ХАЛ ЦЭРЭГ БА ШИНЭ ЦАГИЙН ЗАЛУУСЫН ҮЗЭЛ БОДОЛ
  • 10:17
  • 4625
Үе тэнгийн залуус. Бие хаа харилцан адилгүй. Илтэд хээр хөдөөгийн агаар салхинд боргошсон царай зүс. Булчин шөрмөс чангарсан аргагүй л идэр залуус. Тэд харин нэгэн хэв загварын үс засалттай юм. Цэрэг үс засалт. Цагаан кейт пүүз, чөлөөт хувцаслалт. Их хотын залуусын өнгө төрхийг энэ бүхэн илтгэнэ. Их хотын залуус. Цэрэг халагджээ. 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус энэ жил үүссэн цагийн байдлаас үүдэн сүр дуулиан багатайхан халагдав. Дасал болсон анги, салбар, ээнэгшин дассан хамт олон, анд нөхдөөсөө тэд салахдаа хоргодон байсан нь гагцхүү үнэн. Нэг жилийн туршид эх орны дархан хилийг хамгаалах үүргийг нэр төртэй хүлээсэн хугацаат цэргийн алба хаагчид. Их хотын залуус, эр цэргийн залууст энэ нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлт гараа бол? Хилийн ангиудад хугацаат цэргийн албыг амжилттай хаагаад ирсэн залуусынхаа үзэл бодлыг бид хуваалцлаа. Хал цэрэг ба шинэ цагийн залуусын үзэл бодол ийм байна.

 

АХЛАХ ТҮРҮҮЧ У.СЭРЭЭТЭР: ЦЭРГЭЭС ИРЭЭД ЭМЭЭДЭЭ ГАРЫНХАА ЦУЙВАН, БОРЦТОЙ ЦАЙ ХИЙЖ ӨГСӨН

-Ой тайгын бүс тэр дундаа Хилийн 0243 дугаар ангид хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад ирсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Намайг У.Сэрээтэр гэдэг. Ахлах түрүүч цолтой халагдсан. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт эмээтэйгээ хамт амьдардаг. Өвөө эмээгийн хүүхэд. Энэ жил 20 настай.

-Халагдаад тав хонож байна. Нэг тийм сонихон өдрүүд өнгөрч байгаа болов уу. Эмээ нь чамайг утас авахаар явсан гэж байсан?

-Ер нь нийгэмшихгүй л байна шүү. Гэртээ орсон эхний өдөр ёстой сонин байсан. Орон зайн хувьд гэр минь жижигхэн болчихсон ч юм шиг... Сайхан байгальд дасчихаж. Аж ахуйн ажлаа бас үгүйлж байна. Ер нь зүгээр байх чинь хэцүү юм биш үү. Гэртээ гурван өдөр хийх байхаа олж ядлаа. Хамгийн ихээр 0234 дүгээр салбараа л санаж байна даа.

-Цэргийн албыг хаахаар шийдсэн, хил рүү явахыг хүссэн тухайгаа яриач?

-Манай ээж, эгч Хилийн 0151 дүгээр ангид ажилладаг. Аав мөн цэргийн алба хаасан, тус ангид жолоочоор ажиллаж байсан. Тиймээс би анхнаасаа л Хилийн цэрэгт алба хаая гэж шийдсэн. Цэргийн албанд татагдаад сургалтын төв эхлээд амьдрал эхэлсэн. Эхний долоо хоног үнэндээ л хэцүү байсан. Гэрээ санаад буцмаар санагдана. Эмээгийн боорцог л бодогдоод байгаа юм чинь. Эхний 14 хоногийн дараа дасаж эхэлсэн. Сургалтын 45 хоногт сайн сураад авчихад цааш алзахгүй юм байна гэж тэр үед ойлгосон.

-Тэгээд л үнэнчийн баталгаа цэргийн тангараг өргөдөг шүү дээ?

-Тангарагийн баяраар гэрээс хүн ирэхгүй гэсэн юм. Гэтэл гэрийнхэн, найзууд ирчихсэн байсан. Тэднийгээ хараад шууд л уйлсан.

-Ямааны мах халуун дээрээ гэдэг. Алба хаагаад ирсэн энэ хэдэн өдөр өөртөө ямар дүгнэлт хийж байна?

-Манай найзууд олон зүйлийг амжуулжээ. Зарим нь хүүхэдтэй, гэр бүлтэй, унах унаатай болж амьдралд хөлөө олсон байна. Харин би найзуудаасаа илүүрхэх зүйл нь маш их зүйлийг сурч мэдсэн. Онгирч байгаа юм биш. Тэсвэр тэвчээр, хатуужил суусан.

-Тухайлбал, чиний ямар зан чанар цэргийн алба хааснаар өөрчлөгдсөн бэ?

-Өмнө нь би тогтворгүй, шантрамтгай, юмны эцсийг үзэж чаддаггүй байсан. Банкинд дугаарлахдаа хүртэл дургүйцдэг байлаа шүү дээ.

-Залуусын дундах цэргийн албаны талаарх хандлага ямар байдаг вэ?

