МОНГОЛ УЛСЫН ДАЯН МЭРГЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ЁНДОН ТҮҮНИЙ “ЕСҮНХЭЙ МЭРГЭН” КЛУБТ
  • 12:49
  • 456
Хил хамгаалах ерөнхий газрын хоёрдугаар давхарт үндэсний хувцсаараа гангарсан нэгэн эртэй зөрж өнгөрөв. Сэтгүүлчийн хувьд түүнийг Хил хамгаалах байгууллагад сурын спортыг хөгжүүлэх хийгээд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаар нь эчнээ таних билээ. Түүнээс түүнтэй гар барин танилцаж явсангүй ээ. Тиймээс ч боломжийг ашиглан “Танайд зочилъё” буландаа урив. Тэр ч уриалгахан зөвшөөрсөн юм.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

 Хил хамгаалах ерөнхий газрын хоёрдугаар давхарт үндэсний хувцсаараа гангарсан нэгэн эртэй зөрж өнгөрөв. Сэтгүүлчийн хувьд түүнийг Хил хамгаалах байгууллагад сурын спортыг хөгжүүлэх хийгээд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаар нь эчнээ таних билээ. Түүнээс түүнтэй гар барин танилцаж явсангүй ээ. Тиймээс ч боломжийг ашиглан “Танайд зочилъё” буландаа урив. Тэр ч уриалгахан зөвшөөрсөн юм. Үүнээс хоёр өдрийн дараа. Их хотын амьдралын оргил ачааллын үе болох оройн 18.00 цаг. Ихэнх хүний ажил тарж ахуйд минийх харин эсрэгээрээ эхэлж байв. Амгалан буюу бидний хэлж заншсанаар Цагдаагийн академийн урд талын хуучны таван давхруудын зүүн зах дахь цагаан байшин. Түүний хонгилын давхарт Үндэсний сурын харвааны "Есүнхэй мэргэн клуб” гэсэн даруухан хаяг байх. Яг үнэндээ харуй бүрийд энэ хаягийг олж харах бэрх юм билээ. Шатаар уруудан орвол түс тас хийх чимээ гарна. Бэлтгэл сургуулилт ид явагдаж байгаа бололтой юм.

Ингэхэд энэ удаад хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын үндэсний сурын харваа, байт харвааны дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндонг зочныхоо хойморт урьсан юм. Монгол Улсын Даян мэргэн түүний цол гуншин нь үндэсний сурын спортын мастер, буриад сурын спортын мастер, зэвт харвааны спортын мастер гээд л цааш үргэлжилнэ.

 НУМ, СУМ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ БУЮУ ЦЕХЭД

Үндэсний дээл хувцастай олонтаа харж байсан тэрбээр энэ удаад “Үндэсний сурын харвааны Есүнхэй мэргэн” гэсэн шошготой ногоон өнгийн биеийн тамирын цамц, жинсэн өмд өмсчээ. Клубээ танилцуулахын өмнө эхлээд нум сум хэрхэн бүтдэг үйл явцтай танилцуулав. Угтаа тус клуб нум сумны бяцхан цехтэй юм. Тун олзуурхав. Хараахан бэлэн болоогүй хэдэн нумыг байрлуулсан харагдав. Нэгэн нумыг зааж ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн штабын дарга, хурандаа Д.Мэнд-Амарынх гэлээ. “Ер нь тухайн харваачийн өндөр, намд тааруулж нумыг хийх ёстой. Д.Мэнд-Амар хурандаагийнх бусад нумтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа биз дээ” гэж үзүүлж сонирхуулав. Мэндээ хурандааг тун сайн харваач гэж багшийн зүгээс энэ зуурт магтлаа. Энэ өрөөнд нум сум хэрхэн бүтдэг талаар бага зэргийн ойлголттой болов. Нумны үндсэн суурь нь хус мод болдог аж. Зүсэж хатаасан хус харагдав. Ширээн дээр мяндас шиг зүйл байхыг сонирхвол малын шөрмөс гэлээ шүү. Шөрмөсийг өөх тосноос нь салган ингэж хатаадаг аж. Борцтой адил шөрмөсийг урь идүүлэн хатааж бэлддэг гэнэ. Хатаасан шөрмөсийг тусгай зориулалтын цавуугаар нэг бүрчлэн наадаг. Мөн янгир ямааны эвэр үндсэн хэрэглэгдэхүүн болно. Янгирын эврийг нарийн зүсэж бүрсний дараа модны үүсээр үүслэж шөрмөсийг хамгаалан сатуркаар давхар бэхэлнэ. Нэг нум энэ мэт олон шат дамжлагаар бэлэн болохын тулд бараг жилийн хугацааг зарцуулдаг. Өөр олон нарийн үйл явц бий гэнэ. Нум сум тун нарийн гар ажиллагаатай бүтдэг юм байна. Эврийн олдоц ямар байдгийг асуулаа. Өнөө цагт сайн нум бүтээхэд хамгийн ховор бэлдэц нь яах аргагүй янгир ямааны эвэр болжээ. Тиймээс ч Ховд, Баян-Өлгий зэрэг уулын бүс нутгийн хилчдээсээ гуйх тусламж байна гэсэн. Байгалийн жамаар унасан эврийг тус клубынхэн тун уриалгахан хүлээж авна гэлээ. Буцаагаад тухайн хилийн ангид нь нум бүтээж өгнө гэв. Ашигтай санал энэ байх. Мундаг харваач болох нь өөрийн биеийн онцлогт тохирсон сайн нум сумтай байхаас эхтэй. Сумны тухайд ч мөн ялгаагүй бүтэх арга нь нарийн юм. Тас шувууны өдийг хойд хэсэгт наадаг юм байна. Нэг харваачийн таван сумыг нэг л банзнаас гаргаж авах ёстой. Энэ нь өөр модноос гаргасан сум харилцан адилгүй хурдтай байдагтай холбоотой аж. Сонин байгаа биз. Модны нягтрал, шинж чанар, бүтэц нь нисэлтийн хурданд нөлөөлдөг хэрэг. Энэ мэт маш нягт, тун хичээнгүй хөдөлмөр, тэр чигтээ гар ажиллагаа ордог учраас эвэр нумны үнэ ханш хамгийн багадаа 800 мянгаас дээш байдаг гэнэ. Мөн нумны гичир шулуун, тахир гээд олон янз байдгийг энд үзэж мэдэв.

