ХИЛЧДИЙН ӨРГӨӨ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО
  • 09:49
  • 1406
Хилийн 0253 дугаар анги

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилт, байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хилийн 0253 дугаар ангийн штабын барилгын шав тавих ёслол тавдугаар сарын 15-ны өдөр боллоо. 

Тус барилга баригдсанаар ХХЕГ, ХЦДБЧ-ын бүрэлдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газар, бялдаржуулах танхимаар үйлчлүүлэх боломжтой болох юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Хилийн 0119 дүгээр анги ажиллах бөгөөд штабын барилгыг ирэх есдүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгнө. Цэргийн гавьяаны одонт Хилийн 0119 дүгээр ангийн хувьд дотоодын цэрэг, цагдаагийн албаны байр, хилийн 20 анги, 80 гаруй салбарын байр сууцыг барьсан туршлагатай хамт олон. 

Хаврын адаг сарын билэгт сайн өдөр Хилийн 0253 дугаар ангийн штабын байрны шав тавих ёслолын ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хилийн 0253 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Ловуу-Игнэн, Хилийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Алтангэрэл болон Хилийн 0253 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.