-Би сая халагдаж ирээд нэгэн гишүүний зохион байгуулсан залуусын уулзалтад хамрагдлаа. Тэнд нийт 40 залуу байснаас цэргийн алба хаасан нь ганцхан би байна билээ. Би гайхсан. Залуус буруу ойлголттой байдаг учраас цэргийн алба хаахгүй байх шиг. Нэг жилийн хугацааг алдана гэж нөгөө хэсэг нь боддог. Зарим нь дотроо айдастай байгаа. Алба хаая гэх нь боломж нь болохгүй залуус ч бий л байх.

-Тэгвэл айдгаа авдартаа хийсэн хүний хувьд юу гэж хэлэх вэ?

-Харамсахгүй шүү л гэж хэлнэ. Би үүргээ гүйцэтгэчихсэн хүний хувьд цээж тэнэгэр байна. Цэргийн амьдрал хүнд боломж, сонголтыг олгодог. Манай онжавуудаас гурав нь гэрээт хилчин болсон. Байнгын холбоотой байгаа, бид.

-Өвөө эмээгийн хүү ирээд тэднийгээ хэрхэн баярлуулав?

-Нэгдүгээр сард ар гэртэйгээ нэг л холбоо баримаар санагдаад болдоггүй. Зөвшөөрөл аваад ярьсан эмээ минь өвөө бурхан болсныг дуулгасан. Би эхлээд итгээгүй. Манай өвөө ямар ч өвчин хуучгүй. Машиндаа хип хоп дуу сонсоод явж байдаг үнэн цоглог хүн байсан. Тэр үед манай хилийн салбарынхан тэр чигтээ миний сэтгэл санааг дэмжиж зассан. Тиймээс өвөөгөөсөө хойш эмээгээ илүү их хайрлана гэж бодсон. Эмээд ганцхан би, эмээ надад ганцхан. Тиймээс эмээдээ хайртай шүү гэж хэлмээр байна.

-Эмээгээ хүү нь яаж жаргаана гэж бодож байна?

-Эмээгээ газар гишгүүлэхгүй гэж бодож байгаа. Тэгэхийн тулд хийх зүйл надад их байна. Хичээх хэрэгтэй. Ажилд орчихсон. Жуулчны машин барина, хамаатны ахтайгаа хамтран авто угаалгын газар ажиллуулна. Эмээ намайг хувцсаа эвхэн тавьж, ороо хураадаг болсныг хараад их баярлаж байна билээ. Цэргээс ирээд эмээдээ сайхан цуйван хийж өгсөн. Цуйванг би мэдэхгүй, цуйван намайг мэддэг болсон доо. Борцтой цай чанаж өгсөн хөлс нь гараад уугаад байсан.

-Найз охинтой юу?

-Байхгүй. Эмээгээ л хайрлаж мэднэ. Яагаад гэвэл миний үеийн охидууд нэг тийм л байгаа юм даа. Учрыг нь олохгүй юм билээ. Хайр юм болов уу гэхээр биш байсан. /Инээв.сур/

-Цэргийн албанд санаанаас гардаггүй дурсамжтай үе гэвэл?

-Эмэгтэйчүүдийн баярыг бид хамтдаа маш сайхан тэмдэглэсэн. Манай нэг онжав жаазтай сарнай сийлээд, би хуурай салфетикаар сарнай хийж, улаан будгаар шүршээд, үнэртэй ус цацсан. Манай салбарын эрчүүд бүгд хормогч өмсчихөөд, гал тогоонд хөлсөө арчин хоол хийгээд л... Ингээд хүлээн авалт эхлэхэд манай дарга нар хослол өмсчихсөн, нөгөө сарнайгаа амандаа зуучихсан бас дарстай бүсгүйчүүдээ угтсан. Романтик харагдаж байгаа юм чинь. Би дуулж бэлэг барьсан. Эрчүүд нь бүсгүйчүүдийнхээ төлөө хичээж, чин сэтгэлээсээ бэлэг бэлдэх нь ёстой гоё байсан.

-Цэрэгт очоод хэдэн удаа уйлсан?

-Гурван удаа юм байна. Ангиас салбаруудад хуваарилагдахад онжавуудаа хараад, хоёр дахь нь өвөөгөө алдаад, гурав дахь нь сая халагдахдаа уйлсан.

-Цэргийн алба хааж байгаа дүү нартаа юу гэж хэлэх вэ?

-Амжилт хүсье. Тэвчээр, хатуужилтай байвал чи ялна. Хэсэг шантрах үе гардаг шүү. Гэхдээ түр зуурынх. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ, зүрх зориг дутвал амьдрал чамайг уяна шүү гэж хэлье.

-Хэнд баярлалаа гэж хэлэх вэ?

-Намайг дэмжин тусалж байсан салбарынхандаа баярлалаа. Би халагдахаасаа өмнө салбартаа зориулж дууны үг бичсэн. Үглэх гэж оролддог юм л даа. Удахгүй хоолойны бичлэгт орж анги руугаа явуулахаар тохирсон.

-Хилчин хүн гэдэг чиний бодлоор?

-Хилээ дагаад явахад бас л омогшилтой шүү. Би цэрэгт даараагүй, өлсөөгүй. Ангийн болон салбарын нийт бүрэлдэхүүндээ та нар байхгүй бол бид хэн ч биш. Хилчин та нар байхгүй бол хил эзгүйрнэ гэж хэлье. Баярлалаа гэж хэлэх маш олон хүн байна. Монгол Улсын хил халдашгүй дархан байг. Эх орон эргээд дуудахад хэзээд бэлэн. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.

АХЛАХ ТҮРҮҮЧ О.ЧИНЗОРИГ: ХИЛИЙН ЦЭРЭГТ АЛБА ХААХДАА АХИАД НЭГ ГЭР БҮЛТЭЙ БОЛСОН

-Чинзоригийн хувьд Мэнэнгийн талаас нийслэл хотдоо эргэн ирээд хэд хонож байна?

-Халагдаж ирээд тав хонож байна. Баянгол дүүрэгт аав ээж, эмээ, дүүгийн хамт амьдардаг. Энэ жил 23 настай.

-Их сургууль төгссөн үү?

-Их сургуульд сурч байгаад тодорхой шалтгааны улмаас төгсөж чадаагүй. Японд хоёр жил амьдарч, сурсан. Монголдоо эргэж ирээд нэг жил болоод цэргийн албанд мордсон.

-Өглөө 06.00 цагт л сэрээд байна уу?

-Тийм. 05.50 гэхэд сэрчихэж байгаа юм чинь. Маш өргөн уудам, сайхан тайван газраас ирсэн учраас хотын чимээнд дасаж өгөхгүй л байна. Хилийн 0145 дугаар салбараа их санаж байна.

-Эсрэгээрээ нэг жилийн өмнө цэргийн албанд татагдан очиход эвгүй байсан шүү дээ. Тэр үед төрж байсан мэдрэмж гэвэл?

-18 нас хүрээд цэргийн зарлан аваад алба хаах гэсэн боловч өвчний улмаас тэнцээгүй. Би астматай л даа. Өнгөрсөн жилийн цэргийн комисс бас л тэнцэхгүй гэсэн. Тэгэхээр нь намайг явуулж өгөөч гэж гуйсан. Анх Мэнэнд очиход ямар ч сүүдэрлэх зүйлгүй өргөн уудам талыг хараад хаана ирчихэв, би юу хийж байна гэж өөрийн эрхгүй бодогдсон. “Сэрээд” команд, өглөөний гүйлт миний хувьд их хүнд байлаа. Тэр үед хамаг амьдрал бодогдоод няцсан. Гэхдээ хүний хүүгийн хаадаг албыг чадах гээд үзье гэж дотроо зорилго тавьсан.

-Цэргийн албанд очоод юуны үнэ цэнийг ойлгов?

-Гэр бүлийнхээ үнэ цэнийг ойлголоо. Тэдэндээ өмнө нь бага цаг гаргадаг байж.

-Энэ хугацаанд алдсан зүйл бий юу?

-Алдсан гэхээсээ оносон зүйлүүд олон. Би тэвчээртэй, хүлээцтэй болсон. Өмнө нь түргэн ууртай, таарсантайгаа гар зөрүүлчих гээд байдаг байв. Ажлаа орхиод цэргийн алба хаасан. Ирсэн ажил минь харин дампуурчихсан байна.

-Нууц биш бол ямар ажил хийдэг байсан бэ?

-Кофе шоп, коктейл баар найзуудтайгаа нийлж ажиллуулдаг байсан. Ажиллуулаад нэг жил болж байсан юм. Жилийн гэрээ ч дууссан, ажиллуулах хүнгүй болсон байна билээ. Kорона ч нөлөөлсөн болов уу.

-Цэргийн албанд юу сурснаараа бахархаж байна?

-Анх морь унаж чаддаггүй, айдаг байлаа. Сүүлдээ моринд их хайртай болсон. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрсэн нь энэ насны бахархал юм болов уу.

-Цэргээс халагдаж ирээд хамгийн түрүүнд хийхийг хүссэн зүйл?

-Сайхан өөрийнхөө тааваар усанд орох. /Инээв.сур/ Ирээд гэр бүлтэйгээ л цагийг өнгөрөөж байна.

-Найзууд нь юу гэж байна?

-Их зодуулсан уу гэж асуусан. Хүмүүс зодуур байдаг гэж боддог шиг байгаа юм. Хилийн цэрэгт алба хаахдаа ахиад нэг гэр бүлтэй болсон. Гэр бүлийн уур амьсгал ямар байдаг билээ, яг л тийм орчин. Биднийг халамжлан хүмүүжүүлнэ. Сэтгэл зүйн байдалд ч анхаарал хандуулдаг шүү дээ.

-Чөлөөт хувцаслалтаа санасан уу. Эсрэгээр цэрэг хувцсаа өмсмөөр санагдаж байна уу?

-Цэрэг хувцсаа санах шинжтэй. Цэрэг хувцсаа сайхан хадгална гэж бодож байгаа. Ааваас хойш бараг 20 гаруй жилийн дараа манай удамд цэргийн алба хаасан хүн нь би. Тиймээс ч хамаатнууд дундаа мундаг гэж хүндлэгдэж байгаа. Манайхан Багануураас намайг угтаж дагасан. Намайг их санасан байна билээ.

-Чи харин хэнийг их санав?