 

  ҮНДЭСНИЙ ХАРВААНЫ “ЕСҮНХЭЙ МЭРГЭН” КЛУБТЭЙ ТАНИЛЦАВ

 Ингэж би гэж хүн багахан зэрэг нум сум хэрхэн бүтдэг талаар ойлголт авсан нь тун оножээ. Мэдэхгүй зүйл гэдэг тэр чигтээ оньсого мэт юм. Гэхдээ монгол сайхан өв соёл, үндэсний үнэт зүйлийн зах зухаас өчүүхэн ч гэсэн таньж мэдэх боломж олдсон нь надад олз мэт байлаа. Ингээд түс тасхийх чимээ ихтэй хаалгыг татвал эрэгтэй, эмэгтэй нийлсэн таван тамирчин сур харваж байв. Бүгд нэгэн зэрэг мэндлэх нь тус клубын тамирчдын хүмүүжил, соёлыг илтгэх. Заалаар дамжин цааш орвол хувцас солих хэсэг угтав. Цаана нь ахиад нэг өрөө харагдана. Уг өрөө рүү орохыг урилаа. “Подвол учраас жаахан шороо дарчихаад байдаг юм шүү бүсгүйчүүд ээ” гэж тэрбээр урьдчилан сануулав. Энэ өрөөг айлаар жишвэл зочны өрөө нь аж. Хоймортоо ширээ сандал, компьютер, бяцхан ханын тавиур мөн гал тогооны хэсэгтэй. Под хийсэн тохижилттой юм. “За бүсгүйчүүд идээ идээрэй” гэж тавагтай чихэр, печень ширээн дээр тавив. “Нямаа, Нямсүрээн чи зочдод кофе найруулаад өгөөч” гэж нэгэн залууг энэ зуурт дуудав. “Ус буцлах зуурт шийр зугаа” гэсээр хөргөгчнөөсөө жүүс гаргаж ирэн аягалав. “Энэ клубтээ зун бараг байдаггүй. Урд талын Ботаникийн хүрээлэнд өнждөг юм. Сониноос манай клуб байгуулагдсаны таван жилийн ой өчигдөр /2020 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр/ боллоо. Одоогоос таван жилийн өмнө арваннэгдүгээр сарын 02-ны өдөр жижүүрээс бууж ирээд нээлтээ хийж байлаа” гэж дурсамж хөврүүлэв. "Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубын зөвлөх дасгалжуулагчаар Монгол Улсын хүндэт мэргэн Д.Санжаасүрэн ажилладаг. Төрийн тэргүүний зарлигаар гавьяат дасгалжуулагч болсон тэрбээр энэ клубын эрхэм бахархал.

Энэ зуурт багшийнхаа даалгавраар нэгэн өндөр залуу мэнд мэдэн орж ирэн кофе бэлтгэж эхлэв. Ойгоо хэрхэн тэмдэглэсэн талаар бидэнд сонирхуулж суусан тэрбээр, “Манай энэ залуу хилийн 0311 дүгээр ангид хугацаат цэргийн албыг өнгөрсөн жил хаасан. Халагдаж ирээд манай клубт сурын спортоор хичээллэж байгаа юм. Богино хугацаанд бэлтгэлээ сайн хийж амжилт чамгүй арвин байгаа” гэлээ. Залуу харваач Нямсүрэнгийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд багаар оролцохоос гадна ганцаарчилсан төрөлд хоёрдугаар байр эзлэн спортын мастер болжээ. Цайлах зууртаа шавийнхаа амжилтаас ийнхүү бахдан дуулгав. Өрөөний хананд хүглийн сүр бараатай харагдах нэгэн уулын зураг анхаарал татав. Хангай уул гэж Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших хайрхан аж. Ингэхэд Б.Ёндон мэргэн тус нутгийн хүү. Энэ зуурт тэрбээр Өвөр Монголын харваач нарт онлайнаар хичээл орж, зөвлөгөө өгөх цаг болсон учраас түр яриагаа завсарлав. Сур харваагаар хичээллэгсэд өөрийн зураг, бичлэгээ илгээн түүнээс зөвлөгөө авч, харилцан чөлөөтэй санал бодлоо солилцох аж. Эндээс сурын спортын хөгжлийн талаарх яриа өрнөлөө. “Ар, өвөр Монгол гэлтгүй сүүлийн жилүүдэд үндэсний өв соёл сэргэн хөгжиж байна. Энэ нь материаллаг бааз сайжирсантай нэг талаас холбоотой. Нэг хэсэг нум хийдэг хүн цөөн, нумын олдоц ч бага байсан. Сүүлийн үед сумын наадамд хүртэл олон харваач харвах болсон. Цэнгэлдэхдээ харваачид багтахаа байсан шүү дээ. Ирэх жилийн тэгш ойн улсын баяр наадмаар 3000 харваач харвах тоо байна билээ” гэлээ.

