Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
-Анх Хилийн цэрэгт хэрхэн хөл тавьж байв?
-Хилийн 0101 дүгээр ангид хөгжмийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахад 1993 онд 16 настай орж байлаа. Дорж багшийн анхны шавь нарын нэг. Үүнээс хойш тасралтгүй ажилласаар ирсэн. Ангийн байрны хүрэлцээ тааруугаас үүдэж манай хөгжмийнхөн хилийн 0243 дугаар анги руу шилжсэн юм. Миний бие одоо хилийн 0243 дугаар ангийн СМССА-ны хөгжимчнөөр ажилладаг. Тус ангид 19 жил ажиллаж байна.
-Ам бүл хэдүүлээ вэ?
-Манай гэр бүлийн хүн ажилгүй, группэд байдаг. Бид ханилаад 25 жил болж байна. Хүүхэд байхаасаа хоёр биеэ таньдаг байсан. Цэргээс халагдаж ирээд гэр бүлийн амьдрал зохиосон. Таван хүү, нэг охинтой ам бүл наймуулаа амьдардаг. Том хүү энэ жил 23 нас хүрч байна. Охин энэ жил оюутан болж байгаа. Бага хүү харин зургаан настай.
-Хотод хүүхдүүд нь ажиллаж, амьдардаг уу?
-Үгүй. Энэ жил ганц охин минь оюутан болж байгаа учраас сургалтын төлбөр, амьдрах газар гээд олон асуудал үүсэж байтал Хил хамгаалах байгууллагаас хоёр өрөө байр өгөхөөр болсон сайхан мэдээг хүлээж авсан.
-Баяр хүргэе. Анх энэ сайхан мэдээг хэрхэн хүлээж авав?
-Өө бөөн баяр. Нүдний нулимс өөрийн эрхгүй урсах гээд байгаа юм чинь. Жижүүртэй байтал та шалгуурт тэнцсэн байна шүү гэсэн. Хурдхан л жижүүрээс бууж эхнэртээ энэ сайхан баяртай мэдээг дуулгахсан гэж яарсан. Манай хүн ямар сайхан юм бэ гэж их баярласан. Эхлээд ч юу болоод байгаа, хэдэн өрөө, хэдэн квадрат метр байр гэдгийг мэдэхгүй болохоор нэг өрөө байр гэж ханьдаа хэлсэн. Баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь хоёр өрөө байр гэсэн чинь бүр их баярласан. Би их азтай хүн. Хамт олны минь буян гэж боддог. Хил хамгаалах байгууллагадаа өөрийн чадах өчүүхэн хувь нэмрийг тасралтгүй оруулан ажилласны ач гэж бодож байна.
-Ямар шалгуураар таныг сонгосон юм бол?
-Хил хамгаалах байгууллагаас алба хаагчдаа орон сууцжуулах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч байгаа. Амгаланд баригдаж байгаа 46 м2 хоёр өрөө байр юм билээ. Саяхан Улаанбаатар орж гэрээгээ байгуулаад ирсэн. Энэ оны сүүлчээр ашиглалтад орно гэсэн. Ангийн Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Т.Алтанхундага шалгуур нөхцлийг анх надад танилцуулсан юм. Улмаар судалгаанд оролцсон. Манай гэр бүлийн хүн группэд, олон хүүхэдтэй, нэг хүний цалингаар амьдралаа тэжээдэг нь нөлөөлсөн болов уу.
-Уучлаарай, гэр бүлийн хүний биеийн байдал ямар байна вэ?
-Манай хүн 100 хүн тутамд нэг, хоёрхон тусдаг өвчнөөр өвдсөн. Хүнд өвчин. Сард 500 орчим мянган төгрөгний эм тариа зарцуулдаг. Биеийн байдал нь ойрд дээрдсэн. Нэг хэсэг жаахан дордсон. Анги хамт олны дэмжлэг туслалцаатайгаар өдийг хүртэл дажгүй байгаа.
-Ханиа хүнд өвчнөөр өвчилснийг мэдээд хэр удаж байна вэ?
-Анх 2002 онд өвдгөндөө бэртэл авчихаад хагалгаанд орсон юм. Нэг талын хөл нь үеэрээ нугалардаггүй. Саяхнаас нэг талын хөл ажиллагаагүй болсон уу нөгөө хөлөнд давхар асуудал үүссэн.
-Таны нуруун дээр багагүй ачаалал ирдэг болов уу?
-Хүүхдүүд томрох тусад орох сайхан юм. Нэг хэсэг эхнэр аваарт орсны дараахан гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан үе бий. Хэдэн хүүхдүүддээ хоол цайг нь хийж, ус түлээгээ зөөхөөс эхлээд ажил мунддаггүй байсан. Гэхдээ олон хүүхэдтэй гэж би түүртэж байгаагүй. Олон хүүхэдтэй байх сайхан шүү дээ. Бид эхээс 11-үүлээ бужигнаж өссөн. Олуулаа өсөхийн жаргал гэдэг сайхан.
-Та хилийн салбарт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр ирээд сар болж байгаа гэсэн шүү дээ. Таныг энэ мэт ажилтай үед эхнэрийг чинь хэн асарч халамжилдаг юм бэ?
-Манай хүүхдүүд, охин минь асардаг. Хүүхдүүд их нэмэр болдог болсон.
-Бараг 20 орчим жил өвчинтэй тэмцэж байгаа юм байна. Ер нь өвчингүй байна гэдэг жаргал шүү?
-Гэр бүлд өвчтэй хүн байна гэдэг хэцүү. Хүн удаан хэвтэрт байхаар шагай нь хүртэл цоорчихдог юм билээ. Анх мэдэхгүй зөөлөн дэвсгэр дээр л хэвтүүлбэл аятай гэж бодоод аль болох юм ивж давхарладаг байлаа. Ханийгаа өвдөхийг нь харахаар гол зураад л явчихдаг юм. Өмнөөс нь өвдчихсөн гэж бодогддог. Эхнэрийгээ хагалгаанд оруулчихаад хагалгаа нь амжилттай боллоо гэхэд маш сэтгэл өндөр байсан. Миний хань таяг тулаад гараад ирэхэд нь их баярлаж билээ. Бидэнд сайхан дурсамж олон бий.
-Ажил мэргэжилдээ хэрхэн эзэн нь болж ажиллахыг хичээдэг вэ?
-Хөгжимчнөөр тууштай ажиллаж явна. Нэг зүйлд тууштай зүтгэвэл амжилтад хүрнэ гэдэг үнэн юм байна гэж дотроо баярладаг.
-Олон мянган хилчид бүгд л сайн сайхан амьдрахын төлөө зорин ажиллаж байна. Тэгэхээр таныг азтай гэдэгтэй би ч санал нийлж байна. Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье?
-Баярласан сэтгэлээ ахин дахин илэрхийлмээр байна. Ангийн удирдлага, хамт олон, Хил хамгаалах байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье. Ялангуяа ангийн хамт олондоо талархахгүй байхын аргагүй. Гэр бүлийнхээ өмнөөс ахин дахин баярлалаа гэж хэлье.
Энэ ярианы дараа тэрбээр, “Сэтгэл сайхан онгойчихлоо” гэж цээжний гүнээс хэлнэ билээ. Бас баярын нулимс үе үе цэлэлзэн байсан юм.
Ийнхүү улсын хил хамгаалалтад хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа мянга мянган хилчдийн төлөөлөл засгийн газар, яам агентлаг, Хил хамгаалах байгууллага, ангийн удирдлагын оновчтой бодлого, шийдвэрийн үр дүнд орон сууцтай болсоор байна.