ЗАДГАЙТААС ЗАМЫН ШАНД, ХАТАНБУЛАГ ХҮРСЭН 80 ЖИЛ
  • 14:46
  • 1613
ХИЛИЙН 0168 ДУГААР АНГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ

Ахлах дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2020 онд хилийн хоёр анги түүхт 80 жилийнхээ ойтой золгож байна. Тэдний нэг болох хилийн 0168 дугаар ангийн ойн баярын арга хэмжээг сурвалжлахаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг зорив. 1940 онд Дотоод явдлын яамны сайдын тушаалаар байгуулагдсан тус анги 80 жилийн хугацаанд буйраа гурвантаа сэлгэсэн байдаг. Задгайт хэмээх газар сууриа хатгаж, хилээ манаж эхэлсэн хилчид 1973 онд Замын шанд, 2016 онд Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт нүүн байршжээ. 

Өдгөө Хатанбулагийн хилчид Хил хамгаалах байгууллагынхаа нэгэн өнгө төрх болж, хөгжлийг түүчээлэн алхаж явна. Баринтаглаж үлдсэн түүх арвинтай хилчдийнхээ ойн арга хэмжээг сурвалжлах, баримтжуулах үүргийг хүлээсэн би өглөө эртлэн Дорноговийг чиглэн хөдөллөө. 

Өвсний толгой шарлаж, нарны элч буужээ. Намрын жиндүүхэн салхи үе үе сэвэлзэнэ. Хатанг зорих зам Сайншанд хүртэл торох саадгүй урсана. Сайншандаас харин энхэл донхол, гүвээ нугачаа ихтэй зам тосч, ёстой л нэг сэгсчүүлэхийг үзүүлдэг юм билээ. Говийн зам харгуй бороо усанд идэгдэн хагарчээ. Зам зуур Улаанбаатар, Дорноговь улсын дугаартай машин таарна. Бодвол ойг зорих нэгэн болов уу хэмээн дотроо таамаглав. Ийнхүү 740 км замыг туулсны эцэст нар шингэж, бүрий залгахтэй зэрэгцэн хилийн 0168 дугаар ангид дөрөө мултлав. 

Ажлын цаг дууссан хэдий ч ангийн хашаанд хөл ихтэй байна. Дарга, цэрэггүй нааш цааш ширээ сандал зөөн гүйлдэх нь яах аргагүй ойн өмнөх өдрийг батална. Соёлын төвд баярын концертын бэлтгэл хийж байгаа бололтой хөгжим нүргэлнэ. Хурандаа П.Батбилэг ойдоо хүрэлцэн ирж буй зочдоо тосон мэндчилж, аль болох ая тухтай байлгахад анхаарна. Тус ангийн ойд үе үеийн дарга, ахмад хилчид, тэдний үр хүүхдүүд, орон нутгийн удирдлага, алба хаасан цэргүүд гээд 250 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм. Зочдоо байрлуулахаар ангийн хашааны гадна 20 гэр барьжээ. Мөн цэргийн хотхоны байруудаа сулласан байв. Ёстой л гар, сэтгэл гаргаж ойдоо бэлдсэн нь штабын байрны дотор тохижилт, өрөө тасалгааны үүдний хөлийн гишгүүр, ариун цэврийн өрөө, баярын идээ будаанаас илхэн харагдаж байсан юм. 

Давхар ой тохиосон жил

Энэ онд Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Чөлөөлөх дайны ойг онцлох нь учиртай. 1945 онд хилийн 0168 дугаар ангийн дарга, хурандаа Э.Халтар цэргээ удирдан фронтын баруун жигүүр болж, бие даан 76 хоног үүрэг гүйцэтгэн, Өвөрмонголын Улаанцавын чуулганы долоон хошууг бүрэн чөлөөлж, Японы тагнуулын болоод орон нутгийн дээрэмчдийн зэвсэгт бүлгийг устгасан байдаг. Ийнхүү хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, эгнээнээсээ олон баатарлаг хилчдийг төрүүлэн гаргасан хилийн 0168 дугаар ангийг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнаж, 2017 онд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э.Халтарын нэрэмжит болгон мөнхжүүлсэн. Алдар түүх арвинтай Хатанбулагийн хилчид ийнхүү хоёр ойг тэмдэглэх гавьяатай билээ. 