Энэ зуурт үүдээр өнгөрч явсан нэгэн хүүг заан, “Хилийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Батбаярын хүү. Улсын баяр наадамд хоёр удаа үзүүрлэсэн, сүрхий. 2016 онд хурандаа манай хүү утас их үзээд байна гэсээр хөтөлж ирсэн юм. Анх гар дээр ганц ч суниаж чаддаггүй бондгор хүү ирсэн. Одоо харин 180 см гаруй өндөртэй сунагар сайхан залуу болсон байгаа биз. 2017, 2019 оны улсын баяр наадмаар үзүүрлэсэн хичээл зүтгэлтэй сайн залуу” гэж шавиа нүднээс далдуур дөмөгхөн магтаад авлаа. Ингээд бид ширээний ард өрнөсөн ярилцлагаас татгалзан бэлтгэлийн заал руу орлоо.    

 “ХИЛЧИН” СПОРТ ХОРОО, “ЕСҮНХЭЙ МЭРГЭН ХАРВААЧ” КЛУБЫН ТАМИРЧИН БОЛОХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ

Чингис хаан 1218-1224 онд Хорезмын хаант улсыг байлдан эзлээд буцаж явахдаа ялалтаа тэмдэглэн Буха Сочихай нэртэй газар хуралдай хуржээ. Тэр үед  Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн нум сумаар 335 алд газар харваж түрүүлжээ. Түүний энэхүү хол харвасны дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөө ОХУ-ын Чита мужийн Нерчинск хотын ойролцоох Хархираа, Хондуй голын бэлчирт байх нэгэн балгасны тууриас олджээ. Есүнгэд зориулсан хөшөөний бичиг нь эхлэхдээ Чингис хаан хэмээн мөр тэтгэн бичсэн байснаар Чингисийн чулуу хэмээн алдаршжээ. /Монголын түүхийн тайлбар толиос/

Есүнхэй мэргэний гайхамшигтай хол харваж, мэргэн оносон энэ домгийг бэлгэдэн клубтээ уг нэрийг хайрлажээ. Хэдэн зууны тэртээх өвөг дээдсийн алдар сууг өнөө цагт дуурсгах зорилго агуулсан гэж болно. Тэд энэ эрхэм зорилгодоо хүрэхийн тулд чармайж, хүрч ч явна. Үүний нэгэн хэмжүүр нь энэ жил Монголын үндэсний харваачдын холбооны 80 жилийн ойг тохиолдуулан 57 багийн 1000 гаруй харваач оролцсон томоохон уралдаанд тус клуб багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн явдал юм. Энэ бол хамтын хөдөлмөр, хамтын хичээл зүтгэлийн үр шим юм.

 Энгийн хүмүүс тус клубт гурван сарын хугацаатай 90 мянган төгрөгний төлбөртэйгөөр сургалтад хамрагддаг. Хилчдийн хувьд тус клубын үүд хаалга хэзээд нээлттэй. 2015 оны арваннэгдүгээр сарын 03-наас эхлэн тус клуб үүд хаалгаа нээснээс хойш таван жил улсын баяр наадамд дараалан оролцжээ. Ингэхдээ улсын баяр наадамд нэг түрүү, гурван удаагийн үзүүр, тусгай байруудыг эзэлжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны улсын баяр наадмаар тусгай салбарын тамирчин Б.Сүрэнжаргал улсын наадмын сурын харваанд товх харваж IV Байр эзлэн спортын мастерийн болзол хангасан байна. Хилийн албаны сургуулийн багш, дэд хурандаа Н.Ням-Очир спортын мастер, ХХЕГ-ын Холбоо, мэдээлэл технологийн хэлтсийн офицер, дэд хурандаа Г.Одон-Ертөнц спортын дэд мастерийн болзол хангасан гээд амжилт арвин гэнэ. Тус клубт байнгын бэлтгэл сургуулилт хийж тэмцээн уралдаанд оролцдог 40 орчим тамирчин бий. Хилчдээс гадна энгийн төрөл мэргэжлийн хүмүүс ингэж нэгэн хамт олон болон хүсэл сонирхлоороо нэгджээ. Гэхдээ эдгээр хүмүүсийн амжилт бүрийн ард “Хилчин” гэдэг нэр хамт явдаг. Тус клуб бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг бүрэн хангаж өгдөгөөрөө давуу талтай. Саяхан ХХЕГ-ын дарга үндэсний харвааны орон тоог хоёроор нэмэгдүүлсэнд тэд ихэд баяртай байлаа.

