НОГООН ДЭЛХИЙГ УРИАЛСАН, НОГООН МӨРДЭСТ ЭМНЭЛГЭЭР ЗОЧЛОХОД
  • 09:52
  • 2679
“Эх орны манаа” сонин Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, олон нийттэй харилцах албаны чиглэлд харилцан туршлага солилцох, хилчдэдээ мэдээлэл хүргэх зорилго өвөртлөөд байгаа билээ. Зургадугаар сарын эхний дугаарт Архивын ерөнхий газартай танилцсан бол энэ удаа Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээр зочиллоо.

Ахлагч О.БАЯРМАА

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 онд байгуулагдаад 2016 онд дахин үүд хаалгаа нээх хүртлээ түүхийн олон нугачааг элээсэн билээ. Харин 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Хилийн 0224 дүгээр тусгай салбар дахин үүд хаалгаа нээснээс хойш дөрвөн жилийн турш эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэгтэй алба хаагч, ахмадууд болон тэдний гэр бүлийн гишүүд болох 130 гаруй мянган хүнд, мөн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон түргэн тусламж, эмнэн эмчлэх үйлчилгээг үзүүлж байна. Тусгайлсан чиг үүрэгтэй алба хаагчдын хувьд улсаас тусгайлсан эрүүл мэндийн дэмжлэг, үйлчилгээ авах нэн шаардлагатай байдаг. Тиймээс улс орон бүрт тэдэнд зориулсан эмнэлэг бий. ТТАХНЭ нь дахин үүдээ нээхдээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаагаа ногоон эмнэлэг болох зорилтыг дэвшүүлж байгаль орчинд ээлтэй эко эмнэлэг байх зорилтыг тавьж брэнд нэрийн хуудсаа “Ногоон эмнэлэг” хэмээн тодорхойлсон билээ. Мөн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, аппаратаар иргэддээ үйлчилж, цахим системийг бүрэн хангасан олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болж чадсан юм. Түүнээс гадна удирдлагын бодлого гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх түүгээр дамжуулан дэвшилтэд шинэ тоног төхөөрөмжөөр хангагдахын зэрэгцээ олон улсын эмч нараас туршлага суралцах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Энэ бүх дээшээ тэмүүлсэн тэмүүлэл, эмнэлгийн хөгжлийн бодлого үйлчлүүлэгч бидэнд илүү хүртээмжтэй, сэтгэл ханамжтай, чанартай үйлчилгээний төлөө юм. Ногоон эмнэлгээр зочлоход онцлох басхүү гайхуулах олон сайхан зүйлс байсныг дурдаад баршгүй. Эмнэлэг нийт есөн давхар бөгөөд энд иргэдэд үйлчлэх хэсгээс гадна эмч нарын сургалт явуулах орчин үеийн хурлын заал, чөлөөт цагаа өнгөрөөх спорт заал, фитнессийн өрөө гээд бүгдийг шийдэж өгсөн. Харин иргэд бидэнд хэрэгтэй бас анхаарч үзэх, онцлог зүйлсийн талаар товчхон дурдъя.

ЦАХИМ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭЭС ЭХЭЛНЭ

Цахим бүртгэлээр ажлын таван өдрийн цагийг үйлчлүүлэгч өөрөө харж байгаад сонгож, баталгаажуулах боломжтойн дээр 51265375 гэсэн дугаараар цаг авч болно. Ажилтан дуртай цагаа тулгах бус, үйлчлүүлэгч, ажлын өдрүүдэд өөрийн боломжтой цагаа сонгох боломжийг бүрдүүлсэн. Хилээс ирэх хилчид ч гэсэн утсаар цагаа аваад ирэх өдрөө тохируулж болно. Гэхдээ  иргэдийн нийтлэг гаргаж буй алдаа товлолт цаг авсан ч өглөө эрт ирээд эмчийн үүдийг сахих явдал. Цагаа авсан ч хэн нэгэн нь урдуур нь орчих вий гэх айдсаас хиймэл дараалал үүсгэх, өөрийн цаг завыг ч алддаг хэвшмэл дүр зураг байсаар байгаа аж. Мөн авсан цагтаа амжиж ирэхээргүй бол цуцлах соёлд суралцаагүй тул эмч сул зогсолт их хийдэг гэдгийг тэд хэлж байлаа. Яаралтай тусламжийн төв мэтээр ойлгож, ирсэн  нэгэн дарааллаж суугаад үзүүлэхийг чирэгдэл үүсгэлээ хэмээн гомдлох нь бий. Та цагаа өөрийн ажлын боломжит үед авсан бол тэр цагтаа үйлчлүүлэхэд ямар нэгэн чирэгдэл хаа, хаанаа учрахгүй юм. 

