"ХИЛЧИН" СПОРТ ХОРООГООР ОВОГЛОСОН ЭХНИЙ ЖИЛЭЭ ТАСРААД БАЙСАН АМЖИЛТАА АХИУЛСАН
  • 12:54
  • 2366
Ахлагч О.БАЯРМАА Хилийн 0208 дугаар тусгай салбар (Хилчин спорт хороо)-ын тамирчин, сувилагч Б.Сүрэнжаргал улсын наадмын сурын харваанд товх харваж IV байр эзлэн спортын мастерийн болзол хангасан. Түүний амжилтаас болон энэ жилийн улсын баяр наадмын сурын харвааны дэвжээний сонин сайхнаас хуваалцлаа.

Блиц анкет

Овог, нэр: Батхуяг Сүрэнжаргал,

Төрсөн газар:  Өмнөговь, Номгон сум

Мэргэжил: Уламжлалтын сувилагч

Хичээллэдэг спорт: 2010-1016 онд чөлөөт бөхөөр хичээллэж байсан

Хэлэх дуртай үг: "Зоригийг дагаж хийморь"

Гаргасан амжилт: 

2014 онд спортын дэд мастер

2015 онд холимог багийн хүрэл  

2016 оны эмэгтэйчүүдийн багийн алт, хүрэл 

2017 онд холимог багийн мөнгө 

2019 онд эмэгтэйчүүдийн мөнгө 

 2020 онд Улсын их баяр наадмын IV байр спортын мастер

-Улсын баяр наадамд сурын харваанд товх харваж IV байр эзлэн спортын мастерийн болзол хангасанд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ жилийн алтан шар зурхай ээл ивээлээ өгсөн сайхан наадам болж өнгөрлөө. Би 2007 оноос буюу 13 настайгаасаа сурын харваагаар хичээллэж эхэлсэн. Хүүхэд байхын шөрмөслөг охин байсан учир эмээ минь энэ спортоор хичээллүүлсэн юм билээ. Анх хичээллэж байхад эвэр нум ховор байсан тул улсын наадамд оролцож чаддаггүй байлаа. 2010 онд өөрийн гэсэн эвэр нумтай болж улсын наадамд анх хүүхдийн төрөлд орж байсан. 2012 оны улсын наадамд насанд хүрэгчдийн ангилалд орж эхлээд 2014 онд спортын дэд мастер болсон. Үүнээс хойш зургаан жилийн дараа спортын мастер боллоо.

-Тус спортын онцлог юу вэ?

- Хүн харахад гарын бяд, харааны ур шаарддаг спорт юм шиг атлаа  сэтгэл зүй, оюун бас тэвчээр шаарддаг спорт. Тамирчин хүн тархиндаа өөрөө өөртэйгөө шатар нүүж тоглодог. Ер нь хүч чадлаас гадна маш их ухаан зардаг. Миний хувьд чадахгүй юм байна гэж халгах байсан үе олон. Гэхдээ хаяж чадахгүй байсан. Тамирчдад бэлтгэл орох үе гэж байдаг. Бас алтан шар зурхай ивээлээ хайрладаг жил ч гэж бий. Хүмүүс сурын харвааг сайн мэддэггүй байх. Гэтэл жил бүрийн баяр наадмаар сурын харваанд 1000-2000 орчим харваач өрсөлддөг. Тэр дундаас шигшигдэж гарч ирнэ гэдэг хэцүү.

-Товх харвааны талаар тайлбарлаж өгөөч?

-Товх харваа гэдэг хайнаа хагалахтай адил. Харваач 40 онооноос 37 оноо авч нэгдүгээр байр эзэллээ гэж бодоход 36 оноотой зургаан тамирчин байвал товх харвадаг. Зургаан тамирчин эхлээд 60 м зайнаас харваад оносон нь хойшоо нэг ухарч оноогүй нь хасагддаг. Оноод байх юм бол ухраад байна гэсэн үг. Би энэ жил дөрвөн удаа ухарч алхсан. Улсын наадамд эхний гурван байр цолтой, хоёр байр нь шагналт байдаг. Энэ жил улсын мэргэн болоход багахан дутлаа. Хүмүүс улсын их баяр наадмын 100 жилийн ойд мэргэн цолоо хадгалж үлдээлээ гэж надад урам хайрласан.

-Энэ жилийн бэлтгэл сургуулилтаа хаана хангасан бэ?

