ДЭЛХИЙН АВАРГА, ТУЛААНЧ Ө.ГАНТӨМӨР: ТУЛААНЫ УРЛАГ ГЭДЭГ ӨРСӨЛДӨГЧӨӨ ХҮНДЛЭХЭЭС ЭХЭЛДЭГ
  • 11:47
  • 8965
Бие хамгаалах урлагийн Олон Улсын хэмжээний мастер, Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, таеквондогийн дэлхийн аварга Ө.Гантөмөртэй ярилцлаа. “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP FC”-д монгол залуус тулалдаад хэдийнээ 11 жил болжээ. Энэхүү тэмцээнээс монгол залуусын тулааны спортын гараа эхэлж, тив дэлхийд чансаагаа сорих боломж эхэлсэн гэхэд болно. Тус тэмцээнээс төрөн гарсан хилчин тамирчид ч багагүй бий. Монгол залууст тулааны урлагаар хөгжин дэвших эхлэлийг тавихын зэрэгцээ өөрийн чансаагаа тив, дэлхийд баталж эх орныхоо нэрийг тулааны урлагт тамгалж яваа эрхэмийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

Ахлагч О.БАЯРМАА

-Хөл хорионы энэ өдрүүдэд юу хийж байна. Байнгын бэлтгэлтэй байдаг хүний хувьд хөдөлгөөн хоригдоод хэцүү байна уу? 

-Хөдөлгөөн хоригдоно гэдэг үнэхээр хэцүү. Олон жил байнгын бэлтгэлтэй байсан хүн аль болох дасгал хөдөлгөөн хийхийг хичээж байна. Зарим орой 17.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөн зөвшөөрсөн үед зааланд очиж хөлсөө гаргадаг. Ингэж хөлсөө гаргаж бэлтгэл хийхгүй болохоор цаанаасаа хүний бие, булчин ачаалал нэхээд байдаг юм. Булчиндаа ачаалал өгөхгүй удахаар толгой өвдөнө, шөнө нойр хүрэхгүй болох гэх мэт өөрт тухгүй мэдрэмжүүдийг авдаг. Тиймээс бэлтгэл сургуулилт хийхээс өөр аргагүй. Бид чинь хөлсөө жоохон гаргачихвал аятайхан болоод, зүрхэндээ ачаалал өгсөн дасгал хийвэл бие хөнгөрөөд бараг өлмий дээрээ явна шүү дээ.  

-Гэртээ аль болох хөдөлгөөнтэй байхаас гадна энэ цаг үеийг ашиглаад өөр ажлууд амжуулж чадаж байна уу? 

-Хөл хорионд орохоос өмнө спортын хувцас, тэр дундаа холимог тулааны хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг “FightBro” брэндтэй хамтран ажиллах гэрээ хийгдэж байсан юм. Энэ ажлаа онлайнаар үргэлжлүүлж гэрээний ажлыг дуусгаад байна. Бие хамгаалах урлагийг Монгол Улсад хөгжүүлэхийн тулд үнэ боломжийн, материал нь чанартай хэрэгсэл тун хэрэгтэй. Тиймээс бид энэ брэндийн хувцас хэрэгслээр багш, тамирчдаа хангахаар гэрээ хийсэн. Шулуухан ярихад тулааны урлагаар амьдралын боломж муутай айлын хүүхдүүд хичээллэх нь элбэг. Хүүхдүүд тэмцээнд орох бүрт янз бүрийн бээлий шорттой байснаас нэг брэнд дагнасан хувцастай байвал өөрт нь ч амар. Мөн эдийн засгийн хувьд ч нэмэртэй. MGL-1-ийн тамирчин нэг тэмцээнд орсон тохиолдолд 200 мянган төгрөг авдаг. Гэхдээ эхлээд сорил тулаанд ороод нэг ялалт байгуулж байж MGL-1-д орох эрхтэй болохын зэрэгцээ бидний зүгээс подволк, бээлий өгдөг. “FightBro” брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар тамирчдад шорт, бээлий гэх мэт аль хэрэгтэй гэсэн бүхнээр хангах зорилт тавьж байна. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сард болсон MGL-1-ийн холимог тулаанд оролцсон бүх тамирчдадаа “FightBro” брэндийн үхрийн арьсан бээлий өгсөн. Тэгэхээр тамирчид дараа дараагийн тэмцээндээ тэр бээлийтэйгээ тоглоно гэсэн үг. Дараагийн удаа бид шорт, цамц өгнө гэх мэтээр ахиулаад явахыг зорьж байгаа. 

