УРЛАГААР ЭХ ОРНОО МАНАСАН ОН ЖИЛҮҮД
  • 14:32
  • 2681
ХИЛИЙН 0224 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАРЫН 80 ЖИЛИЙН ОЙ

Ахлагч О.БАЯРМАА

Хил хамгаалах байгууллагад бусдаасаа тэс ондоо үүргийг хүлээсэн нэгэн салбар бий. Тэр нь ХЦДБЧ буюу хилийн 0224 дүгээр тусгай салбар юм. Тус салбарынхан хилчид болон орон нутгийн ард иргэд, туслах хүчний гишүүдэд урлаг соёлоор үйлчлэх чиг үүрэгтэй. Яг ийм урлаг, уран сайхны үйлчилгээг Монгол Улсад үзүүлдэг мэргэжлийн байгууллага байхгүй гэхэд хилсдэхгүй. Хилчин уран бүтээлчид хилийн салбарын соёлын төв, харуулын умгар байр, хээр хөдөө гээд хаана л бол хаана хилчдэдээ уран бүтээлээ толилуулахдаа  аз жаргалтай байдаг. Хилчид ч чуулгын бригад ирэх сургаар ёстой нэг шавайгаа ханатлаа бүжиж, хамтдаа дуулна. Энэ бол хилчин уран бүтээлчдийн хил хамгаалалтад оруулж буй хувь нэмэр. Хилчдийнхээ сэтгэл зүйг урлагаар өргөөд өгчихсөн байхад хил хамгаалалт тэр хэрээр сайжирдаг талтай. Энэ бол батлагдсан онол. “Урлаг бол дайны талбар дээрх нэгэн төрлийн зэвсэг юм” хэмээн тодорхойлсон тодорхойлолт ч бий. Дайны үеийн түүхийг нэхэн санахад дуу хөгжим томоохон байр суурийг эзэлдэг. Цэргүүдэд эрч хүч, эр зориг, ард иргэдэд итгэл найдварыг дуу, хөгжмөөр дамжуулан олгож байсан талаар ном, зохиол, уран сайхны кинонд гардаг шүү дээ. Тиймээс урлаг гэдэг үнэхээр гайхалтай чадалтай зэвсэг юм. Урлагийн бүтээлийн бас нэгэн үүрэг нь түүхийг хойч үедээ өвлүүлэх бичиглэлийн нэгэн өвөрмөц төрөл.

Яг ийм торгон мэдрэмжийг хоолойндоо, гартаа, биедээ суулгасан хүмүүс бол уран бүтээлчид. Хилчин уран бүтээлчдийн тухайд тэдний туурвисан бүтээл ард иргэдийн дунд хилийн алба, хилчдийн хөдөлмөрийн сайхныг ойлгуулж, сэтгэлд нь хоногшуулан үлдээсэн байдаг. Хилийн зурвас, хилийн багана гэх төсөөлөлгүй нэгэн “Амрагийн дуу”, “Бид ялна”, “Монгол морь”, “Үдэлтийн дуу”, “Эх орон”, “Хилчин хүн” зэрэг уран бүтээлийг сонссон даруйдаа зүрхэндээ лугшиж, оюундаа эх орон, хил хязгаараа өөрийн эрхгүй магтан дуулах нь шид гэлтэй. Энэ бол урлагийн гайхамшиг. 

ХИЛЧИН УРАН БҮТЭЭЛЧИД ТҮҮХИЙН ХУУДАСНАА

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын түүхийн нугачааг харахад хилийн цагийн байдал эдрээтэй, хүнд хэцүү цаг үед дахин сэргээсэн байдаг. Түүхийг нэхэн санавал Монгол Улсын хилийн гадаад цагийн байдал хүндэрч, тогтворгүй болох үед Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг 1940 онд анхлан байгуулжээ. Тухайн үеийн төр, засгийн удирдлагууд цэргүүдийн сэтгэл зүй, оюун санааг дэмжих урлаг, соёлын үйл ажиллагаа хэрэгтэй гэж үзсэн байдаг. Тиймээс Дотоод явдлын яамны Сайд, маршал Х.Чойбалсан шийдвэр гаргаж 1940 оны наймдугаар сард чуулгыг байгуулсан түүхтэй. Ингэхдээ цэрэгт татагдан ирсэн залуусаас авьяаслаг 18 цэргийг шалгаруулж авсан байдаг. Ийнхүү хоёр офицертой хамт 20 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүлгийг бий болгосон аж. Энэ талаар түүхийн эх сурвалжид МАХН-ын Төв хорооноос Дотоодын болон Хязгаарын цэргийн бие бүрэлдэхүүнд соёл, урлагаар үйлчлэх явдалд онцгойлон анхаарч уран сайхны үйл ажиллагаа явуулж, ухуулах болон олон нийтийн ажлыг явуулахын тулд Хязгаарын газрын улс төрийн хэлтэст ансамбль байгуулахыг зөвшөөрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Түүхэн хугацаандаа тус чуулга гурван удаа татан буугдсан. 