  ХИЛЧИН ХАРВААЧ БОЛСОН НЬ

Клубын үйл ажиллагаатай энэ хүртэл танилцах зууртаа сурвалжлагын гол эзэнтэйгээ танилцаж амжаагүй байв. Энэ хүн ямар учигаар анх хилчин болсон юм бол гэж дотор бодогдоод л байв. Б.Ёндон 2015 онд түрүүч цолтой Хил хамгаалах байгууллагын босгыг алхжээ. “Хилийн цэрэгт баг бүрдүүлж, өөрөө амжилттай сайхан харваарай” гэж үүрэг даалгавар авч. Бэлтгэл сургуулилт хийх зориулалтын орчингүй учраас ХХЕГ-ын спорт зааланд эхлээд бэлтгэл сургуулилт хийж үзэж л дээ. Гэтэл эрсдэл ихтэй, тохиромжгүй байсан тул бэлтгэл хийх газар зайлшгүй шаардлагатай болсон юм билээ. Ингээд зарын дагуу энэ газрыг олжээ. Анх халаалтгүй, тоос шороонд дарагдсан агуулах байхад нь засаж янзлан сайхан тохижуулжээ. Ерөнхийдөө тус зааланд араваас дөрөвдүгээр сарын хооронд бэлтгэл хийдэг. Бусад хугацаанд хоосон түрээсийн төлбөр төлдөг гэсэн үг. Тиймээс ч аль болох түрээсийн төлбөр багатай газар сонгох шаардлага анхнаасаа тулгарсан юм билээ. Гэтэл заяа түшиж 2015 оны харваачдын наадмаар тэрбээр түрүүлж 10 сая төгрөгөөр шагнуулж. Уг мөнгөөр тус байрыг түрээслэн, засварлаж тохижуулжээ. Гэхдээ олны хүч оломгүй далай гэгчээр Очирхуяг, Үнэнбат, Ууганбат нарын олон шавь нарынхаа буянаар улам бүр сайхан тохижиж байна гэлээ. Шавь нь паар нэмэлтээр холбож, уналттай тааз суулган засварлаж өгсөн байна.

 АМЬДРАЛДАА АНХ УДААГАА НУМ СУМ ХАРВАСАН МИНЬ

-Нэгэнтээ клуб дээр ирснийх та хоёрыг харвуулж үзүүлье.

-Ээ дийлэх болов уу, би бяр тэнхээ муу хүн дээ.

Энэ яриа өрнөж бид бэлтгэлийн заал руу орлоо. Энэ хооронд залуус бэлтгэлээ үргэлжлүүлсээр байв. Долоо хоногт дөрвөн удаа ингэж хоёр цагийн бэлтгэл хийдэг гэнэ. Ойрын зайн техникийн бэлтгэл аж. Гадна талбайд 65-75 метрт 20 орчим сумаар бэлтгэл хийдэг бол дотор зааланд бараг 80 орчим сум тавьдаг гэлээ. Ахлах дэслэгч Б.Ёндон хүн тус бүртэй тулж ажиллан зөвлөнө. Харин дараа нь миний ээлж ирэв. Үндсэн зогсолт болон нум таталт, барих арга барил зэрэг үндсэн техникийг түүгээр заалгав. Богино хугацаанд амьсгал хуваарилалт, баруун, зүүн гарын барилт гээд маш олон зүйлийг анзаарах шаардлагатай болдог аж. Миний тавьсан сум байндаа туссангүй. Харин баруун гарын эрхий хурууны хумс хугарав. Гоёлын хумс хугарахаас ч өөр аргагүй юм байна. Учир нь баруун гарын эрхий хуруугаар сумаа чиглүүлэн гаргадаг аж. Ингэж би гэж хүн хумсаа хугалан байж анх удаа нум сумтай нөхөрлөв.

Харин гэрэл зурагчин, ахмад Л.Номингэрэлийн хувьд сумны шунгинан нисэн гарах чимээ сайхан мэдрэмж төрүүлсэн гэлээ. Энэ мэдрэмжийг сонсоод, “Гадна талбайд тавьсан сум байгаа онох маш сайхан мэдрэмж шүү. Харваанд дурласан хүн эргээд гарна гэж байдаггүй. Сайхан ч спорт. Хүнийг муу муухайгаас хол байлгана. Архи дарс уусны дараа гар салгалаад байдаг гэмтэй. Тиймээс харваачид тэмцээн уралдаан дөхөх тусам саар бүхнээс хол байхыг эрхэмлэдэг. Мөн хүнтэй муудалцаж маргахгүй байх ёстой. Ер нь л эв эеийн спорт. Сайн харвахын тулд биеэ зэхнэ, ажил амралтаа тааруулна. Хумсаа хүртэл зөв тааруулж авна гээд нарийн. Би 2013 оны улсын баяр наадмаар хумсаа тулгаж аваад сайн харваж чадаагүй тал бий. Уг нь үүнийг мэддэг атлаа хүнтэй утсаар ярьж байгаад тулгаад авчихсан. Тэр жил надад боломж байсан. Гэхдээ аливаад учир бий” гэлээ.

