Ахлагч А.Нямжав: ДЭЭД ЛИГТ ОРЖ ТОГЛОХ ЗОРИЛГОТОЙ
  • 12:01
  • 3221
Энэ удаагийн “Шинэ танил” булангаараа хилийн 0151 дүгээр ангийн жолооч, ахлагч А.Нямжавыг танилцуулж байна. Тэрбээр сагсан бөмбөгийн спортоор чамгүй амжилтыг үзүүлж яваа хилчин тамирчин юм.

 Ахлах дэслэгч М.Уранбайгаль

Энэ удаагийн “Шинэ танил” булангаараа хилийн 0151 дүгээр ангийн жолооч, ахлагч А.Нямжавыг танилцуулж байна. Тэрбээр сагсан бөмбөгийн спортоор чамгүй амжилтыг үзүүлж яваа хилчин тамирчин юм.

 -Өөрийгөө танилцуулаач?

-Намайг А.Нямжав гэдэг. Би Их засаг их сургуулийн компьютер программ хангамжийн ангийг төгссөн. Хилийн 0151 дүгээр ангид тав дахь жилдээ ажиллаж байна. Анх холбооны техникийн засварчнаар ажилд орж байлаа.

-Сая насанд хүрэгчдийн улсын аваргаас алтан медаль авсан гэж сонссон. Баяр хүргэе?

-Баярлалаа. “Баянгол” багт тоглодог. Манай баг жилийн өмнө байгуулагдсан. Ихэнх нь дээд лигт, 21 аймгийн тэргүүн хэсэгт тоглож байсан туршлагатай тамирчид. Нийт 15 хүнтэй. Миний хувьд өмнө нь Спрайт лигт тоглож байгаад тус багтаа орсон.

-Алтын төлөө ямар багтай тоглов?

-Өвөрхангайн “Тэнүүн Өлзий” багтай тоглосон. Оноо 98:100 тай явж байгаад цаг дуусах мөчид алсын зайн шидэлтийг амжилттай хийж хожсон.

-Багтаа ямар үүрэгтэй тоглодог вэ?

-Хамгаалагч.

-Өмнө нь ямар багт тоглодог байсан бэ?

-"Скайтель" багт тоглодог байсан. 2019 онд насанд хүрэгчдийн улсын аваргын В зэрэглэлийн тэмцээн болох үед “Баянгол” багаас санал тавиад орсон.

-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-2006 оноос хойш сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Ээж волейбол, аав сагсан бөмбөгийн мастер зэрэгтэй. Тиймээс багаасаа л энэ спортод дурласан даа. Би сая л зэргийн болзлоо хангалаа.

-Сагсан бөмбөг тоглоход ямар кайфыг мэдэрдэг вэ?

-Гоол оруулах мэдрэмж хамгийн гоё.

-Хаанаас алдахгүй оруулдаг вэ?

-Яг тийм байр байхгүй. Алсын зай, ойрын зайнаас шидчихнэ. Довтолно. Бүх л чадвараа зэрэг хөгжүүлэхийг боддог.

-Бэлтгэл сургуулиа хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоногийн мягмар, пүрэв гарагт багийнхантайгаа Тэмүжин спорт комплекс дээр хийдэг. Ангийн удирдлагын зүгээс намайг бэлтгэл сургууль хийх боломжийг бүрэн олгодог болохоор ямар нэгэн асуудал байдаггүй.

-Тэгвэл долоо хоногт хэдэн цагийг зааланд өнгөрүүлдэг вэ?

-10 цаг.

-Хил хамгаалах байгууллагаас лигт тоглодог тамирчин олон бий юу?

-Манай ангиас гэхэд доод болон Жи лигт тоглодог хэд хэдэн хилчин бий. Гэхдээ хамтдаа бэлтгэл хийгээд байдаггүй л дээ. Тус тусдаа багт тоглодог болохоор бэлтгэлийн цаг таардаггүй.

-Сагсан бөмбөгийн спортоор өмнө үзүүлсэн амжилтуудаасаа сонирхуулаач?

-2018 онд Төрийн тусгай хамгаалалтын албаны 80 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлж амжилттай оролцож, нэгдүгээр байр, “Шилдэг тоглогч”-оор шалгарсан. 2019 онд насанд хүрэгчдийн В зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2020 онд үндэсний 21 аймгийн дэд хэсгийн тэмцээнээс хүрэл, сая насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн Хил хамгаалах байгууллагын төвийн бүсийн аваргад гурван удаа түрүүлж, хоёр удаа шилдэг тоглогч болж байсан.

-Ямар баг, тамирчдын тоглолтыг үзэх дуртай вэ?

-Los Angeles Lakers багийг дэмждэг. Харин тамирчдаас Леброн Жемсийн тоглолтын арга барил мундаг санагддаг.

-Чи заалны хэдэн пүүзтэй вэ?

-Коbe 8, Коbe mamba rage гэсэн пүүз өмсдөг.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийн давуу тал?

-Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэхэд тустай. Би сагсан бөмбөг тоглож байхдаа кайф мэдэрчихэж байна шүү дээ. Тиймээс буруу зүйлд тэр бүр уруу татагдаад байхгүй. Тиймээс хүүхэд залуусыг ямар нэгэн спортоор тууштай хичээллэсэй гэж боддог.

-Хилчин байхын сайхан нь?

-Дүрэмт хувцсаа өмсөөд явж байхдаа өөртөө их итгэлтэй байдаг шүү. Би Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаагийнх хилд үүрэг гүйцэтгэсэн. Хилийн 0245 дугаар ангид 45 хоног хилийн харуул дээр манаанд явж байхад их сайхан санагдаж хилийн албаараа бахархсан.

-Гэр бүлтэй юу?

-Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Манай хоёр залуу 3 болон 6 настай. Аавтайгаа сагс тоглох дуртай. Эхнэртэйгээ оюутан байхдаа сагс тоглож байгаад танилцаж байсан юм. Манай эхнэр “Чингис” соосэ сургууль, би “Их засаг” сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлагч байсан. Хааяа хамтдаа зааланд хөлсөө гаргадаг. Гэр бүлийн гишүүдийн хобби нэг байхаар их амар шүү.

-Цаашдын зорилго?

-Энэ багаараа дээд лигт орж тоглох зорилготой.

-Амжилт хүсье.