Улс орны цагийн байдал тайван байсан учраас 1953 онд анх удаа татан буулгаж Ардын армийн ансамбльтай нийлүүлжээ. Үүний дараа 1971 онд Хилийн цэргийн байдал хүндэрч зайлшгүй шаардлагаар Нийгмийг аюулаас хамгаалахын сайдын шийдвэрээр 13 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүлгийг дахин байгуулсан байна. 1994 онд ахин татан буугдсан ч Хилийн цэргийн “Хилчин” хамтлаг 2000 он хүртэл уран бүтээлээ туурвиж байжээ. Энэ бол ардчиллын үе буюу улс орон тайван байсан цаг юм. Ингээд хамгийн сүүлд 2001 онд Засгийн газрын 126 дугаар тогтоолоор дахин байгуулагдаж, хилийн 0224 дүгээр тусгай салбар болон өргөжиж, өнөөдрийг хүртэл МУУГЗ, хурандаа Б.Ганхуяг захирагчтай 140 гаруй мэргэжлийн залуу уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

АМЬД ХАРИЛЦАА, АМЬД ТОГЛОЛТ

Орчин цагт мэдээлэл солилцох, хүссэн уран бүтээлээ үзэх сонирхох суваг олон бий. Гэхдээ дэлгэцийн цаана буюу амьд бус харилцаа гэдэг өөр. Одоог хүртэл дуурийн болон драмын театр үнэ хүндтэй байгаагийн нэг илрэл энэ болов уу. Энэ бол амьд харилцаа. Наян настай чуулгын уран бүтээлчдийн гол тулгуур зарчим нь энэхүү амьд харилцаа билээ. 

Хүн байтугай шувуу ч нисдэггүй газар хилээ манаж байгаа цэргийн сэтгэлийг засаж, бас хөглөж, бүжин наадаж, ухуулж, хилчдийн сэтгэл зүйг бэлтгэх, төр засаг, Хил хамгаалах ерөнхий газрын бодлогыг дамжуулах үүргийг давхар тэд хүлээж, хэрэгжүүлж байна. 

Хил хамгаалах байгууллагад эрхэм үүрэг хүлээсэн, урлагаар эх орноо сахин хамгаалсан хилчдийн түүхт 80 жилийн ой есдүгээр сарын 25-ны бэлгэт сайн өдөр тохиосон юм. Түүхэн онц цагийн хувьд 1940 оны наймдугаар сард ансамбль байгуулагдсан түүхтэй боловч дэлхий нийтээрээ тархсан цар тахлын улмаас түр хойшилсон юм. Аюулт өвчний уршигаар дэлхийн нийтээрээ их тайзыг мартаж байсан билээ. Харин манай улсын хувьд энэ сарын 15-наас эхлэн улсын хилээр зорчих хөдөлгөөнийг түр хориглосон шийдвэрийг хэвээр үлдээж бусад  үйл ажиллагааг дотооддоо хэвийн  горимд шилжүүлсэн. Тиймээс энэ хамт олон ахмад уран бүтээлчид, хүндэт зочдоо хүлээн авах бүрэн боломжтой болсон юм. Түүх гэдэг өөрөө баялаг. Басхүү даваа нугачаатай байдаг хойно. Ахмад уран бүтээлчид ойгоо тэсэн ядан хүлээхийн зэрэгцээ хилчид ч гэсэн тэднийхээ уран бүтээлээр “цангажээ”. Бараг л хатсан байна. Эх орон, хил, хилчдийн тухай үгүйлсэн уран бүтээл сонсоогүй, урлагийн алтан тайзнаас толидоогүй удсан болоод ч тэрүү өөрийн эрхгүй сэтгэл догдолж, омогшиж, огшиж байсан юм. Урлаг гэдэг ийм хүчтэй. Тийм ч учир улс орон бүр цэрэг армийнхаа хажууд уран бүтээлчдийг байлгадаг нь энэ байх. Ахмад уран бүтээлчид төдийгүй залуу үеийнхэн ойгоо тэмдэглэх өдрийг тэсэн ядан хүлээжээ. Хүлээс тайлагдсан энэ өдөр ахмад уран бүтээлчдээс гадна шинэхэн байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга, МУГЖ Г.Эрдэнэбат хүрэлцэн ирж уран бүтээлчдийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж урамшуулсан юм. Мөн Монголын урлагийн бүхий л байгууллага хүрэлцэн ирж баяр хүргэхийн зэрэгцээ өөрсдийн гарын бэлгээ уран бүтээлчдэд барьж, хайр талархал дүүрэн нэгэн цаг хугацааг хамтдаа үдсэн юм. Аливаа зүйлийг нэхэн санах, дурсан харах зүйлтэй байна гэдэг сайхан. Тэр ч утгаараа чуулгын хамт олон Хилийн түүхийн музейд хадгалагдаж үлдсэн хуучны хөгжим зэмсэг, хувцас хэрэглэлээр үзэсгэлэн гаргасан нь сонин, басхүү сайхан байлаа. Эдлэл бүхэн эзэнтэй, түүхтэй учир ахмад уран бүтээлчдэд ч дурсан ярих, тухайн цаг хугацаагаар дахин аялах нэг боломжийг олгосон юм. Жилийн дөрвөн улирал хамааралгүй хэдэн мянган км замаар явж улсын хилийн бүх салбар, хязгаар нутагт суугаа малчиддаа өөрсдийн уран бүтээлийг хүргэж, тэдэнд сэтгэлийн дэм өгдөг гурван үеийн уран бүтээлчид ийнхүү нэгдэн нийлж 80 насаа тунхаглан тамгалан үлдээлээ.

Наян настай тэднийгээ товчхон өгүүлэхэд ийм байна. Надаар хэлүүлэлтгүй тэд минь уран бүтээлээрээ Монгол түмнийхээ зүрхэнд эх орон, хилч үзлийг бат суулгаж, эх орныхоо дархан хилийг урлагаар манаж явна. Түүхийн хуудас эргэж, эх орон минь оршин буйн цагт хилчин уран бүтээлчдийн түүчээ үл тасрахын нэгэн амьтай билээ.