ДЭСЛЭГЧ Ж.БАТ-ЭРДЭНЭ: “ХИЛЧИН” ПРОГРАММЫГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛСЭН
  • 10:45
  • 3383
Хилчдийн алба үйл ажиллагаанд өдөр тутам хэрэг болохуйц нэгэн шинэ программыг Хилийн 0277 дугаар ангийн Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч Ж.Бат-Эрдэнэ зохион бүтээжээ. Тэрбээр уг бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлэн зохиогчийн эрхээ аваад байгаа юм.

Дэслэгч М.Уранбайгаль

-Өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Би МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр 2018 онд төгссөн. Хил хамгаалах байгууллагад хоёр дахь жилдээ ажиллаж байна. 

-Зохион бүтээсэн “Хилчин” программынхаа талаар танилцуулаач?

-"Хилчин” программыг андройд гар утсанд суулгаж ашиглах боломжтой. Анх манай ангийн Захиргаа, хүний нөөцийн тасгийн ахлах офицер хуулийн программ хийлгэхээр санал гаргасан. Тэгээд хоёр сарын турш программынхаа судалгаа, тооцоог хийгээд дан ганц хууль хардаг бус бүх төрлийн мэдээллийг сүлжээгүй үед авч ашиглаж болохоор программ бүтээхээр шийдсэн. “Хилчин” программ дотроо арван цэстэй. Хил хамгаалах байгууллагын вэб сайт руу шууд хандаж цаг үеийн мэдээ мэдээллийг авч, GPS-ээр өөрийн байршлаа тогтоох боломжтой. Мөн одоо мөрдөгдөж байгаа Цэргийн нийтлэг дүрэм болоод хилчдэд нэн шаардлагатай 15 төрлийн хууль тогтоомжийг уншиж судлах боломжтой юм. Дээр нь Завханы 24 сумын цаг агаарын мэдээ, нэг жилийн цаг тооны бичиг, Хил хамгаалах байгууллагад мөрдөгдөж буй журам, есөн төрлийн сонгодог уран зохиолын ном, жолооны дүрэм болоод мэдээллийн аюулгүй байдлын талаар зөвлөгөө, зааварчилгааг оруулсан.

-Программыг хэдий хэр хугацаанд бүтээв?

-Гурван сарын хугацаанд ажлынхаа хажуугаар хийсэн. 

-Хэрхэн яаж гар утсандаа суулгадаг вэ?

-Андройд гар утасны Play story цэсэнд суулгах боломжгүй юм билээ. Тиймээс инстолыг нь уншуулаад суулгана. Нэг суулгасан байхад ашиглаад байх боломжтой.

-“Хилчин” программаа Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн гэсэн?

-Монгол Улсад өмнө нь ийм цогц программ байгаагүй юм билээ. Зургаан төрлийн бичиг баримт бүрдүүлж, Оюуны өмчийн газарт хүргүүлсэн 14 хоногийн хугацаанд зохиогчийн эрх нь гараад ирдэг юм байна. 

-“Хилчин” программыг хэрэглээнд гаргасан уу?

-Манай ангийн бүрэлдэхүүн ашиглаад эхэлсэн байгаа. Програмыг ашиглаж эхэлснээр бүрэлдэхүүний маань уншиж судлах түвшин дээшилж, сургалт бэлтгэл сайжирсан дүн гарсан.

-Сүлжээгүй газар ажиллах уу?

-Хил хамгаалах байгууллагын вэб сайт болоод цаг агаарын мэдээ үзэх цэс зөвхөн интернэт орчинд ажиллана. Бусад цэс сүлжээ шаардахгүй.

-Өмнө нь программ зохион бүтээж байсан уу?

-Дөрөвдүгээр курст байхдаа банкны зээлийн программ бичээд Голомт банкинд өгсөн. Тэр нь теллерийн ажиллагааг хөнгөвчилсөн программ юм. Цаасаар авах үйл ажиллагааг цахимжуулсан нэг шийдэл болсон. Нийт 10 хэсэгтэй 7000 мөр код орсон программ бүтээж байлаа.

-“Хилчин” программыг бусад хилийн ангид нэвтрүүлэх үү?

-Нэвтрүүлнэ. Хэрэглэгчид олшрох тусам илүү их хариуцлага ирж байна. Хилчин програм 5000 мөр код, 31 прожектоос бүрдсэн. Цаашид улам хөгжүүлнэ. Хил хамгаалах байгууллагад мөрдөгдөж байгаа тушаал бүрийг тухай бүр нь шинэчлэн оруулахаас эхлээд сайжруулах ажил их бий. Одоогоор хилчин программыг зөвхөн андройд утсан дээр суулгаж байгаа. Удахгүй Iphone гар утсанд суулгахаар ажиллаж байна. Мөн дотор байгаа цэснийхээ нэр төрлийг нэмэгдүүлнэ. 

-Цаашид зохион бүтээхээр бодсон программ бий юу?

-Аюулгүй байдлын программ хийхээр төлөвлөж байна. Хөдөлмөрийн, мэдээллийн аюулгүй байдлыг цогцоор нь хүнд ойлгомжтойгоор харуулсан видео танилцуулга, гэрэл зурагтай  программ байхаар дотроо төлөвлөж байна. Аюул, ослоос сэргийлэх бүх зөвлөмжийг оруулж өгнө.