ГУДАМЖНЫ ТУРНИКЧИД: ТУРНИКЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ ЗАЛУУС ЦЭРЭГТ ЯВАХАД ДАВУУ ТАЛ БОЛДОГ
  • 08:59
  • 6771
Гудамжны турникны спорт нь спортын гимнастикийн нэг төрөл бөгөөд Монгол залуус сүүлийн үед сонирхон хичээллэх болжээ. Анх цэрэг армийн зориулалттай байсан тул үе үеийн цэрэгт явсан ах нар гудамжинд хөгжих суурийг нь тавьсан байдаг. Монголд 2006 онд Э.Сундуй хэмээх залуу анх хөгжүүлж, залуус сонирхон хичээллэж эхэлжээ. Дашрамд дурдахад манай улсад анх жанжин Д.Сүхбаатар хичээллэж байсан баримт байдаг аж. Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй "Монголын савлуур дүүжигнүүр дайчид" холбооны тамирчид болох 19-22 насны Б.Болдхуяг, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригт нартай хөөрөлдлөө.

Ахлагч О.БАЯРМАА

-"Монголын савлуур дүүжигнүүр дайчид" холбооны талаар товчхон танилцуулаач?

-Манай холбоо байгуулагдаад жил болж байна. Яг энэ спортоор хичээллэж, нөхөрлөөд зургаан жил болсон. Жилийн өмнөөс нэгдэж холбоо байгуулан энэ спортыг олонд таниулах, хүүхэд залууст сонирхуулах, хичээллэх боломжийг нь бүрдүүлэх, сургалт явуулах зорилготой байгуулсан. 2006 онд Монголд хамгийн анх Э.Сундуй гэдэг залуу Монголын гудамжны турникийн холбоог байгуулж залууст таниулсан байдаг. Бидний үеийн залууст яг үнэндээ спортоор хичээллэх боломж нөхцөл бага. Тиймээс гэртээ компьютер тоглох, дэмий сэлгүүцэх нь их болсон. Харин гудамжны турникээр хичээллэх юм бол бие бялдрын хувьд спортлог болохын зэрэгцээ турник л байвал хаана ч хичээллэх боломжтой спорт юм. Заавал үнэтэй фитнесс заал хэрэг болдоггүйгээрээ бас давуу талтай. Бид жилийн хугацаанд залуусын дунд хоёр тэмцээн зохион байгуулсан. Цар тахал гээд үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байна.

-Энэ спортоор хэдэн наснаас эхэлж хичээллэж болох вэ, залуусын бие бялдрын хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?

-Арван хоёр наснаас дээш бүх насны хүмүүс хичээллэж болно. Заавал эрүүл саруул хүн хичээллэнэ гэсэн дүрэм байдаггүй. Манай гишүүдэд нэг хөлгүй хүн ч бий. Олон улсад 60, 70 настай тамирчид ч байдаг. Биеийг жигд хөгжүүлдөг спортын төрөл.

-Та хэдийн бичлэгийг үзэхэд эрсдэлтэй спорт шиг санагдсан?

-Үнэхээр эрсдэлтэй спорт. Хүн гар, хөлөө хугалах тохиолдол зөндөө бий. Биднийг үзүүлбэр үзүүлсний дараа зарим залуус савлуур дээр эргэлдэх амархан гэж бардамнаж байгаад бэртэж байсан ч тохиолдол бий. Бэртэхгүйн тулд зөв техникээр суралцах хэрэгтэй. Анхан суралцагчдад бол матрасс бэлдэж өгдөг. Гэхдээ экстрем спорт учир хүн өөрөө өөрийгөө л 100 хувь хариуцна. Түүнээс хэн нэгэн хариуцна гэсэн зүйл байдаггүй.

-Турникээр хичээллэдэг залуусын гар эвэршдэг нь тодорхой. Өөр хүндрэл бэрхшээл бий юу?

-Эхлээд цэврүүтнэ дараа нь цэврүү хагараад эвэршдэг. Эвэршсэний дараа эвэр нь хагараад бүр арьс нь язраад цус гарна. Тэр үед хэд хоног эдгээж байгаад дахиад л дасгалаа хийдэг. Хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл зориулалтын турник, орчин, өвөл бэлтгэл хийх заал л байдаг даа. Гадаа талбайн турник сууринаасаа хөдөлгөөн орчихсон эсвэл хэт нарийхан байдаг. Ийм турник дээр дасгал хийх нь эрсдэлтэй.