 ОЛОН МЭРГЭН ХАРВААЧ ХИЛЧДИЙН ДУНДААС ТӨРӨӨСЭЙ

Энэ бол түүний сэтгэлийн үзүүр дэх чин хүсэл. Одоогоос таван жилийн өмнө хилчдийн эгнээнд хөл тавихдаа хүлээсэн үүрэг хариуцлага нь ч энэ байв. Тухайн үед штабын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Гансүх, “Хилийн цэргийн алба хаагчдад тэр дундаа хилийн салбарт хөгжүүлэх боломжтой спорт бол сурын харваа” гэж дэмжин хүлээж авсан нь урам нэмсэн талаар дурсав. Одоо харин түүнд байгууллагын дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгааг ярив. Тэр нь тэдэн сая төгрөг, материаллаг бааз биш юм. Учир нь тэрбээр энэ бүхнийг өөрөө болохгүйгээс болох хүртэл нь бүтээж, хичээж явааг энэхүү сурвалжлагын явцад олж харав. Түүний хувьд хилийн анги, салбар бүрт сур харвааг хөгжүүлэх, хүргэх хүсэлтэй. Тэрбээр Хилийн албаны сургуулийг 2016-2019 оны хооронд суралцан төгсчээ. Суралцах хугацаандаа 200 гаруй сонсогчид сурын харвааны хичээл орсон байна. Тухайн үед анхан шатны сургалтад хамрагдсан залуус эргээд сум орон нутагтаа тэмцээн уралдаанд оролцон амжилт үзүүлсэн жишээ ч бий. Хүнд сурсан эрдэм илүүддэггүйн жишээ энэ юм. Тиймээс ч тэрбээр хилчдийн дунд сурын харвааг хөгжүүлэхийн төлөө чармайж байгаа ч ганцаардаж байгаа нь илт. Учир нь ганц хүний үзэл бодол, ганц биеийн чадал чансаа хаа хүрэх билээ дээ. Ганц мод гал болдоггүй гэлцдэг. Тиймээс ч цаашид мэргэжлийн тамирчидтай болсноор хилийн ангиудад сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх боломжтой болох юм. Сур харвааны хамгийн том давуу тал нь анхан шатны ойлголт, арга зүйг нэгэнт эзэмшсэн байхад хилийн салбар, харуулд бие даан бэлтгэл хангах бүрэн боломжтой. Хамгийн гол нь өөрийн нум сумыг зөв тааруулах л хэрэгтэй. Хувь хүнээс шалтгаалах спорт учраас хилийн салбарт бэлтгэл хийж байгаад улсын наадамд түрүүлэх тэр сайхан өдрийг зураглан бид мөрөөдлөө. Харин би хүн бүр харваж чадах эсэх талаар  сониучирхав. 

“Монгол хүн бүр харваж чадна. Гендээ бий. Монгол үндэстний байлдан дагуулалыг нум сумгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний өвөг дээдэс Европын орнуудын олон мянган цэрэгтэй яаж хүч тэнцүү биш тулаанд орж ялалт байгуулж байсан юм бэ? Робин Гүдийн нум сум их холдоо 200 м, харин монголчуудын нум сум 500-600 метрийн хол тусгалтай байсан талаар ярьдаг. Монголчуудын байлдааны тактик нь алсын зайнаас, явуут дунд морин дээрээс харваж чаддаг байсан явдал. Тэр үеийн нумны хүч сайн байсан юм билээ. Өнөө цагт монгол нумын технологиор олон улс орон нум сумаа хийх болсон. Харвааны төрөлд Унгар, Солонгос, Хятад, Монгол Улс түрүү байрын төлөө өрсөлдөж байна. Хилчдэд энэ спортоор хичээллэх давуу тал их бий. Орчин нөхцөл нь тэр чигтээ боломж юм. Тиймээс манай клубыг зориод ирээрэй гэж зөвлөх байна” гэлээ. Энэ яриа бидэнд боломж бийг, түүнийг ашиглах л хэрэгтэйг сануулах мэт.

 АМГАЛАНГААС “АЛТАЙ” ХОТХОН ХҮРЭХ ТҮГЖРЭЛ ДУНД

Бид клубыг тойрон ярилцсаар багагүй хугацаа өнгөрснийг анзаарсангүй. Цаг орой болжээ. Тиймээс гэрийн зүг хөдлөхөөр болцгоов. Тэрбээр зам зууртаа онлайнаар холбогдож заавар зөвлөгөө өгнө. Нумны хүч болоод өөрийн хүч эн тэнцүү байж үр дүн гарах талаар, нум сумыг хэрхэн зөв сонгох, сэтгэл зүйн болон арга тактикийн зөвлөмжийг өгөх аж. Онлайн зөвлөгөөгөө хэсэг засварлан сур харвааны талаар надад үргэлжлүүлэн ярина. Энэ спортын давуу талыг би сонирхлоо. Даруу төлөв чанарыг эрхэм болгож хат суудаг талаар ярив. Байгаа онох бүрт авдаг урам зориг, эрч хүч, шинэ сэдэл гайхамшигтай гэлээ. Угтаа бол үндэсний уламжлал, ах зах, эрэмбэ дараа, ёс жудаг бүгдийг шингээсэн энэ спорт хүмүүжлийн их ухаан ажээ.

