Ахлагч Г.Мөнхцацрал
-Та сайхан зусаж байна уу?
-Сайхан зусаж байна. Эх орныхоо энхийн манаанд хамтдаа зүтгэж, ажиллаж байсан хамт олон, нийт хилчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та өөрийгөө "Эх орны манаа" сонины уншигч нарт танилцуулаач?
-Намайг Батболдын Хонгорзул гэдэг. 1988 оны аравдугаар сарын 09-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Айлын том хүүхэд. 1997-2007 онд Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, 2008 онд Хилийн цэргийн дээд сургуульд элсэн орж, 2012 онд Дотоод хэргийн их сургууль болсон хойно нь төгссөн. Би багадаа спортоор хичээллэх дуртай, ирээдүйд цэргийн хүн болно гэж бодож, мөрөөддөг байсан. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлж цэргийн сургуулийг амжилттай төгссөн.
-Та спортын ямар төрлөөр хичээллэдэг байсан бэ?
-Би 2004 оноос хөнгөн атлетикаар шаргуу хичээллэж эхэлсэн. Үүнийхээ үр дүнд олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан.
-Амжилтуудаасаа сонирхуулаач?
-Төв аймгийн Зуунмод сумын залуучуудын дунд зохион байгуулагдсан хурдны гурван төрлөөр анхны мөнгөн медалиа авч байсан. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан. 2006, 2007, 2008 онуудад 100, 200, 400м-ийн гүйлтэд дараалан аварга болж байсан. 2007 онд 4*400 буухиа төрлөөр Төв аймгийн аварга болоод гаргасан амжилт нь улсын рекордыг эвдэж байсан.
Хилийн цэргийн дээд сургуульд орсноос хойших амжилтууд гэвэл 2011 онд зохиогдсон цэрэг спортын анхдугаар наадмын буухиа 4*200 төрөлд багаараа мөнгөн медаль авч байсан. 2012 онд Дотоод хэргийн их сургуулийн анхны марш тактикийн тэмцээнд салаагаараа тэргүүн байрт орж байлаа. Мөн уртын харайлтаар хичээллэдэг байсан. 2008 оны Бээжингийн олимпийн бамбарыг дамжин өнгөрүүлж байсан нь миний хувьд бас бахархмаар сайхан үйл явдлын нэг болж байлаа.
-Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ?
-Би наймдугаар ангиасаа цэргийн хүн болох тухай боддог байсан. Аравдугаар ангиа төгсөөд 2007 онд шалгалт өгөөд тэр жилдээ орж чадаагүй. Дараа жил нь дахин шалгалт өгч хилчин болох хүсэл мөрөөдлөө биелүүлсэн.
-Хамт олондоо хандаж хэлэх үг байна уу?
-Намайг эмчилгээ хийлгэж байх хугацаанд ангийн хамт олон сэтгэл санаагаар болон эд материалаар олон удаа тусалж байсныг хэлмээр байна. Би өвчний улмаас 2017 онд ажлаасаа гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл хилчид маань гар сунган тусалсаар ирсэн. Өнөөдөр Хилийн 0132, 0275, 0306, 0198 дугаар ангийн удирдлага хамт олон мөнгөн тусламж үзүүлж, мөн эхнэрийг минь ажлын байраар хангасанд маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. /Нулимс унагав/ Би өнөөдөр хөл дээрээ босож, өдий зэрэгтэй байгаа нь хилчдийн минь агуу их хайр гэж боддог. Та бүхэндээ маш их баярлалаа.