ХИЛ ДАГАСАН ИЖИЛ ЗАЯА
  • 10:04
  • 549
Хилийн 0286 дугаар анги

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Хилийн салбарын ажилчдын цомхон хэдэн байр. Салбарын хашаанаас гараад хамгийн наад талын модон байшингийн хаалгыг татан оров. Хилийн цэргийн ачааг үүрэлцэж яваа хүмүүсийн нэг бол яах аргагүй хилчин ахлагч нар маань. Томилолтын явцад хилийн салбарт ажиллаж, амьдарч байгаа ахлагч нарынхаа ар гэртэй танилцах зорилго өвөрлөсөн нь энэ юм. Гэрийн эзэгтэй хүүхдээ хувцаслан суув. Гэнэтийн зочин надаас санаа зовниж буй нь илт. Харин миний хувьд энгийн байгаагаараа энэ л дүр төрхийг сурвалжлахыг хүссэн билээ. Бага хүү танихгүй хүнээс гэрэвших нь бүү хэл шулганан өмнөөс инээн элдвийг ярих нь өхөөрдөм. Гэрийн эзэгтэй гэрийн хойморт суухыг уриад тавгийн идээ дөхүүлэн тавилаа. Харин энэ зуурт сурвалжлагч ирсэн сургаар гадна тоглож байсан том хүү, ажилтай байсан гэрийн эзэн цугтаа орж ирэв. “Миний хүү гар нүүрээ угаа, цэвэр хувцсаа өмс” гэлцэнэ. Би нөгөө кинон дээр гардаг шиг шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгийг солиорой гэдэг шиг юм болох нь ээ гэж тэднийг цаашлуулав.  

Ингэхэд миний бие Хилийн 0286 дугаар ангийн 0293 дугаар салбарын жагсаалын дарга, ахлах ахлагч Б.Батпүрэвийнд уншигч таныг зочлуулж байна. Б.Батпүрэвийнх ам бүл дөрөв. Гэргий Г.Насанжаргалын хувьд мөн л хилчин. Туслах холбоочин, ахлах ахлагч цолтой. Бага хүү Сүлдийг төрүүлээд нэг жил гаруй болж байгаа бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэнэ. Том хүү Б.Амин-Эрдэнэ таван настай. Б.Батпүрэв, Г.Насанжаргал хоёр гэр бүл болоод долоон жил болж байгаа аж. Гэрийн эзэн Булганых харин гэрийн эзэгтэй Хөвсгөлийн уугуул юм байна. Гэрийн эзэн Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албыг хааж үргэлжлүүлэн 2011-2013 онд гэрээт хилчний албыг тус ангид хааснаар хилчин болжээ. Ажлын гараа ингэж эхэлж. Хилчин болох замд түүний аав хөтөлсөн бөгөөд өнөө тэнгэрийн оронд заларсан аавдаа тэрбээр ихэд талархаж явдаг гэнэ. Амьдралын гараа ингэж л эхэлж улмаар учрах амьдралын замд гэргийтэйгээ танилцсанаар бүр чиг жолоо холбон ижилссэн байна. Гэрийн хоймрыг дүүргэн хүрэн шүүгээ, зүүн урд хэсэгт гал тогооны хэсэг байрлажээ. Монгол айл бүрт байх бурхан шүтээн, гэрэл зураг, ном сэтгүүл харагдана. Жижигхэн авдар түүн дээр дөрвөн хүүхдийн баримлыг өрсөн нь дурсгалтай эд гэнэ. Тус жижиг авдрыг таван жилийн урамшуулал авахдаа билэгшээн авсан гэнэ. Хүүгээ тэвэрсэн ээжийн хөргийг гэрийн эзэгтэй оёсноо сонирхуулав. Ийнхүү тэдний гэр бүлтэй танилцах зуурт эгэлхэн энгийн, хээгүй гүндүүгүй хилчдийн зангаар гэрийн эзэн төлөв даруу, бодолхийлэн хариулах нь түүний буйртай занг илтгэх аж. Гэрийн хойморт нэлээдгүй олон медалийг өлгөсөн нь анхаарал татав. Гэрийн эзэн харин дээрх медалийн талаар асуунгуут нүд нь харин сэргээд ирэв. “Манай гэр бүлийн хүн бид хоёрын медалиуд. Анги байгууллагаа сурталчилах марш тактик, морин бэлтгэлийн тэмцээн уралдаанд удаа дараа оролцсон. Ахлагч болоход энэхүү тэмцээн уралдаанд амжилттай оролцсон нь нөлөөлсөн. Би 2011-2018 оныг хүртэл тасралтгүй маршид оролцсон юм байна шүү” гэв.   