КИОСК ҮЙЛЧИЛГЭЭ

Иргэд  шинжилгээний хариу, дүрс оношилгоо, эмчийн дүгнэлтээ киоск машинаас авах боломжтой болжээ. Эмч нарт үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу, өвчний түүх дотоод сүлжээгээр бүгд харагддаг, мөн хадгалагдан үлддэг болсон нь киоск үйлчилгээний давуу тал. Нэг үгээр жилийн өмнө авахуулсан нурууны зураг тань шаардлагатай болвол киоск машинд хандахад л хангалттай. Киоск машиныг эмнэлгийн үйлчилгээнд нэвтрүүлснээр цаасан суурьтай өвчний картыг бүрэн халах зорилготой юм. 

БИД ИЙМ ТАСАГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БОЛНО

Хос тангарагтай, ногоон дэлхийг аврах уриатай, ногоон мөрдэст эмч эмнэлгийн баг бидэнд амбулатори, хэвтэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээ, эрүүл мэндийг дэмжих төв гэсэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг, дотрын тасаг, мэдрэлийн тасаг, хүүхдийн тасаг, сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг, ерөнхий мэс заслын тасаг, гэмтэл, согог заслын тасаг, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг гэсэн тасгуудад харьяалалтай иргэдээ хэвтэн эмчлүүлж байна. Нэмж хэлэхэд, Чингэлтэй дүүргийн иргэдэд яаралтай түргэн тусламж, гэмтлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг. Тасгууд дундаас энэ удаа Гэмтэл, согог заслын тасгаар орлоо. Тус тасаг 25 ортой бөгөөд өвдөг, түнхний vе солих, vений дурангийн мэс заслын оношилгоо, эмчилгээний зэрэг өдөрт 2-3 хагалгааг хийдэг. Эмнэлгийн орны хувьд ч гэсэн зориулалтын татлагын ортой. Дашрамд дурдахад хэвтэн эмчлүүлэгчдийн ор бүр хөшигтэй. Энэ бол олон улсын стандарт бөгөөд өвчтөн эмчид биеэ үзүүлэхэд санаа зовох, биеийн аль нэг хэсгээ ил гаргахад ичих шаардлагагүй болсон байна. Мөн хэвтэн эмчлүүлэгч эмнэлгийн дотоод журмын дагуу эмнэлгийн хувцсыг өмсөх шаардлагатай. Эмнэлгийн хувцас, цагаан хэрэгсэл хэрэглэх соёлыг санаачлан хэрэгжүүлж буй анхны улсын эмнэлэг. Анх иргэд гэрээсээ авчирсан хувцсаа өмсөх гэж зүтгэдэг байсан бол одоо энэ соёлд бараг даджээ. Бид эмнэлгийн хувцас өмсдөгийг Солонгос киноноос л их харсан даа.

МЭДҮҮШТЭЙ ОНОШИЛГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Дотрын-2 тасаг иргэдэд улаан хоолой, ходоод, дээд гэдэсний эмгэг, түүнчлэн гуурсан хоолойн эмгэгийг илрүүлэн оношлох, цус алдалтын яаралтай менежментийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, уян дурангийн мэс ажилбаруудыг хийж байна. Мөн тайвшруулагчтай ходоодны дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хийдэг байна. Дурангийн шинжилгээнд орохоос айдаг хүмүүст сайхан боломж юм. Үүнээс гадна 0,35 секундийн эргэлтэд 128 зүслэг хийх хүчин чадалтай ба хүний биеийн 0,5-2 мм зай бүхий маш нарийн дүрслэлийг буулгаж эд хоорондын нягтын ялгааг нарийн тодорхойлж чадах компьютерт томографын аппарат. Энэ аппарат Монгол Улсын хэмжээнд хоёрхон ширхэг байдаг байна. Иргэдэд оношийг хальс болон СD хэлбэрээр өгөхөөс гадна эмнэлгийн санд 10 жил хадгалагддаг байна. Энэ мэтчилэн дурдаад барамгүй олон тоног төхөөрөмж бий. Эмнэлэг 2018 онд Австри улсын долоон сая еврогийн төсөл хэрэгжээд, уг төслийн хүрээнд бүх шинжилгээ оношилгооны багаж тоног төхөөрөмжүүд 100 хувь шинэчилсэн байна.

