СОНСОГЧ Б.СОДНОМЖАМЦ: БИД ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙГ ДАГАНА
  • 12:50
  • 4033
ОХУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед тус улсад суралцаж буй сонсогч Б.Содномжамцтай цахим сүлжээгээр холбогдон цөөн асуултад хариулт авлаа.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Аав, ээж, ахын хамт амьдардаг. Одоогоор ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Курган хотын Хилийн дээд сургуульд суралцаж байна.
-Сургуулиа хэзээ төгсөх вэ?
-Би тус сургуульд хилийн албаны чиглэлээр суралцаж байгаа. Ирэх жил төгсөнө.
-Яагаад хилчин болохоор шийдсэн юм бэ?
-Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд хугацаат цэргийн албыг Хилийн 0311 дүгээр ангид хаагаад үргэлжлүүлэн Хилийн 0257 дугаар ангид гэрээт хилчнээр алба хаасан. Гэрээний хугацаагаа дуусгаад ОХУ-д суралцахаар элсэлтийн шалгалт өгч тэнцсэн.
-Дэлхий нийтэд коронавирусийн тархалт их байна. Та бүхэн ямар дэглэм барьж байна вэ?
-Хичээл сургалт хуваарийн дагуу орж байгаа. Бид сургуулийн байрлалд бүрэн тусгаарлагдсан. Багш нар, курсын офицерууд долоо хоног бүр ээлжлэн байрлаж байна. Бид өөрсдөө хувийн ариун цэврээ сайтар сахиж, гараа тогтмол ариутган, амны хаалт зүүж хэвшсэн. Мөн дархлаагаа дэмжиж спортоор хичээллэнэ. Миний хувьд фитнессээр түлхүү хичээллэдэг.
-Танай сургуульд хичнээн монгол сонсогч суралцаж байна вэ?
-35 сонсогч суралцаж байгаа.   
-Европийн зарим улс оронд Азиудыг гадуурхах тохиолдол гарч байгаа гэсэн?
-ОХУ-д өвчин хурдацтай тархаж эхлэх үед биднийг сургуулийн байрлалаас гадагш гарахыг хориглож тусгаарласан. Тиймээс энэ талаар сайн мэдэхгүй байна.
-Сургуулийн удирдлагаас та бүхнийг эх орон руу нь буцаах талаар санал авсан уу?
-Одоогоор тийм зүйл алга.
-Гэрийнхэн нь санаа зовж байгаа байх?
-Гэрийнхэнтэйгээ холбогдсон. Бидний хувьд хөл хорио тогтоосон тул санаа зовох зүйлгүй гэдгээ хэлсэн. 
-Тэгвэл чи гэр бүлийнхэндээ санаа зовж байна уу?
-Монгол Улсад коронавирус илэрсэн ч гэсэн маш сайн арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллийг цахим ертөнцөөс байнга авч байна. Гэрийнхэн маань хөдөө байдаг болохоор санаа зовох нь харьцангуй бага шүү.
-Зуны амралтаараа эх орондоо ирэх үү?
-Зуны амралт долдугаар сарын 01-нд эхэлнэ. Бид Хил хамгаалах байгууллагынхаа тухайн үеийн шийдвэрийг дагана.
-Хобби?
-Бөх барилдаж, сагс тоглох, фитнессээр хичээллэх дуртай. Энэ чиглэлээрээ тодорхой амжилтуудыг ч үзүүлж байгаа.  
-Цаашдын зорилго?
-Би өөрийгөө хөгжүүлж үлгэр жишээ хилчин офицер болохыг хүсдэг.