ХИЛИЙН 0146 ДУГААР АНГИ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦСОН НЬ
  • 08:48
  • 165
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ 75 ЖИЛИЙН ОЙ

Дэд хурандаа Д.ПҮРЭВНЯМ

БНМАУ 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд дайн зарласан. Гол зорилго нь өөрийн орны аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, дайны аюулыг түргэн зайлуулж энхийг тогтоох, Хятадын түүний дотор Өвөрмонголын ард түмний эрх чөлөөний тэмцэлд туслах явдал байсан билээ.
Улс орон дайны байдалд шилжсэн 1945 оны наймдугаар сарын 17-ны өдөр ДЯЯ-ны сайдын 301 дүгээр тушаалаар Хязгаарын цэрэгт,
-Давшилтанд орсон Зөвлөлт-Монголын нэгтгэл ангиудын ар талд журам сахиулах, ар талыг хамгаалах,
-Дайсны тагнуул хорлон сүйтгэгчдэд Монголын оргодлуудыг эрүүлэн баривчлах,
-Чөлөөлөгдсөн нутагт үлдэж хоцорсон дайсны бүлэг хэсгүүдийг олж устгах,
-Чөлөөлөгдсөн нутгийн ард иргэдийн амгалан, тайван байдлыг хангах, тэдний дунд БНМАУ-ын төрийн бодлогыг ойлгуулах үүрэг хилийн ангиудад тавигдсан.
Энэхүү үүргүүдийг биелүүлэхийн тулд хилийн найман ангиас байлдааны үүрэг гүйцэтгүүлэх тусгай группуудыг томилсон байдаг. Энэ найман ангийн нэг нь Хилийн 0146 дугаар анги.
Тухайн үеийн ангийн захирагч, ахмад Гомбожавын Цэнд Дотоод явдлын яамны сайдын тушаалыг биелүүлэхийн тулд ангийн бэлтгэл сумангийн бие бүрэлдэхүүн дээр хилийн суман, салбаруудаас хүн хүч нэмж хөдөлгөөнт бүлэг гурвыг байгуулан Өвөрмонголын нутагт байлдааны үүрэг биелүүлсэн.
Нэг. Ангийн штабын дарга, ахлах дэслэгч Дамбын Шагдаржаваар удирдуулсан байлдааны хөдөлгөөнт бүлгийг Өвөрмонголын баруун хуучдын хошууны нутагт Бандит гэгээний хийдийн чиглэлд томилон явуулав. Бүлгийн бүрэлдэхүүнд, ахлах дэслэгч Дамдингийн Алтангэрэл, дэслэгч Цэрэнгийн Жүгдэрнамжил, дэслэгч Алтангэрэлийн Шарав, дэслэгч Авирын Сүх, төлөөлөгч Цэрэндорж болон 90 орчим түрүүч, байлдагчдаас бүрдсэн хоёрт морьт салаанаас бүрдсэн суман оролцжээ.
Тус хөдөлгөөнт бүлэг 1945 оны наймдугаар сарын 14-нд шугамын нэгдүгээр сумангийн төвөөс гарч, Жаргалант уулын баруун талаар далан дагаж улсын хил нэвтрээд Өвөрмонголын баруун Хуучид хошууны нутагт орж, Суварга сүм, Тогоон сүм, Тайрамхан сүм, Онгон сүм Бандит гэгээний хийд зэрэг газраар 1945 оны арванхоёрдугаар сар хүртэл байлдааны үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэ хөдөлгөөнт бүлгийнхэн 1930-аад онд Дарьгангаас оргон гарч Японы тагнуулын байгууллагын дуулгавартай зарц болж, удаа дараа улсын хил зөрчин тагнуул хийж байсан эх орноосоо урвагч “Шар гүртэн” хэмээгч Хайдавын Дүвжир, Бандит гэгээний хийд дэх Японы тагнуулын байгууллагын хэлмэрч Цэрэнжавын, Ганжуур сүмд шавилан сууж байсан эх орноосоо урвагч Дашнямын Базарсад нарын зэрэг олон этгээдийг олж баривчлан хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Хоёр. Ангийн улс төрийн орлогч, хошууч Түмэнгийн Нанзадын удирдсан байлдааны хөдөлгөөнт бүлгийн Өвөрмонголын зүүн Хуучид хошууны нутагт Вангийн сүмийн чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгүүлхээр томилов. Бүлгийн бүрэлдэхүүнд ахлах дэслэгч Халтарын Мадриг, ахлах дэслэгч Намжилын Лувсаншарав, дэслэгч Рэнцэндоржийн Жамбаа, дэслэгч Цэндийн Наваандорж, хүний бага эмч, дэслэгч Аюушийн Намжилаас гадна ангийн дэргэдэх тусгай ангийн дарга Ундархын Хувдай, төлөөлөгч Дагвын Банзаргч нар болон 100 шахам түрүүч, байлдагчид оролцжээ.
Т.Нанзадын хөдөлгөөнт бүлэг 1945 оны наймдугаар сарын 14-нд шугамын II сумангийн төвөөс гарч, холбоо өндрийн чиглэлээр улсын хил нэвтэрч Өвөрмонголын зүүн Хуучид хошууны нутагт орж, хоёр өдрийн дотор Датим сүм, Өгөөмөр сүм зэрэг газраар дайрч зүүн Хуучид хошууны төв их Зээрэн голын хойтхон Ван “Харчин”-гийн сүмийн хавьд төвлөрчээ.
Энэ хөдөлгөөнт бүлэг нь зүүн Хуучидын нутагт 1945 оны арванхоёрдугаар сар хүртэл байлдааны үүрэг гүйцэтгэх хугацаанд Өвөрмонголын Дэмчигдонров вангийн цэргийн болон Японы армийн томоохон төлөөлөгчдийн нэг, хошууч генерал Японы “Наран”, ”Саран” одонт Лувсансүнжидваанчигийг Долнуурын элс хүртэл мөрдөн хөөж амьдраад нь баривчилжээ. Түүнээс гадна эх орноосоо урваж оргон зайлсан, Японы тагнуулын байгууллагын гар хөл болсон, манай хилчдийн амь насыг хөнөөсөн зэрэг олон тооны гэмт итгээдүүдийг олж баривчлан хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Гурав.Ангийн тавдугаар тасгийн дарга, ахмад Надмидын Самдангийн удирдсан хөдөлгөөнт бүлгийг Өвөрмонголын баруун Үзэмчин хошууны нутагт байлдааны үүрэг гүйцэтгэхээр томилов. Бүлгийн бүрэлдэхүүнд ахлах дэслэгч Цэрэндуламын Юүндэндорж, дэслэгч Самдангийн Очир, төлөөлөгч Жалцав, Цэдэн-Иш, 80 гаруй байлдагч оролцсон байна. Н.Самдангийн хөдөлгөөнт бүлэг 1945 оны наймдугаар сарын 14-нд III сумангийн төвөөс гарч Ачитын бор нурууны чиглэлээр улсын хил нэвтэрч зүүн үзэмчин хошууны нутагт орж гурван өдрийн дотор Чойжин ламын сүм, зүүн Үзэмчин хошууны төвөөр дайрч Баруун Үзэмчин хошууны Баяр-Уулын хүрээнд хүрч төвлөрчээ.
Энэ хөдөлгөөнт бүлэг нь эх орноосоо урваж оргон зайлсан Японы тагнуулын байгууллагад ашиглагдаж тус улсын эсрэг тагнуул хийсэн, манай хилчдийн амь насыг бүрлэгсэн этгээдүүдийг түүвэрлэн баривчилж хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.