Хил хамгаалах байгууллагын Улаан загалмайн дунд шатны хороог шинэчлэн байгууллаа
  • 17:12
  • 2763
Хил хамгаалах байгууллагад Монголын Улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хорооны үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

Хил хамгаалах байгууллага нь Монголын Улаан загалмай нийгэмлэгт 1999 онд элсэн орсон байдаг. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2020 оны 51 дүгээр тушаалаар Хил хамгаалах байгууллагад Улаан загалмайн дунд шатны хороог шинэчлэн байгуулж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны тушаалаар Хил хамгаалах байгууллагын Улаан загалмайн дунд шатны хорооны даргаар Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнг томиллоо. 
Ийнхүү Хил хамгаалах байгууллагад Монголын Улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хорооны үйл ажиллагааг зохион байгуулж эхэлснээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг хилчдэд хүргэх, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болох, гамшгаас хамгаалах, эрүүл мэндийг дэмжих, анхан шатны тусламж үзүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, амьжиргааны түвшин доогуур алба хаагч, ахмад хилчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. 


ХХЕГ-т талууд ажлын уулзалтыг зохион байгуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тодотгон салбарын гэрчилгээ, тэмдгийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүлээж авлаа. Тус ажлын уулзалтад Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Н.Болормаа тэргүүтэй албаны төлөөлөл оролцон Хил хамгаалах байгууллагын Улаан загалмайн дунд шатны хорооны үйл ажиллагааг цаашид дэмжиж, хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.