Энэ хүртэл хувь хүн талаас нь түүнтэй танилцаж амжаагүй учраас яриагаа хувийн амьдрал руу нь чиглүүллээ. Тэрбээр 2011 онд ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр амжилттай суралцан төгсжээ. Амжилттай гэдэг нь далд уурхайн чиглэлээр 80 хүүхдээс ганцаараа А үнэлгээтэй төгссөн гэнэ. Тиймээс ч ажлын байр нь бэлэн байв. Их сургууль төгссөн жилдээ улсын баяр наадамд түрүүлж. Мэргэжил, спортоо хослуулахын тулд нэгэн хувийн компанид ажилд орж хэдэн жил ажиллажээ. Энэ хугацаанд спортдоо гаргах цаг зав хумигдаж, амжилт нь суларч байна гэж дүгнэсэн тул ажлаасаа гарав. Ингээд “Аврагч” болон “Хилчин” спорт хорооны аль нэгд орохоор сэтгэл шулуудаж ХХЕГ-ын хаалгыг эхлэн татжээ. ХХЕГ-ын жижүүр хүний нөөцтэй холбож дэд хурандаа .Цолмон анкет бөглүүлж аваад хэдэн өдрийн дараа эргэн дуудаж. Тэгэхэд нь дээлээ өмсөөд л ирж гэнэ. Тухайн үед Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батбаяртай уулзахдаа, “Эх орноо өвөг дээдэс маань нум сумаар хамгаалж ирсэн. Хилийн цэрэг мэргэжлийн харваачтай байх ёстой. Би Хилийн цэргийн нэрийг гаргаж ажиллах хүсэлтэй байна” гэж зорилгоо танилцуулсан байна. Хурандаа Ц.Батбаяр ч удирдлагад уламжлан улмаар дэмжсэнээр Хилийн цэрэг гэх айлд түрүүч цолтой тэрбээр оржээ. Хилийн цэрэгт орсон жилийнхээ дараа зун улсын баяр наадамд үзүүрлэж, 2017 онд түрүүлсэнээ тэрбээр хилчдийн хийморь гэж хүндэтгэдэг.

 СУВИНЕР ХАУСЫНХ

Оройн 20.00 цаг өнгөрч байхад бид тэднийд ирэв. Хаалгаар оронгуут охин нь шулганан угтав. Аав охин хоёр эрхлэлдэн цэцэрлэг нь ямар байсан талаар ярилцана. Өөрийгөө яая гэж байж маамуугаа өлгийдөн унтуулсан талаар шулганан ярина. Аав, охин хоёрыг хайр дүүрэн харцаар харах зууртаа гэрийн эзэгтэй, “За дээшээ суу” гэж урилаа. Зочны өрөөний хоймор дахь буйданд тухлав. Тэднийх хүү, охин хоёртой. Хангай хүү зургаан настай энэ жил нэгдүгээр ангид элсэн оржээ. Аавын хэлсэнчлэн хүү тун төлөв даруу юм. Харин охин гэж эсрэгээрээ тун хөдөлгөөнтэй нөхөр нааш цааш тасралтгүй гүйнэ. Эцэж ядардаггүй бололтой. Нэг харахад хөшигний ард нуугдсан, харин нөгөө харахад ширээн дор орчихсон сууж байх.

Гэрийн эзэн гэртээ орж ирэнгүүт гараа угаан, гэрийн хөнгөн нимгэн хувцас сольж өмсөв. Харин гэрийн эзэгтэй цай хоол болов. Тэдний гэрт орж ирсэн цагаасаа эхлэн харц минь ёстой л жаргав. Учир нь тэдний гэр талархал, өргөмжлөл, элдэв янзын сувинерээр дүүрэн ажээ. Эвийг нь олж чигжин завсар зайгүй байрлуулжээ. Би ч тун сонирхолтой үзэсгэлэн үзэж байгаа мэт нэгээс нөгөөгийн хооронд хараа бэлчээн суув. Үүнийгээ илэрхийлбэл гэрийн эзэгтэй манай шавь нар манайхыг сувинер хаус гэцгээдэг юм гээд инээлдлээ. Хилчдийн тэргүүн дээд “Сүлдэт багана” шагнал гэрийн хойморт залагдсан байх. Улсын баяр наадамд түрүүлсэн жилээ энэ эрхэм шагналын эзэн болжээ. За даа тэгээд өөдөөс харсан шүүгээн дээр Чингисийн өрлөг дөрвөн жанжны баримал, мөнгөн аяга, янз бүрийн өргөмжлөлүүд гээд нэрлэж барахгүй их эд зүйл байх аж. Зөвхөн тал нь бөгөөд зарим нь далд бий гэлээ. Гэрийн хойморын шүүгээн дээрх аав, төрсөн дүү, авгын хүүтэйгээ хамт авахуулсан зургаа заан дурсамж уудлав. Ингэхэд Б.Ёндон эхээс дөрвүүлээ. Нэг дүү нь байт харвааны улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монголын заалны рекордыг эзэмшдэг аж. Үндэсний сурын харваагаар хичээллэж байгаад 2013 оноос байт харваагаар хичээллэх болжээ. Мөн “Хилчин” спорт хорооны тамирчин гэнэ. Аавынхаа үйл хэргийг залгамжлан хоёр хүү нь сур харваагаар хичээллэсэн нь энэ юм. Түүний аав Монгол Улсын гарамгай харваач Х.Баасанхүү гэж хүн бий. Түүнийг ухаан ороход л гэрээр нь дүүрэн нум сум байсан учраас хугалахыг нь хугалж, тоглож өсчээ.