“Танай гэртэй танилцья, үзүүлж харуулах сонирхолтой юу байна” гэвэл гэрийн эзэгтэй альбом авчирч өмнө тавив. Хилийн 0286 дугаар ангийн 20 жилийн ойн “Булган хангайн хилчид” гэрэл зургийн альбомд ахлах ахлагч Б.Батпүрэвийн хэд хэдэн зураг багтсан нь моринд эрэмгий нэгэн болохыг нь илтгэн хадгалагджээ. Гэрийн эзэгтэй Г.Насанжаргал дуу хууртай бүсгүй юм. 2014 онд Хил хамгаалах байгууллагын марш тактикийн аварга тасгаар Тэшигийн бүсгүйчүүд шалгарахад тэрбээр оролцож байжээ. Тиймээс тус алтан медалийг ихэд хүндэтгэдэг гэнэ. Тэрбээр мөн спортын III зэрэгтэй. 17 настайгаасаа хилчдийн эгнээнд хөл тавихдаа багаасаа хүсэж мөрөөдөн байж өндөр босгыг нь давсандаа өнөө ч талархаж явдаг гэсэн. 

Гэрийн хойморт гөрөөсний эврээр гадна хуйг нь хийсэн гэх эртний япон сэлмийг өлгөжээ. Хадам аав нь хүргэн хүүдээ дурсгасан нандин эд энэ аж. Мөн Б.Батпүрэв өөрийн гараар элдэж хийсэн суран бугуйл, ногт, хазаар зэргийг өлгөсөн байлаа. Том хүүгээ төрөхөд зургаан алд бугуйлыг зориулан хийснээ үзүүлэв. Хөвгүүддээ сайхан эмээл төхөөрөхөөр зэхэх бодол бий гэлээ. “Хоёр хүүтэй болчихоор өөрийн эрхгүй алс хэтээ боддог юм байна” гэж яриагаа баталгаажуулав.  

Энэ зуурт гадна гарч тоглох гэж Б.Амин-Эрдэнэ хүү яарна. Хүү хувцсаа сольж давхарлан өмсөх нь нүдэнд тусав. Саяхан л эсгий малгай өмсөн зургаа авхуулж байсан хүү эрээн саравчтай малгай өмссөн харагдав. Өмссөн цамц нь ч десант. Хүү цэргийн болно гэж ярьдаг бөгөөд аав ээжийнхээ том хувцсыг хасаад өг гэж байнга шалгаадаг. Хувцас нь заавал цолтой байх ёстой гэсэн хатуу шаардлагатай гэж байгаа. Харин хүүгийнхээ таалалд нийцүүлэн аав нь хувцас хасаж өгөх нь энүүхэнд эзэмшсэн эрдэм гэнэ. Энэ зуурт бага хүүгээ сатааруулах Г.Насанжаргал, “Ханьтайгаа мөр зэрэгцэн ажиллах сайхан шүү. Хоёр биенийхээ ажлыг ойлгоно. Нөхрийнхөө ажлыг дэргэдээс нь хардаг учраас сайн ойлгодог. Тиймээс ч аль болох туслахыг боддог. Манай хүн харахад их дуу цөөтэй. Гэхдээ гэр бүлдээ халамжтай, чадахгүй зүйлгүй мундаг. Ажлын зах зухыг ааваасаа сурсан юм билээ” гэж ханиа магтав. 

