Ахлах дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ
-Сайхан зусаж байна уу та? Өөрийгөө танилцуулаач?
-Ахыг нь Памжавын Батсүх гэдэг. Хилийн цэрэгт 1990 онд орсон. Ахлах ахлагч цолтой тэтгэвэртээ гараад 12 жил болж байна даа.
-Анх таныг тус ангид орох үеийн нөхцөл байдал ямар байв?
-Миний бие 1992 онд анх анги байгуулагдахад ажиллаж эхэлсэн хүн. Тухайн үед албан тушаал болгонд нэг хүн ажилладаг байлаа. Зарим нь хоёр албан тушаал давхар хашна. Анх ойр ойрхон байрласан хэдэн гэр л байсан. Удалгүй хилийн салбарууд байгуулагдсан юм. Ер нь хэцүү үе байсан. Цагийн байдал ч өрнөлт ихтэй. Жилдээ арав гаруй хил зөрчигч барьдаг байсан санагдаж байна. Энэ хугацаанд ангийн үйл ажиллагаа өргөжин тун сайхан болжээ. Боловсон хүчин болоод техник хэрэгсэл сайжирсан байна билээ.
-Та ажиллах хугацаандаа ямар албан тушаал хашсан юм бэ?
-Холбоонд ажилласан. Албандаа ганцаараа 08.00-22.00 цаг хүртэл ажилладаг байлаа. Сэлэнгийн Хилийн 0243 дугаар ангид долоон жил ажилласан. Харуулын даргаар ажиллаж байхад салбар хоорондын зааг торны доогуур газрын хэвлийгээрээ хөндий учраас шөнийн цагаар хилийн зөрчил гарчих гээд байдаг байсан. Буцаад Тэшигтээ эргэн ирж холбооны техникч болсон. Холбооны дарга, хошууч Алагаа бид хоёр л байсан юм. Намайг ажиллаж байхад ангийн дарга С.Жалбуу хурандаа байлаа. Дараа нь хурандаа Ж.Чойнямбуу болсон. Ер нь ажиллах хугацаандаа гурав дөрвөн ангийн даргын “нүүр үзсэн” юм байна.
-Таны эрхэлж байсан ажил их хариуцлагатай, нарийн шүү дээ?
-Тийм. Ажлаа гайгүй сайн гүйцэтгэсэн болов уу гэж боддог. 1995 онд шиг санагдана радистийн улсын тэмцээнд оролцож түрүүлж байсан удаатай. Гэхдээ нэг л удаа оролцсон. Одоо байдал сайхан болж, мэдээ тэр дороо хүрэх эзэндээ хүрч байна. Тухайн үед бид мэдээгээ авах, дамжуулах гэж их ажил болдогсон. Морзоор дамжуулна. Тухайн хүний сонсгол их сайн байх ёстой. Хойд, урд хил гэх дарааллаар мэдээгээ дамжуулдаг байсан. Манай ангид бензин шатахуун хомс. Гүүр ашиглалтад ороогүй байсан юм. Тиймээс ч бензин муутай гэж дугаар дайраад мэдээгээ өгдөг байж билээ. Тэр үед Сэнгээ гэж хурандаа хэлтсийн дарга байсан. Учир байдлаа тайлбарлаж хэлээд ойлгуулж билээ.
-Таны ажиллаж байсан үеийг одоотой харьцуулахад?
-Харьцуулашгүй. Одоо ч таних хүнгүй болжээ. Ах нь энэ нутгийн уугуул хүн. Дөрвөн хүүхэдтэй. Том охин, бага хүү хоёр маань Хилийн 0306 дугаар ангид ажиллаж байгаа. Охиндоо өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэн холбоочин болгосон. Нэг хүү Өмнөговь аймагт Энержи ресурс компанид ажилладаг. Нэг охин нутагтаа багшилж байна. Манай гэр бүлийн хүнийг Доржсүрэнгийн Наранчимэг гэдэг. Тус ангид тоо бүртгэгчээр ажилладаг. Удахгүй тэтгэвэртээ гарна.
