ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ХИЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
  • 11:50
  • 1596
Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад зориулан 57,487,500 төгрөгийн өртөг бүхий халдвар хамгааллын иж бүрдлийг хүлээлгэн өглөө.

Тус байгууллагын хүмүүнлэгийн онцгой байдлын хөтөлбөрийн менежер Н.Өлзиймаа:
-Цар тахалтай тэргүүн эгнээнд ажилладаг хилчдэдээ тусалж байгаадаа баяртай байна. Та бүхэн өөрсдөө халдварт өртөхгүй, сайн хамгаалж байх нь чухал. Тиймээс бид цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж байгаа, төрийн албан хаагчдад энэхүү тусламжийг үзүүлж байгаа юм. Бид мөн цаашид ХХБ-тай хамтран ажиллах эхлэлийг энэ арга хэмжээгээрээ тавьж байгаа юм. Манай байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс ч хил дамнан орж ирдэг мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зоонозын өвчний эсрэг авах арга хэмжээний талаар ХХЕГ-тай хамтран ажиллахаар төлөвлөсөн байгаа. Мөн хүүхэд хамгаалал, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Бид цаашид хамтран ажиллах ажиллагаагаа идэвхжүүлэхээр билэгдлийн гэрээ байгууллаа. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага нь дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед хамгийн их эрсдэлд орж байгаа амьжиргааны түвшин доогуур, орлого багатай өрх болон тэргүүн эгнээнд ажиллаж байгаа мэргэжилтэн, алба хаагчдад тусламж үзүүлж байгаа аж. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орлого багатай, эрсдэлт нөхцөлд орсон 7000 гаруй өрхөд 717,8 сая төгрөгийн хүнсний яаралтай тусламж үзүүлжээ. Мөн "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор, ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчилах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэдэд түгээх, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалахад талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаа ажээ.