С.БАЯРБАТ: ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБАНААС АМЬДРАЛЫН АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ ОРГИЛДОГ
  • 09:00
  • 1842
Гэрээт хилчин-Гэрэлтэй алба

Дэд хурандаа Г.Даваатогтох

Гэрээт хилчний алба олон залуусын амьдралынх нь замыг гэрэлтүүлж өгсөн. Тэдний нэг нь түрүүч С.Баярбат. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас 2016 оны нэгдүгээр ээлжээр Хилийн 0243 дугаар ангид хугацаат цэргийн алба, Хилийн 0168 дугаар ангид гэрээт хилчнээр албаа хаагаад байгаа юм.

-Гэрээт хилчний албаа хаагаад, гэрээгээ амжилттай биелүүлсэн сэтгэгдэлээ хуваалцаач. Цэргийн албаны талаарх таны бодол?
-Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.  Одоо бодоход хоёр жил гэдэг богинохон хугацаа юм. Энэ хамт олон, албандаа их дасчээ. Хамт алба хаасан нөхөд, салбарын хамт олон гэдэг хичнээн их үнэ цэнэтэй болохыг халагдаж байгаа энэ мөчид ухаарч байна. Эр цэргийн алба гэдэг хариуцлагатай алба. Энэ ч утгаараа хамт олон дундаа хариуцлагажиж, энэ хариуцлагаараа өөрийгөө хүмүүжүүлж байдаг. Анх цэргийн алба хаасан үеэ одоо үетэй харьцуулаад бодохоор төлөвшиж амжаагүй байжээ. Гэрээт хилчний албыг хааснаар зорилго нэгт залууст амьдралын анхны гараагаа эхлэх боломжийг бүрэн нээж өгдөг. Миний хувьд ч тэр. Нэг үгээр хэлбэл миний цаашид Хилийн цэргийн алба хаагч болох мөрөөдөл биелж байна. Би анх ээжийнхээ захиасаар Хилийн цэрэгт орсон. Энэ дашрамд ээждээ хандаж хэлэхэд, "Та маш зөв замыг зааж өгчээ. Одоо зөвхөн сонгон шалгаруулалтаа амжилттай өгөх л үлдээд байна. Тандаа маш их хайртай шүү, баярлалаа. Хүү нь хичээх болно" гэж хэлье.
-Та хилчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ?
-Тийм ээ. Би ХХБ-ын ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах сонирхолтой байгаа. Одоо Ахлагчийн сонгон шалгаруулалтад бэлтгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл би зорилгодоо хүрэх торгон мөчид ирээд байна. Маш их догдолж байна. Гэхдээ бэлтгэлээ маш сайн хангах ёстой. Мөн миний энэ хүсэл мөрөөдөлд салбарын хамт олон маань их нөлөөлсөн. Манай хамт олон их сайхан халуун дулаан уур амьсгалтай, гар нийлэмжтэй ажилладаг. Аливаа зүйлийг хийж чадахгүй зааж, мэдэхгүй нэгэндээ тусалж дэмжээд л явдаг. Хилийн 0172 дугаар салбарын захирагч, ахмад Наранбаатар, хангалт эрхэлсэн орлогч, дэслэгч Ц.Ууганбаяр хоёр жилийн хугацаанд миний мэдэхгүй чадахгүй бүхэл зүйлийг зааж сургасан. Ер нь өөрийгөө таних, бусдын сайн, зөв зүйлийг олж харах, бусдыг хүндэлж сурах, шударга байх гээд маш олон зүйлийг хамт олноосоо сурлаа.
-Гэрээт хилчин байхын хамгийн сайхан зүйл юу вэ?
-Энэ албыг өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуус хаадаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд мэдлэг чадвартай, авьяас чадвартай гэрээт хилчид ирж алба хааж байна. Тэднээр бахархаж, тэднээс сурсан зүйл ч их бий. Мэдлэг, чадвартай гэрээтүүдээ дагаад би ч бас хөгжиж байгаагаа мэдэрдэг. Гэрээт хилчний албаны хамгийн гол үнэт зүйл бол эх орон, газар нутгаа хайрлаж сурахад оршдог. Эндээс амьдралын аз жаргал, амжилт гээд бүгд оргилдог болов уу. Хоёр жилийн хугацаанд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн хилээ хамгаалж, хамт олонтойгоо байна гэдэг нь сайхан. Мөн Дотоод хэргийн их сургуульд сурч улам хөгжин дэвших боломж нээгдэж байдаг.
-Ирээдүйн хилчин гэрээт болох хүсэл сонирхолтой залууст хандаж юу хэлэх вэ?
-Гэрээт хилчний албыг хааж газар газрын олон залуустай танилцаарай. Магадгүй хийх ажил, мэргэжлээ сонгоогүй авьяаслаг залуучууд маань энэ мэргэжлийг сонгоорой. Энэ албыг сонгосноор олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах чадвартай болж цаашид төрийн албанд, их, дээд сургуульд суралцах боломж бүрддэг. Мөнгөн хуримтлалтай болно гэдгийг ч мартаж болохгүй. Харин албаа хааж, хилээ хамгаалж буй хилчин залуустаа хандаж хэлэхэд албандаа санал санаачилгатай хандаж, ахлах даргын үүргийг тухай бүрт нь биелүүлж, шинийг санаачилж ажиллаарай. Хааж байгаа албаа аз жаргалтай орчин болгоорой гэж хэлмээр байна.