Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ
Хилийн салбарын жаалууд хэрсүү. Тэд төвөөс ирсэн хэнийг ч торохгүй байцаана. Бас хамтдаа зургаа татуулж, хахууль болгож чихрээр шагнуулчихна. Яг ийм хоёр хөөрхөн эгдүүтэй Хилийн 0286 дугаар ангийн 0294 дүгээр салбарт таарсан юм. Тэднийг Тэргэл, Тэмүүлэн гэдэг. Өөрсдийнх нь танилцуулснаар дөрвөн настай. Нас, биеэр чацуу хоёр найз гадны зочид ирснийг хашааны завсараар хараад хар хурдаараа чавхадсаар салбарын хашаанд орж ирсэн юм. Тэргэл аав шигээ хилчин болно. Удахгүй төрөх дүүгээ хүлээж байгаа талаараа ярив. Мөн аав Батбаярыгаа хоол муу хийдгийг “матаад” авсан. Харин ээж Ганжигүүрийнх нь гарын хоол амттай гэсэн шүү. Хоёр жаал саравчинд суугаа бидэнтэй таван үг сольж, зургаа даруулж аваад зочид буудал руу гүйн ороод мантуу барьсаар гарч ирсэн юм. Нүд нь гэрэлтэж, үймүүлэх сэдэлтэй яваа хоёр залууг салбарын дарга өчигдөрхөн тарьсан цэцгийн мандал сүйтгэсэн хэргээр шүүсэн тул гэрийн зүг хөлийн тавхайг гялалзуулсаар алга болов.