КОНСТАНТИН СИМОНОВ
Миний өгүүлэхийг зорьж буй хэрэг явдал 1944 оны аравдугаар сарын арван есөнд болж өнгөрсөн юм. Энэ үед Белград хотыг германчуудын гараас аль хэдийнээ авчихсан, Сава голын дээрх гүүр, түүний эргийн өмнөх алга дарам жаахан газрыг авах л үлдээд байв. Үүрээр таван улаан цэрэг гүүрэнд мэдэгдэлгүй сэмхэн хүрэхээр шийджээ. Тэдний замд Германы болон манай шатаж байгаа нэлээд хэдэн танк, хуягт тээвэрлэгч, хүн бус хэрцгий хар хүчний гараар эвдэж хугалаад хаясан юм уу гэмээр их бие нь цуу татагдаж салбарч задран ёрдойсон нэг ч бүтэн мод үлдээгүй хагас дугуй хэлбэртэй жижигхэн цэцэрлэгт талбай байв.
Цэцэрлэгт талбайн дунд улаан цэргүүдийг нөгөө эргээс хагас цагийн турш тасралтгүй нисэн ирэх минийн дэлбэрэлт зогсоов. Тэд хагас цаг үргэлжилсэн буудлагын галын доор хэвтээд жаахан намдмагц нь хүнд шархадсан хоёроо хөнгөн шархадсан хоёр нь чирэн буцаад мөлхлөө. Тав дахь цэрэг цэцэрлэгт алагдан хөдөлгөөнгүй хэвтэж үлдэв.
Би арван есний өглөө Белградын Сава голын эрэг дээр алагдсан түүнийг сумангийн дансанд Чекулев нэр овогтойгоор бичигдсэнээс өөрөөр түүний талаар юу ч мэдэхгүй байсан юм.
Улаан цэргүүдийн сэмхэн гүүрэнд хүрэх гэсэн оролдлого германчуудыг сандаргасан байх, үүнээс хойш бүхэл өдрийн турш багахан завсарлагатайгаар миномётоор түүний хэвтэж үлдсэн газрыг буудав. Маргааш үүр цайхаас өмнө гүүрэнд сэмхэн хүрэхээр дахин оролдохыг сумангийн захирагч тушаагаад Чекулевийн цогцос явчихгүйгээс хойш гүүрийг авсны дараа түүнийг оршуулъя гэв.
Германчууд нар шингэж бүрэнхий болтол өдөржин буудсаар байлаа. Цэцэрлэгт талбайн ойролцоо, холгүйхэн байшингуудаас үлдсэн чулуун барилгын үлдэгдэл цухуйн ёрдойно. Түүнийг анхны өдөр л газартай бараг тэгшилсэн болохоор тэнд хэн нэгэн амьдарч байгаа гэдэг бодол хэний ч толгойд орсонгүй. Харин тэр балгасанд, харласан тоосгонд хагас дарагдсан цоорхойтой зооринд Мария Жока эмээ амьдарч байв. Гүүрний манаач байсан талийгаач өвгөнөөсөө хойш үлдэж хоцорсон орон гэр нь урд нь хоёрдугаар давхарт байжээ. Хоёрдугаар давхар нурахад нэгдүгээр давхрын өрөөнд нүүн орж, нэгдүгээр давхар нурахад зооринд оржээ. Эмгэн арван есний өдөр хүртэл зооринд дөрөв дэх өдрөө сууж байлаа. Тэр өглөө зоорь, цэцэрлэгт талбай хоёрыг тусгаарлах төдий болсон тасарч зэрэмдэг болсон төмөр сараалжин торны завсраар таван орос цэрэг мөлхөж байгаа нь эмгэнд сайн харагдав. Тэр цэргүүдийг германчууд хэрхэн буудаж, эргэн тойронд нь олон мина дэлбэрч байгааг эмгэн харж байв. Эмээ зоориноос биеэ хагас цухуйлган, мөлхөж байгаа тэднийг зооринд ирвэл аюулгүй гэдэгт итгэн цэргүүд рүү дөнгөж хашгиртал, яг энэ үед нэг мина балгасны ойролцоо чих дүлийртэл дэлбэрч эмгэнийг доош нь цохьж унагав. Эмгэн толгойгоороо хана хүчтэй мөргөн ухаан алджээ. Эмгэн ухаан ороод дахин шагайн харвал цэцэрлэгт нөгөө Орос цэргүүдээс ганцхан хүн үлдсэн байв. Тэр цэрэг тухтай унтахаар зэхсэн юмуу гэмээр нэг гараа гэдрэг сул хаян, нөгөө гараа дэрлэн хажуулдан хэвтсэн байлаа. Эмгэн тэр цэргийг хэдэн удаа дуудан хашгирсан ч хариу өгсөнгүй. Эмээ түүнийг үхсэн гэдгийг ойлголоо.
