О.ЭНХЖИН
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Дундговь аймагт төрсөн. 2018 онд СУИС-ийн Ардын хөгжмийн ангийг морин хуурч мэргэжлээр төгсөөд хувиараа ажиллаж байгаад 2020 онд Хэнтий аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан.
-Яагаад цэргийн алба хаах болов?
-Би цэргийн алба хаах талаар өмнө нь огт бодож байгаагүй. Сая зарлан дуудах хуудас ирэхэд хадам аав надад цэргийн албаны онцлог, давуу талын талаар маш сайн ойлгуулсан. Хадам аав маань хилийн 0132 дугаар ангид хөгжмийн ахлах офицероор ажилладаг байсан юм. Энэ бүхнээс дүгнээд би эр хүн болж төрснийх эх орныхоо хилийг манах ёстой гэж шийдсэн. Эхнэр ч гэсэн охиноо бага байгаа дээр нь цэрэгт яваад ир гэж дэмжсэн.
-Эхнэр нь юу хийдэг вэ?
-Бид СУИС-д сурч байхдаа танилцсан юм. Манай эхнэр дуурийн дуулаачийн ангид сурдаг. Амаржаад нэг жилийн чөлөө авсан байгаа. Намайг халагдахаар сургуулиа төгсөнө.
-Цэрэгт ирсэн анхны сэтгэгдэл?
-Анх төсөөлж байснаас огт өөр мэдрэмж төрдөг юм билээ. Би их хожуу цэрэгт ирсэн. Манай оны цэргүүд бүгд 18,19 настай. Би 25 настай. Гэхдээ дүү нараасаа харилцан суралцаад сайхан л байна. Хилчин гэхээр хилээ хамгаалаад хээр хөдөө явж байдаг мэтээр төсөөлсөн. Гэтэл хил хамгаалахаас гадна цэргийн албанд сурч хөгжих боломж маш их. Би гэхэд морин хуураа чөлөөт цагаараа тоглож, “Халх голын өглөө” хамтлагтайгаа нийлээд сум орон нутаг болоод ангийн хэмжээнд зохион байгуулагдах урлаг, уран сайхны үйл ажиллагаанд оролцоно. Давхар амьдралын ухаанд, цэргийн хэргийн мэдлэгт суралцаж байна. Ер нь өдөр хоног яах ийхийн зуургүй урсаад байгаа. Уйдах, залхах мэдрэмж бол алга. Өдрөөс өдөрт цэргийн албандаа дурлаж байна даа.
-Цаашдын зорилго?
-Би ангидаа хөгжимчнөөр үлдэх сонирхолтой. Миний шийдвэрийг хадам аав бүрэн дэмжиж байгаа. Эхнэр ч гэсэн миний хүсэл сонирхолыг дагана гэж хэлсэн. Сургуулиа төгсөхөөр нь хамтдаа хилдээ ажиллана гэж бодож байна. Нэгэнт цэргийн хүн болохоор шийдсэн учир албаа нэр төртэй сайн хаагаад мөрөөдлөө биелүүлнэ.
-Та цэргийн алба хааснаар сурч боловсрох боломж нээгддэг гэж хэлсэн?
-Би цэрэгт ирээд өөрийнхөө мөрөөдлийг оллоо. Мөн хүнтэй хэрхэн харилцах, хувийн зохион байгуулалтаа яаж хийх гээд хөгжсөн зүйл олон. Ядаж л орон байраа цэвэрлэж, эвдэрч нурсан зүйлийг засаад сурчихлаа шүү дээ. Энэ бүхэн ирээдүйд надад л хэрэгтэй. Тиймээс цэргийн алба хаасандаа харамсдаггүй.
-Мэргэжлийн сургууль төгссөн хүний хувьд үеийнхнээсээ арай хоцрохгүй юу?
-Манай төгсөлтийнхөн дууны багш, мэргэжлийн урлагийн байгууллагад хөгжимчнөөр ажиллаж байна. Миний хувьд алдсан юм байхгүй гэж боддог. Ямартай ч хилийн ангидаа тогтвортой ажиллана. Ирээдүйд ХЦДБЧ гэх мэргэжлийн байгууллагад шалгалт өгч үзнэ дээ. Гэхдээ яг одоо бол төлөвлөсөн юм алга.
-Танай гэрийнхэнд урлагийн авьяастай хүн байдаг уу?
-Ээж маань сайхан дуулдаг бас гитар тоглочихдог байсан. Түүнээс өөр урлагийн авьяастай хүн байхгүй. Харин манай нагац ах хилийн 0198 дугаар ангид алба хааж байсныг цэрэгт ирээд мэдсэн. Энэ бас их сонин давхцал гэж бодсон.
-Цэрэгт ирснээсээ хойш гэр лүүгээ холбоо барьж байна уу?
-Холбоо барилгүй яахав. Охиноо зөндөө санаж байгаа. Гэхдээ эр хүн зориод ирсэн учир албаа сайн хаагаад гэр бүлдээ нэр төртэй очно.
-Цэргийн албанаас таалагдаж байгаа зүйл?
-Би домог түүх арвин ийм сайхан ангид алба хааж байгаагаараа маш их бахархаж байгаа. Ангийн дотоод зохион байгуулалт, офицер, ахлагч нарын харилцаа гээд төрсөн гэртээ байгаа юм шиг л сайхан байна. Би биеэр жижигхэн болохоор эхэндээ бэлтгэл сургалт хэцүү санагддаг байсан. Одоо бол алзахгүй шүү. Хугацаат цэргийн алба хаагч гэхээрээ эрх чөлөөгүй, өдрийн хоолондоо цаддаггүй гэж хүмүүс боддог байх. Долоо хоногийн 2-3 өдөрт нь сонголтын хоолоор үйлчилж байна. Хоолны амт чанар хүрэлцээний тухайд ярих зүйлгүй сайн. Мөн байр сууц нь тухтай учир алба хаахад бэрхшээх зүйл алга.
-Чөлөөт цагаараа юу хийж байна?
-Ангийн төвд алба хаадаг болохоор амралтын өдрүүдээр СМССА-наас зохион байгуулсан үйл ажиллагаанд хамрагдана. Мөн труба хөгжим тоглож сурч байгаа. Ахмад П.Төмөрболд, ахлах дэслэгч М.Уламбаяр нар надад зааж өгдөг юм. Манай соёлын төвийнхөн хэн нь ч цааргалахгүй заагаад өгдөг. Энэ мэтчилэн өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж бий.
-Онжавууддаа хандаж хэлэх үг?
-Цэргийн эрдэмд шамдан суралцаарай. Нэг жилийн цэргийн алба хаагаад халагдахдаа маш сайн төлөвшиж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө өөрийгөө дайчлаарай гэж хэлмээр байна. Цэргийн алба хаах 365 хоног маш том боломж. Энэ цаг хугацааг хэн зөв ашиглаж чадна, тэр хүн амжилтад хүрнэ гэдгийг ухамсарлан албаа амжилттай сайн хаагаарай гэж хэлье.