Ахмад Л.НОМИНГЭРЭЛ
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, халдвар хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, хошууч Б.Баярсайханаас тодрууллаа.
-Хил хамгаалах байгууллагын хэмжээнд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
-Цар тахлыг дотооддоо алдсан, хоёрдугаарт хилчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаатай холбогдуулан ХХЕГ-ын даргын хэд хэдэн тушаал, журам гарсан. Яг энэ цаг үед Эрүүл мэндийн алба, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран өдөр бүр хилийн анги, тусгай салбаруудтай утсаар холбогдож мэдээ, мэдээлэл солилцож, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
-Халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг хилийн бүх, анги салбартаа хүргэсэн үү. Нөөцөө бүрдүүлсэн үү?
-Одоогоор Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилийн бүх анги, салбартаа энэ оныг дуустал халдвар хамгааллын хувцас, хэрэглэл, ариутгалын бодис зэрэг есөн нэр төрлийн хангалтыг хүргэсэн. Үүнд халдвар хамгааллын хувцас, КN95 маск, нүүрний хаалт, нүдний шил, нэг удаагийн бээлий, жавелин, санитол, спирт. Яг одоо ирэх нэг, хоёрдугаар сард хэрэглэх нөөцийнхөө судалгаа, тооцоог хийж, нөхөн хангалт хийх арга хэмжээ авч байна. Халдварын эрсдэл өндөр байгаа Сэлэнгэ, Дорноговь аймгийн хилийн ангиудтай байнга холбогдож мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөмжийг өгч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа алба хаагч, ар гэрийнхэнд нь нэмэлт зөвлөмж өгч ажиллаж байна.
-Халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ. Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг хэрхэн зөв өмсч, тайлахаас эхлээд нарийн дэс дараалалтай гэсэн?
-Бид хилийн бүх анги, салбарын эрүүл мэдийн эмч, ажилтнууддаа цахимаар энэ чиглэлийн хичээл сургалтыг хийсэн. Хэрхэн тайлж, өмсөх талаар бүр видео хичээл хийж хүргэсэн. Тэгэхээр анги, салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд маань анги салбартаа хичээл сургалтыг орсон байгаа. Хилчид маань нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас халдвар хамгааллын хувцсыг ямар нөхцөлд өмсөх вэ? гэдэг асуудал. Энэ хувцсыг зөвхөн өвчтэй, халдвар илэрсэн нөхцөлд зөв өмсөх ёстой юм. Тиймээс харуул, манаанд гарахдаа өмсөх шаардлагагүй. Ийм нөхцөлд амны хаалтаа зүүгээд, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барихад л болно. Мэдээж халдвар хамгааллын хувцас хэрэглэл бэлэн байдалд байна гэдгийг анхаарах ёстой.
-Хилчид өөрсдийгөө энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд маскаа зүү. Гараа угааж, өрөө тасалгаагаа ариутгаж, дархлаагаа дэмжих, хүнсний ногоо, сүү цагаан идээ, жимс жимсгэнийг тогтмол хэрэглэх нь зүйтэй. Хүний дархлаа унагадаг нэг зүйл бол стресс. Энэ стресс бухимдал нь заавал уурлаж бухимдсанаар үүсдэггүй ажлын ачаалал ихсэх, нойр муутай байхад ч стресстэж дархлаа унаж байдаг. Иймээс ажил, амралтаа зөв зохицуулах хэрэгтэй юм. Мөн ковид-19 цар тахал, хөл хориотой холбоотойгоор сэтгэлээр унах, архаг суурь өвчин сэдрэх эрсдэл бас байна. Иймд хилийн ангийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бие бүрэлдэхүүнийхээ эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна.