МОНГОЛ УЛСЫН АВАРГА АДУУЧИН, ХХТХГ Х.ТИЛЕУХАН: МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ХИЛЧИД БОЛООД МАЛЧДЫГ ХОЛБОХ “ГҮҮР” ЮМ
  • 08:48
  • 53
Хилийн 0285 дугаар ангийн 0289 дүгээр салбарын хариуцсан хэсэгт зусч буй хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Х.Тилеухантай ахуй амьдрал хийгээд хил хамгаалалтад хэрхэн оролцож байгаа талаар нь ярилцлаа.

Дэслэгч Ё.СЭНДЭР

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан зусаж байна уу? 

-Сайн байна уу. Сайхан зусаж байна. Нийт хилчдэдээ энэ өдрийн мэндийг алс баруун хязгаар Баян-Өлгий аймгаас хүргэе.

-Хашаа хороо, байшин барилгаа засаад тун завгүй байх шиг байна?  

-Ойрын үед хурим найр ихтэй завгүй байгаад өнөөдөр танил нөхдөө цуглуулж ойр зуурын ажил хийж байна. Анх энэ нутагт 1980 онд ирж суурьшаад 40 жил мал маллан амьдарч байна. 

-Та манай хилчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Ах, дүү нийлээд 15-уулаа.  Гурван жилийн цэргийн албыг Эрдэнэт хотод хоёр жил, Улаанбаатар хотын барилгын цэргийн ангид нэг жил алба хаасан. Цэргийн алба хаах хугацаандаа үүргээ амжилттай биелүүлж тухайн үеийн “Улаан Од” сонинд нийтлэгдэж, дэлгээ тугныхаа хажууд зургаа авахуулж байсан. Цэргийн алба хааснаараа бахархдаг. 

-Хүмүүс гурван жилийн цэргийн алба хаасан тухайгаа ярьдаг. Цэргийн албаны сайхан дурсамжаасаа хуваалцаач? 

-1979 онд цэргээс ирээд 1980 онд Ногооннуур сумын Ямаат багт мал маллаж байгаад малаа хувьчлалд тараагаад 1992 онд Цагааннуурын дамжлага баазад  туслах малчнаар ажилласан. Ингээд хувьдаа хэдэн мал авч бусдын дайтай хөдөлмөрлөж үр хүүхдээ тэжээж өнөөдөр өдий зэрэгтэй амьдарч байна. Үнэнч шударгаар хөдөлмөрлөх зарчмыг би цэргийн албанаас олж авсан. Одоогоор 1000 гаруй толгой малтай, 2017 онд  “Сумын сайн малчин” болсон.

-Мал дагавал ам тосдоно гэж сайхан үг байдаг. Удахгүй улсын сайн малчин болоорой. Хил хамгаалалтад туслах хүчний гишүүнтэй ярилцаж байгаагийн хувьд хилчдийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр элсээд долоо дахь жилдээ ажиллаж байна. Хилчидтэйгээ ойр байж цаг үеийн мэдээ мэдээллийг утсаар холбогдон өгч, зөвлөгөө авч ажилладаг. Зарим тохиолдолд хариулгагүй малыг хилчдэд мэдээлж хэлэх гээд байнгын холбоотой байдаг. Хилчдийн хувьд жилийн дөрвөн улиралд хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж, бидний өмч хөрөнгө болсон мал сүргийг хил давахаас хамгаалж, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

-Таны хувьд хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцож байсан. Ер нь туслах хүчний гишүүнийхээ эрх үүргийг нарийн сайн судалсан байх? 

-Монгол Улсын хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж хилийн салбарын дарга маань гарын авлага өгсөн. Хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, малчидтай холбоотой заалтуудыг тодруулаад үг өгүүлбэр бүрээр нь уншиж танилцуулж байлаа. Миний хувьд Хилийн тухай хуулийг нэг бүрчлэн уншиж судалсан. Эрх, үүргээ цээжилж, утгыг нь ойлгосон. Залуу малчдадаа малаа байнгын эзэн хариулгатай байлгах, хилийн шугамд тулгахгүй байх талаар хэлж зөвлөдөг. Ер нь Монгол Улсын Хилийн тухай хууль батлагдсан нь хилчид болоод малчдын “гүүр” болж байна гэж боддог. Урьд нь магадгүй үйл ойлголцох асуудал гарч байсан уу гэвэл зөндөө. Одоо бол харьцангуй бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хамтран хилээ хамгаалж байна. Цаашид Хилийн 0285 дугаар анги болон салбарынхаа хамт олонтой байнгын холбоотой байж үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах болно. 

-Олон жил зусч байхдаа хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлж байв уу?

-2016 онд хилийн дугаар тэмдгээр хилийн шугамд тулсан үхрийг тууж ирээд тухайн үеийн салбарын дарга, ахлах дэслэгч Т.Сүхболдод хүлээлгэн өгч байсан. Ер нь хүн бүр хуулийн дор хариуцлага хүлээдэг. Тэгэхээр хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, малчид, ард иргэд бүгдээрээ хуулиа судалчихсан, хэн хэнийхээ ажлыг ойлгож дэмждэг байх нь зөв юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.