-Дүүгээ. Манай дүү зургаан настай. Өнгөрсөн жил төрсөн өдрийг нь хамт тэмдэглэж чадаагүй. Хааяа утсаар ярихаар “агаа миний төрсөн өдрөөр ирээрэй” гэдэг байсан. Өвчин гараад халагдах хугацаа хойшилж магадгүй гэдэг сураг дуулаад дүүдээ өгсөн амлалтандаа хүрч чадахгүй байх бий гэж дотроо айж байлаа.

-Дүүдээ ямар бэлэгтэй ирсэн бэ?

-Буу авч өгсөн. Миний цэргийн зургийг үзээд буу сонирхоод байсан юм.

-Цэргийн албанд үлдээсэн хамгийн дурсамжтай үе гэвэл?

-Саяхан мал тооллогын үеэр адуугаа тамгалж, дэллэх гээд хэдэн өдөр адуутай их ойр байлаа. Адууны засаа идэж үзсэн. Эр хүний үзэх л зүйл байна билээ. Хилийн манаанд анх удаа явахад морь унаж сураагүй байсан юм. Гэтэл нөгөө цэрэг намайг аваад л давхичихсан. Хилийн багана, туяарах нар, эх орны байгаль үнэхээр сайхан харагдсан. Хилийн манаанд явах үед хяналтаа зохиож байгаа ч их юм дотор бодогддог. Өнгөрсөн, одоо, ирээдүйгээ тэр л үед бодно. Хил дээр бодсоноо одоо хэрэгжүүлэх л үлджээ.

-Чиний сайн чаддаг зүйл гэвэл?

-Үс сайн засаж чадна. Би ангидаа үсчин цэрэг байсан. Хилийн салбарт бүлэг ирээд үсээ засуулах нь ч бий. Японд амьдарч байхдаа бие дааж сурсан юм.

-Гадаадад амьдарч байсан нь чамд давуу тал болсон уу?

-Японд хоёр жил байхдаа цэргийн албанаас дутуугүй ачаалалтай амьдарсан учраас бага зэрэг бэлтгэл болсон. Гадаадад байхдаа эх орноо маш их санадаг байлаа. Онгоцноос буугаад эх орныхоо агаараар амьсгалах нь ёстой гоё. Атга шорооны үнэ цэнэ, улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, хайртай хүмүүсийнхээ төлөө хилээ хамгаалсан нь энэ насанд мартагдахааргүй нандин дурсамж байлаа. Ангийн захирагч, хурандаа Э.Болдбаатар болон ахмад Эрхэс нарт би баярласнаа илэрхийлмээр байна. Салбарын захирагч, орлогч нар гээд нэрлэвэл олон хүн бий. Ангийнхаа нийт эмэгтэйчүүд, тогооч, угаагч эгч нартаа баярлалаа. Эрүүл мэндийн төвийн сувилагч Цэцэгсайханд баярлалаа гэж хэлэх ёстой. Надад олон тус болсонд баярлаж явдаг шүү. Ингээд нэрлэвэл надад ихийг сургасан олон хүн байна даа.

-Тухайн үед хэцүү байсан ч одоо эргээд харахад дурсамжтай үйл явдал гэвэл?

-Сургалтын төвийн нээлтийн үеэр нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Тэр өдөр жагсаал тэр чигээрээ ганхтал шуурч, нэг бол усан бороо ороод голдоо ортол даарч билээ. Тэнгэр газар нийлсэн тал нутгийн улаан шуургыг мөн тэр өдөр харсан. Би ер нь олны өмнө нээлттэй ярихдаа тааруу. Сургалтын төвийн нээлтэн дээр үг хэлэх болсон хөл салгалаад л явчихсан. Цэрэг халах ёслолд ахиад үг хэлсэн. Анх ирснээ бодоход арай дээрдсэн байна билээ. Цэргийн албанд энэ мэтээр өөрийгөө илэрхийлж дадлагажсан.

-Амьдралын захад хүрээд анги, салбартаа юу хийж өгөх вэ. Сониуч асуулт юм шүү?

-Хилийн цэргээс ихийг сурсан. Баярлаж явдаг. Тиймээс өөрийнхөө чадлын хэрээр ангитайгаа холбоотой ажиллана. Эхний ээлжинд салбарын соёл амралтын тасалгаа болон номын санг тохижуулж өгөх юмсан гэж хүсэж байгаа. Хөлөгт тоглоомыг хөгжүүлэн шинээр хийж дээжийг нь ангидаа бэлэглэхсэн гэж бодож байна. Ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд баярлалаа. Хил хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсье. Монгол Улсын хил халдашгүй дархан байг.

ТҮРҮҮЧ Б.НАЙДАН: ХИЛИЙН МАНААНД ЯВСАН МӨЧ СЭТГЭЛД ДЭНДҮҮ НАНДИН

-Аль ангид цэргийн алба хаав?

-ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийг төгсөөд Хилийн 0198 дугаар ангид 2019 оны I ээлжээр хугацаат цэргийн алба хаагаад ирлээ.

-Халагдаад тав хонож байна. Цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Мэргэжлээрээ ажиллана. Гэхдээ эхлээд энгийн амьдралдаа дасах хэрэгтэй байна. Өглөө 06.00 цагт сэрчихээд “хэрвээ хил дээр байсан бол...” гээд бодно. Гадуур гарахаар машины хөдөлгөөн, хүмүүсийн харилцаа зэрэгт дасахгүй стресстэй байгаа. Байнга хил дээр байсан үетэйгээ харьцуулж бодоод байх юм.