Гэрийн эзэн ч, “Би юм бүрийг чадахын төлөө хичээнгүйлдэг” гэж даруухан хэллээ. Гэрийнхээ хувцасны шүүгээ, хоолны ширээ зэргийг тэрбээр хийжээ. Айл болохдоо хоёр талын дэмжлэг туслалцаагүйгээр бор зүрхээрээ босгосон амьдрал нь одоо подхийтлээ тохижсон байна. Бидний яриа ахуйгаас салан цааш салбарынхаа тухай ярилцав. “Хилчин мэргэжил эх орноо хайрлах чин сэтгэлтэй хүнийг бий болгодог. Би мэргэжилдээ хайртай. Хил хамгаалах байгууллага жил ирэх тусам хөгжиж байна. Хил дээр ажиллаж байгаа хилчдийн ахуй хангалт ч жилээс жилд сайжирч байгаа. Хүнсний төрөл ч нэмэгдлээ. Хилчдийн ар гэрийг дэмжиж байгаа нь амьдрал дээр илт мэдрэгдэх болсон. Анх хилийн салбарт аав ээжтэйгээ холбогдож чаддаггүй байлаа шүү дээ. Одоо гэрээсээ тэдэнтэйгээ хүссэн үедээ холбоо барьж байна. Усаа зөөвөрлөдөг байсан бол худагтай болсон. Хил хамгаалах байгууллага хөгжихийн хэрээр харин хилчид бидний сахилга хариуцлага нэмэгдэх ёстой гэж боддог” гэлээ. Гэрийн эзэн эрхэлж буй ажилдаа хариуцлагатай, эзэн нь байхыг ямагт хичээдэг гэсэн. Тиймээс ч энэ хичээл зүтгэл, хөлс хүчээ үнэлүүлэн маршийн олон удаагийн медаль хүртэхийн зэрэгцээ 2016 онд хилийн зөрчил илрүүлэн “Амжилт гаргасны төлөө” тэмдгээр шагнуулснаараа бахархаж явдгаа ярив. 

“Манай хүн өөрөө юмхнаар юм хийчихдэг болохоор бусдын хийсэн зүйл төдийлөн сэтгэлд нь таалагддаггүй бололтой юм билээ. Гардан хийж байж санаанд нь хүрдэг” гэж ханиа гэрийн эзэгтэй тодорхойллоо. Энэ яриаг сонсож суусан гэрийн эзэн, “Албаны, амины аль ч ажлыг би чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Угаасаа чин сэтгэлээсээ хийсэн ажлын үр дүн нь ч өөр байдаг. Гэхдээ би мундагтаа бус надад суралцсаар ирсэн олон хүн бий. Тухайлбал, салбарын захирагч байна. Үлгэр дууриалал авах хүнтэй байна гэдэг сайхан юм билээ” гэв.  

“Би юмхнаар юм хийж чадна. Чадахгүй байсан ч чадахын төлөө хичээхийг эрмэлздэг. Хүний хийж байгаа зүйлийг нэг хараад авахад арга нь олддог. Аав минь мужаан хүн байсан. Өвөө минь ч гарын ур дүйтэй хүн байсан юм билээ. Тэднийхээ өвлүүлэн үлдээсэн бүхий л багажийг нь ашиглан аливааг болохгүйгээс болох хүртэл нь хийх гэж оролдож л явна” гэх нь ясны махруу занг илтгэнэ.  Түрүүнээс хойш дуу сулхан, бодлоо дотогшоо даран байсан гэрийн эзэн дуу орж эхэлжээ. “Хилийн салбарт ажил ихтэй. Ядраад ороод ирэхэд халуун хоол цайтай, үр хүүхэд минь өмнөөс угтах шиг сайхан зүйл юу байхав. Манай хүн урмын үгээр дэмжихэд нь сэргэдэг” гэхэд хүүгээ сатааруулж суусан гэрийн эзэгтэй, “Үргэлж тэгж магтахгүй ээ. Залуу гэр бүл учраас заримдаа үл ойлголцол бидний дунд гарна. Би чинь заримдаа эмэгтэй хүн учраас оволзох үе бий. Нэг удаа муудалцтал манай хүн ОО-д очоод ганцаараа ярьж байгаад ирээч гэхээр нь би тайвширчихсан” гээд инээлдэв. Ингэж залуу хосууд хоёр биендээ уусаж, аливаад бие биесээ түших багана нь байсаар иржээ. Залуу гэр бүлийн хувьд цаашдын зорилгыг нь хуваалцлаа. “Цаг хугацаа их хурдан юм. Саяхан л энэ сайхан байгууллагад орж байсан бол удахгүй тэтгэвэрт гарах цаг ирнэ. Тиймээс ирээдүйн төлөвлөлтөө манай гэр бүл хийж байгаа. Өөртөө зорилго тавин тэтгэвэрт гараад юу хийх, хаана, хэрхэн амьдрахаа төлөвлөсөн” гэлээ. Бид санхүүгийн байдал, хуримтлал хэрхэн үүсгэж байгаа, гэр бүл төлөвлөлт гээд тэр бүр уншигч түмэнд төдийлөн дэлгээд байхааргүй нарийн сэдвээр цааш ярилцлаа. Хоёр хүүдээ өвлүүлэн үлдээх эцэг хүний холч бодлоос ч хуваалцсан юм. 

