ДЭД ХУРАНДАА С.БАТСАЙХАН: АНГИ Шинэ байрандАА нүүж ороод засал, чимэглэл, тохижилтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна
  • 14:09
  • 4366
Хилийн 0243 дугаар ангийн хамт олон оны өмнөхөн шинэ штабын байрандаа нүүж ороод байна. Биднийг томилолтоор ажиллах үед ангийн засвар тохижилтын ажил ид дундаа үргэлжилж байлаа. Ингээд ангид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Захирагчийн орлогч, Ар тал хангалтын дарга, дэд хурандаа С.Батсайхантай ярилцлаа.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Анги штабын шинэ байрандаа нүүж орсоор ид төвхнөж байгаа юм байна шүү дээ?

-Манай ангийн штаб байрлаж байсан хуучин объект нь 1962 онд ашиглалтад орсон, сургуулийн зориулалттай байр байгаад үерт ороод ашиглах боломжгүй болсон байсныг хурандаа Бямбажав ангийн захирагчаар ажиллаж байх үед буюу 1996 онд тус байранд нүүж орсон байдаг юм билээ. 2017 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус байрыг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж тогтоосон. Тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Х.Дамдинсүрэн ангийн штабыг шинээр бариулах санал санаачилга гарган хөөцөлдөж эхэлсэн байдаг. Улмаар ажил хэрэг болж нийт санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингээд бүтээн байгуулалтын ажил өрнөж эхний хэсэг болох ангийн штаб баригдаж ашиглалтад ороод байна. Цэргийн байр, цэргийн гал зуух, эрүүл мэндийн төв, зочид буудал үргэлжлэн баригдана. Мөн 40 айлын орон сууц, 21 автомашины тавиулан баригдах юм.

 

-Хилийн 0119 дүгээр анги барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байх аа?

-Штабын байрыг Хилийн 0119 дүгээр анги 2018 оноос барьж эхэлсэн. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр анги хүлээн авсан. Шинэ штабын байрандаа нүүж ороод засал, чимэглэл, тохижилтын ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ дашрамд барилгын ажлыг гардаж гүйцэтгэсэн Хилийн 0119 дүгээр ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. 

-Ангийн бүтээн байгуулалт сайхан болжээ. Тэр дундаас соёлын төв болон спорт заалны бүтээн байгуулалт онцлогтой болж байгаа юм байна?

-Спорт заал, соёлын төвийн дотор засал, чимэглэл, тохижилтын ажлууд ерөнхийдөө  дууссан. Соёлын төвийн гэрэлтүүлгийн ажил явагдаж байгааг та бүхэн сая харлаа. Интернэт номын сан, бялдаржуулах танхимын тохижилтын ажил системтэйгээр үргэлжлэн хийгдэж байна. ХХЕГ-аас тохижилт, шинэ тавилга хэрэгсэлд зориулан 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Хилийн 0252 дугаар ангид тавилга хэрэгслийг захиалан хийлгэж, татан авч угсарч байна.

-Дөчин айлын орон сууц хэзээ, хаана баригдахаар төлөвлөгдсөн юм бэ?

-Ангийн хашаан дотор баригдахаар зураг төсөл нь гарсан байгаа. Цэргийн байр, эрүүл мэндийн төв, 40 айлын орон сууц үргэлжлэн баригдахаар төлөвлөгдсөн.

-Байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд ой тайгын бүсэд жишиг анги болох зорилттой та бүхэн ажиллаж байгаа гэсэн?

-Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хилчдийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Бидэнд үргэлжлүүлэн хийх зүйл их бий. Таны хэлсэнчлэн ой тайгын бүсдээ манай анги жишиг болохоор зорьж буй. Говь цөлийн бүсийн жишиг анги болох Хилийн 0168 дугаар ангийн бүтээн байгуулалттай танилцсан. Бид өөрийн бүсдээ хэрхэн жишиг байх вэ гэдгээ тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал, ар тал, хангалтын чиглэлээр хилчид ямар байр орон сууцанд ажиллаж, амьдрах, ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх гээд хилчдийн ая таатай бүхнийг бүрдүүлэхийн төлөө зорьж байна. Алба хаагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах үүднээс өнгөрсөн онд төвийн халаалт, цэвэр ус, бохирын шугаманд холбогдсон дөрвөн айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Мөн аймгийн Засаг даргын бодлогын хүрээнд хэрэгжиж буй урьдчилгаагүй, хүүгүй, сард метр квадратаас хамааран 300-500 мянган төгрөг төлөх нөхцөлтэй 100 айлын орон сууцанд манай анги  нийт зургаан  алба хаагчаа хамруулаад байна.

