Ахмад Б.Хишигжаргал
-Хил хамгаалах алба гэх их айлын нэгэн гишүүн хэрхэн болсон талаараа яриагаа эхэлье?
-Намайг Бат-Очирын Мэндбаяр гэдэг. Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн. Одоо ам бүл тавуулаа хил дээрээ аж төрөн, амьдарч байна. Би 2005 онд тус ангитайгаа амьдралаа холбож харуулын даргаар 18 дахь жилдээ ажиллаж байна.
-Хилийн торгон шугам дээр 18 жил тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд хичнээн удаагийн хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн бэ?
-Хил орчмын дэглэмийн зөрчил нэлээдгүй ирүүлсэн. Хилийн хоёр удаагийн зөрчил илрүүлэн саатуулж 2012 онд “Онц хилчин” тэмдгээр шагнуулж байлаа.
-Таны ажил, албандаа баримталдаг зарчим?
-Албыг дүрэм, журам, цагийн хуваарийн дагуу зохион байгуулж, цэргүүдтэйгээ өөрийнхөө хүүхдүүд, дүү шиг хандаж, эелдэг боловсон хүндэтгэж харилцах зарчмыг баримталдаг. Цагийн юмыг цагт нь хийлгэж, цэргийг хүн ёсоор хүндэтгэж харьцах хамгийн чухал гэж үздэг. Дэлхий нийт даяарчлагдан хувьсан өөрчлөгдөж, техник технологийн дэвшил гарч, хөгжиж байна. Харуулын дарга нар маань хуучны үзлээр өмнө нь ийм, байсан гэж хайрцаглагдалгүй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн харилцаа, хандлага, хүнтэй ажиллах арга барилаа өөрчилж, сахилгын болон харилцааны зөрчил гаргахгүй байх хэрэгтэй гэсэн үзлээр ажилдаа ханддаг.
-Хилийн салбарт ажиллаж, амьдарч байгаа хүний ард мундаг хилчин гэргий байдаг. Гэр бүлийнхээ хүнээ бидэнд танилцуулаач?
-Миний ханийг Л.Одонтуяа гэдэг. 2006 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг эмчилгээ, аргазүйч мэргэжлээр төгссөн. Дээд боловсрол эзэмшсэн ч хилийн салбарт үйлчилгээний ажилтнаар ажиллаад 11 жил болж байна. Намайг дагаж хилд амьдралаа зориулсан ханьдаа маш их хайртай. Манай гэр бүлийн хүний шударга, хүнд хэлэх гэснээ шууд хэлдэг зан чанар нь надад их таалагддаг даа.
-Танайх хил манах гурван сайхан хүүтэй айл юм. Анх ихэр хүүхэдтэй болж байгаагаа мэдээд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Ихэр хүүхэдтэй болсноо эмнэлэг рүү явж байх замдаа мэдсэн. Хилийн салбарт байгаа бид байнга төв орж эмнэлэгт үзүүлэх боломжгүй бас одоо үе шиг эмнэлгийн багаж хэрэгсэл нарийн байгаагүй байх. Амаржих болоод эмнэлэг рүү трактор олдохоор нь эхнэрээ аваад явлаа. Тухайн үед салбарын орлогчийн ээж эхнэрийг маань ихэр хүүхэд тээж байгааг мэдэж маш их зэмлэж билээ. Тэр үед баярлах, гайхах, сандрах зэрэгцэж байсан. Трактороор авч яваад янз бүрийн муу зүйл болох бий гэж их айсан. Манай салбарынхан дандаа охидтой. Хүүхдүүдээ төрөхөд салбарын даргатайгаа хамт догдлон хүлээсэн. Ихэр хүү төрснийг мэдээд дарга, ахмад Ш.Мөнх-Эрдэнэтэй хамт эмнэлгийн цонхоор шагайгаад харж байсан чинь сувилагч нь ирээд “Аль нь аав нь юм бэ?” гэхэд дарга маань их сандарч “Энэ аав нь” гэж над руу зааж билээ. Тэр үе их хөгжилтэй байсан.
-Залуу хилчид, тэдний гэр бүлд хандаж юу хэлэх вэ?
-Залуу хосууд бие биеэ сайн ойлгодог байх нь зүйтэй болов уу. Ялангуяа анх хилийн салбарт ирж байгаа эмэгтэйчүүдийн төсөөлөл, бодит байдал хоёр зөрснөөс асуудал, үл ойлголцол үүсдэг. Иймд сайн судалж сонголтоо хийж, нэгэнт ирсэн бол албандаа үнэнч, тууштай байгаасай гэж хүсэж байна. Нийт хилчдэдээ ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.