ХИЛЧИН ХҮҮДЭЭ
  • 10:52
  • 2251
Захидал ирлээ

Сайн байна уу миний хүү. Албаа сайн хааж байна уу? Аав, ээж, дүү нар нь бүгд сайн байгаа. Цэргийн албанаас халагдах хоног хугацаа тун ойрхон иржээ. Тиймээс гэрээ санаж, албандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй хилээ сайн хамгаалаарай. Цэргээс халагдсан тэр цаг мөчөөс ахин хилийн салбартаа эргэн очихгүй шүү дээ. Одоо байгаа цаг хугацаагаа хайрлаж, дарга нарынхаа өгсөн үүргийг сайн биелүүлж, нөхөдтэйгээ эвтэй байгаарай. Цэргийн алба гэдэг эр хүнд нэгэн насны дурсамжийг үлдээж байдаг учир миний хүү эргэн санахад сэтгэл догдлуулж, басхүү өөрөөрөө бахархах гайхалтай дурсамжийг бүтээгээрэй. Аав нь хүүгээ цэргийн албаа нэр төртэй хааж байгаад баярлаж бахархдаг. Халагдаад ирэхэд нь ах дүү, найз нөхөд нь мундаг гэж магтан сайшаана гэдэгт итгэлтэй байна. Цаашид баяр хөөр, зовлон гуниг сүлэлдэх хүний орчлонд нугарч бөхийхөөргүй, бас бардамнаж онгирохооргүй эр хүн болж төлөвшөөрэй. Энэхүү төлөвшлийг цэргийн алба олгодог юм шүү. Аав нь зун очихдоо хүүгээ яг л тийм эр хүн болж байгааг анзаарч харсан. Тиймээс хүүгээрээ бахархаж байна. Хүчтэй бай. Аав нь хүүгээ анх яагаад цэрэгт явахыг зөвлөж, дэмжсэн гэдгийг миний хүү цэргээс халагдахдаа ойлгоно. Хилчин хүн гэдэг эх орны торгон хилийн тортог суугаагүй зурвасыг хамгаалж байдаг онцгой сайхан алба болохоор эр хүн өөртөө итгэлтэй болдог жамтай. Ахмад хилчид хилийн алба хүнийг амьдрах ухаан, ажил хөдөлмөрт сургадаг гэж ярьдаг. 

Хүн аливаа ажил хөдөлмөр хийж байхдаа өөрөө ч мэдэлгүй сэтгэлийн хат, ухаан сууж, хүчирхэгжиж байдаг юм шүү. Хүү минь аавтайгаа утсаар ярихдаа “Энд ажил оволзож байдаг. Тэр хэрээр амьдралд суралцаж байгаа” гэдгээ хэлэхэд хэцүү бүхнийг давах чадвартай эр хүн болж дээ гэж бахархсан. Хүний амьдралд сонсож мэдсэн, тунгааж олсон, биеэрээ туулсан гурван үнэн байдаг гэнэ билээ. Хүүгээ эх орноо хамгаалах бахархалтай албыг хаахдаа хүнд бэрхийг ажралгүй туулж байгаа гэж аав нь боддог. Туулж мэдсэн, ухаарсан бүхэн чиний бүх насны түшиг байх болно. Бусдын зовлонг ойлгодог, уужим сэтгэлтэй нэгнийг бусад нь хайрлаж, хүндэлдэг гэж аав нь бат итгэдэг болохоор хүүгээ Хилийн цэрэгт явахыг зөвлөсөн. Аав нь хүүхдүүдээ байгаагаар нь хайрладаг болохоор ирээдүйд хэн болохыг өмнөөс нь шийдэхгүй. Миний хүүгийн хийж байгаа бүхэн аав, ээжийгээ баярлуулж, дүү нартаа үлгэр дуурайлал болдог. 

Тун удахгүй хайртай хүүтэйгээ хамт кино үзэж, гэр бүлээрээ инээж суухыг тэсэн ядан хүлээж байна. Чиний өндөр өвөө Архангай аймгийн Их тамир сумын харьяат Батдоржийн Намдаг 1945 онд чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин. Мөн Халхын голын дайны ялалтын “Бид ялав” медалиар шагнуулсан эх орны эрхэм гавьяат хүү. Удам залгасан хилчин хүүдээ амжилт хүсье. Захидлынхаа төгсгөлд хүүдээ дайчин нөхөд, унасан морио ямагт хайрлаж яваарай. Зэвсэгтэй болгоомжтой харьцаж дүрэм, журмыг ягштал баримтлаарай гэж захья. Хүүдээ хайртай шүү.

Аав: ХААШУ-ны доктор (PhD) Энсада холдинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Болдсайхан

Хүү: Хилийн 0198 дугаар ангийн дэд түрүүч Б.Эрхэм