ГЭРЭЭТ ХИЛЧИН БА АЖЛЫН БАЙР
  • 10:56
  • 3458
Хил хамгаалах байгууллага гэрээт хилчин гэх өвөрмөц нэгэн албыг өлгийдөн аваад 13 дахь жилтэйгээ золгож байна. Гэрээтийн алба энэ хугацаанд өмнөх үеэсээ суралцаж, улам төгөлдөржин өнгө зүсээ засахын зэрэгцээ хэд хэдэн шалгуур, шаардлагыг амжилттай даван туулаад байгаа. Үүнээс цааш ч олон сорилт тэднийг хүлээж байгаа нь тодорхой. Хамгийн гол нь бартаа саад бүрийг амжилттай даван туулж, гэрэлт ирээдүй рүү урагшлах тэргүүн зорилт гэрээт хилчдийн өмнө бий.

Ахлагч О.БАЯРМАА

Нэг арван гэдэг бол нэг бүтэн үе. Тэгэхээр гэрээт хилчний алба нэг бүтэн үеийг туулжээ. Энэ хугацаанд дунджаар 40 мянга орчим залуус гэрээт хилчин болж, эх орныхоо хил хязгаарыг гортиглон татсан хилийн зурваст бие даан үүрэг гүйцэтгэжээ. Гэрээт хилчдээс Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд 70 гаруй, ОХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд 20 гаруй, офицерын албанд 80 гаруй, ахлагчийн албанд 700 гаруй залуус шилжсэн гэх тоон үзүүлэлт байдаг аж. 

Тун ойлгомжтойгоор өгүүлэхэд Хил хамгаалах байгууллага гэрээтийн албыг нэвтрүүлсэн энэ хугацаанд 40 мянган залуусыг түр ажлын байраар хангаж, 800 орчим залуусыг гэр бүлийн хамт байнгын бүрэлдэхүүнд оруулан, 100 орчим залуусыг дээд боловсрол эзэмшүүлж, хүний нөөцөө зузаатгасан гэсэн үг. Цаашид ч гэрээтээр овоглосон залуусыг Хил хамгаалах байгууллага эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна. 

Гэвч сүүлийн үед эх орондоо хүчээ өргөх, хязгаар нутаг улсын хил дээр өөрийн хүслээр үүрэг гүйцэтгэх залуусын тоо тодорхой хэмжээнд буурах болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар ээлжийн гэрээт хилчдийг сонгон шалгаруулах ажилд удирдлагын зүгээс бодлогоор анхаарав. 

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Хилийн ангиуд өөрийн байрлаж буй орон нутагтаа гэрээт хилчний албыг сурталчилж, бүртгэл явуулж байна. Харин гэрээт хилчний албаны талаар мэдээлэл, сурталчилгаа төдийлөн хүрдэггүй төвийн аймгийн ард иргэд, цэргийн насны залуустай энэ удаад бид тулж ажиллахаар болсон юм. Хил хамгаалах ерөнхий газрын ЦСАЗБХ-ийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын тоо бүртгэл хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээ, СМССХ-ийн мэдээлэл, сурталчилгааны офицер, дэд хурандаа Б.Нямжав нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Төв, Дундговь, Өвөрхөнгай, Архангай, Дархан-Уул, Орхон аймгийн залууст гэрээт хилчний албыг сурталчилан таниулах, алба хаах хүсэлтэй залуусыг бүртгэх зорилготойгоор ажилласан юм. Нөгөөтэйгүүр залуусын үзэл бодлыг тандах, түүвэрчилсэн судалгаа хийх, цэргийн штабуудын судалгаатай танилцах, дүн шинжилгээ хийх давхар бодлогыг өвөртлөв. Бизнесийн салбараар бол зах зээлийн судалгаа юм.  

Төрийн болон хувийн хэвшилд зах зээлийн судалгаа хамгаас чухал. Тиймээс сэтгүүлчийн хувьд очсон аймаг бүрээсээ “ажлын байрны хүртээмж ямар байгаа, цэргийн насны залуус ажлын байраар хэрхэн хангагдаж байна” гэсэн сэдвээр хариулт эрлээ. Үүнээс хоёр аймгийг жишээ болгон дурдъя.  