Андуудын уулзалт, ёслолын жагсаал, хөшөөний нээлт

Ойн арга хэмжээ хөтөлбөр ёсоор есдүгээр сарын 17-ны өдрийн 09.00 цагт жагсаалын талбайд эхлэв. Өнөөдөр хилчдийн баяр. Монгол Улсын хилчин бүр баяраа тэмдэглэж байх энэ эрхэм цаг мөчид хилийн 0168 дугаар ангийн хилчид түүхт ойгоо алтан үсгээр бичин үлдээж байна. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүхэн баяр, бахдалтай харагдана. Ахмадууд эргээд залуу насандаа очжээ. Нөхөрлөл, ажиллаж явсан он цагийн дурсамж нь тэднийг хөглөн хөгжөөж байх шиг. Хилийн 0168 дугаар ангийн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн нар баярын мэндчилгээ илгээснийг ХХЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх гардуулан өгсөн юм. Ийнхүү ангийн удирдлага, зочид төлөөлөгчдийнхөө хамтаар Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э.Халтарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр үргэлжлэв. Ар араасаа хөвөрсөн баярын арга хэмжээ хөтөлбөр ёсоор явагдана. Хилийн 0168 дугаар ангийн хилчид Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд дурсгалын хөшөө босгожээ. Хөшөөний зургийг хурандаа П.Батбилэг гаргасан бөгөөд тус ангийн хилчид сар гаруйн хугацаанд барьсан аж. Бригадын генерал Ч.Сайнтөр, хурандаа П.Батбилэг, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Х.Баатар, Дорноговь аймгийн Засаг дарга Г.Эрдэнэчимэг нар хөшөөний нээлтийн туузыг хайчилж, үг хэлэв. Хилчдийн баяр цааш үзүүлэх тоглолтоор үргэлжилсэн юм. 

Хатанбулагийн хилчид хөгжлийг хурдасгагч хүч 

Сумын баруун хойно байрлах наадмын талбайн зүг зочдын хөл цуварна. Тэнд хилчид албаны ур чадварын хувьд хэрхэн мэргэшиж, мэргэжлийн хилчин болсноо харуулах юм. Мөн албаны морь, нохойгоо яаж сургаж, эзнийхээ команд дохиог ойлгодог болсныг үзүүлнэ. Хилчид зэвсэгтэй зэвсэггүй ажиллагаа, гардан тулааны үзүүлэх тоглолт, хилийн боомтод эмх замбараагүй байдал үүссэн үеийн тусгай томилгоот бүлгийн ажиллагааг харуулав. Ёстой л мэргэжлийн хилчид хэмээн ахмадууд болоод сумын иргэд шагшина. 

Мөн морь, нохойг албанд хэрхэн сурган ашиглаж байгааг хараад бахдана. Үзсэн бүхэн хилчдийн үүрэг гүйцэтгэх чадварыг дуу нэгтэй магтсан юм. Хатанбулагийн хилчид Хил хамгаалах байгууллагын хөгжлийг хурдасгагч хүч байж чадсан гэдгийг сурвалжлагаараа бардам хэлье.  

Баярын хурал, шагналын хур

Хилийн 0168 дугаар анги 80 жилийн түүхэн цаг хугацааны явцад эгнээнээсээ хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 10 гаруй, хилчин генерал дөрөв, хурандаа цолтон 60 гаруйг төрүүлэн гаргасан байдаг. Улсын өмнөд хил дээр 80 жил оршихдоо тэргүүний нэрээ хадгалсаар өнөөдөр Хил хамгаалах байгууллагын жишиг анги болон хилээ хамгаалж явна. Тус ангийг жишиг хэмээн Хил хамгаалах байгууллагын удирдлага нэгэнтээ тодорхойлсон байдаг. Угаас хилчдийнх нь ур чадвар, өнгө төрх Хил хамгаалах байгууллагыг илтгэх хэмжээнд хүрсэн тул ийнхүү нэрийдсэн биз ээ. Цаашид ирээдүйн замаа гэрэл гэгээ, амжилт, ялалтын уухайгаар зурахыг Хатанбулагийн хилчдэдээ хүсье.