ХОШУУЧ Н.БАТМӨНХ: ЖИЛ ИРЭХ ТУСАМ ХИЛИЙН АНГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЧАНАР САЙЖИРЧ БАЙНА
  • 09:31
  • 1717
Хилийн анги, салбарын хэмжээнд баригдаж буй албаны барилга, орон сууцны талаар ХХЕГ-ын Төлөвлөлт, хангалтын хэлтсийн Барилга, орон сууцны хангалт хариуцсан ахлах офицер, хошууч Н.Батмөнхөөс тодрууллаа.

О.Энхжин

-Хил хамгаалах байгууллагын хэмжээнд албаны барилга, байгууламжийн насжилт, эдэлгээ, чанар байдал ямар түвшинд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 1-52 жилийн насжилттай 2319 барилга байгууламж ашиглагдаж байна. Үүнээс 21 хувь нь тоосго, блок, 70 хувь нь чулуут бетон суурьтай модон барилга, есөн хувь нь төмөр бетон хийцтэй барилга эзэлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4, 13.3 дахь заалт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор батлагдсан “Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр”-т хилийн салбаруудын барилга байгууламжийг сайжруулах талаар тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд Хил хамгаалах байгууллагын хэмжээнд барилга байгууламжийн шинэчлэл, өргөтгөл, засварын ажлыг жил бүрийн улсын төсвийн хөрөнгө болон урсгал төсөв, орон нутгийн хөрөнгөөр дэс дараатай засварлан шинэчилж байна. 2040 он хүртэлх Хил хамгаалах байгууллагын шинэчлэл, өргөтгөл засварын ажлын төсөөлөл гарсан. 

-2020 онд хичнээн хилийн анги, салбарт барилга байгууламжийн угсралт, засварын ажил хийгдэх вэ? 

-Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны барилга, сантехник, цахилгааны  угсралт засварын ажлын батлагдсан график төлөвлөгөөний дагуу хилийн ангид мэргэжлийн бүлгүүд ажиллаж байна. Тухайлбал, Хилийн  0108 дугаар ангид 40, Хилийн 0101 дүгээр ангид 50, Хилийн 0285 дугаар ангид 16, Хилийн 0198 дугаар ангид 24 гэрээт цэргийн байр, Хилийн 0132 дугаар ангид найм, Хилийн 0306 дугаар ангид зургаа, Хилийн 0131 дүгээр ангид дөрөв, Хилийн 0287 дугаар ангид дөрөв, Хилийн 0275 дугаар ангид найм, Хилийн 0101 дүгээр ангид найм, Хилийн 0108 дугаар ангид 10 айлын орон сууц, Хилийн 0245 дугаар ангийн төвд баруун бүсийн Эрүүл мэндийн төв, Хилийн 0286 дугаар ангид штабын барилгыг шинээр барьж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ХХЕГ-ын алба хаагчдын цайны газар, Хилийн 0253 дугаар ангийн штабыг шинээр барих, Хилийн 0214, 0245 дугаар ангийн албаны орон сууцыг засварлаж байна. Бусад хилийн ангиудын тухайд батлагдсан төсвийн хүрээнд хилийн салбарын барилга байгууламжийг хуваарийн дагуу засварлаж байгаа. Ер нь жил ирэх тусам барилга байгууламжийн угсралт, засварын ажлын хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэж, ажлын чанар сайжирч байна.

-Цаашид Хил хамгаалах байгууллагын барилга байгууламжийн шинэчлэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Нэн түрүүнд барилга байгууламжийг батлагдсан зураг, төсвийн хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж буй барилга, эрчим хүчний норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ. Мөн аль болох шинэ дэвшилтэд техник, технологийг ашиглан хилийн анги, салбарын барилгыг барихаар эрмэлзэн ажиллах болно.

-Хилийн салбаруудыг эрчим хүчинд холбох ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ? 

-Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хилийн 18 ангийн 71 салбарт 10 кВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц суурилуулж, нийт 44 салбарыг өндөр хүчдлийн шугамд холбоод байна. Ингэснээр хилийн салбарын 75 хувь нь байнгын эрчим хүчинд холбогдоод байгаа юм.

-Сантехникийн ажлыг энэ онд аль хилийн аль хэсэгт хийв? 

-Хилийн 0214, 0131, 0146, 0132 дугаар ангийн халаалтын тогоог шинэчлэх, албаны орон сууцыг нэгдсэн халаалтын системд холбох, Хилийн 0166, 0129 дүгээр ангийн гадна дулааны шугамын засварын ажил, ХХЕГ-ын дулааны шугамын өргөтгөлийн ажлуудыг энэ ондоо багтааж хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын барилга байгууламжийн чанар, хийц сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Цаашид ч алслагдсан хилийн хэсэгт баригдах барилга, угсралтын ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх бодлогыг баримтлан ажиллах болно.