 Түүний гэргийг Б.Эрдэнэсувд гэх бөгөөд Сити дээд сургуульд хувцас дизайны багшаар ажиллаж байгаад одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэнэ. Тэд 2011 онд танилцан өнгөрсөн жил хуримаа ёсолжээ. Ханийнхаа бүхий л дээлийг гэргий нь урладаг гэдгийг дуулаад ихэд олзуурхав. 2017 оны улсын баяр наадамд түрүүлдэг жил бэлтгэлээсээ долдугаар сарын 09-ний өдөр буюу маргааш харваа эхлэх гэж байхад бууж ирж л дээ. Тэгэхэд гэргий нь ханьдаа шинэхэн дээл урлачихсан угтаж. Ханийнхаа урласан дээлээр гангарч төрийн наадамд түрүүлсэн сайхан түүхээ тэд дурсан ярив. Энэ зуурт охин аанай л гэр дотроо шогшсоор. Үе үе бидний яриаг хөглөж инээд хүргэнэ. Хоол идэх зууртаа охиноо хайр дүүрэн харцаар ширтэж, “Манай охиныг хүмүүс хүү юм уу гэж асуудаг юм. Би багадаа охин шигээ их хөдөлгөөнтэй байсан юм гэсэн. Авирч болох бүхий л зүйл дээр гарчихсан явдаг гэж аав ээж ярьдаг юм. Харин сурагч болоод гайгүй болсон байх. Аавын тал олон эрчүүдтэй учраас даруулгатай өссөн” гэлээ. Оройтож ирсэн ч гэргийн сэтгэл гарган бэлтгэсэн хоолыг амтархан идэх зууртаа түүний бага насных нь талаар ярилцав. Б.Ёндон мэргэн идэр 23 нас хүртлээ эмээгийнхээ гар дээр өсчээ. Буурай 90 нас хүрч бурхны оронд одох хүртэл нь хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай дурсамжаасаа уудлав. Бага нас хөдөө өнгөрсөн учраас монгол ахуйд ойр өссөн байна. Бид хооллох зууртаа ярианы хачир болгон элдвийг ярилцав. Гэргий энэ зуурт хүүгийнхээ хичээлийг давтуулж эхлэв. Хүү нэгдүгээр анги учраас ажиллагаа их байгаа талаар ярилаа. Ингээд хооллож дуусаад бид гэр дүүргэх эд зүйлстэй танилцахаар бослоо.

Гэрээ танилцуулаач гэвэл ханандаа өлгөсөн медалиудаас эхэлье гэв. “Энэ жижиг бор медаль миний анхных гэдгээрээ үнэ цэнэтэй. 2003 онд хүүхдийн спортын наадамд оролцож авсан юм. 2005 онд улсын наадмаас авсан анхны хүрэл медаль, улсын наадмын үзүүр, түрүү, улсын аварга, бүс болон олон улсын чанартай медаль бий” гэлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж тавдугаар байрт орсон, мөн зэвт харвааны төрөлд Монголдоо хамгийн олон түрүүлсэн болохыг нь мэдэж авав. Зэвт харваа нь Монгол Улсад сүүлийн үед хөгжиж байгаа төрөл аж. Түүний хувьд буриад харваагаар төдийлөн харвадаггүй бөгөөд энэ жил зорин байж нум сумаа тааруулан бэлдэж амжилттай оролцон түрүүлсэн гэнэ. Энэ жилийн томоохон таван тэмцээний дөрөвт нь тэрбээр түрүүлээд байгаа юм. Том өрөөний хананд түүний зурагтай уйгаржин монгол бичгээр бичсэн дурсгалын бичвэрийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн зөвлөлийн дарга Лувсандорж дурсгасан аж. Эмээгийн хүү, галын зээ учраас бурхан тахилаа залж, шүтэж явдаг байна. Их хутагтын нутгийн хүү учраас шүтлэгтэй гэж өөрийгөө тодорхойлов. Гэрийн хойморт монгол айл ёсоор нэгэн сайхан эмээлийг төхөөрчээ. Даян мэргэн болсны дараа хүргэн ах нь өгсөн гэнэ. Мөн нутгийн зон олон эмээл хазаартай морь бэлэглэсний дараа эмээлийг нь аавынхаа гэрийн хойморт залжээ. Эмээл рүүгээ зааж, “Норжмаа мэргэн энэ Увсын хар суран бугуйлыг айл гэр болоход өгсөн” гэв. Тэрбээр өөрийн малгайгаа бидэнд үзүүлж сонирхуулав. Өөр олон малгай харагдав. Учир нь харваачид их хөлөрдөг учраас малгай тэсдэггүй гэнэ. Энэ үеэр сурын харвааны малгайны загвар, стандарыг батлуулсан тухайгаа сонирхуулан ярив. Шүүгээнд багадаа хурдан морины жаал байхдаа өмсөж байсан малгай нь ч байв. Улсын наадамд түрүүлэхдээ өмсөж байсан малгайгаа мөн үзүүлж сонирхуулав. “Өө би та хоёртой хөөрөглөхөө мартаж” гэсээр хөөргөө гаргаж ирэн тамхилав. Хөөрөгний чанар чансаа мэдэхгүй надад даалингийн уран хийц шуудхан нүдэнд тусав. Эхнэрийнх нь урласан эд гэнэ. Нэг талд нь нум сум, саадаг нөгөө талд нь дөрвөн хүчтэнийг зүү ороон дүрсэлжээ. Гучин насны төрсөн өдрөөр нь ханьдаа сэтгэлээ шингээн барьсан нандин бэлэг аж. “Би ч ямар сайхан эд вэ, та уран гэргийтэй азтай юм аа” гэж магтлаа. “Уран ханьтай азтай хүн шүү” гэж миний яриаг дэмжлээ. Мөн авга ах нь даян мэргэн болсны дараа мялаасан хөөрөгний даалинг үзүүлж сонирхуулав.