-Тулааны спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Таны анхны суурь спортын төрөл? 

-Миний хувьд 30 орчим жил хичээллэж байна. Анхны суурь спорт 1992 онд ушугаар хичээллэж эхэлсэн. Тухайн үед Цагдаагийн автобааз дээр дугуйлан хичээллэдэг байв. Гэтэл ушу чинь тулаан хийхгүй, гимнастик шиг хөдөлгөөн хийгээд байхаар нь гарчихсан. Дараа нь Хойд Солонгосоос гаралтай таеквондогоор хичээллэж байгаад киокушинкай каратэг сонирхон хичээллэсэн. Энэ спортоор тулалдахаар Эрдэнэт хотоос Ж.Нарантунгалаг, Дархан хотоос Ц.Амарбаясгалан ирж байсан. Тухайн үед бид жингүй тулалддаг байлаа. Бид 1995-2001 он хүртэл шигшээ багт байсан юм. Ингээд кикбокс, бокс гээд зодолдох боломжтой бүх л тулааны спортоор тулалдаж хичээллэсэн. Жишээ нь би 32 настайдаа боксын спортоор хичээллэж байлаа. 

-32 насанд боксын тамирчид зодог тайлдаггүй юм уу?

-34 нас хүртэл зөвшөөрсөн байдаг. Хоёр жил боксоор хичээллэж, дөрвөн мөнгөн медальтай болсон. 

-Та анхны Монгол таеквондогийн дэлхийн аварга болсон. Дэлхийн аваргын тэмцээнийхээ талаар сонирхуулаач? 

-2018 онд теаквондогийн Азийн аваргад орох санал ирээд, оролцож түрүүлсэн. Дараа нь таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Беларусь улсын Минск хотод болж, анхны тэмцээнээс мөнгөн медаль авсан юм. Би энэ спортоор хичээллээгүй нэлээн хөндийрсөн байсан тул нэг талаасаа судалгаа хийх тоглолт байсан. Тулааны спортууд хоорондоо төстэй боловч техник, дүрэм, оноо, шүүлт нь ялгаатай. Каратэ гэхэд нүүр рүү цохихгүй, ухрахгүйгээр шууд халз тулалдан, нам цохиж ялалт авдаг. Харин таеквондо толгой руу гараар цохиж болохоос гадна хөлөөрөө бүсэлхийнээс дээш цохиж оноо авдаг. Гэхдээ санаатайгаар хүчтэй цохилт хийвэл торгууль өгч, тэмцээнээс хасагдах жишээтэй. Тэгэхээр тэр бүрт мэдрэмж шаардлагатай. Таэквондогийн дэлхийн аварга хоёр жилд нэг удаа болдог боловч нэг жил татаад 2019 онд Болгар улсын Пловдив хотод зохиогдсон. 2018 онд ялагдал хүлээж мөнгөн медаль авсан учир дараагийн дэлхийн аваргад түрүүлэхийн тулд нэг жил яс бэлтгэл хийсэн. Өмнөх гаргасан алдаан дээрээ нэлээн ажилласан. Тамирчин хүн нэг тэмцээнээс нөгөө тэмцээний хооронд байнга л бэлтгэл хийж амьдарч байдаг. 2019 оны дэлхийн аваргад явахдаа заавал алтан медалийг нь авна гэж явсан. Санасандаа хүрч монголын анхны таэквондогийн мастер ангилалын дэлхийн аварга болсон. 

