ДЭСЛЭГЧ Т.ОЧИРСҮРЭН: БАТЛАН ХАМГААЛАХЫН ЧИГЛЭЛЭЭР БЭЛТГЭГДСЭН АНХНЫ ГУРВАН ТӨГСӨГЧИЙН НЭГ
  • 10:19
  • 13711
Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахдаа сургуулиа төгсөн Хилийн 0243 болон 0101 дүгээр ангиудад томилогдон ажлын гараагаа эхэлж байгаа шинэхэн офицерын төлөөлөлтэй ярилцлаа. Хил хамгаалах байгууллага ямар залуу боловсон хүчнээр хүч сэлбэж буйг, тэд юунд зорьж ажиллахыг сонирхсон юм.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Юуны өмнө ОХУ-д зургаан жил амжилттай суралцан төгсөж ирсэнд баяр хүргэе? 

-Баярлалаа. ОХУ-ын Омск хотын Санкт Петербургийн харьяа маршал Курулевийн нэрэмжит сургуулийг танк болон авто техникийн хангалтын инженер мэргэжлээр төгслөө. Үндсэн мэргэжил автын инженер. Тус сургуульд зургаан жил суралцсан. Би Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрж, өссөн. Арван жилийн сургуулиа Япон улсад төгссөн. 

-Японд суралцсан жилүүд хэрхэн өнгөрөв. Бага байсан учраас гэрээсээ хол бие даан суралцах амаргүй байсан болов уу?

-Хийе гэснээ л хийдэг эрх дураараа өссөн жаахан хүүд Япон улсын хатуу соёл эхлээд амаргүй байсан. Хагас цэрэгжилтийн байдалтай суралцдаг байлаа. Арван жилийн сурагчид янз бүрийн клубэд хамрагддаг. Би жүдогийн клубыг сонгосон. Хэрвээ жүдогоор хичээллэвэл манай сургууль төлбөрийн тавин хувийг хөнгөлдөг байсан юм. Манай клуб бүр ч хатуу жаягтай байсан. Суралцаж байгаад Монголдоо эргэн ирж ерөнхий боловсролын сургуульд суралцсан. Ингээд 2007 онд “Өдрийн сонин” дээрээс Японы нисэхийн академид хүүхэд элсүүлэн суралцуулна гэсэн зарыг олж уншсан юм. “Зориг” сангийн зуучилснаар шалгалт өгч тэнцэн, дахин Японд бараг зургаан жил суралцсан. Ер нь Японд суралцах хугацаандаа их хатуужсан.  

-Сургалтын арга барил хатуу чанга ч суралцах хүсэл тэмүүлэл их байсан учраас даваад гарсан уу?

-Тэгсэн. Сургуулиа төгсөх жил Монголын Иргэний агаарын тээвэр манай сургуультай гэрээ байгуулсан юм. Японы Токио, Осакагийн чиглэлд нислэг үйлдэхэд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай болсон юм билээ. Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудал баригдах гэж байгаа талаар тэр үед яригдаж байлаа. Ингээд үргэлжлүүлэн суралцаж 2013 онд онгоцны үйлчлэгчээр төгсөөд эх орондоо иртэл Хөшигтийн хөндий ч баригдаагүй байсан. Энэ салбар Монголд хараахан хөгжих болоогүй юм байна гэж бодон хувиараа ажиллаж эхэлсэн. 

-Нисэхийн чиглэлийг залуус ихэд сонирхдог шүү дээ. Яагаад сурсан чиглэлээ орхисон юм бэ? 

-Надад боломж тэр үед байсан. Гэхдээ тухайн үед МИАТ-ийг чамлах шалтгаан байлаа. Гадны улсад олон жил суралцдаг онол практик хосолсон сургалтыг Монголд ердөө хэдхэн сарын дамжаагаар дүүргэж байсан нь чамлалттай санагдсан. 

-Төгссөн мэргэжлээрээ ажиллахгүй гэж шийдээд ахиад суралцсан уу? 