-Онжавуудтайгаа холбогдсон уу?

-Бүгдтэй нь ярьж амжаагүй. Заавал холбогдоно гэж амласан найзуудтайгаа ирээд шууд уулзсан. Манай оны цэргүүд халагдахаасаа өмнө сайн үйлсийн аян зохион байгуулна гэж ярьж тохирсон. Бид өөрсдийн хэмжээнд мөнгө цуглуулж байгаад нэн шаардлагатай нэг айлыг сонгоод хашаа байшинг нь засаад өгье гэж бодож байгаа. Мэдээж цоо шинээр барьж өгч чадахгүй ч гэсэн цэргийн албанд сурсан эрдмээ ашиглаад засч өгнө.

-Гэрийнхэн нь халагдаад ирэхэд юу гэж байх юм?

-Би аав, ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг. Гэрийнхэн намайг “ямар их тураа вэ?” гэсэн. Цэрэгт 120 кг-тай яваад 34 кг хассан. Анх хотоос 120 кг жинтэй гурван цэрэг Халх гол руу татагдсан юм. Тэр нь Эрдэнэбаяр, Тэмүүлэн бид гурав. Бид хангалттай тураад халагдсан.

-Ямар нэгэн дэглэм барьж, дасгал хийсэн үү?

-Би багадаа туранхай хүүхэд байсан. Сүүлийн хэдэн жил огцом жин нэмчихсэн. Сургалтын төвд гараад тодорхой хэмжээнд жин хассан. Түүндээ урамшаад алба хаах хугацаандаа дасгал хөдөлгөөн сайн хийсэн. Хоолоо сойгоогүй. Жин ихтэй байсан болохоор турж байгаа нь өөрт маш сайн мэдэгдэнэ. Бас жаахан таргалахад буцаад мэдэгдэнэ. Халагдаж ирээд хуучин хувцсаа өмсөхөд аавынхаа хувцсыг өмсчихсөн юм шиг харагдаж байна билээ.

-Яагаад Хилийн цэрэгт алба хаахаар шийдсэн юм бэ?

-Би өмнө нь цэрэгт явахаар цэргийн штаб дээрээ очтол жин ихтэй гээд хасагдаж байсан. Тэгээд энэ удаад өөрөө гуйж байгаад явсан. Хилд алба хаах нь амьдралд илүү ойр санагдсан. Бас цэргийн алба хаасан найзууд Хилийн цэрэгт алба хаах нь амьдралд, ажилд сургана гэж зөвлөсөн.

-Цэргийн албанаас халагдах мөчид хоргодох сэтгэл төрж байна уу?

-Анх Хилийн 0151 дүгээр ангийн цэрэг халах, татах төвийн хашаанд жагсаад зогсож байснаас эхлээд бүх дурсамж сэтгэлд буудаг юм билээ. Цэргийн байрны дээвэр засч байсан, хилийн манаанд явж үзсэн өдөр, хилийн багана дээр очоод ёслоод зогссон цаг хугацаа гээд 365 хоногийн дурсамж киноны үйл явдал шиг сэтгэлд бууж байлаа. Энгийн амьдралд намайг юу хүлээж байгаа нь тодорхой болохоор ангидаа, дарга нартаа, найзууддаа хоргодох сэтгэл төрж байсан. Би ахиад яаж ч гуйсан энэ цаг хугацаа эргэж ирэхгүй гэж бодохоор нулимс урсчих гээд өөрийгөө бариад шүд зуугаад зогссон.

-Сая Хил хамгаалах ерөнхий газраас ярьж байна гээд холбогдоход юу бодогдов?

-Коронавирусээс болоод эргээд цэрэгт татах гэж байгаа юм болов уу, эсвэл би буруу зүйл юу хийлээ гээд утсаар ярих зуурт зөндөө юм бодогдсон.

-Хэрвээ цэргийн албаа үргэлжлүүлэн хаагаач гэсэн бол яах уу?

-Халагдаад дөнгөж гурав хонож байсан болохоор сэтгэл зүрх хилдээ уяатай цаг хором бүр санаж байсан болохоор “мэдлээ” гээд явах байсан.

-Халагдах цэргийн захиас?

-“Битгий шантар, бүхнийг сэтгэлээсээ хий” гэнэ. Тухайлбал, цэргийн байр цэвэрлэх үүрэг өгвөл түүнийг нь чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Хэрвээ дутуу хагас хийвэл өнөөхөө ахиад хийнэ. Даргаас өгсөн үүргийг ял гэж хүлээж авбал өөрөө хөгжихгүй, цаг хугацаа ч өнгөрөхгүй. Хоног тоолж цаг хугацааг битгий өнгөрүүлээрэй. Би тасгийн захирагч хийж байсан юм. Нөхдийгөө харж байхад ард амьдралаа их боддог. Тэгээд би цэрэгт яваагүй бол одоо ингээд явж байх байлаа гээд гоёоор төсөөлнө. Тэр бодолдоо хэт автаад сэтгэлээр унаж бухимдаад харилцааны зөрчил гаргах нь бий. Тиймээс дүү нартаа аливаад бодитойгоор ханд, бүтээлч бай гэж хэлдэг.