-Ахиад л асууя. Ингэхэд та хэдэн насандаа таэквондогийн дэлхийн аварга болсон юм бэ? 

-Миний хувьд мастер ангилалын дэлхийн аварга. Энэ нь угаасаа насны ангилалтай. Минийх 40-45 насны ангилал. Би 42, 43 насандаа оролцсон. Одоо “Токио-2021” олимпод мастер ангилалд оролцох эрхээ мөн авчихсан байгаа. 

-Танаас өөр мастер ангилалд хүч үзэх монгол тамирчин бий юу?

-Миний насны ангилалд монголд тамирчин байхгүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнд миний насны ангилалд хүн байхгүй учир 30 настай залуутай тулалдсан. “Токио-2021” олимпод мастер ангилал анх удаа зохиогдох юм.

-Монголын холимог тулааны спорт 11 жил болсон байна. Анх эхэлсэн үетэй харьцуулахад тамирчинтай, хөгжөөн дэмжигчтэй болжээ. Анх MGL-1 холбоог хэрхэн байгуулж байв?

-1995 онд би киокүшин каратегийн шигшээ багт байсан гэж хэлсэн дээ. 2001 онд Японоос мэргэжлийн кикбоксын дасгалжуулагч Монгол залуусыг сонирхож ирэхдээ манай клубээр зочилж хамгийн боломжтой тамирчид энд байна гэж сонгосон юм. Ингээд удалгүй Японоос мэргэжлийн кикбоксын тэмцээнд оролцооч гэсэн урилга ирсэн. Эхлээд Б.Бямбадорж насанд хүрээгүй байхдаа явж байсан бол дараа нь Ц.Амарбаясгалан бид хоёр яваад 2001-2005 он хүртэл Японд байсан. 2005 онд эх орондоо ирээд, монгол тулаанчдынхаа ур чадварыг харахад олон улсын түвшнээс хоцрогдсон байлаа. Боксын тамирчид, каратегийн тамирчид гадаад руу тэмцээнд яваад л ялагдаж байсан. Киван буюу карате, кикбокс гэх мэт бие хамгаалах урлагийн нэг номер гэгдэх  тэмцээн олон улсад зохиогддог байв. Түүний товчлол нэр нь К-1 юм. Азийн шилдэг кикбоксын К-1 тэмцээнд монголчууд өөрсдийн зардлаар, сайн дураараа оролцоод ялагдал хүлээгээд азиасаа гарч чаддаггүй. Тэр тэмцээнд эндээс дийлэнхдээ боксын тамирчид явдаг байсан юм. Азиасаа гарч чадахгүй бол “Макс К-1”-д оролцож чадахгүй. Би 2005 онд Японоос ирээд К-1-д орж ялалт байгуулсан. Түүний дараа Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгалан нар ороод ялсан. Ингээд биднээс хойш энэ тэмцээнд оролцох залгамж харагдаагүй. Нөгөөтэйгүүр, энд мэргэжлийн кикбоксын тамирчин явж байж амжилт үзүүлдэг нь батлагдсан. Тиймээс бид хоорондоо ярилцаад, Монголын номер нэг буюу MGL-1 Fighting Championship тэмцээн зохион байгуулъя, мөн Монголын тулааны тамирчдын шилдэг холбоо байгуулъя гэж санал нийлсэн юм. Энэхүү холбоог каратэгийн Ч.Махбал, Б.Галбат, Ч.Наранбаатар, Ж.Нарантунгалаг бид тав үүсгэн байгуулаад, Монголын холимог тулааны номер нэг тамирчныг дэлхийд гаргая гэж бодсон. Манай Ж.Нарантунгалаг аварга ч Япон руу гэрээ байгуулан явж байсан. Мөн Ази Номхон далайн Legend FC-д тулалдан, удалгүй "One Championship"-ийн дэлхийн аварга болсон. Ер нь манай MGL-1 холбооноос маш сайн тулаанчид төрөн гарсан. Та бүхний дундаас гэхэд Монгол улсын холимог тулааны MGL-1 холбооны 77 кг жингийн гурван удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны 77 кг жингийн аварга, хилийн 0303 тусгай салбарын хошууч, тулаанч Д.Батсүмбэрэл байна. Тулааны урлаг сонирхдог залуус сайн мэднэ дээ З.Шинэчагтага, О.Пүрэв гээд шилдэг тулаанчид бий. Монголд бүхий л жингийн аваргууд энэ холбооноос төрөн гарсан. Манай холбооны аваргууд бүгдээрээ хилийн чанадад томоохон холбоонуудад тулалдаж байна.