АЖИЛ БОЛ ХҮНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР

Эмнэлэг эмч нарынхаа ажиллах ая тухыг хангахад ихээхэн анхаарч ажилладаг. Цаг наргүй ажилладаг тэдний хувьд ажлын байр нь тохь тухтай байвал ачаалал даах, ажлын байрны стрессээс бага ч болов ангижрах боломжтой. Мөн ажлын байрны эерэг, идэвхтэй хандлагыг төрүүлэхийн тулд тасаг бүр ажилчдынхаа дунд аян зарладаг.  Саяхан Уламжлалын тасгаас зарласан “Гараа зөв угаах” аяныг хийж гүйцэтгээгүй Захиргааны албанд шийтгэл ноогдуулсан байна. Шийтгэл нь гэхдээ тун сонирхолтой. Захиргааны албанд ажилладаг нэг  бүсгүй сувилагч болох сонирхолтой гэнэ. Тиймээс үйлчлэгч бүсгүйг сувилахуйн сургуульд суралцах эрхээр "шийтгэжээ".

ХООЛ БОЛ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГ ХЭСЭГ

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн ахлах тогооч, технологич Ц.Цэрэнбат хэвтэн эмчлүүлэгчдийг зөв зохистой, эрүүл илчлэгтэй хоолоор хангах үүргийг хүлээдэг. Дэлхийн нийтэд тархсан цар тахлаас үүдэлтэйгээр болон Олон улсын эмнэлгийн стандартад нийцүүлэн хэвтэн эмчлүүлэгч тасагтаа хоол идэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа юм. Хойшдоо ч гэсэн энэ зарчмаар ажиллана. Тиймээс анх тасаг байгуулагдах бүрт хооллох өрөөг тусгайлсан бэлдсэн аж. Эмнэлгийн гал тогоо хоёр ээлжээр өдрийн зургаан удаагийн хоол, цайгаар хэвтэн эмчлүүлэгчдэдээ үйлчилж байна. Иргэдийн хоолны эргэлтийг хориглосноос хойш порцоо нэг дахин нэмсэн аж. Хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг бүрт тохирсон эрүүл хоолоор хангах хариуцлагатай үүргийг гал зуухныхан хүлээдэг.