Өвөрхангай  аймаг 114,000 орчим хүм амтай. Хүн амын тоогоороо улсын хэмжээнд хоёрдугаарт ордог. Энд бидний хайж буй 18-29 насны 20 мянга гаруй залуус оршин суудаг. Тэдний дунд ажилгүйдлийн түвшин 6,3 хувьтай байна. Ард иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлж амьжиргаагаа залгуулдаг бол сүүлийн жилүүдэд худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал дагалдан хөгжиж байгааг орон нутгийн удирдлага хэлэв. Ажилгүйдлийн гол шалтгаан нь мэргэжил эзэмшилт, боловсролын түвшин гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Ш.Доржсүрэн онцолж байлаа. Мөн нэг шалтгааныг ажлын байрны хүртээмж муу байгаатай холбон тайлбарласан юм. Аймаг орон нутагт ажлын байрны гол цөм нь хувийн хэвшил. Гэвч үүнийг өргөжүүлэн хөгжүүлэх нь зах зээлийн хуулиар шийдэгддэг учир санасан зоргоор нэмэх боломжгүй. Мөн хөдөө орон нутагт залууст эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажлын байр тэр бүр олдоод байдаггүй гэнэ. Энэ бүхнээс дүгнэхэд дээд боловсрол эзэмшихээс илүүтэйгээр тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага орон нутаг гэлтгүй улс эх орны хэмжээнд тулгамдсан асуудал хэвээр байна. Тус аймгаас гэрээт хилчний албанд 140 залуус үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний дийлэнх нь хугацаат цэргийн албыг Хил хамгаалах байгууллагад хааж байх хугацаандаа гэрээтийн алба руу шилжин үүрэг гүйцэтгэсэн байдаг аж. Биднийг бүртгэл, сурталчилгаа явуулж байх үед 2012 онд Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчнээр улирч нэг жил алба хаагаад ар гэрийн гачигдлаар халагдсан залуу ирэв. Тэрбээр дахин гэрээт хилчин болох хүсэлтэй гэнэ. Гэвч эргэж орох учраа ололгүй өдийг хүрчээ. Энэ мэтчилэн явсан  аймгуудаас гэрээт хилчин байсан залуус дахин шалгалт өгч, гэрээтийн албанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Дундговь аймгийн хувьд орон нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй. Түүнээс үүдэлтэйгээр бэлчээрийн даац хэтэрсэн талаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн нөхцөл байдлыг танилцуулсан юм. Дундговь аймгийн хувьд газар тариалан, уул уурхайн салбар хөгжөөгүй, хүн ам, газар нутгийн хувьд улсын хэмжээнд багадаа ордог. Үүнийгээ дагаад төрийн захиргааны болон цөөн тооны айл өрхийн бизнесээс өөр ажлын байрны хангалт байдаггүй гэв. Залуус цэргээс халагдаад ирэхээр хүссэн ажлын байр нь байдаггүй учир мал дээр гардаг байна. Тус аймагт бидний хайж яваа 18-29 насны 4500 гаруй залуус байдгаас 40 гаруй хувь нь цэргээс халагдаж ирээд ажлын байраар хангагдсан бол бусад нь уламжлалт мал аж ахуй эрхэлж, идэвхтэй ажил хайгчид болон үлджээ. Өнгөрсөн жилүүдэд гэрээт хилчний албанд энэ нутгаас 90 орчим залуус элсэн оржээ. 

Дээрх хоёр жишээнээс харахад гэрээт хилчин болох насны залуус тооны хувьд хангалттай байна. Гэтэл аймаг орон нутагт тэднийг ажлын байраар хангах боломж бололцоо хомс байна уу гэвэл тийм.  Харин гэрээт хилчин болох час хийсэн залуус Хил хамгаалах байгууллагад хэрэгтэй юу гэвэл бас л тийм. Дээрх зургаан аймгаар явахад биднийг зорин ирэх, гэрээтийн албыг сонирхох залуус багагүй байгааг олж харсан юм.   

ЗАЛУУС ЮУ ХҮСЭЖ БАЙНА

Арван гурван жилийн өмнө анхны гэрээт хилчдийн эгнээнд нэгдэж байсан залуус дотоод, гадаадын их, дээд сургууль, курс дамжаанд суралцан, офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд орж Хил хамгаалах байгууллагын үндсэн бүрэлдэхүүн болжээ. 

Харин яг одоо гэрээтийн албанд үүрэг гүйцэтгэх боломжтой идэр насны  залуус 2007 онд 8-10 настай хүүхдүүд байсан. Энэ хугацаанд улс орон, нийгмийн соёлын хувьд бас нэгэн үе улиран оджээ. Улирч одсон цаг хугацаанд технологийн дэвшил хүч түрэн орж ирсэн. Тухайлбал, монголд гурван хүн тутмын хоёр нь интернэт хэрэглэгч гэх судалгаа бий. Интернэт хэрэглэгчдийн тоо долоон жилийн өмнөхтэй харьцуулахад 22 дахин, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин өссөн гэх статистик үзүүлэлт байдаг. Хурдацтай өсөн нэмэгдэж буй технологийн дэвшилтэй зэрэгцэн залуус мэдээллийг төдий чинээ хурдан авч байна гэсэн үг. Мэдээлэл гэдэг нэг бодлын дайн, бас зэвсэг юм. Нөгөө талаасаа тэд Z үеийнхэн буюу виртуал орчныхон яалт ч үгүй мөн. Тиймээс энэ үеийнхэн биднээс бас л тодорхой хэмжээний эрх чөлөө, хөрвөх хандлагыг хүсдэг болжээ. Үүний нэг тод жишээ нь “Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба” гэсэн фэйсбүүкийн пэйж хуудаснаа тавигдсан гэрээт хилчний албанд бүртгэж, мэдээлэл өгч байна гэх мэдээллийн дагуу долоо хоногийн дотор 140 хүн сэтгэгдлээр, 100 хүн цахим шуудангаар хандаж өөрийн хүссэн  мэдээллийг авсан байна.   