-Эр хүнд цэргийн нөхөрлөл юунаас ч илүү үнэ цэнэтэй байдаг болов уу?

-Цэргийн нөхөрлөл чин үнэн сэтгэл дээр тогтдог гэдгийг мэдэрсэн. Арван жилийн сургуульд сурч байхдаа бид олон найзтай болдог. Гэхдээ тэр харилцаа нь хичээлийн цаг, хамт тоглох хэсэгхэн хормоор хэмжигддэг. Харин цэрэгт бүтэн жил хамт байж, нэг аяганаас хооллож, өвөртөө унтаж, ажлыг хамт хийж байхдаа бие биенээ илүү ихээр таньж авдаг. Нөхрөө гунигтай байна уу, баярласан байна уу гэдгийг харцнаас нь уншиж чаддаг болдог. Тиймээс би цэргийн нөхөрлөлийг чин үнэнч сэтгэл гэж хэлнэ.

-Алба хаах нэг жилийн хугацаанд цэргүүдийн сэтгэл зүйг хэрхэн бэлдэх ёстой юм шиг санагдав?

-Ангийн төв, хилийн салбар хоёр эрс ялгаатай. Цэргүүд хил рүү явбал жаргана гэсэн бодолтой байдаг. Гэтэл хилийн салбарт бүхнийг өөрсдөө хийдэг болохоор цаг зав бага, ачаалал арай их. Бодож байснаас нь тэс өөр орчин угтах үед цэргүүд сэтгэл санаагаар унаад ард амьдралаа санаад эхэлдэг. Тиймээс бодит нөхцөл байдлыг үнэнээр нь хэлээд ухуулга яриа хийх нь үр дүнтэй санагдсан.

-Чиний хувьд цэргийн албыг хэрхэн төсөөлж очиж байсан бэ?

-Би нэг дүр зургийг сэтгэлдээ зурсан байсан. Үүр хаяарч байх мөчид хилийн баганаа чиглээд морьтой явж байх юм сан гэсэн ганц бодолтой татагдсан. Яг тэр хүслээ биелүүлсэн. Гэхдээ их удаж байж биелсэн. Би хилийн манаанд явмаар байсан боловч намайг хоёр сар салбарын жижүүрт гаргасан. Тэгээд нэг өдөр харуулд гарах томилгоо аваад маш их баярласан. Хүсэн хүлээсэн хилийн харуулдаа гараад манаанд явах мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Битүү бургас, өндөр өвсөн дундуур морио унаад явж байх торгон агшин сэтгэлд одоо ч мартагдахгүй нандин байна.

-Найз охинтой юу?

-Байгаа. Нэг жил намайг хүлээсэн. Цэрэгт байхад захидал бичнэ. 14 хоногт нэг удаа утсаар ярина. Хааяа даргаасаа гуйж байгаад долоо хоногт нэг удаа ярина. Тэр үед салбарынхаа бүрэлдэхүүний нүдэн дээр ярина. Утсаар ярих таван минут өнгөрч өгөхгүй хэцүү. Тэр олон хүмүүсийн өмнө “Чи сайн уу, би сайн” гэхээс хэтрэхгүй. 14 хоногт нэг удаа ярихад зөвхөн СМССЭО хамт байдаг болохоор арай чөлөөтэй. Хол байхаар бие биедээ хайртайгаа илүү мэдэрдэг юм билээ.

-Алба хаах хугацаанд нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохисон?

-Үнэхээр бахархмаар байсан. Эр хүн нэг удаа цэргийн алба хаана. Намайг алба хаах жил анги маань одон авлаа. Түүхт ой тохиолоо. Хилийн 0198 дугаар анги өөрөө их баатарлаг түүхтэй. Ийм ангид алба хаасан би азтай. Найзууддаа, хожим үр хүүхдүүдээ хэлэхэд бахархалтай сайхан санагдаж байна.

-“Эх орны манаа” сониноос ямар материалыг түлхүү унших уу?

-Хилчин уран зохиол, байлдагчийн буланг шимтэн уншина. Нээрээ манай салбарын цэргийн захиас бий. Бид "Урьхан" үгийн сүлжээг бөөнөөрөө бөглөсөн. Тэгээд нэг хариун дээр маргалдаад хэний зөв болохыг дараагийн дугаарт гарах хариунаас харахаар барьсан шүү дээ.

ДЭД ТҮРҮҮЧ Б.БИЛГҮҮН: ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ЗАЛУУСЫНХАА ХАМТААР НИЙГЭМДЭЭ БАЯЛАГ БҮТЭЭНЭ

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Бэх-Очир овогтой Билгүүн гэдэг. 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Цэргийн албаа Хилийн 0214 дүгээр ангид хаасан.

-Яагаад цэргийн алба хаахаар шийдэв?

-“Хүрээ” дээд сургуулийг мультмедиа мэргэжлээр төгссөн. Гурван жил “Гэрэлт” пресст ахлах дизайнер хийж байгаад цэрэгт явсан. Би цэргийн алба хаах хүсэлтэй байсан ч нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар явж чадаагүй. 2019 онд хүү маань ой долоон сар хүрчихсэн тул цэрэгт явахаар шийдээд эхнэртээ “Дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд үзлэгтээ ортол тэнцчихсэн. Ингээд дэлгүүр орохоор яваад эхнэртэйгээ уулзалгүй шууд цэрэгт явсан.

