ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ХИЛЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
  • 15:48
  • 2135
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар өнөөдөр Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай уулзалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар өнөөдөр Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хил хамгаалах байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Цолмонбаяр нар оролцсон юм. 

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар ХХЕГ-ын байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр нийт бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах нэр төртэй бөгөөд хүнд, хэцүү албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа та бүхний амрыг эрье. Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил хурдацтай явагдаж байгаатай холбоотойгоор улсын хил дамнан гэмт хэрэг үйлдэгдэхдээ зохион байгуулалтын хэлбэрт шилжин орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглаж байгаа нь өнөөгийн улсын хил хамгаалалтын арга тактик, ашиглагдаж байгаа техник хэрэгслийг илүү сайжруулах зайлшгүй шаардлага бий болсныг харуулж байна. Цаашид Хил хамгаалах байгууллагыг бэхжүүлэх замаар хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэн, хил хамгаалалтын арга тактикийг боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Хилийн инженерийн байгууламжийг төрийн болон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бүхэлд нь барьж байгуулах, сайжруулах талаар онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.