Германчуудын хааяа, үе үе минууд хар шороон багана босгон үргэлжлэн дэлбэрч хэлтэрхий нь модны сүүлчийн үлдсэн мөчрийг хугална. Алагдсан цэрэг хөдөлгөөнгүй гараа дэрлэн, хоосон цэцэрлэгийн хэмхэрсэн төмөр, сэглэгдэн эрэмдэг болсон моддын дунд ганцаараа хэвтэнэ.
Жока эмээ амь үрэгдсэн цэргийн зүг удаан харан юм бодно. Хэрвээ эмгэний дэргэд ганц ч гэсэн амьд хүн амьтан байсан бол тэр өөрийн бодол санаагаа ярих байсан биз. Даанч хажууд нь хэн ч байсангүй. Зооринд дөрвөн өдөр түүнтэй амьдарсан муур нь сүүлчийн дэлбэрэлтийн үед тоосгоны хэлтэрхийд оногдон үрэгдсэн байв. Өөрийн цорын ганц баадантай юмаа уудлан тэндээс нэг юм аваад бэлбэсрэлийн хар алчуурынхаа дотор талд хийн зоориноос яаралгүйхэн гарлаа. Эмгэн мөлхөж гүйж чадахгүй тул зүгээр л хөгшин хүний удаан алхаагаар цэцэрлэгт талбайн зүг алхав. Явах замд нь бүтэн үлдсэн хэсэг төмөр тор таарахад эмгэнд түүнийг авирч гарахад дэндүү хөгшдөн төмөр торыг аажуухан тойрч алхан цэцэрлэг рүү орлоо. Германчууд цэцэрлэгийг үргэлжлүүлэн миномётоор буудаж байсан ч хөгшний ойр нэг ч сум унасангүй. Тэр цэцэрлэгийн дундуур өнгөрч амь үрэгдсэн орос цэргийн хэвтэж байгаа газар хүрч очив. Эмгэн хүч гарган амь үрэгдсэн Орос цэргийг дээш харуулаад залуухан цонхигор царайг хараад үсийг нь илэн хүчлэн байж хоёр гарыг нь цээжин дээр нь зөрүүлэн нугалж тавиад хажууд нь зэрэгцэн газар суув.
Германчууд үргэлж буудсаар байсан ч түрүүчийн адил сум эмгэнээс хол зайтай унана. Эмгэн амь үрэгдсэн цэргийн хажууд нэг цаг эсвэл хоёр цаг ч байж магадгуй чимээгүй суув. Мина дэлбэрэх агшныг эс тооцвол нам гүм хүйтэн жихүүн байх ажээ. Эцэст нь хөгшин босоод амь үрэгдсэн цэргээс холдон юм хайн цэцэрлэгээр нэлээн алхав. Удалгүй нэг юм олсон нь их бууны сумнаас үүсэн ёроолд нь ус тогтож байгаа нүх байж. Эмгэн нүхэн дотор өвдөглөн суугаад ёроолд нь тунасан усыг алганыхаа хонхорхойгоор утган шавхаж эхэллээ. Нэлээн удаан хэдэн ч удаа амран байж усыг шавхан дуусав. Нүх усгүй болмогц алагдсан цэрэг рүү эргэн явав. Эмгэн алагдсан цэргийн суганаас нь өргөн нөгөө нүх рүү чирлээ. Ердөө арван алхам чирэх газар байсан ч өндөр настай эмгэн чирж явахдаа гурван удаа сууж амарсны эцэст алагдсан орос цэргийг нүхний хажууд чирэн аваачаад татаж чангаан нүхэнд оруулав. Үүнийг хийж дуусгаад эмгэн өөрийгөө сунаж унатлаа ядарснаа мэдэж удаан сууж амарлаа. Германчууд буудсаар л байсан ч азаар эмгэнээс хол сум дэлбэрнэ. Жаахан амсхийж аваад эмгэн өндийн өвдөглөн суугаад амь үрэгдсэн орос цэргийг загалмайлан адислаад уруул магнай дээр нь үнслээ.
Дараа нь чимээгүйхэн нүхний ирмэгээр байгаа овоолсон сул шороог цогцосны дээрээс хийж эхлэв. Удалгүй эмгэн түүнийг нэлээн сайн булав. Гэвч эмгэнд чамлалттай санагдан жаахан амарч байгаад шороо хаман дээр нь нэмлээ. Хэсэг хугацааны дараа эмгэн гарынхаа алгаар жижигхэн довцог босгожээ. Аль хэдийн харанхуй болжээ. Немцүүд бас л буудсаар л байлаа. Ингэж хийчихээд өөрийн бэлбэсрэлийн хар алчуураа задлан хуримын өдрөөсөө хойш дөчин таван жил хадгалсан хоёр том ёслолын лаа гаргаж ирээд нэгийг нь булшны толгойн дээд талд зоогоод, халааснаасаа шүдэнз гарган лааг асаалаа. Намуухан шөнө лаа дорхноо асаж дөл нь эгц дээшээ босов. Эмгэн лааг асаагаад булшны дэргэд сөхөрч суугаад алчуурынхаа дотор хоёр гараа зөрүүлэн хөдөлгөөнгүй суусаар.