-Та яг одоо сэтгэлд бууж байгаа үйл явдал, дурсамжаасаа хуваалцаач?
-Манай арын дарга Өлзий-Очир гэж байлаа. Бид нэг удаа хилд явсан юм. Тэгсэн хил зөрчигчтэй таарч бидэнд буу тулгасан. Уг нь бид гурав буутай л даа. Тэр үед зэвсэг хэрэглэх тухай хууль гараагүй байсан юм. Хил зөрчигч калибр буутай учир бидний нэгийг л буудаж таарна, бид бүсэлчихсэн байгаа гэх зэргээр дотроо тооцолсон. Тэгээд эхлээд эвээр ярилцлаа. “За бид явъя, чи ч бас яв” гэж явуулаад хажуугаар өнгөрсний дараа араас нь хөөсөн. Хил зөрчигчтэй улаан халз таарах их эвгүй юм билээ. Сэлэнгэд ажиллаж байхдаа Завханы Тэс рүү операциар явсан юм. Цэргийн гол дээр сар үүрэг гүйцэтгэхдээ дотоодоос хоёр хил зөрчигч илрүүлсэн. Энэ мэт дурсамжууд бий.
-Залуу үеийн хилчдэдээ хандаж та юу гэж хэлэх вэ?
-Цагийн байдал сайхан болжээ. Залуус олон ажиллаж байна. Анх хилийн салбар одоогийн ангийн хэмжээний газар нутгийг хариуцан хамгаалдаг байлаа. Хоёр хуваагдаад гарахад долоо хоногт амждаггүй байсан.Бид хилийн дагуу удаан явсны эцэст морио амраахын тулд л амардаг байлаа. Одоо харуулын сайхан байртай болж. Хэдхэн цагийн дотор хилээ эргэчихэж байна. Хилчдийн үнэнч анд нөхөр нь уналга. Тиймээс мориныхоо идэшийг сайн тааруулж байгаарай гэж хэлмээр байна.
-Та хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна. Ер нь хилчдийнхээ сониноор дамжуулан дайх санал танд бий юу?
-Би 400 мянга гаруй төгрөгний тэтгэвэр авдаг. Уг нь бие дажгүй бол хойд ууланд моби, жи-мобайл хоёрын антеннийг хардаг. Одоо тэтгэвэр өндөр тогтдог болсон гэж дуулсан. Надад нэг санал байдаг юм. Дээр үед тэтгэвэрт гарсан хүмүүсийг тэгшитгэж болдоггүй юм болов уу. Ахад нь бас нэг бодол бий. Хилчин хүн Улсын Их Хуралд нэр дэвшээд суугаасай, биднийг төлөөлөөсэй гэж боддог. Энэ хүсэл биелэх байх аа.
-Та ахмадуудтайгаа уулзаж байна уу. Хамгийн сүүлд хэзээ хил рүү явсан бэ?
-Тэтгэвэртээ гараад хил рүү явсан. Дөрөв, таван жилийн өмнө Ж.Бямбасүрэн даргын үед нэг хил рүү явсан. Сумд тэтгэвэртээ гарсан ахмадууд олон. Баяраараа нэг уулзацгаана. Хааяа нэг таарах юм даа. Телевизээр цэргийн хүн гарвал хилийнх үү, армийнх уу л гэж хардаг ажилтай. Гудамжинд таарвал аль хилийнх байна гэж хамгийн түрүүнд харна. Корона гээд анги руу ойрд орж чадахгүй байгаа.
-Таны хилчин болсны бахархал юу вэ?
-Бахархалгүй яахав. Их бий. /Нулимс унагав.сур/ Хилийн цэргийн 60 жилийн ойгоор “Онц хилчин” тэмдгээр шагнуулж байсан. Тэр жил гурван удаагийн зургаан хил зөрчигч барьсан юм. Мөн бас бус шагнал бий. Хүүхдүүд минь удам залгасан хилчид боллоо. Энэ миний бахархал. Тэдэндээ туулсан амьдралаа яриад сууна гэдэг сайхан байна. Ажлаа хариуцлагатай хийгээрэй гэж их хэлдэг дээ.