БАЙЛДАГЧ Н.СОНГУУЛЬ: МОНГОЛ УЛСЫН БААТРЫН АЧ ХҮҮ АЛБАА МУУ ХААЖ БОЛОХГҮЙ
  • 10:01
  • 726
Хилийн 0108 дугаар ангийн байлдагч Н.Сонгуультай ярилцлаа. Содон нэртэй түүний хувьд Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулингийн ач хүү юм.

Ахлах дэслэгч Н.Дашдэжид

-Таны нэр сонин бас содон санагдлаа?

-Намайг Нямжавын Сонгууль гэдэг. Би Говь-Алтай аймгийн Цогт суманд 2000 оны зургадугаар сарын 26-нд төрсөн. Тухайн жилийн зургадугаар сарын 26-нд УИХ-ын 2000 оны сонгуулийн өдөр тохиож байсан учир УИХ-д нэр дэвшсэн Улсын заан Г.Давааням гишүүн надад нэр өгсөн гэдэг.

-Таны өвөө улсын баатар гэж сургалтын төвийн төгсөлтийн баяраар ээж нь танилцуулж байсан?

-Тийм ээ. Миний өвөөг Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулин гэдэг. Цэргийн албанд анх татагдан ирээд шинэ цэргийн сургалтын төвд гарч байхад судалгаа авсан. Судалгаагаар би баатрын ач хүүгийн талаар бичсэн юм. Дарга нар Монгол Улсын баатар Д.Гуулингийн ач хүү манай ангид алба хаахаар ирсэн гэж найз нөхдөд маань хэлэхэд ямар ч байсан баатар өвөөгийн ач хүү цэргийн албыг муу хааж болохгүй гэдэг бодол надад төрсөн. Улс, эх орны үндэсний аюулгүй байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө цаг наргүй зүтгэн хилчин хэмээх алдраар овоглосон минь надад өөрөөрөө бахархаж, омогших сэтгэлийг төрүүлсэн төдийгүй асар их хариуцлагыг мэдрүүлсэн. Өвөөгийнхөө байгуулсан гавьяаг би өндөрт өргөж, хилчний албаараа үргэлж бахархаж явна. Миний хувьд эх орны үүдэн босго болсон 94 жилийн түүхэн замналтай Цэргийн гавьяаны одонт Хилийн 0108 дугаар ангид хилчин байлдагч болж улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах нэр хүнтэй албанд олон сайхан аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваадаа бахархалтай байна.

-Хилчний алба ямар санагдаж байна?

-Хилийн манаанд алхаж явахдаа хил зөрчигчийг заавал саатуулна даа гэж бодож төсөөлж үүргээ гүйцэтгэдэг. Хилийн манааны ахлагч болж дарга нарынхаа итгэлийг хүлээн, эх орныхоо торгон хил дээр өглөөний нар мандахыг, өвлийн шөнийн үүр цайхыг харах үнэхээр сайхан. Хилийн харуулд харуулын дарга нараасаа маш их зүйлийг сурч, нөхөрлөлийн үнэ цэнэ, хүний итгэл даана гэдэг ямар утга учиртайг ойлгож явна. Манай онжавууд хөгжилтэй, найрсаг, тусч, нэг нэгнийхээ төлөө санаа тавьж чаддаг гээд хэлж барамгүй сайхан зан чанаруудтай. Мөн дарга нар маань хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй. Одоо хал цэрэг болсон болохоор улам илүү хариуцлагатай, дүү нартаа үлгэр дуурайл үзүүлсэн, сайн цэрэг байна гэж бодож хичээж явна. Удахгүй эх орныхоо торгон хилээс албаа нэр төртэй хаагаад ээждээ очно.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.