-Яагаад уулзаагүй юм бэ?

-Цэрэгт явахаар болсноо утсаар хэлтэл урдаас уйлаад байсан юм. Тэгээд уулзвал явах шийдвэрийг минь өөрчилчих байх гээд Хилийн 0151 дүгээр ангийн цэрэг халах, татах төв дээр долоо хоносон. Тэр долоо хоногт эх орон, хил гэж юу болох талаар ухуулга сурталчилгааны ажил хийгдэж байсан юм. Би хилийн ангиудын талаар сонсож байгаад Хилийн 0214 дүгээр ангийг сонгосон. Тэгээд ч нэгэнт хил явах бол гэрээсээ хол явсан нь дээр санагдсан.

-Цэргээс халагдаад очсон юу гэж байна?

-Эхнэр, хүү хоёр их санасан байна билээ. Эхлээд хүү маань аавыгаа танихгүй хоёр хоног бишүүрхлээ. Одоо бол хаана ч явсан араас “ааваа” гээд дагаж гүйгээд байгаа.

-Халагдаад удаагүй байна. Хотын амьдрал ямар байна?

-Хил дээр сайхан шүү дээ. Хотод ирсэн чинь гадна орчны дуу чимээнд толгой их өвдөж байна. Тэгээд дарга нар, дүү нар маань юу хийж байгаа талаар байнга бодно. Цэрэгт байхад өглөө босоод л цагийн хуваарийнхаа дагуу үүргээ гүйцэтгэнэ. Харин гэрт бүх зүйл бэлэн болохоор хийх ажилгүй сууна. Өдөр хоолны цаг болоход өөрийн эрхгүй өлсөнө. Уул нь гэртээ идээд байгаа хэрнээ автоматаар хоолны цаг болсныг ходоод сануулчихаад байгаа. Тэгээд хилээ санаад эхэлж байна даа.

-Хамт алба хаасан найзуудаас нь гэрээт хилчнээр үлдсэн цэрэг бий юу?

-Байгаа. Бид “онжав” гээд багцын дугаартай болохоор байнга холбогдож байгаа. Манайхаас гэрээт болохоор шийдсэн цэргүүд Хилийн 0257 дугаар ангид гэрээт хилчнээр хуваарилагдсан гэсэн. Би ч гэсэн гэрээт хилчнээр үлдэх тухай бодож үзсэн. Даанч хотод эхнэр, хүү хоёр минь хүлээж байгаа болохоор явж зүрхэлсэнгүй.

-Цэргийн алба хааснаар хэр их өөрчлөлтийг мэдэрч байна вэ?

-Цэргийн алба хүнийг төлөвшүүлж өгдөг. Миний хувьд аливаад хүлээцтэй ханддаг боллоо. Бие бялдраа хөгжүүлж, сэтгэлийн хаттай болсон. Жилийн өмнөх Билгүүн, өнөөдрийн Билгүүн хоёрыг харьцуулаад харвал маш их өөрчлөлт бий. Гэхдээ намайг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг бусад хүмүүс илүү хэлэх байх.

-Цаашдын төлөвлөгөө?

-Нэг жилийн хугацаанд их зүйлийг бодсон. Цэрэгт явсан залуус өөрсдийгөө хөгжүүлэхэд их анхаардаг. Миний хувьд тасгийн захирагч, хилийн манаа ахлагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Хуучин ажилдаа эргээд орж болно. Гэхдээ түүнээс илүүтэйгээр залуу хүн юу хийж чаддаг, цэргийн алба хүнийг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлдэг, юу сургадаг болохыг нийгэмд харуулъя гэж бодож, зорьж байна. Цэрэгт бид өөрсдийн гараар бүхнийг бүтээсэн. Тэнд хүний нүд хуурсан ажил хийх сэтгэлтэй хүн байдаггүй. Тухайлбал, гутлын тоосны гөвүүр хийлээ гэхэд бид халагдах юм чинь гээд муу хийдэггүй. Ахиад хэдэн жил хэрэглэчихээр л сайн хийнэ. Тиймээс цэргийн алба хаасан найзуудынхаа хамтаар нийгэмд баялаг бүтээхийг бодож байна.

-Халагдах цэргийн жагсаалд зогсож байхад юу бодогдож байв?

-Гунигтай байсан. Нэг жил ямар хурдан өнгөрчихвөө гэж бодогддог юм билээ. Анх цэрэгт татагдаж байхад өмнө минь бүхэл бүтэн 365 хоног байна гээд бодож зогссон. Гэтэл цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байна. Нэг жилийн цэргийн алба надад маш их хөрөнгө оруулалтыг хийжээ. Хэрвээ би цэрэгт яваагүй бол өмнөх ажлаа хийдгээрээ хийгээд яг тэр байран дээрээ байх байсан. Харин цэргийн алба намайг амьдралд сургаж, эх орны үнэ цэнийг ойлгуулж, насан туршийн дурсамжийг бүтээж өгсөн байна.

-Хилчин хүн гэж чинийхээр?