-Холбоо байгуулаад анхны тэмцээнийг хэрхэн хийж байсан бэ. Тухайн үед тамирчид ч цөөхөн байсан байх?

-Анхны тэмцээнийг 2009 онд зөвхөн 77кг жинд явуулж байлаа. Эсрэг зооноос Ж.Нарантунгалаг, нөгөө талаас би гарч тулалдаж байв. К-1-ийн дүрмээр зохион байгуулсан. Тухайн үед би 60 кг-д тулалддаг байсан боловч жин ахиж тулалдсан. Ингээд анхны тэмцээнээр Ж.Нарантунгалаг түрүүлж байсан түүхтэй. Анх шилдэг найман тамирчин нэг жинд өрсөлдөж аварга шалгаруулж байв. Эхний тулаанаа зургадугаар сард хийчихээд хоёр дахь тэмцээнээ есдүгээр сард хийж, одоо UFC-д гэрээ байгуулаад тулалдаж байгаа Батгэрэл ялж байсан юм. 

-Одоо жилд хэчнээн залуус тулааны спортоор хичээллэж, тэмцээнд оролцож байна?

-2010 оноос залуус холимог тулааныг нэлээн мэддэг болж сонирхож  эхэлсэн. Одоо жилд дунжаар сорил тулаанд 200 тамирчин оролцож, 120 тамирчин тулалдаж байна. 

-MGL-1 олон залуусыг тулааны урлагт хүч сорих, өсөн нэмэгдэх боломжийг нээж өгчээ. Энэ дундаас манай хилчин тамирчид ч багагүй төрөн гарсан?

-Ж.Нарантунгалаг бид хоёр 2005 онд “Сонсогчийн алдар” тэмцээнд түрүүлж байлаа. ХЦДС-ийн гардан тулааны багш Чинбат багш бид хоёрт их сайн байсан. Надад Хилийн цэргийн дээд сургуулийг танилцуулж, түрүүлсэн учир тус сургуульд  орох урилга өгч байсан юм. Миний хилчидтэй анх танилцсан түүх ийм. Тухайн үед би Тагнуулын сургуульд суралцсан л даа. MGL-1-ийг зохиож эхлэснээс хойш олон сайхан хилчин тамирчидтай болсон. Манайхаас анхны гарааг нь эхлүүлсэн хилчин бол тухайн үед хилийн 0303 дугаар тусгай салбарт байсан хошууч Х.Оналбек. Тэрбээр 2010 оны шилдэг тулаанчдын дөрөвт багтдаг байсан чансаатай тамирчин. Х.Оналбек олон сайхан залуусыг энэ тулаанд орох гарааг бас бэлдэж өгсөн. Энэ тулааныг сурталчилж, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа хамгийн том төлөөлөл бол хошууч Д.Батсүмбэрэл. 

-Олон тулаанчтай рингэн дээр учирч, мөн олон ч залуусын тоглолтыг харсан хүн. Энэ дундаас хилчин тамирчдын нийтлэг чансаа, эр бярыг дүгнэвэл?