-Та нарт бэлтгэлийн заал байдаг уу?

-Байхгүй ээ. Заал түрээслэн бэлддэг. Хэдий гудамжинд хаана ч хийх боломжтой боловч яг бэлтгэл хийх стандартын турниктэй тоглоомын талбай ховор. Бид нар турникээ угсарч үзүүлэх тоглолт, тэмцээнээ хийдэг. Өвөл спортын төв ордны хажуу талд байдаг спорт цогцолборын гимнастикийн заалыг цагаар түрээслэж дасгалаа хийдэг.

-Та хэдэд багш бий юу?

-Байхгүй. Бид дийлэнхдээ бичлэг үзэж байгаад туршдаг. Энэ спорт угаасаа бие биеэсээ суралцаж, туршиж үздэг төрөл. Тамирчин өөрөө дасгалаа бүрэн зохиож болдогоороо давуу талтай.

-Тэмцээнд ороход дасгалын төрөл, ангилал гэж байгаа байх?

-A, B, C, M гэсэн дөрвөн ангилалтай. A ангилал нь анхан шат, B нь тэмцээн уралдаанд оролцож байсан, C нь хүчний дасгал, M нь олон улсын зэрэгтэй мэргэжлийн тамирчид байдаг. Хүмүүс турник гэхээр цэргийн бэлтгэл хийдэг дасгалаар ойлгодог. Гэтэл энэ бол орчин үеийн маш олон хүч, эргэлтийн элементүүдийг олон янзаар хийдэг төрөл.

 -Хамгийн хэцүү элемент ?

-540 градус эргээд турникээсээ барих, бэхэлгээгүй соонс, гимнастикийн хүнд элементийг багтаасан дасгалууд хүндэд орно.

-Энэ спорт өндөр хөгжсөн ямар улс байна. Монгол залуус аль шатанд нь явж байна?

-2016 оны дэлхийн аваргын тэмцээнд Э.Сундуйжав оролцож, 40 гаруй орны шилдэг тамирчнаас 25 дугаар байр эзэлж, супер финал гэсэн хамгийн шилдэг тамирчид оролцдог тэмцээний эрх авч байсан. Бид энэ жил дэлхийн аваргын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Хөнгөн атлетик, гимнастик хөгжсөн ОХУ, Латви, Хятад, Япон зэрэг улс орны тамирчид ер нь илүү байдаг даа. Монгол залуус их өргөн дэлгэр сонирхож байгаа. Аймгуудад бас клуб байна. Туршлагаа фэйсбүүк групп үүсгээд солилцдог. Энэ спортоор хичээллэсэн залуусыг циркийн тамирчнаар авах тохиолдол элбэг байдаг.

-Танай холбоонд цэргийн алба хаасан залуус бий юу?

-Сүхбат гээд тамирчин Хилийн 0151 дүгээр ангид алба хаасан. Турникээр хичээллэж байсан залуус цэрэгт явахад давуу тал болж өгдөг юм билээ. Бид Сүхээгийнхээ анги дээр очиж үзүүлэх тоглолт хамт хийж байсан.

-Эмэгтэй тамирчин бий юу?

-Олон улсад бол бий. Монголд хоёр эмэгтэй тамирчин байсан. Одоо хичээллэхгүй байгаа.

-Экстрем төрлөөс гадна шоу үзүүлбэрт ашиглаж хөгжүүлж болох төрөл шиг санагдлаа?

-Тийм ээ, нэг талаасаа шоу үзүүлбэр. Бид шоу үзүүлбэр үзүүлж бас санхүүжилт босгодог.  Одоо хүмүүс дуучид, бүжигчдийг байх ёстойгоор хүлээж авдаг бол бидний үзүүлбэрийг гайхширч, шагширч хүлээж авдаг. Реклам, зар сурталчилгаанд тоглоход бас их сонирхолтой төрөл. Бид дундын данстай. Хуримтлал үүсгээд ирээдүйд өөрсдийн гэсэн заалтай болж хүүхэд залуусыг татан оролцуулж, сургалт явуулна гэж мөрөөддөг.