Гэрээт хилчний албыг сурталчлах үүргийг хүлээсэн манай бүлгийг зорин ирсэн орон нутгийн залуусын дийлэнх нь гэр бүлтэй. Тэд “Би гэр бүлээсээ хол байх уу? Гэр бүлтэйгээ хамт байж болох уу?” гэх ганц асуултыг тавьж байсан. Гэр бүлээсээ хол хоёр жил үүрэг гүйцэтгэх нь залуусын хувьд шийдэхэд хамгийн хүндрэлтэй асуудал болон үлдэж байлаа. Бүлэг ажиллах явцдаа аймгийн цэргийн штабуудтай туршлага солилцсон юм. Тэдний хувьд ч гэсэн цэргийн гэрээт албанд байлдагч, түрүүчээр элсүүлж эх орны бүтээн байгуулалтад оролцуулж байгаа. Туршлагаас харахад цэрэг халагдах үеэр залууст яриа таниулга хийж, сурталчилгаа явуулахад үр дүнтэй гэдгийг онцолж байлаа. Учир нь цэргийн албанаас дөнгөж бэлтгэлээр халагдсан залуус цэргийн амьдралын сайхныг мэдэрчихсэн бие сэтгэл зүйн хувьд дахин мөрдэс зүүхэд бэлэн байдаг аж. Нөгөө талаас тэд гэр бүл зохиогоогүй байдаг нь ихээхэн давуу тал болдог гэнэ. Цэргээс халагдаад нэг жил өнгөрөхөд энгийн амьдралын хэв маягт дасан зохицоод ирэхээр цэргийн амьдралыг эргэн сонгох сонирхол нь төдий чинээ буурдаг байна. Энэ мэтчилэн бид авах гээхийн ухаанаар олон зүйлд дүн шинжилгээ хийх цаг болжээ хэмээн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харахыг хичээлээ.  

ГЭРЭЭТ ХИЛЧИД ХИЛ ХАМГААЛАЛТАД ХЭРХЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

“Гэрээт хилчин гэрэлтэй алба” уриатай гэрээтүүд Хил хамгаалах байгууллагын үндсэн бүрэлдэхүүний нэг хэсэг болоод чамгүй хугацааг үдсэн. Энэ хугацаанд гэрээт хилчний алба үр дүнгээ үзүүлсэн, бүр баталсан. Анх тус албыг шаардлагагүй гэж үзэн үл ойшоогчид ч байсан. Удаа дараагийн үл ойлголцол, багахан эсэргүүцэлтэй тулгарч байсан талаараа гэрээтийн албаны улаан шугамыг таталцсан хүмүүс хүүрнэдэг. Тэгвэл “Гэрээт хилчид хил хамгаалалтад хэрхэн үүрэг гүйцэтгэв” гэсэн асуултад сэтгүүлчийн зүгээс дахин хариулт эрлээ. Гэрээт хилчний албанд бүрэн шилжсэн хилийн 0168 дугаар анги болон хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албанд гэрээт хилчдээр үүрэг гүйцэтгүүлж буй хилийн 0108 дугаар ангиудтай холбогдсон юм. 

Хилийн 0168 дугаар анги 2008 оноос хойш гэрээт хилчдийг улсын хил хамгаалалтад тасралтгүй үүрэг гүйцэтгүүлж байгаа. Гэрээт хилчид улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 20 хувиар өссөн байна. Тэгвэл хилийн 0108 дугаар ангийн хувьд хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны  үйл ажиллагаанд 2017 оноос гэрээт хилчдийг оролцуулж эхэлсэн байна. Улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албанд гэрээт хилчид үүрэг гүйцэтгэснээр хилийн болон хил орчмын дэглэмийн болон хилийн боомтод мөрдөх журмын зөрчлийн илрүүлэлт, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйлийн илрүүлэлт тус тус хоёр дахин нэмэгдсэн хэмээх дүнг танилцуулсан юм. Мөн сонор сэрэмж, хариуцлага алдах, дүрэм журам зөрчих зэрэг хугацаат цэргийн алба хаагчдын зонхилон гаргадаг алдаа дутагдал, сахилга, ёс зүйн зөрчил буурсан зэрэг давуу талууд гарч байгааг хоёр анги дуу нэгтэй онцолж байлаа. Учир нь гэрээт хилчний албанд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дундаас дээш боловсролтой сахилга, ёс зүйн хувьд төлөвшсөн, гэмт хэрэг, сахилгын зөрчилд холбогдож байгаагүй, ар гэрийн хувьд хүндрэлгүй, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй залуусыг сонгон шалгаруулж авахын зэрэгцээ хил дээр үүрэг гүйцэтгэнэ гэсэн сэтгэл зүйн бүрэн бэлтгэлтэй бэлтгэгдсэн алба хаагчид ирдэг. Сэтгэл зүйн хувьд илүү байна гэдэг алба, үйл ажиллагаа алдаа дутагдал багатай явагдахын нэг үндэс юм.  

