АХМАД У.БАТ-ОРШИХ: БИДНИЙ БАРИМТАЛДАГ ГОЛ ЗАРЧИМ АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙХ ЯВДАЛ
  • 10:01
  • 560
Хилийн 0286 дугаар ангийн 0293 дугаар салбарын захирагч, ахмад У.Бат-Оршихтой алба үйл ажиллагааны хүрээнд ийн ярилцлаа.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Өнгөрсөн онд ангийн тэргүүний салбараар шалгарахдаа онцлох ямар ажил үйлсийг хийж хэрэгжүүлэв?

-Юуны өмнө өөрийгөө танилцуулах нь зүйтэй байх. Миний бие Булган аймгийн Сайхан сумын харьяат. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 2010 онд ХЦДС-ийг төгсөн тус ангид томилогдсон. Тус хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нэг удаа оролцсон. Үлдсэн хугацаанд ангийн төвд болон бусад хилийн салбаруудад ажилласан. Тус салбарын захирагчаар нэг жил гаруйн хугацаатай ажиллаж байна. Манай салбар өнгөрсөн жилийн удирдамжийн болон удаа дараагийн шалгалтуудад амжилттай дүгнэгдсэн. Энэ нь алба, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэсэн үнэлгээ гэж харж байгаа. Манай хамт олон тухайн онд төлөвлөгдсөн ажлаа сайн хийж гүйцэтгэе гэж зүтгэсэн. Хамтдаа ч хийсэн. Бидний баримталсан гол зүйл ажлаа сайн, чин сэтгэлээсээ хийх явдал. Түүнээс тэргүүний болно гэж зүтгээгүй. Мөн үндсэн хил хамгаалалтын чиглэлд албаны бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулсан. Хилчдийн нийгмийн асуудлын хүрээнд гурван айлын орон сууц барьсан. Мөн гүний худагтай болсон, зочид буудлаа өргөтгөн амрах өрөөтэй болгосон зэрэг бодит цаг үеийн ажлуудыг хийж хэрэгжүүлснээр тэргүүний салбар болсон болов уу.

-Та хил хамгаалалтын анхан шатны нэгжид зургаан жил ажилласан гэхээр харьцангуй туршлагажиж яваа юм байна? 

-Хилийн салбар намайг өөрөө сургаж байгаа гэж хэлж болно. Та ч мэдэж байгаа. Хилийн салбарт алба, амьдрал хоёр зэрэгцэж явдгаараа онцлогтой шүү дээ. 

-Тэгвэл та энэ хариуцлагатай ажлыг хийхдээ өөртөө юу гэж хэлдэг вэ? 

-Надад алдах эрх байхгүй. Алдааг бага гэж бодож болохгүй гэж боддог. Хилийн салбараас хилчний амьдрал эхэлдэг учраас суралцаж л явна. 

-Хилийн салбарын хөгжлийн талаарх таны бодол?

-Анх хилийн салбарт ирсэн үетэйгээ харьцуулахад үнэхээр хөгжсөн. Хилийн салбар компьютергүй, бид шугамдаж бичиг цаасны ажлаа явуулдаг үе саяхан л байлаа. Гэтэл одоо энэ бүхэн эртний явдал мэт санагдаж байна. Хил хамгаалах байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болсоор. Байгууллага урагш хөгжиж байгаа учраас өмнөх цаг үетэй харьцуулашгүй болсон. Эерэг олон өөрчлөлт болоод хөгжлийн алхмуудыг энд дурдаж болно. Манай хилийн салбар хүүхэд харах үйлчилгээтэй болсон. Цаашид цэцэрлэгтэй болох нь дамжиггүй. Сургуулийн өмнөх боловсролын асуудал аль ч хилийн салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн өмнө тулгамдсан томоохон асуудлын нэг байсаар ирсэн шүү дээ. 

-Зорилтыг хэрхэн хүлээн авч, ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг дээд шатанд алсын хараатайгаар боловсруулан, дэвшүүлдэг. Харин бид хэрэгжүүлдэг. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг чиглэл бидэнд өгөгддөг. Тиймээс ч дээрх үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм. Энэ онд төлөвлөсөн ажлынхаа 45 орчим хувийг хэрэгжүүлээд байгаа. Нэг айлын орон сууц барих ажил 65 хувьтай явагдаж байна. Манай салбар байгалийн онцлогоос үүдэж ус гэсэх, шавар намгаас урьтаж түлшний модоо бэлтгэх, ногоо тариалах зэргээр ирэх өвлийн бэлтгэл ажлуудаа хангадаг. Мөн албаны байр объектуудыг албаны шинэ зааврын дагуу засаж янзлах ажил бий.  

-Танай салбарын хамт олныг цөөн үгээр илэрхийлбэл?

-Манай хамт олон залуу бүрэлдэхүүнээс бүрдсэн. Тэр утгаараа маш эрч хүчтэй. Аливаад маш зоригтой хөдөлж чаддаг. Би зөв төлөвлөж, чиглүүлж чадах юм бол манай хамт олонд чадахгүй зүйл байхгүй. Эрч хүчтэй сайхан хамт олон. Бид цэргийн хүмүүс. Тушаалаар томилогддог. Би тэрэнтэй, энэнтэй ажиллая гэж хэн нэгнийгээ сонгодоггүй. Тиймээс ч энэ сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байдаг. 

