Ахлагч О.БАЯРМАА
-Нохойтойгоо хамт хугацаат цэргийн алба хаасан нь сонирхолтой санагдлаа. Ийм хувь тохиол ховорхон болов уу?
-Намайг Ганхуягийн Бэлгүүтэй гэдэг. Хилийн 0146 дугаар ангид хугацаат цэргийн албыг 2018 оны II ээлжээр Рокси дуудлагатай хоёр настай немц овчарктайгаа хамт хаасан. ШУТИС-ийн оюутан байхдаа албаа амжилттай хаагаад одоо үргэлжлүүлээд сургуульдаа сурч байна. Оюутан цэргээр явах боломжтой байсан ч нэг жилийн албыг гуравхан сараар хаахыг хүсээгүй. Мөн цэргийн албаа заавал эх орныхоо торгон хил дээр хаах хүсэлтэй байсан юм. Миний хувьд цэрэгт татагдахаасаа өмнө немц овчарк тэжээдэг, команд сургачихсан байсан. Алба хаах ангидаа очоод ангийн захирагч, хурандаа П.Мөнхбаатарт саналаа хэлэхэд бусад албаны хүмүүстэйгээ зөвлөлдөөд зөвшөөрсөн юм. Нохойтойгоо хамт алба хаах хүсэлтийг минь зөвшөөрсөн ангийн удирдлагууддаа маш их баярладаг. Над шиг нохойтойгоо хамт хилчин болсон хувь тохиол ховор гэж бодож байна.
-Нохойтойгоо хамт алба хаах ямар байв. Та хоёр хилийн зөрчил илрүүлэв үү?
-Миний 16 насны төрсөн өдрөөр Роксиг бэлэглэж байсан юм. Гэр бүлийн нэг гишүүн болчихсон тул надад их ханьтай, сайхан байсан. Бид хоёр ангийн төвд алба хаасан тул хилийн зөрчил илрүүлж байгаагүй. Гэхдээ хилийн албаны нохойтой нийллэгт оруулж хилийн албанд үнэтэй хувь нэмэр оруулсан. /инээв/
-Нохой нь хилд үүрэг гүйцэтгэснээр илүү олон команд сурсан байх?
-Тийм ээ. Албаны хэллэгээр бол хэрэглэлд чөлөөтэй явж сурсан. Одоо бид хоёрт тийм хэрэглэл байхгүй тул дасгал хийхгүй байгаа. Харин хамгаалалтын чиглэлээр хил зөрчигч барих, суух, хэвтэх аппорт буюу бөмбөгөнд гүйх зэрэг командыг биелүүлдэг. Цэргээс халагдсаныхаа дараа манай онжавууд "Рокси онжаваар юу байна” гэж их асууна. Бидэнтэй хамт нэг жил цэргийн алба хаасан болохоор яахын аргагүй онжав шүү дээ.
-Бидэнтэй холбогдож алба хаасан ангидаа мэнд хүргэх санаачилга гаргасанд баярлалаа?
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Цэрэг байхдаа "Эх орны манаа" сонинг их уншдаг байсан. Рокси бид хоёрын амьдралд олон сайхан дурсамж, бахархал, сургамжийг бүтээлцэх боломжийг олгосон Хилийн 0146 дугаар ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Хилчдэдээ ажлын амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Эргээд дахин уулзах тэр сайхан өдрийн ерөөлийг дэвшүүлье. Хилийн албаараа үргэлж бахархаж явдаг шүү.