт бичгийн шалгагч, салбарын орлогч, улмаар салбарын захирагчаар ажиллаж байна.

-Хилийн салбарт энэ жил хийгдэх томоохон ажил гэвэл?

-ХХЕГ болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр дөрвөн айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Мөн энэ жил төвлөрсөн эрчим хүчинд холбогдохоор болсонд салбарын бие бүрэлдэхүүн их баяртай байна. Түр хилийн харуулыг аймгийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөгдсөн. Ер нь энэ жил манай хилийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн.

-Ачаалал ихтэй үед хэдэн машин зорчдог вэ?

-Хилийн таталт сайн үед өдөрт засмал замын хаалтаар 400-500 машин нэвтэрдэг. Ер нь хөдөлгөөн ихтэй. 

-Салбарын өөр онцлог гэвэл?

-Хилийн олон харуултай мөн хүн хүчний байдал илүү. Тиймээс ч ачаалал ихтэй хилийн салбарт тооцогддог. Хугацаат цэргийн алба хаагчдыг Өвөрхангай аймгаас татаж авдаг. 2019 оны нэгдүгээр ээлжийн цэргүүд удахгүй халагдах гэж байна. Өвлийн улиралд ачаалал ихтэй, тасралтгүй хилийн манаанд явдаг учраас албандаа дассан, туршлагатай цэргээр хил хамгаалалтыг зохион байгуулдаг онцлогтой.

-Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хилийн анхан шатны нэгжид хэрхэн хүлээн авч, хэрэгжүүлж байна?

-Шинэ үеийн дүр төрхийг бий болгож, бүтээгчид нь бид юм. Салбарын бие бүрэлдэхүүнийг сургах дадлагажуулах, сургалт, дамжаанд хамруулах, мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр түлхүү анхаарч байгаа. Манай салбарын өөр нэг онцлог бол ихэнх нь 1990-ээд оны залуус. Тиймээс тэднийхээ сурч боловсрох, өсөн хөгжих эрмэлзлэлийг дэмжих ёстой. Цаг үеийн байдлаас зарим сургалт хөтөлбөрүүд хойшлогдож байна. Эдгээр залуус цаашид Хил хамгаалах байгууллагад олон жил ажиллах учраас өсөн хөгжих хүслийг дэмжих нь зүйтэй болов уу. Мөн ангиас дэвшүүлсэн сахилга хариуцлагыг дээшлүүлэх уриалгыг бид хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

 

ТОЛИЙН ХАВАРЖААН ДАХЬ 428 ТОЛГОЙ МАЛЫН “ЭЗЭН”, “ОНЦ ХИЛЧИН”-ИЙД

Хилийн салбараас 20 гаруй км зайтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Толийн хаваржаанд хаваржиж буй малын суурьт бид ирлээ. Малын суурийн зүүнтэй хэдэн ингэ нялх ботгоны хамт тааваараа идээшнэ. Хилийн 0154 дүгээр салбарын малын суурийн ахлагч нь офицер, ахлагч, энгийн ажилтан аль нь ч биш хугацаат цэргийн алба хаагч байсан нь анхаарал татав. Басхүү түүний энгэр дэх “Онц хилчин” тэмдэг нүдэнд тусав. Тус малын суурийг нэгэн айл гэвэл өрхийн тэргүүн нь ахлах байлдагч Ж.Бат-Эрдэнэ ажээ. Нүднээс нь оч гялалзсан, дуутай шуутай ёстой л нэг гялтганасан цэрэг юм. Тус малын суурьт байлдагч Г.Бат-Оргил, Б.Балжинням, Б.Бат-Орших нар үүрэг гүйцэтгэж байв. Биднийг гараа ариутган гэрт орохыг тэд урив. Харин гэрийн зүүн хатавчинд нойрмоглох нөхөр холоос аянчин ирлээ гэж тоосон янзгүй дугжрах нь “Хилчин” гэх дуудлагатай малын суурийн үнэнч нөхөр. Гэр цэвэр цэмцгэр гэж ёстой яриангүй сайхан. Гэрийн хойморт тус малын суурийн ахлагч өнгөрсөн онд ангийн тэргүүний хилчин болсныг өргөмжилжээ. Цэргүүд сүүтэй цай аягалан, идээ идэхийг хүсэв. “Хэн энэ боорцгийг хайрсан бэ” гэж хэрэгт дурлавал, “Бид нар хайрсан. Байлдагч Г.Бат-Оргил гурилыг нь зуурч, байлдагч Б.Балжинням хайрч, би элдсэн” гэж малын суурийн ахлагч дуржигнуулав. Үнэхээрийн хамтын бүтээл учраас амттайг нь магтангаа хэдэн ширхэг боорцог идэж орхив. Тус малын суурь 300 бог, 77 тэмээ, 51 үхэр нийт 428 толгой малтай гэнэ. Тус өдөр байлдагч Б.Бат-Орших хонины, байлдагч Б.Балжинням тэмээний, байлдагч Г.Бат-Оргил үхэр хариулах ээлжтэй таарчээ. Байлдагч Б.Бат-Орших Өвөрхангай аймгийн Хужирт сумаас, байлдагч Б.Балжиням Уянга сумаас цэргийн албанд татагдан иржээ. Тэд малын суурьт өнгөрөгч гуравдугаар сараас өөрийн хүсэлтээр гарч ирээд байгаа аж. Харин энэ хавар халагдах байлдагч Г.Бат-Оргилын хувьд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас цэргийн албанд татагдсан байна. Манай хэд заваараа DDISH-ээ үзчихнэ. Харин сүүлийн үед бог мал ид төллөж байгаа учраас телевиз үзэх зав гарахгүй байгаа гэлээ. Гэртээ битүү хивс дэвссэн тун тохьтой юм. Дөрвөлжөө аргалаар дүүргэн, угаалтуурынхаа дэргэд хлормин, гар ариутгагч зэрэгцүүлэн өржээ. Гал тогооны хэсэгт махны болон гурилын модоо цав цагаан уутанд хийн өлгөсөн байв. Энэ бүхэн тун ажилсаг чамбай айлд ирснийг илтгэнэ. Хилчин дээлээ жигдхэн эвхэн баруун эгнэг дээр хураажээ. Өвлийн хүрмээ зэрэгцүүлэн өлгөснөөр нь малын суурь, цэргүүд амьдардаг нь батлагдах. Дан эрчүүд амьдардаг гэх энэ гэрт эмэгтэй хүний хувьд онц сайн дүн өглөө. Тус гэрийн эзэн, ахлах байлдагч Ж.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Богд сумаас цэргийн албанд татагдан иржээ. Цэрэгт ирэхээсээ өмнө мал маллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр малын суурьт өнгөрсөн намар, есдүгээр сард гарчээ. Тэрбээр цэргийн албанд татагдан ирээд хилийн зөрчил илрүүлсэн жавхаатай эр. Тухайн үед бичиг баримтгүйгээр улсын хил зөрчсөн этгээдийг хилчин хүний авхаалж самбаа гарган саатуулсан байна. Түүнээс хувийн мал хариулж байгаад хувьсгалын мал маллах ямар байгааг сонирхов. “Илүү хариуцлага өндөртэй шүү дээ. Бид ээлжээр малаа хариулж нэг нь гэртээ үлддэг. Бид дөрөв гар нийлж ажиллаж байгаа” гэв.