-Зүрхэндээ эх орноо багтааж явдаг хүнийг хилчин гэдэг байх. Сүүлийн үед хүмүүс эд материалыг хүнээс илүүтэйгээр хайрладаг болчихсон. Хотод сайхан байранд, машин унаад, өдрийн найман цаг ажиллаад явах боломж байсаар байхад хилчид алс буйд хилийн хотхонд яагаад ажиллаж, амьдраад байна вэ? Хүн юм хойно үр хүүхдээ сайн сургуульд сургаж, бусад шиг амьдрахыг хүсдэг. Гэхдээ хилчдийн зүрхэнд гэр бүлийнх нь тэр эрхэм зорилгоос илүүтэйгээр эх орон нь багтаж байдаг. Ингээд бүх насаа хилийн алба, эх орондоо зориулан Монгол Улсын дархан хилийг хамгаалдаг. Эр нөхрөө дагаж хил дээр очсон цэл залуухан бүсгүй, удам залгах бяцхан үр нь хүртэл хилээ гэсэн сэтгэл зүрхтэй болж, эх оронч хүмүүжлээр төлөвшдөг юм шиг санагддаг.

-Цэргийн албаны мартагдахгүй дурсамж?

-Манай салаанд Баясгалан гээд махлаг цэрэг байсан юм. Сургалтын төвд гарч байхдаа салаагаараа гүйнэ. Хэн нэг нь үлдэж хоцорвол буцаад гүйнэ. Нэг хэмнэлээр гүйж байсан цэргүүд хурдаа багасгахаар улам амархан цуцна. Тиймээс би хамгийн хойно Баясаагийнхаа бүснээс бариад хамт гүйдэг байлаа. Гүйж байхдаа найзыгаа “Чи чадна. Одоо шантарвал цэргийн албаны нэг жил чамд там шиг санагдах болно” гээд зоригжуулна. Бид хоёр биеэр том, жижиг ялгаатай. Бусад салааны цэргүүд биднийг аав, хүү хоёр гээд шоолдог байсан юм билээ. Хилийн 0140 дугаар салбарт байхад манай орлогч, дэслэгч Даваажаргал сургалтыг чанартай явуулна. Бид хоёр насаар чацуу болохоор намайг “Миний хөгшин цэрэг” гэж дууддаг байсан юм. Манай салбар ажил үйлсээрээ ангийн хэмжээнд манлайлдаг байсан. Тэргүүний хилийн салбар болж, ангийн захирагчийн нэрэмжит уралдаанд түрүүч Гантулга түрүүлж, би оны тэргүүний байлдагч болсон. Тиймээс бидэнд шантрах, алдах эрх байгаагүй. Тэргүүнийх бол тэргүүнийх байх ёстой гэж бид хичээсэн.

-Тэгвэл алба хаах нэг жилийн хугацаанд сэтгэл зүйн бүрэн бэлтгэлтэй байжээ?

-Цэргүүд сэтгэлээр амархан унадаг. Тиймээс манай салбарын офицер, ахлагч, эмэгтэйчүүд биднийг их сайн анхаарч, тулж ажиллана. Тухайбал, гуравдугаар сард коронавирусийн улмаас цэрэг татлага болохгүй гэх мэдээг телевизээр үзээд “Бид халагдахгүй юм байна” гээд сэтгэлээр уначих нэгэн байсан. Сэтгэлээр унасан цэрэг ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргадаг. Нэг удаагийн алдаа, дутагдал, зөрчил хамт олны бүтэн жилийн ажлаас хойш татдаг тул манай салбарынхан сахилгын зөрчил гаргахгүй байхад дор бүрнээ анхаарч байсан. Сэтгэл санааны хувьд тавгүй байгаа нэгэнтэйгээ ярилцана, эсвэл сэтгэл зовоосон асуудлыг нь мартуулахын тулд завгүй байлгана.

-Хилийн салбарт бүлэг ирэхэд гоё уу?

-Их сандарна. Бидний ажлыг шалгахаар ирж байгаа гэж бодохоор дор бүрнээ хичээнэ. Зөвхөн дарга нарын ажлыг шалгахгүй шүү дээ. Хилийн салбар гэдэг нэг гэр бүл болохоор алдаа, дутагдал заагдахгүйн тулд хамтаараа хөдөлмөрлөдөг. Нэг удаа ангийн захирагч төвөөс гарлаа гэдгийг сонсоод би их сандарсан. Өөрөө ч угийн сандруу хүнийг хэлэх үү орж, гарах бүртээ түчигнээд байсан чинь орлогч “Хэрэг хийчихсэн хүн шиг яагаад байгаа юм” гээд загнаж билээ.

-Нэг жилийн цэргийн албанд их зүйлийг сурсан байх?

-Нэг жил алба хаах хугацаа дэндүү чамлалттай. Амьдралын, төлөвшлийн дөнгөж зах руу ороод албандаа дасаад, жигдрэх үед халагдчихдаг юм байна. Дээр үеийн хоёр, гурван жилийн цэргийн алба маш зөв. Өнөөдөр халагдчихаад харахад хоёр жил алба хаасан бол сайхан төлөвшсөн залуус нийгэмд гарч ирэх юм байна. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарласан байхад ядаж гэр бүл салалт байхгүй болно. Энэ нь өөрөө нийгэмд том хөрөнгө оруулалт болох юм. Хилийн цэрэгт алба хаасан залуус хэр баргийн юманд уулга алдаж, барьц алдахааргүй болдог.