Дээрх хоёр ангийн жишээнээс харахад Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хэрэгтэй юу гэвэл нэн чухал хэрэгтэй. Энэ зөвхөн байгууллагын хэмжээнд яригдаад өнгөрөх асуудал биш юм. Хил хамгаалалтын үр дүн сайн байна гэдэг улс эх орны аюулгүй байдал, эдийн засаг, цаашлаад ард иргэдийн амар амгалан аж төрөхийн гол тулгуур хүчин зүйл болдог жамтай. Гэтэл сүүлийн жилүүдэд гэрээт хилчний албыг сонирхох залуусын тоо бага багаар буураад байгаа. Харин улсын хэмжээнд цэрэгт алба хаагаад ирсэн идэвхтэй ажил хайгч залуусын тоо буураагүй байна.

Тэгвэл яагаад гэрээт хилчин болох хүсэлтэй залуусын тоо  буурах болсон шалтгааны хариултыг сүүлийн 10 жил гэрээт хилчний албыг хариуцан ажиллаж байгаа ЦСАЗБХ-ийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийн тоо бүртгэл хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээгээс тодруулахад “2010-2017 онуудад гэрээт хилчний албанд орох залуусын тоо эрс нэмэгдэж, оргил үе байсан. Сүүлийн жилүүдэд залуусын хандлага нэлээд буурсан. Энэ нь нэг талаас уул, уурхай, төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, тус салбарт ажиллагсадын цалин, хангамж өндөр байгаа явдал. Мөн мөрдэс зүүж хил дээр үүрэг гүйцэтгэхэд цэргийн дүрэм, журмын хүрээнд хувь хүний эрх тодорхой хэмжээнд хязгаарлагддаг. Тиймээс бид нийгмийн хандлага, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, журмандаа тодотгол оруулах шаардлага тулгарч байгаа. Энэ тал дээр удирдлагын хэмжээнд ярилцаж байна” хэмээн хэлсэн юм. 

Гэхдээ хил дээр үүрэг гүйцэтгэх залуусыг сонгож, элсүүлэхдээ хөнгөн хуумгай хандаж болохгүй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Харин хилийн албыг зорин ирэх залууст багахан хөшүүрэг чухал гэх дүгнэлтийг дээрх зургаан аймгаар явахдаа анзаарсан билээ. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзлыг тодорхойлохдоо хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглоно” гэсэн 16.2.4 дэх заалтыг 2008 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн байдаг. Энэ хууль батлагдсанаар залуусын цэргийн алба хаах сонирхол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн талаар аймгуудын цэргийн штабынхан хэлсэн. Залуус энэ хуулийн талаар 18-22 насандаа тэр бүр онцолж анхаардаггүй ч их, дээд сургуулиа төгссөний дараа ажлын байрны сонгон шалгаруулалтад хамрагдахад нь “цэргийн алба хаасан байх” гэсэн шалгуур үзүүлэлттэй дийлэнх нь нүүр тулдаг байна. Тиймээс 26 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо ч нэмэгджээ. Хуулийн энэхүү заалт нь залуусыг цэргийн  албанд хамруулах бас нэг хөшүүрэг болж чаджээ. 

Үүнтэй адил гэрээт хилчин болно гэсэн ирээдүйн төлөвлөгөөндөө хүрэхийн тулд хугацаат цэргийн алба, тэр дундаа хилийн цэрэгт алба хаах хүсэлтэй залуус өрсөлдөж, уралдаж, дараагийн сонгон шалгаруулалтыг хүлээдэг тийм л нөхцөл боломж, хөшүүрэг энэ үед хэрэгтэй болов уу. Залуусын амьдралаа гэрэл гэгээтэй, зорилготой харах нэг харгуй нь гэрээт хилчний алба байгаасай гэсэн багахан санал сэтгэгдлээ  сэтгүүлчийн өнцгөөс бичиглэлээ.