ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДАД ЦАХИМ СУРГАЛТ ЯВУУЛАВ
  • 08:55
  • 5661
Сургалт зохион байгуулав

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь мэдээлэл, харилцаа холбооны технологитой холбогдон хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал нь тулгамдсан асуудал болж байна. Улмаар мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, аюул занал бидэнтэй бодитой оршихын зэрэгцээ хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Иймд төрийн байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөц, кибер халдлагаас хамгаалах программ болон техник хангамж, хамтын ажиллагааг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдсаар байгаа юм.
 Дээрх ажлын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн штаб, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх "Сиско академи", МУИС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгчидтэй хамтран цахим сургалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад хилийн анги, тусгай салбаруудын холбоо, мэдээллийн технологийн инженер, мэдээллийн аюулгүй байдлын 100 гаруй алба хаагч үнэ төлбөргүй хамрагдсан онцлогтой сургалт болсон юм.
Цахим сургалтыг “Компьютерын сүлжээ” хөтөлбөрийн төгсөгч, Сиско академийн сургагч багш, доктор, дэд профессор Н.Угтахбаяр “Сүлжээ зохион байгуулалт, сүлжээний төхөөрөмжийн хяналтын удирдлага, сертификатийн боломжууд”, “Компьютерын сүлжээ” хөтөлбөрийн төгсөгч У.Ганбаяр (Итали улсад докторант) “Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, эрсдэл, эрсдэлийн үнэлгээ”, “Компьютерын сүлжээ” хөтөлбөрийн төгсөгч Т.Баясгалан (Хаан банканд инженер) “Аюулгүй байдлын архитектур”, “Компьютерын сүлжээ” хөтөлбөрийн төгсөгч Н.Өлзийбаатар (МУИС-ийн Мэдээлэл технологийн газрын инженер) “Утасгүй сүлжээний зохион байгуулалт”, Компьютерын сүлжээ хөтөлбөрийн төгсөгч Н.Серикжан (Хаан банканд систем администратор) “Системийн үндсэн ойлголт /ADDC/”, Компьютерын сүлжээ хөтөлбөрийн төгсөгч Ж.Анхзаяа (Солонгос улсад докторант) “Гүн сургалт” /Deep learning/, “Компьютерын сүлжээ” хөтөлбөрийн төгсөгч М.Тэргэл (United alliance-д инженер) “Үүлэн тооцоолол” зэрэг сэдвүүдээр явууллаа. Тус сургалт нь хилчин инженерүүдэд нэн шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгосны зэрэгцээ ирээдүйн мэдээлэл технологийн чиг хандлагыг тодорхойлсон үр дүнтэй болж өндөрлөсөн юм.