Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ой тохиолоо
  • 18:37
  • 3309
Ахлагч О.Баярмаа

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ойгоо 09 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн н/06 дугаар тушаалаар Хилийн 0224 дүгээр тусгай салбар /Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга/ болж өргөжсөн юм. Тус чуулга үндсэн үүргийн дагуу Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, хилийн анги, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, соёл, урлагийн арга хэмжээгээр дамжуулан Хил хамгаалах байгууллагыг сурталчлах, хилчид, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд яам, командлал, ахмад уран бүтээлчид, Монголын урлагийн байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж уран бүтээлчдээ шагнан урамшуулж баяр дээр нь баяр нэмсэн юм. Эдүгээс өдгөө хүртэл 80 жилийн түүхийн нугачаанд гурван удаа дахин сэргэсэн түүхтэй тус чуулгын гурав дахь үеийн уран бүтээлчид ирсэн зочид төлөөлөгчдөд өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.