Дэслэгч Ё.СЭНДЭР
-Ихэр боловч ах, дүү хоёр гэж үздэг шүү дээ. Та хоёрын хувьд?
Э.Н: Зулай дээр нь гишгэж төрсөн болохоор намайг ах нь гэдэг. Бас түрүүлж эхийн хэвлийгээс мэндэлсэн нь ахдаа үүдээ нээж өгдөг гэж ярьдаг юм билээ. Бидний хувьд бол ийм л байна даа. Намайг Хараа, Галааг Шараа гэж бага байхад өхөөрдөн дууддаг байсан.
-Багш мэргэжлийг сонгох болсон учир шалтгаан?
Э.Н: Аав, ээж хоёр маань хилчин, бидний бага нас хилийн салбарт өнгөрсөн болохоор цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ их сонин. Ерөнхий боловсролын сургууль төгсөх жилээ мөрөөдөж явсан мэргэжлээ биш ах, эгч нарынхаа зөвлөснөөр МУБИС-д суралцсан. Сургууль төгсөөд ирсний дараа надад Хил хамгаалах байгууллагад ажиллах гурван удаагийн санал ирсэн байдаг. Хамгийн анх санал ирэхэд нь эзэмшсэн мэргэжлээрээ нэг, хоёр жил ажиллаж үзье гээд татгалзсан. Хоёр дахь удаагаа бодож үзээд багшийн мэргэжил, хүүхэд шуугисан их өргөөнөөсөө холдож чадахгүй мэт санагдаад татгалзсан. Харин сүүлийн удаад шууд татгалзсан. Ингээд би гэр бүлээсээ ганцаараа боловсролын салбарыг сонгоод 11 дэх жилдээ бага ангийн багшаар ажилллаж байна. Хилчин болох сонирхол маш их байсан.
-Хилчдийн талаарх, бодол, төсөөлөл тань нэлээд гүнзгий юм уу даа?
Э.Н: Тэгэлгүй яахав. Хилчин хүний хүү, хилчин гэр бүлд өсч торнисон болохоор хамгийн ойрхон сэдэв юм. Хэдийгээр хилчдийн эгнээнд орж мөр зэрэгцэн алхаагүй ч эх орноо хамгаалах хүндтэй үүргийг хүлээж, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөн зүтгэж яваа хилчдээрээ үргэлж бахархаж явдаг шүү. Манай гэр бүлд надаас бусад нь хүргэн, бэргүй хилчид. Эхнэр бид хоёр л багш юм даа.
-Бид албаны талаар л ярилцахаас биш хувийн амьдралын талаар тэр бүр яриа дэлгэж суусангүй. Таны хувьд хилчин болох бодол хаанаас эхтэй вэ?
Э.Г: Мэдээж аав, ээж, өсөж төрсөн орчин шууд нөлөөлсөн. Миний хувьд ах, дүү нарынхаа хүүхдийг харж өгдөг байсан юм. Зургадугаар ангид байхад хүргэн ах салбарын дарга хийдэг байлаа. Нэг өдөр намайг харуул солихдоо авч яваад хилийн харуул дээр хоноод, өглөө нь хилийн манаанд явж үзэх үү гэхээр нь хамт явсан. Шүлэг найрагт гардаг шиг нар мандаж, шувуу жиргэсэн өглөөний наран доор хилийн баганадаа цэрэг ах нар ёслож, “Монгол Улсын төлөө зүтгэе” гэх тэр агшин сэтгэлд маш тод үлдсэн байдаг. Энэ бол миний хилчин болох шалтгаан, надад нөлөөлсөн нөлөөлөл юм даа.
-Багшийн мэргэжлийг хэрхэн ойлгодог вэ?
Э.Г: Багш ачааллыг даах чадвар сайтай хүмүүс шиг санагддаг. Дөнгөж зургаан настай хүүхдүүдэд суурь хүмүүжлийг сайн төлөвшүүлэхийн төлөө хичээж, зүтгэж, эрдмийн далайд умбаж явдаг, хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлтэй, буянтай хүмүүс гэж боддог. Ажил, мэргэжлийнх нь онцлогийг ойлгож, дэмжихийг хичээдэг шүү.
-Төрсөн өдрөө хэдэн жилийн дараа хамт тэмдэглэж байна вэ?
Э.Н: Хамгийн сүүлд 2003 онд Бөхмөрөн суманд наймдугаар ангиа төгсөөд Шараа маань хөгжмийн сонсогчоор Хилийн 0245 дугаар ангид томилогдон явснаас хойш бид тус тусын ажил амьдрал, сургууль соёл гэж явсаар даруй 17 жил өнгөрчээ. Ингээд бодохоор 17 жилийн дараа төрсөн өдрөө тэмдэглэж байна.