БИ 40 ЖИЛИЙН ӨМНӨХ ИДЭВХТЭН БИЧИГЧ
  • 11:44
  • 1440
"Эх орны манаа" сонины 80 жилийн ойд

Ховд нутгийн хүү 1975 онд Хилийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад тус ангидаа 1977 онд улирч ажилласан байдаг. Тухайн үед хилчдийн хүсэн хүлээдэг хэвлэл нь “Эх орны манаа” сонин байсан юм. Сонины тэргүүн нүүрнээс эхлээд нийтлэгдсэн бүх материалыг алгасалгүй уншина. Ингэж шимтэн уншиж байхдаа ангидаа болж буй үйл явдлын мэдээг илгээх хүсэл төрж, 1978 онд “Чанд сахилга, дүрэмч ажиллагаа” гарчигтай анхны нийтлэлийг бичсэн юм. Тэр үед би шифрийн ахлагчаар ажиллаж байлаа. Анхны явуулсан нийтлэл маань хэвлэгдсэн байхыг олж үзээд ихэд урамшин “Ахмад хилчидтэй уулзав”, “Захирагчаас шалтгаалсан онц амжилт”, “Хилчин данстай хүчит бөхчүүд”, “Ажил сайтай дарга”, “Манааны тэргүүний ахлагч” зэрэг 200 гаруй нийтлэл, 20 гаруй  шүлэг, дууны үг бичиж хэвлүүлсэн байдаг юм. Ингээд 1980 онд хилийн салбарын даргаар ажиллаж байхдаа идэвхтэн бичигчийн үнэмлэхээ гардаж авсан. Сонины идэвхтэн бичигч гэдэг хамт олны дунд сахилга, сурлагаар манлайлагч тэргүүний сайчуудын нэг байдаг гэж би боддог. Тэр ч үүднээсээ Тэргүүний намын үүрийн даргаар ажиллаж байхдаа өөрөө ч хэдэнтээ сонинд ярилцлага өгч байлаа. Ийнхүү 2002 онд гавьяаны амралтад гарах хүртлээ “Эх орны манаа” сонины үнэнч уншигч, идэвхтэн бичиг байсаар ирсэн билээ.

Ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Г.Дорж