 Энэ зуурт гэрийн атмаан яаж зүгээр байхав ширээ эзгүйчлэн бужигнуулж харагдана. Шүүгээний дээрээс нэгэн цомыг аван дээжлэн хийсэн чихрээс амсахыг хүсээд, “Монголын үндэсний харваанд түүхэндээ анх удаа 57 баг оролцсон тэмцээнд манай баг дөрөвдүгээр байр эзэлсэн гэж түрүүн ярьсан даа. Цом нь энэ. Их баяртай байгаа. Харин миний хувьд энэ жилийн улсын баяр наадмаар татлагынхаа уртыг арай тавиудуулчихсан байна билээ. Түүндээ хүрэх гэж түүртээд амжилт саарсан” гэж дүгнэв.

Гэрийнхээ хойморт залсан элдэв эд зүйлийг танилцуулах явцад түүний дурсамж ч давхар сэргэж буй бололтой. Хоёр жил үндэсний бөхөөр хичээллэн ихийг суралцсан талаар ярив. Сумынхаа ойгоор хөөрч хоёрын даваанд унасан явдлаа дурсан инээв. 2011 оны улсын баяр наадмаар харваж түрүүлсэн сумаа гэрийнхээ хойморьт залжээ. Анхны түрүүг авчирсан сумныхаа нэгийг нутгийнхаа овоонд, хоёр сумаа багш нартаа дурсгасан гэнэ. Нэгд нь хийморийн дарцагаа залсан байна. Түүний даян мэргэн цолны батламжийн үнэмлэхийг үзэж хамтдаа мөн л тэр цаг үед очив. Учир нь Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсоор гаргасан хамгийн анхны зарлиг түүний даян мэргэн цол байжээ. 2011 оны манлай харваач болсон улсын аварга шалгаруулах тэмцээний цомууд ч байх. Харваачдын зүүдэг агсуурга болоод улсын наадамд хоёр удаа түрүүлсэн нумаа үзүүлж сонирхуулав. Хүүхэд байхдаа харваж байсан нумаа хадгалдаг юм байна. Сонирхуулахад тэрбээр 13 настайдаа анх удаа харваж байжээ. Өөрийн хийсэн нумаараа ирэх жил харвах төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Мөн морин хуур тоглож сурах хүсэлтэй явдагаа энэ үеэр ярив. 

ДАЯН МЭРГЭНИЙ ӨРГӨӨНИЙ ХОЙМРООС ХИЛЧДЭДЭЭ ИЛГЭЭХ ЗАЛЛАГА 

Оройн 22.00 цаг өнгөрчээ. Их хотын хөл хөдөлгөөн ч саарч. Айл унтаж амрах цаг болсон тул бид ярианыхаа амыг хүчээр шахам татав. Магадгүй би сур харвааны талаар ойлголт арвин нэгэн байсан бол бидний яриа амаа аван хэдэн цагаар үргэлжилж мэдэхээр байв. Гэхдээ гэрийн эзний сонирхолтой ярианд хөтлүүлэн цаг хугацаа оройтсоныг ч анзаарсангүй. Тэдний гэрийн эд зүйл бүхэн дурсамж өгүүлэх тул ярьж барамгүй арвин юм. 

Монгол түмнийхээ дунд нутаг ус, төрүүлж өсгөсөн аав ээж, түшиж тулсан хань ижил, хамт олныхоо алдрыг дуурсган төрийн наадамдаа хоёр удаа тэрбээр түрүүлсэн.  Ахиад ч тэр сайхан мэдрэмжийг хүртэхийн төлөө, түмэнд дуурсгахын тулд зорьж явна. Жил ирэх тутам туршлагажиж, бэлтгэлийн үр дүн улам бүр тогтож байгаагаа ярив. Ганц өөрийн амжилтын төлөө бус нэгэн хамт олны алдрыг дуурсгахын төлөө тэрбээр хөдөлмөрлөж яваа залуу юм. Тэрбээр яриан дундаа эрүүл саруул, элэг бүтэн энгийн энэ л амьдрал сайхан шүү дээ гэсэн нь надад ч сайхан санагдав. Ер нь бүх зүйл тэгш байж гэмээнэ амжилт гаргахад нөлөөлдөг гэсэн нь нэгийг хэлэх мэт. Ингээд баяртай гээд тэднийхээс гарав. “Энэ нөхөр удахгүй харваад явж мэднэ шүү” гэж охиноо тэрбээр өхөөрдөн тэвэрсээр ард үлдэв. Даян мэргэнийд зочилсон тэмдэглэлийнхээ төгсгөлд мянга мянган хилчдэдээ хаяглан “Есүнхэй мэргэн” клубын үйл ажиллагаа таны өмнө нээлттэй байгаа заллагыг дуулгаад сурвалжлагаа өндөрлөе. Ш.Даваахүү мэргэний нэгэнтээ хэлсэнчлэн нударга тогтсон сайн харваач тэрбээр болсон. Гэхдээ нас залуу, цус шингэн, даян мэргэний амжилт өмнө нь байна. Монголын эрэгтэй хамгийн залуу мэргэний өмнө зорилго бий учраас ирт сум шигээ эрэмгий, зорьсон хүссэн нь байндаа цэц мэргэн байх биз ээ.