АХМАД Л.САНЖААСҮРЭН: ХҮН ӨӨРИЙН БИЕ МАХБОДИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ХООЛЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ЭРҮҮЛ БАЙХ ҮНДЭС
  • 12:32
  • 2115
Аливаа өвчний үүсгэл нь зохисгүй буруу хооллолт гэж үздэг. Тиймээс зуны цагт хэрхэн зөв хооллох талаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн их эмч, ахмад Л.Санжаасүрэнтэй ярилцлаа.

-Хоололтын талаар ерөнхий мэдээллийг өгөхгүй юу?
-Уламжлалт анагаах ухаанд хүн 404 төрлийн өвчин тусдаг гэж үздэг. Тэдгээр өвчнийг үүсгэгч нь буруу хооллолт. Буруу хооллолтоос шалтгаалсан харшил ч үүсдэг. Тиймээс хоолыг өвчнийг анагаагч эмтэй адилтгадаг.
-Ходоодоо хэрхэн эрүүл байлгах вэ?
-Хүн өөрийн амьдарч буй орчин нөхцөл, цаг улирал, нас, хүйст тохируулан хооллох ёстой. Монголчууд эрт дээр үед намар, өвөл, хаврын улиралд хэрэглэсэн махны уургийн илүүдлийг зуны саруудад бие организмаасаа гадагшлуулдаг. Энэ маш зөв. Гэтэл одоо зун болмогц бид эсрэгээрээ хорхог, боодог зэрэг хүнд махан хоол, халуун ногоог түлхүү хэрэглэдэг. Энэ хэвшлийг л амьдралаасаа халах ёстой.
-Үл зохицох идээ, ундаа гэж бий юу?
-Байлгүй яахав. Тухайлбал, загасны махыг сүүтэй, өндгийг загасны махтай, таргийг жимстэй, хайлмагийг хүйтэн устай хольж болохгүй гэх мэт маш олон үл зохицол бий. Тэр ч бүү хэл түүхий махыг цагаан идээ, архи дарстай ойр хадгалж болдоггүй. Ингэснээр өөр хоорондоо урвалд орж хор болдог. Тэр дундаа манайхан мах чанаад халуунаар нь иддэг шүү дээ. Тэгвэл махны уурыг гаргаж идэх ёстой юм.
-Харшилдаг идээг хэрэглэхэд ямар өвчин үүсдэг юм бэ?
-Халуун чанартай өвчин үүсгэдэг. Жишээ нь цусны даралт ихсэх, нүдний хараа муудахад нөлөөлдөг гэж үздэг.
-Хооллолт хоорондын зохистой цаг гэж бий юу?
-Бид өглөө, өдөр, орой гэж өдөрт гурван удаа хооллож хэвшсэн. Өвлийн цагт ингэж хооллож болох ч зуны цагт өдрийн гурван удаагийн хооллолт нь тохиромжгүй. Зун нарны хүч ихэсдэг тул оройн хоолыг тун хөнгөн 18.00 цагаас өмнө идэж, шингэн зүйлийг 19.00 цагаас хойш хорих хэрэгтэй. Хэрэв ам цангах мэдрэмж төрөөд байвал усыг уулгүй амаа зайлаад асгаж болно. Ингэж хэвшихэд шөнийн цагт хүний бөөр, ходоод ачаалаад байхгүй бүрэн амарч чаддаг. Харин өглөөний цайг тогтмол ууж хэвших нь эрүүл байх нэг үндэс. Манайхан өглөөд цайгаа уудаггүй. Өглөөний цай уугаагүйгээс цөс өтгөрч, хүүдийндээ багтахгүй чулуу үүсгэдэг. Мөн цөсний өтгөрөлт нь арьсны харшил үүсгэдэг байна. Тиймээс өглөөний цай эрүүл байхын үндэс юм.
-Хооллох хэмжээний хувьд?
-Хүний ходоодыг гурав хувааж үздэг. Хуурай хоол, шингэн зүйл, хоосон зайн хэмжээ ходоодонд адил байх нь хамгийн зөв хоололт. Гэвч бид хэтрүүлэн идчихдэг. Хэтрүүлж идсэн үед хэхрэх мэдрэмж төрдөг. Хэхэрснээр ходоодны хоосон зайд үлдэх хийг шахаж гаргаж байгаа хэрэг юм. 
-Хүн өөрийн биеийн онцлогт тохируулан хооллох ёстой гэж та дээр хэлсэн?
-Хүний биеийг хий, шар, бадган гэх гурван махбодид хуваадаг. Хий махбодитой хүмүүс ихэвчлэн туранхай, бор арьстай, түргэн алхаатай, амархан уурладаг, нойр багатай байдаг. Эдгээр хүмүүс сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой. Аливаа шингэн зүйлийг халуун бүлээнээр нь ууж байх хэрэгтэй. Харин цагаан гурилан бүтээгдэхүүн, сахарыг хэрэглэхийг хориглодог. Шарын махбодитой хүмүүс дундаж нуруутай, шар арьстай, их хөлсөрхөг, уур ихтэй байх нь элбэг. Тэдгээр хүмүүс үр тариа, будаа, гурилан бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэж болно. Шингэнийг хөргөж уух нь эрүүл мэндэд нь зохицдог. Архи, дарс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Бадган махбодитой хүмүүсийн хувьд дийлэнх нь махлаг, нойр ихтэй, тайван амгалан зан төрхтэй байх нь элбэг. Эдгээр хүмүүс бүх төрлийн махыг тохируулан хэрэглэхэд гэмгүй. Аливаа хоол ундыг халуун, бүлээнээр нь хэрэглэхэд тустай юм. Энэ мэтээр өөрийн онцлог шинжийг харж анхаарч хоолоо зохицуулах нь давуу талтай байдаг.
-Төв суурин газар ажиллаж байгаа хүмүүс, хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид хоорондын энерги зарцуулалт харилцан адилгүй. Тиймээс хэрхэн хооллох ёстой вэ?
-Тэгэлгүй яахав. Өдрийн найман цаг ажилладаг хүмүүс аль болох бага хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Гэтэл манайхан илчлэг өндөртэй хоол идчихээд суугаа ажил хийх нь хэвлийн таргалалтыг бий болгож, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчин үүсгэдэг байна. Хилд үүрэг гүйцэтгэж буй хилчид өдрийн зарцуулж буй энергиэ нөхөж хооллох хэрэгтэй. Гэхдээ махан хоолыг хэт их хэрэглэх нь тохиромжгүй. Зун цагт хүний цусны гүйдэл түргэсэж, хөлс их гарч, биеийн илч гадагшилж байдаг. Энэ үед хоолны дуршил буурч, ходоодны шингээх чадвар тэр хэмжээгээр багасдаг. Ийм үед амтлаг, исгэлэн, сэрүүн чанартай хоол хүнсийг хэрэглэх нь зохимжтой. Тийм учраас монголчууд эртнээс зуны дэлгэр саруудад цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвшсэн нь маш зөв хооллолт юм.