АЛТАНБУЛАГ АВТОЗАМЫН БООМТООР АЧАА ТЭЭВЭРЛЭХИЙГ ХОЁР САРЫН ХУГАЦААГААР ЗОГСООНО
  • 13:15
  • 7941
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Онцгой нөхцөл үүссэн энэ цаг үед 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.

 Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно

 Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомт /Баян-Өлгий/-ыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс /Увс/, Арцсуурь /Завхан/, Ханх /Хөвсгөл/, Ульхан /Дорнод/, Эрээнцав /Дорнод/ авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс,  Боршоо /Увс/ боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хаахаар шийдвэрлэв. Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм.

www.zasag.mn