-Таны хэлсэнчлэн та хамт олноо зөв чиглүүлэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Үнэхээр би хөгжихгүй бол хоцорч үлдчих гээд байна. Хил хамгаалах байгууллага ч бидэнд тийм шаардлагыг тавьж байгаа. Бүхий л тушаал, заавар, дүрэм, журамд нийцэхийн тулд би өөрөө хичээх ёстой. Мэддэг байх хэрэгтэй. Миний хувьд хүн удирдаж байгаа хүн нэн тэргүүнд шударга байх ёстой. Түрүүлж албаа харж чаддаг байх ёстой гэж боддог. Сонсогч байхад багш нар чиний алба сайн явж байж амьдрал сайхан байна гэж бидэнд заасан. 

-Хилийн салбарыг бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Танай бүсгүйчүүд ой тайгын бүсийнхээ үр өгөөжийг өөрийн давуу талаа болгон хэрхэн ашиглаж байна вэ? 

-Хилчдийн амьдралыг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд бол хилчдийн итгэл нь юм. Эрчүүдийн ард тэдний итгэл байгаа учраас бид ажлаа хариуцлагатай хийж чаддаг. Өвлийн идэр хүйтэнд нялх жаахан хүүхэдтэй тэднийгээ орхиод хэдэн өдрөөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэхдээ бид сэтгэл амар байж чаддаг. Манай хүн надад итгэж байгаа, би түүндээ итгэж байгаа. Би гэхгүй бидний амьдрал энэ онцгой мэргэжлийг ойлгох энэ итгэл дээр тогтдог юм болов уу. Байгалийн дагалдах баялгийг манай салбарын хилчин бүсгүйчүүд ашигласаар ирсэн туршлагатай. Ер нь ажиллах, амьдрах орчны өнгө үзэмжийг бүрдүүлэхэд бүсгүйчүүдийн хувь нэмэр их юм. Бидэнд боломж байхад түүнийгээ ашиглах ч ёстой гэж боддог. 

-Хилийн салбарт алба, амьдрал зэрэгцэж явдаг гэж та хэлсэн шүү дээ? 

-Бусад байгууллагад ажил тарсан л бол тэр ажлын бус цаг. Хэн юугаа ч хийж болно. Хэн нэгэнд хамааралтай бус. Харин хилийн салбарт байдал өөр. Санаа зовох, анхаарал хандуулах, харилцан бие биенээсээ хамааралтай зүйл олон бий. 

-Танай хариуцсан хэсгийн хил хамгаалалтыг харьцангуй тайван гэж ойлгодог. Гэхдээ энэ ойлголт, энэ дүгнэлтээ танай ангид томилолтоор ажиллахдаа буруу гэдгийг ойлголоо?

-Би хувьдаа санал нийлдэггүй. Учир нь “Тэшиг тайван газар” гэдэг яриа сүүлдээ хүн бүрт назгайрах, тайвшрах сэдлийг бий болгох сөрөг талтай. Одоогоос хэдэн жилийн өмнө манай харуулын дарга хилийн манаанд үүрэг гүйцэтгэж яваад хил зөрчигчтэй таарсан юм билээ. Тэр үед уг хил зөрчигч буугаа мориныхоо цаагуур нуусан байсан бөгөөд хилчнийг шархдуулсан явдал гарсан. Энэ мэт жишээ Хилийн 0286 дугаар ангийн хил хамгаалалтын түүхэнд олон бий. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчид ямар нөхцөлд, хэрхэн үүрэг гүйцэтгэж байгааг бид ямагт санаж байх хэрэгтэй. Ар гэрт нь ч би байнга хүндэтгэлтэй хандахыг сануулж хэлдэг. Ой тайгын хилчдэд байгалийн нөхцөл нь өөрөө шалгуур болдог. Модны зайвараар явж байхад морь хальтрах наад захын эрсдэл байна. Ер нь эрсдэл алхам тутамд бий. Тохиолдож болох эрсдэлийг гаргахгүй, гаргуулахгүй байсаар ирсэн ахмад хилчдэд бид талархдаг. Үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа бид мөн ингэж л хичээх ёстой гэж боддог. Ой тайгын хилчдийн хил хамгаалалтыг Увс, Завханы хилтэй, говь цөлийн бүсийн хил хамгаалалттай харьцуулж боломгүй. Бүс бүрийн хил хамгаалалт өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Булган аймгийн Тэшиг сумын газар нутгийн 85 хувийг ой тайга эзэлдэг. Хилийн дагуу бартаа саад нь бүр ч илүү. Газар орноо мэддэг хилчин гэдэг бүхий л үед давуу хүчин зүйл болдог. Намар орой нам дор газар бороо орж байхад ууландаа цас орж байх жишээтэй. Хүйтэн салхи салхилна, норно, осгоно. Хуурайшилттай өндөр ургасан өвсөн дунд явахдаа гаргасан жижигхэн болгоомжгүй үйлдэл өндөр эрсдэлийг бий болгох аюултай. Энэ бүхний жин банг тааруулсаар ирсэн үеийн үеийн хилчид үнэхээр мундаг хүмүүс. Нэг хэсэг бүс хооронд хилчдийг туршлага солилцуулсан нь надад их үр өгөөжтэй санагдсан.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (1)
bayrsaihan [66.181.161.87] 18:32
amjilt hvsie and
Хариулах