-Гэрэлтүүлгийн компанид ажилласан. 2013 онд “Чингис хааны лед шоу” зохион байгуулалттай төсөлд менежер, маркетингийн чиглэлээр ажиллаж байлаа. АНУ-ын тэтгэлгээр нисэхийн чиглэлээр магистр эсвэл хуулийн чиглэлээр бакалаврын сургалтад суралцахаар зорьж хөөцөлдөж эхэлсэн. Банкин дээр бүх материалаа бүрдүүлээд очлоо. Гэтэл цэргийн алба хаагаагүй гэдэг хаалт гарч ирсэн. Тогтсон ажилд ороогүй завтай явсан учраас цэргийн алба хаахыг хүссэн. 

-Ингээд цэргийн албыг хаажээ? 

-Тэгсэн. Хилийн 0306 дугаар ангид хуваарилагдсан. Ангийн штабын даргаар тэр үед хурандаа А.Ууганбилэг ажиллаж байлаа. Мундаг хурандаагийн цэрэг болж ихийг сурсан. Алба хааж байхдаа ангийн офицеруудад англи хэл заадаг байлаа. Тэр үед миний Орост суралцах үүд хаалга нээгдэж байсныг би тухайн үед мэдээгүй. 

-Таны төгссөн мэргэжлийг сонсоход батлан хамгаалах чиглэлээр бэлтгэгдсэн юмаа даа?

-Авто техник, танкын хангалтын сургууль л даа. Хошууч генерал Ш.Лхачинжав ХХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн санаачилгаар 2013, 2014 онд Хил хамгаалах байгууллагаас тодорхой хэмжээний суралцагчдыг батлан хамгаалах чиглэлээр суралцуулах бодлого барьсан юм билээ. 

-Энэ чиглэлээр Хилийн цэргээс нийт хэдэн хүн суралцаж төгссөн бэ?

-Хилийн цэргээс танк болон автын чиглэлээр хоёр хүн төгссөн. Өнгөрсөн жил автын чиглэлээр төгссөн офицер хилийн 0306 дугаар ангид ажиллаж байна. Надтай хамт төгссөн залуу хилийн 0277 дугаар ангид томилогдсон. Анхны гурван хилчин нь бид. 

-ОХУ-д суралцсан зургаан жил хэрхэн өнгөрөв?

-Зургаан жил цэргийн амьдралаар амьдарч, суралцаад ирлээ. Эхний жил хэцүү байсан. Орос хэл сайн мэдэхгүй учраас амаргүй байсан. Англи, хятад, япон хэл сурахад тийм ч хэцүү биш. Харин орос хэлний бүтэц тэс өөр. 

-Та хэдэн хэлээр ярьж чаддаг вэ? 

-Англи хэлийг орчинд нь жил хагас сурсан. Зуны сургалтуудад хамрагдахын зэрэгцээ Монголд ирсэн аялагчидтай хамт явж хэлний мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлздэг байсан. Хятад хэлийг багадаа сурсан. Орос хэлийг мэргэжлийн тал руу нь сайн сурсан. Хятад, англи хэлийг мэргэжлийн талаас нь биш ч өөрийнхөө түвшинд судалсан. Харин япон хэлний нэгдүгээр зэрэгтэй. 

-Өөрийн чинь яриаг сонсоход багаасаа биеэ дайчлан хөгжүүлжээ. Гэрийнхэн нь хүүгийнхээ сурах хөгжих чиглэлд их нөлөөлөв үү?

-Амьдралд намайг хөтөлсөн хүн бол яах аргагүй миний өвөө. Хар багаас суурийг минь сайн тавьж өгсөн ачтан. Миний өвөөг Монгол Улсын гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ гэдэг. Би өвөө эмээгийн хүү л дээ.   

-Хил хамгаалах байгууллагын хүний нөөц шинэхэн мэдлэгтэй боловсон хүчнээр сэлбэгдэж байгаад баяртай байна. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье?

-Танд баярлалаа. Сонсогч байхдаа дадлагаа Хилийн 0164, 0252 дугаар ангиудад хийж байсан. Мэргэжлийн чиглэлийн дагуу хуваарилагдах болов уу гэтэл шалганы ангид томилогдлоо. Цэргийн хүн тушаалаар учраас мэдэхгүй гэхээс илүүтэйгээр урагш алхах шинэ зам гэж харж байна. Магадгүй миний хэлний чадварыг харгалзан шалганы ангид хуваарилсан болов уу. Цаашид өөрийн сурсан мэдлэгээ батжуулж, байгууллагадаа хувь нэмрээ оруулан хичээж ажиллана.