ЦАГ ХУГАЦАА, ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ҮЛ ХЯЗГААРЛАГДАХ ЦАХИМ СУРГАЛТ
  • 09:21
  • 3269
Хоёр дахь удаагийн сургалтыг цахим хэлбэрээр Хилийн 0101, 0108, 0129, 0285 дугаар ангийн холбоочдын дунд анх удаа явуулж байгаа юм.

О.ЭНХЖИН

Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах мэргэшүүлэх, давтан сургах төлөвлөгөөний дагуу Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Холбооны сургалтын төвөөс 2020 онд хилийн 10 ангийн холбоочдод давтан сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна. Тэд эхний ээлжинд Хилийн 0286, 0257, 0287, 0275 дугаар ангид сургалтыг газар дээр нь зохион байгуулжээ. Хоёр дахь удаагийн сургалтыг цахим хэлбэрээр Хилийн 0101, 0108, 0129, 0285 дугаар ангийн холбоочдын дунд анх удаа явуулж байгаа юм. 

Хилийн 0151 дүгээр ангийн Холбооны сургалтын төв нь хилийн анги, салбарын холбоочдыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх, радио спортын уралдаан тэмцээнд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах үүрэгтэй. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш анхан шатны сургалтаар 676, бүсчилсэн сургалтаар 141, гэрээт хилчин холбоочин 84-ийг бэлтгэн гаргажээ. Сургалтын төвд хилийн анги, салбарын хилчид, Хилийн албаны сургуульд суралцаж байгаа сонсогчдын гэр бүл болоод гэрээт хилчин холбоочид суралцаж, бэлтгэгддэг байна. Мөн Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын холбоочдыг ч захиалгаар бэлтгэж мэргэжлийн гэрчилгээ олгодог. Анхан шатны сургалтыг жил бүрийн гурав, есдүгээр сард 90 хоногийн хугацаатай зохион байгуулж нийт 504 цагийн сургалтыг радио спортын олон улсын цол, зэрэгтэй багш нар заадаг. Ирэх долдугаар сард Холбооны сургалтын төвөөс Хилийн 0277, 0311, 0245, 0243 дугаар ангид цахим сургалтыг явуулахаар төлөвлөжээ. 

Үр дүн өндөртэй сургалтын хэсгээс

Зургадугаар сарын 15-наас тав хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байгаа цахим сургалтад Хилийн 0101, 0108, 0129, 0285 дугаар ангийн төв, хилийн салбарын ахлах холбоочид техникийн бэлтгэлийн 24, радио чимээний 34 цагийн сургалтад хамрагдаж байгаа юм. Цахим сургалтад хилийн ангийн холбооны дарга нар ихээхэн ач холбогдол өгч холбоочдоо бүрэн хамруулжээ. Тэд өдөр бүр 08.30-16.30 цагийн хооронд онлайнаар суралцана. Биднийг очиход радио чимээний хичээл орж, холбоочид торд ажиллах, хурд ахиулах дасгалыг Радио чимээний багш, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч С.Буянтогтохын удирдлага дор хичээнгүйлэн суралцаж байв. Цахим сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа хэдий ч танхимын сургалттай адил үр дүнг үзүүлж байгааг мэргэжлийн багш нар хэлсэн юм. Түвшин ахиулах сургалтыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд явуулаагүй бөгөөд сургалтын төгсгөлд спортын зэргээр урамшуулж байгаа аж. Өнгөрсөн сургалтад хамрагдсан холбоочдоос I, II, III зэргийг 15 хилчин холбоочин аваад байгаа юм. Цахим сургалтын давуу тал нь хөрөнгө мөнгө шаардахгүй, цаг хугацаанд баригдахгүйгээрээ онцлог. Мөн сургалтын явцад тухай бүр нь заавар зөвлөгөөг багшийн зүгээс өгч, суралцагчид өөр хоорондоо туршлага судлах боломжтой. 

Цаашид цахим сургалтыг бүсчилсэн хэлбэрээр илүү өргөн бүрэлдэхүүнийг хамруулан заагдах хичээлийн нэр төрлийг нэмэгдүүлэн явуулах боломжтой талаар Холбооны сургалтын төвийн удирдлагууд дүгнэж байв. Хилийн ангиудын тухайд ч цахим сургалтад хамрагдах орчин нөхцөл, техник хэрэгсэл, интернэтийн хурд сайн байгааг хэлсэн юм. 

Хээрийн байрлалаас хилийн цэргийн холбоог зохион байгуулах нь

Танхимд заагдсан хичээлээ тэд бататгах болов. Үүний тулд Хилийн 0151 дүгээр ангийн Холбооны сургалтын төвийн багш нар, Хөдөлгөөнт зангилааны хилчдийн хамтаар хээрийн байрлал дээрээс дадлага хичээлийг орсон юм. Ахлах дэслэгч С.Буянтогтох, дэслэгч Б.Учралбаярын хамтаар радио нэвтрүүлэг, радио харилцааны шалгалтыг сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнээс авч байв. Мөн дадлага хичээлийн хүрээнд хилийн ангиудынхаа нэвтрүүлэх станцын хүчин чадлыг давхар шалгаад авсан юм. Харин техникийн бэлтгэлийн багш, хошууч О.Цогмандал холбооны тасгийн дарга, инженерүүдэд цахимаар техникийн хичээлийг орж байв. Холбоочин хүний заавал эзэмших ёстой ур чадварын нэг нь хилийн эрлийн үеийн холбоог зохион байгуулах явдал. Тэгвэл энэхүү дадлага хичээлээр хилийн ангийн холбоочид мэргэжлээ хэрхэн эзэмшсэн гэдгээ шалгуулаад авсан юм. Сургалт бүрийн ард үр дүн байх ёстой. Тэгвэл цахим сургалтын үр дүнг хэрхэн тооцох талаар Сургалтын төвийнхөн бодож олжээ. Тэд ирэх наймдугаар сард бүсчилсэн байдлаар радио спортын тэмцээнийг цахимаар зохион байгуулж, бүс бүсийн аварга холбоочдыг тодруулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Бүсээс тодорсон аварга холбоочид мөн хоорондоо өрсөлдөж I, II, III, тусгай байр эзлэх аж. Ингэснээр холбоочид радио спортыг сонирхож, мэргэжлийн цол, зэргээ ахиулан ажлаа хобби болгон хийх боломжтой талаар хошууч О.Цогмандал ярьсан юм. Бүсийн аваргуудын тухайд өөр өөрийн бүсийн хэмжээний сургагч холбоочин болж, Хилийн 0151 дүгээр ангийн Суурин зангилааны бүрэлдэхүүнтэй ажил мэргэжлийн хувьд шууд харилцах боломжтой болох юм. 

Ийнхүү уг радио спортын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахад холбоочдын ур чадвар дээшилж, Хил хамгаалах байгууллагын холбоо зохион байгуулалт найдвартай болно. Энэ дашрамд мэргэжлийн дэмжлэг, туслалцааг тогтмол үзүүлдэг ангийн удирдлага, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн хамт олондоо хилчин холбоочдынхоо өмнөөс талархал илгээснийг уламжилъя.