Малын суурьт усаа хоёр километрээс зөөвөрлөдөг бөгөөд уналганы тухайд дан тэмээ ашигладаг аж. Тус малын суурь хаваржаандаа буугаад 16 хонож байна гэлээ. Өвс сайтай тул тус хаваржаанд буугаад байгаа аж. Малын суурийн мал өнгөрсөн намар, өвөл онд сайн орсон бөгөөд үүнд газрын гарц сайн байсан нь нөлөөлжээ. Тиймээс ч мал сүргийн тарга тэвээрэг сайн байгаа бөгөөд хонь төллөж дууссан, ямаа талдаа орсон, ингэ ботголох дөхжээ. Харин үхэр арай болоогүй гэлээ. Мал дагасан амьдрал цаг наргүй байдаг тул тэд заваараа түлээ түлшээ түүнэ. Малаа хааш хааш нь дөрвөн км-т багтаан бэлчээдэг байна. Малаа услана, хашаа хороогоо цэвэрлэнэ гээд ажил мундахгүй. Харин малын суурийн ахлагчийн хувьд халагдах дөхсөн учраас, “Малаа сайн хараарай, ахалж байгаа хүнийхээ үгэнд сайн орж, хувийн ариун цэвэртээ анхаар, гэрээ цэвэрхэн байлга, сахилга баттай байж, аюулгүйн арга хэмжээгээ сахь” гээд үлдэх хэддээ хэлэх зүйл мундахгүй шүү дээ гээд инээв. Нээрээ ч түүний хэлсэнчлэн асар их хариуцлагыг тэрбээр өөртөө энэ хугацаанд үүрчээ. “Гурван цэргээ, 428 толгой малаа, аж ахуйгаа, тавилга эд хөрөнгөө хариуцах чинь өндөр хариуцлага” шүү дээ гэсэн нь нээрээ ч гэж өөрийн эрхгүй тархинд нэгийг бодогдуулах. “Бие даах чадвар, сахилга бат сууж, цаашид амьдралаа авч явах ухаанд суралцсан нэг жил байлаа” гэж тэрбээр дүгнэсэн юм.

Ийнхүү ярилцаж байтал худаг дээр байсан үхрээ усалчихаад байлдагч Г.Бат-Оргил жонжуулсаар айсуй. Шар тайлаг ч гэрийн зүг хурдтай жонжуулж байгаа бололтой юм. Тэдний уналгын тэмээ тарга хүчтэй харагдана. Ингээд малын суурийн ам бүл бүрдэж, зураг татуулцгаав. Үд хэвийсэн тул удахгүй малаа хотлуулж, тоолно, төл малаа эх малд тавьж өгнө, оройн хоолоо хийнэ гэсээр малын суурийн хэд ажил ихтэй үлдэв. Өтөг малын бууц үнэртэх малын суурьт биднийг ирэх сургаар гангарааныхаа эрээнийг өмссөн гээд инээлдэх тэд цовоо цолгиун байна билээ. Өмнийн хилд томилолтоор ажилласан сурвалжлагаа ингээд өндөрлөе. Хаврын найраг, нялх төлийн дуу, халагдах цэргийн бодол, ихийг хийж бүтээхээр төлөвлөсөн өмнийн хилчдийн тухай цухас өгүүлэхэд ийм.