ЭРҮҮЛ ИРГЭН ЭХ ОРНЫ ШАВХАГДАШГҮЙ КАПИТАЛ

Эрүүл мэнд гэдэг бол гэр бүлийн аз жаргал, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр иргэн бүр эрүүл байж улс эх орны хөгжил илүү хурдацтай хөгжих нь тодорхой. Эрүүл иргэн бол улс эх орны шавхагдашгүй капитал яах аргагүй мөн юм. Иргэдээ өвдсөнийх нь дараа нь эмнэн эмчилдэг, иргэд ч гэсэн эрүүл мэндийнхээ дийлэнх хувийг алдсаныхаа дараа эмнэлгийн хаалга татдаг уламжлал одоог хүртэл арилаагүй байна. Хүнд суурь боловсрол нэн чухал хэрэгтэй байдаг шиг эрүүл мэндийн боловсрол нэн тэргүүнд тавигдах учиртай. Эрүүл мэндийн боловсролд дадсан хүн  өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Тухайлбал, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж хэвших нь өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ хамгаалж байгаа хэлбэр юм шүү. Монгол Улсад ийм дадал суусан хүн ховорхон. Тэр дундаа тусгай чиг үүрэгтэй төрийн алба хаагчдад ажлаа хойш тавиад эмнэлэг, эрүүл мэнд гээд яваад байх боломж хомс. Нэг бүрэн шинжилгээ, эмчилгээнд хамрагдахад долоо хоног зарцуулдаг. Энэ ч өөрт нь хүндрэлтэй санагддаг учир хойш тавьдаг. Нөгөө талдаа эрүүл мэндийн системийн алдаа юм. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Монгол Улсын хэмжээнд анх удаа “Эрүүл мэндийг дэмжих” төвийг байгуулсан. Уг төвийг Такамацү Норд Ротари клуб, “Нарлаг Улаанбаатар ротари клуб” ТББ-ын 80 мянган ам.долларын санхүүжилтээр 2018 оны есдүгээр сард байгуулжээ. “Эрүүл мэндийг дэмжих” төв байгуулагдсанаар Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, зан үйлийн цогц үнэлгээ хийж тэдний хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанартай уялдуулан судлах шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлжээ. Тус төв нээгдсэнээр төрийн тусгай албан хаагчид бодисын солилцооны хам шинж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, бөөр, хоол боловсруулах замын өвчин, тамхи архины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомстол, стресс болон халдварын бус гаралтай харшлаас урьдчилан сэргийлэх, хянах, бие бялдар эрүүл мэндийн цогц үнэлгээ эмчилгээнд хамрагдах боломжтой юм. Энэхүү цогц үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж нэн чухал. Энд сонсгол шалгадаг аппаратыг 2019 оноос эхэлж ашиглалтад оруулсан бөгөөд одоогоор 1000 гаруй иргэдэд үйлчилсэн байна. Мөн спирометрийн төхөөрөмжөөр уушгины архаг бөглөрөлт, астма зэрэг уушигтай холбоотой өвчнүүдийг аппаратаар илрүүлэх болон ясны сийрэгжилтийг хэмжих аппарат бий. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн дотор, гадар өөх тос, булчингийн масс, усны эзлэх хувь, таргалалтын зэрэг, биологийн нас зэргийг энд тодорхойлно. Иргэдийн хувьд стандарт биетэй боловч дотор өөхлөлттэй эсхүл булчингийн массны алдагдалтай зэрэг биеийн найрлагадах тэнцвэрт байдлын алдагдал илэрч таргалалт илрэх нь элбэг байна. Үүнээс үүдэлтэй солилцооны эмгэг өвчний эрсдэл бий болно. Бодисын солилцооны хам шинж алдагдсанаар халдварт бус өвчин буюу зүрх судас, хорт хавдар, XXI  зууны тахал болох чихрийн шижин өвчний суурь нь болдог. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар дээрх өвчний хүндрэлээс сэргийлэх их үүсвэр болдгийг “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн эмч дэслэгч Б.Буянжаргал санууллаа. Тус аппаратад орсны дараа хоол зүйч зөвлөгөө өгч хоолоор илүүдэл жингээсээ салах биеийн найрлагадах тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой юм. 2020 оны нэг сараас эхлэн  “Эрүүл хилчин” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд он гарснаас хойш Хилийн 0288, 0208,  0224 дүгээр тусгай салбар,0164 дүгээр ангийн хилчид хамрагджээ.  Эмнэлгийн зүгээс хилийн ангиудтай удирдлагын түвшинд хамтран ажиллаж бие бүрэлдэхүүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа аж. Удирдлагын түвшин гэдэг нь онцлогтой. Учир нь үзлэгт хамрагдсан алба хаагч үзлэгийн дараа өдрийн болон хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай хагалгаанд орох  заалттай өвчтөн байвал эмнэлгээс албан ёсоор мэдэгдэж ажлыг нь зохицуулж өгөх хүсэлтийг илгээдэг байна. Ингэснээр алба хаагчийн хувьд ч цаг алдалгүй эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Энд бас нэгэн онцлох зүйл бол эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, эмч нарт үйлчлэх Сэтгэлзүйн төв юм. Төрийн тусгай чиг үүрэгтэй алба хаагчдын алба үүрэг энгийн иргэдээс онцлог зүйлүүд олон. Тангараг өргөсөн цагаас эхэлж өөрийн эрх хязгаарлагдаж энгийн иргэн шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгэлзүйн байдлаа нээлттэй хэлэх боломж нь үгүй болдог. Мөн нийгмийн стресс, бурангуй гэсэн бүхэнтэй харилцаж байдаг алба олон бий. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах ёстой төв бол сэтгэлзүйн засал юм. Төвд сэтгэлзүйч, дэслэгч С.Хулан ажиллана. Тэрбээр албаны онцлогт холбоотой тэр бүр ам нээн ярьдаггүй алба хаагчдадаа “Арт терапи” буюу урлагийн сэтгэл заслаар эмчилгээ хийж байна. Нэг үгээр хэлбэл зурсан зургаар нь сэтгэлзүйн байдалд дүгнэлт хийх, урлагаар сэтгэл заслыг нь эмнэх арга юм. Сэтгэлзүйн төвд нэг үйлчлүүлэгч дунджаар цаг гаруй хугацааг өнгөрүүлдэг байна. Мэдээж энэ өрөөний нууцын зэрэглэл дээд цэгт бий. Энэ мэтчилэн  нэг давхрыг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд зориулжээ. Иргэд шинжилгээгээ өгсний дараа маргааш  нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлдгээрээ бас нэг давуу тал. 

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн дэргэд БНСУ-ын Кошин их сургуулийн эмнэлэгтэй хамтран энэ төв дээрээ Телемедициний төв буюу алсын зайн оношилгооны хэсгийг 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Энэ бүх хөрөнгө оруулалтыг эмнэлгийн удирдлагуудын бодлого шийдвэр хамтын ажиллагааны элрэл юм. Тэд засгийн газрын гарыг харж суух биш олон улсын хамтын ажиллагаа өргөжүүлж, гадагшаа чигэлсэн бодлогын үндэс суурь ч гэж хэлж болно. Телемедициний төв нь онош тодрохгүй эсвэл эргэлзээтэй байгаа оношийг БНСУ-ын Кошин их сургуулийн эмнэлэг рүү илгээж эмч нарын хуралд оруулдаг байна. Онош тодорхой болоод Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай бол жуулчиж өгөх гэх мэт боломжийг энэ төв өгч байгаа юм.