-Эмчилгээний биеийн тамирын сувилагч мэргэжлээр Өвөрмонголын өөртөө засах оронд суралцаж төгссөн. Хилийн 0164 дүгээр ангид 2019 онд сувилагчаар ажилд орж, энэ оны гуравдугаар сараас эхлэн Хилийн 0208 дугаар тусгай салбар (Хилчин спорт хороо)-т ерөнхий мэргэжлийн сувилагчаар ажиллаж байна. Энэ жил Монгол Улсын даян мэргэн Б.Ёндон дасгалжуулагчийн удирдлаган дор 10 хоног наадмын бэлтгэлд гарсан. “Хилчин” спорт хороонд ажилд ороод удаагүй байхдаа МУГТ, хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн нэвтрүүлгийг үзсэн юм. “Би хилчин болсондоо баярладаг. Хилчдийн аз хийморь гэж бий. Хилчин болсон жилээ дэлхийн аварга болсон” гэсэн ярилцлагыг нь сонсоод энэ жилийн наадмын өнгө сайхан байх нь гэж дотроо их бэлгэшээсэн. Ингээд хилчнээр овоглосон эхний жилээ тасраад байсан амжилтаа ахиулж чадлаа. Тамирчдын алдар гавьяа, бахархлын энерги гэж байдаг шүү дээ. “Хилчин” спорт хороо их онцлогтой. Тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг дэмжиж ажилладаг. Сурын харваагаар хичээллэж байгаа тамирчдын хувьд энэ спортоор дагнан амьдралаа авч явна гэдэг бэрхшээлтэй. Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж нум, сумаа мэдэрнэ гэдэг ч хэцүү. Энэ сайхан амжилтыг гаргахад бэлтгэл сургуулилалтыг хангаж өгсөн Хилийн 0208 дугаар тусгай салбарын хамт олон, дасгалжуулагч Монгол Улсын даян мэргэн Б.Ёндон, гэр бүл, найз нөхөд, намайг дэмжсэн бүх хүмүүст баярлаж талархснаа илэрхийлье.

-Энэ жилийн Улсын их баяр наадамд “Хилчин” спорт хорооноос хэдэн тамирчин оролцсон бэ?

-“Хилчин” спорт хорооны “Есүйхэй мэргэн” сурын клубээс 23 тамирчин оролцсоноос залуу харваач Мэндбаяр, Эрдэнэбаатар бид гурав спортын мастерийн болзол хангасан. Мэндбаярын хувьд арван жил хичээллэж, 32 онож спортын мастер болсон. Сэтгэл догдлуулсан сайхан наадам боллоо.

-Үндэсний сурын аль харваагаар дагнан харваж байна?

-Үндэсний сурын харваа дотроо халх, урианхай, буриад гэсэн төрөлд хуваагддаг. Халх харваа нь их сурын харвааг хэлж байгаа юм. Миний хувьд халх харваагаар дагнан  хичээллэдэг.

-Сурын харваагаар хичээллэснээр хүүхэд залуус ямар төлөвшлийг олж авах боломжтой вэ?

-Тэсвэр тэвчээр, хүмүүжил, төлөвшил, өөрөө өөрийгөө удирдаж сурах ухаанд суралцдаг. Өдөржин наранд, бороотой, цастай гээд байгалийн ямар ч үзэгдэлд хэдэн цагаар зогсно гэдэг маш их тэвчээр шаарддаг. Би маш их шартай, амархан уйлдаг хүүхэд байсан. Энэ хүүхэд онож байхад би яагаад онохгүй байна гээд л шарлахдаг, нүднийхээ нулимсыг арчаад л үзээд байдаг хүүхэд байлаа. Гэтэл энэ спорт хүнтэй шаралхаж өрсөлдөх биш өөрөө өөртэйгөө өрсөлддөг спорт юм гэдгийг ойлгосон. Тэр тэдэн оноо авчихлаа би тэдийг авна гэж тэмцэлдвэл хэзээ ч амжилт үзүүлэхгүй. Одоо надад тийм зан чанар байхгүй.

-Энэ спортоор хэдэн наснаас хичээллэж эхлэх нь зөв бол?

-Хүүхэд арван наснаас дээш хичээллэвэл зүгээр. Гэхдээ энэ спортод насны хязгаар гэж байхгүй.  Гуч гарсан хойноо хоёрхон жил хичээллээд мэргэн болсон хүн байна. Жаран настайдаа спортын мастер ч болж болдог. Таны оюун ухаан, тэсвэр тэвчээр, сэтгэл зүй энэ спортод хүч үзэж чадаж л байвал хэдэн насанд ч хичээллэсэн болно.