Сум холхон дэлбэрэхэд лааны дөл дальдрах төдийхөн байсан ч мина хэдэн удаа ойр тэсрэхэд лаа унтарчээ. Нэг удаа лаа уналаа. Жока эмгэн унтрах бүрт нь лааг асаана.
Үүр цайх дөхөж байв. Лаа дундаа хүртэл шатжээ. Эмгэн эргэн тойрны газрыг тэмтрэн тал шатсан гөлмөн төмрийн өөдөс олоод настай хүний тамиргүй гараар хүч гарган нугалав. Салхи дэгдэн лааг бөхөөхөөс болгоомжлон лааг нөмөрлөн нугалсан төмрөө газарт суулгав. Хөгшин ингэж хийчихээд өндийн босож ирсэн шигээ яаралгүйхэн алхаагаар цэцэрлэгийг хөндлөн гатлан бүтэн үлдсэн хэсэг төмөр сараалжин торыг тойрон зоорь луугаа явлаа.
Үүр цайхын өмнө амь үрэгдсэн цэрэг Чекулевийн алба хааж байсан суман хүчтэй миномётийн галын доогуур цэцэрлэгийг дайран өнгөрч гүүрийг эзлэн авав. Нэг хоёр цагийн дараа үүр цайж явган цэргийн хойноос манай танкууд ирлээ. Байлдаан эргийн хавьд явагдаж миномётоор цэцэрлэг тийш буудахаа больжээ.
Сумангийн захирагч өчигдөр амь үрэгдсэн Чекулевийг санаж түүний цогцсыг олоод энэ өглөө амь үрэгдсэн дайчидтай хамт ахан дүүсийн булшинд оршуулахыг тушаав. Чуклевийн цогцсыг үр дүнгүй удаан хайв. Гэнэт цогцсыг хайж байсан цэргүүдийн нэг нь цэцэрлэгийн захад зогсоод гайхсандаа дуу алдан бусдыгаа дууджээ. Түүн рүү нэлээд хэдэн цэрэг дөхөж очив. Заасан зүг рүү нь бүгд харлаа. Цэцэрлэгийн эвдэрсэн хайлсны ойролцоо жижигхэн овгор шороо босгожээ. Булшны толгойд нөмөрлөн хатгасан хагас дугуй шатсан нимгэн төмрийн доторх лааны үлдэгдэл хэдийн шатаж урсаад дуусах дөхөж байв ч бяцхан дөл нь дэрвэлзсээр унтрах болоогүй байв.
Булшинд дөхөж очигсод бүгд зэрэг шахам малгайгаа авцгаав. Цэргүүд шатаад дуусаж байгаа лааг хараад гайхсан сэтгэлдээ дийлдэн тэрхэн үед юм ярьж чадахгүй, чимээгүй булшийг тойрон зогсож байлаа.
Чухам яг энэ үед цэргүүдэд өмнө нь цэцэрлэгт харагдаагүй бэлбэсрэлийн хар хувцастай өндөр эмгэн гараад ирэв. Эмгэн чимээ аниргүй алхсаар цэргүүдийн хажуугаар өнгөрч булшны дэргэд сөхрөн суугаад булшны толгойд асаж байгаа лааны үлдэгдэлтэй адилхан лааг алчуураасаа гаргаад ирэв. Эмгэн лааны үлдэгдлийг аваад оронд нь шинэ лаа газарт зоогоод асаав. Дараа нь өндийн босох гээд чадсангүй ойрхон зогсож байсан цэргүүд бүгд түшин босгов.
Эмгэн тэрхэн үедээ юу ч хэлсэнгүй толгой нүцгэн зогсох улаан цэргүүдийг тойруулан хараад, тэдэнд мэхийн ёсолсноо хар алчуурынхаа үзүүрийг чангахан угзран засчихаад асаж байгаа лаа руугаа ч харсангүй, цэргүүд рүү ч дахиад харсангүй эргээд яваад өглөө.
Улаан цэргүүд түүнийг харцаараа үдэн чимээгүй байдлыг эвдэхгүй гэсэн юм шиг аяархан ярилцсаар Сава голын тэртээх тулаан болж буй нөгөө тал руу өөрийн сумангаа гүйцэхээр явцгаав.
Эвдэрч хэмхэрсэн төмөр, сөнөж салбарсан моддын дунд дарийн утаа үнэртсэн газар шороонд нойрсох Орос хүүгийн булшин дээр Югослав эхийн асаасан хагацал бэлбэсрэлийн лаа гэрэлтэн байв.
Тэр лааны дөл гэрэл ээжүүдийн нулимс хөвгүүдийн эр зориг шиг хэзээ ч бөхөж унтрахгүй, үүрд мөнх байх юм шиг санагдсан.
Орчуулсан
Ч.Нацагдорж
/433 дугаар хаалттай хорих анги/