Айл гэр бүрт өнгө гэж бий. Залуу гэр бүлийн хувьд хилийн салбарт ч гэлээ аль болох ая тухтай амьдрахыг хүсдэг гэсэн. “Манайд ирсэн хэнд ч гэр дүүрэн тухтай байхыг хүсдэг. Нөхөртөө халуун хоол цайтай угтах нь миний үүрэг. Ханийнхаа дуртай хоолыг гэрт байх хугацаандаа аль болох хийж өгөхийг хүсэж байгаа. Манай хүн буузанд их дуртай. Манай гэрийнхэн ихэвчлэн хоёрдугаар хоол хийж иддэг” гэсээр сүүлдээ бидний яриа налайж эхлэв. Албаараа бахархах үзэл дүүрэн тус гэр бүлийг найз нөхөд, гэр бүлийнхэн нь ихэр заяатай хоёр гэлцдэг гэнэ. Учир нь мань хоёр бие хаа, өндөр намаараа ч ойролцоо тул энгийн хүмүүст цэргийн хувцсаараа ижилдсэн тэд ихэр адил харагддаг аж. Ийнхүү гэнэтийн цочин болсон би тэднийд багагүй хугацаанд саатсан тул сурвалжлагаа өндөрлүүлэв. Намайг үдэх зууртаа гэрийн эзэн, ахлах ахлагч Б.Батпүрэв ажлынхаа завсраар шовгор барьж байгаагаа надад үзүүлж сонирхуулав. Шовгор гэдэг нь энэ зүгийнхнээр дулааны улиралд зуны байр, өвөлдөө амбаар болгон ашиглах жижиг байшин. Хэмжээний хувьд 4х4 юм байна. “Зав байгаад цахилгаан хөрөө бензинтэй байхад ядах зүйлгүй” гэлээ. Цаашид тэрбээр сийлбэр хийж сурах сонирхолтой байгаа гэсэн. Ингээд чин шударга хөдөлмөрөөр амьдралаа босгон хилийн салбарт сайхан амьдарч яваа залуу гэр бүлийн төлөөлөлтэй танилцав. Болох бүтэх бүхий л талаас нь дэмжсээр ирсэн бүхий л шатны үе үеийн удирдлага, хамт олондоо баярлалаа гэж дайсныг мөн дашрамд уламжилья.

“Амьдралд нэгэн сайхан дурсамжийг бүтээлцэж, манай гэр бүлтэй танилцсан та бүхэнд баярлалаа” гээд үдэх гэрийн эзэгтэйн үг тун чиг сайхан сэтгэл “цатгав”. Элдэв хээ шаагүй залуу хилчин гэр бүлийн амьдралын хуудас бүхэн аз жаргалаар бичигдэх болтугай. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (7)
Мөнхсувд [66.181.161.18] 22:13
Найз нартаа ажлын амжилт амьдралд нь аз жаргал хүсье
Хариулах
Badrahbayn [66.181.161.101] 00:01
Ah egch hoyrtoo amjilt husei
Хариулах
Оюунсүрэн [202.126.89.198] 21:26
Үр хүүхдүүдээ ажлын амжилт хүсье миний хүүхдүүд мундаг хөдөлмөрч хүүхдүүд шүү
Хариулах
Батбайгаль [202.21.107.101] 21:18
Ажил амьдралд нь амжилт бүтээл,аз хийморь ерөөе.
Хариулах
Отгонбаяр [202.126.89.136] 20:38
Хайртай дүү нарийн минь нэг сайн гэрийн эзэгтэй болжээ миний дүү гэр бүлд эрүүл энх сайн сайхан бүгдийг eрөөe
Хариулах
Б.Оюунбат [66.181.188.118] 19:05
Хайртай дүүгийнхээ гэр бүлд аз жаргал хүсэе.
Хариулах
BATMYAGMARMAA [66.181.161.113] 16:23
Minii hvvhdvvd ajildaa durtai nutag usandaa hairtai mundag uhaantai hvvhdvvd shvv
Хариулах