-Ангид хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудаас яг юуг нь жишиг болохуйц гэж онцлох вэ?

-Спорт заал, соёлын төв, шуурхай удирдлагын төв, интернэт номын сан, бялдаржуулах танхимаа энд нэрлэж болно. Хэн ч ороод харсан жишиг болохуйц гэж бид харж байгаа. Орчин үеийн шийдлээр засварлаж хананаас болон шалнаасаа халахаар шийдвэрлэгдсэн. Спорт заалан дотроо халуун ус, саун, бялдаржуулах танхим, кофе шоп гээд цогцоор шийдэж байгаа. 

-Аливаа бүтээн байгуулалтад хүний хүч хөдөлмөр их зарцуулагддаг. Анги хүн хүчээ хэрхэн хуваарилж байна вэ?

-Барилга, орон сууцны алба голчлон хариуцан ажиллаж байна. Алба явагддагаараа явагдаж, ажил урагшилдгаараа урагшилж байгаа гэж хэлж болно. Барилга, орон сууцны албаныхан дээр хөгжмийн тасгийнхан болон зарим нэгэн офицер, ахлагч нар хүч нэмж байгаа. Бид бүтээн байгуулалт гээд амралтын өдөргүй, цаг наргүй ажиллаагүй.

-Хилийн 0243 дугаар анги бүтээн байгуулалтаас гадна томоохон ямар ажлуудыг төлөвлөөд байгаа вэ?

-Төлөвлөсөн олон ажил бий. Өнгөрсөн онд хилийн хоёр салбар цахилгаан халаалтанд шилжсэн. Хилчид байгалиа хайрлаж хамгаалах эрхэм үүрэгтэй. Тиймээс ч цахилгаан халаалтанд шилжээд байгаа. Мөн хилийн 0234 дүгээр салбарт 20 метр кубын багтаамжтай хөлдөөгч барьж ашиглалтанд орууллаа. Тог цахилгаангүй гурван ч хилийн салбарын махыг дулааны улиралд тус хөргүүрт хадгалж, ашиглаж байна. Энэ жил мөн хилийн гурван салбар дундаа ашиглах боломжтой хөлдөөгчийг хилийн 0236 дугаар салбарт бариулахаар санхүүжилт нь шийдвэрлэгдсэн. Өнгөрсөн онд 0283 дугаар салбарт алба хаагчдын дөрвөн айлын орон сууцны суурийг цутгасан. Энэ жил барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглана.

-Хуучин штабын байрыг цаашид хэрхэн ашиглах вэ?

-Дээр хэлсэнчлэн ангийн бүтээн байгуулалт дуусаагүй учраас ашиглаж байна. Одоогоор цэргийн байр, гал зуух, зочид буудал, эрүүл мэндийн төв зэрэг баригдаагүй объектууд байгаа учраас бид тус барилгыг ашиглахаас өөр арга байхгүй.

-Ангийн бүтээн байгуулалт төлөвлөгдсөний дагуу дуусахад алба хаагч бүрийн ажиллах таатай орчин нөхцөл бүрэн бүрдэх юм байна. Тэгэхээр ийм сайхан орчин нөхцөлд ажиллаж байгаа анги хамт олныг төлөөлөн та юу гэж хэлэх вэ?

-Цаашид ногоон байгууламж, төмс хүнсний ногоо тариалах, 50 тонны багтаамжтай ногооны зоорь барих, хилийн салбар, харуулуудын засвар, тохижилтын ажлууд гээд бидэнд төлөвлөсөн зүйл их бий. Энэ их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн шат, шатны удирдлага, сайхан орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хамт олноороо бахархаж байна. Ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Л.Батсүхийн “Сайн ажиллаж, сайхан амьдарцгаая” гэсэн уриа бий. Сайн явах санааных ч гэдэг. Тиймээс хамт олондоо хамтдаа ихийг хийж бүтээе гэж хэлмээр байна.