-Тулааны спорт гэдэг ялж, ялагдахын ирэн дээр байдаг. Дандаа ялдаг тулаанч гэж байхгүй. Үргэлж ялагдал ч гэж үгүй. Хилчин тамирчдаас тууштай, дайчин чанар яахын аргагүй харагддаг. Рингэн дээр хоёр тамирчин тулалдаад доор нь ороод зодуулж байгаа тамирчид цагаа дуусгахгүй бууж өгөх тохиолдол бишгүй бий. Гэтэл хилчин тамирчид тэгж бууж өгөх дургүй. Хэдий дор нь орсон ч  тэмцээд л байдаг. Зодуулж байсан ч хамаагүй цагаа дуустал тэмцэлддэг. Энэ бол тууштай, дайчин зан чанар. Манай хилчин тамирчид чансаа өндөр шүү. 

-Та Япон улсад хэдэн жил мэргэжлийн кикбоксоор хичээллэсэн юм бэ. Тэр улсаас таны амьдралд хэвшсэн дадал зуршил бий юу?

-Гурван жил мэргэжлийн кикбоксын тулаанч байсан. Япон улсаас мэргэжлийн тамирчин ямар байх ёстой, дэг журам, хүндлэл гэх мэт тамирчин хүний сурах ёстой бүх зүйлийг тэндээс нарийн суралцсан. Мөн цаг баримтлах дадлыг хамгийн сайн сурсан. Монголд цаг барих тал дээр хэцүү шүү дээ. Япончууд “Цаг барьж чаддаггүй хүн ажил хийж чаддаггүй” гэж үздэг. Ер нь цаг барьж чаддаггүй хүнтэй ажиллах дургүй. Энэ нь нэг талаасаа хүндлэлийн нэг хэлбэр юм. Гэхдээ монголчууд цаг барьж сураагүй гээд  орхиж болохгүй. Надаар дамжуулж бусад нь ч гэсэн суралцаж хэвшиж яваасай гэж боддог. Тиймээс тамирчдадаа цаг барих тал дээр хатуу сануулдаг, чадахгүй бол тодорхой хэмжээний хариуцлага тооцдог. 

-Миний хувьд тулааны спортын талаар өргөн мэдлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ анзаарч байхад энтертаймент хэлбэрээр илүү хөгжиж, үзэгчдийг татдаг юм шиг санагддаг?

-Энтертаймент чиглэлийг нь хөгжүүлж чадвал нэг талаасаа мөнгө хийх өргөн боломж. Гэхдээ монголд ингэж хийх хэцүү. Нөгөө талаасаа би тийм зүйлд дургүй. Тулааны урлаг гэдэг өрсөлдөгчөө хүндлэхээс эхэлдэг. Өрсөлдөгч байхгүй бол тэр хүн хэн ч биш. Рингэн дээр өрсөлдөгчөө хүндэлж эхлээд хүндэлж дуусдаг спорт. Юу, юунд ч хүрээгүй, суралцаагүй байж онгирч, сагсуурч байгаа нөхдүүдийг харахаар ёстой цохиод унагаачихмаар санагдаад байдаг юм. Та нар анзаарсан бол тулааны спортоор хичээллэдэг залуус зодоон, цохион хэрэг төвөгт орлоо гэж дуулаагүй байх. Нэг талаас зодоонч юм шиг боловч нөгөө талаасаа хүнд асар том хүмүүжил олгодог спортын төрөл шүү. 

-Ер нь тулааны спортын мөн чанар юу юм бэ. Хүн харахад бие бялдрын хүчийг дайчилж байгаа мэт боловч ухаан зарахгүй бол хол явахгүй болов уу гэж бодож байна? 

-Тулааны спорт гэдэг асар том ертөнц, философи ухагдахуун явдаг. Шатарын спортын тамирчин өрсөлдөгч нүүсний дараа бодож байгаад нүүдлээ хийдэг. Харин тулааны спорт эсрэг цохилт ирэхээс өмнө төлөвлөж, өөрийнхөө ажиллагааг хийдэг. Түүнээс цохисных нь дараа бодно гэсэн хугацаа байхгүй. Ингэж цохивол ийм тактик ажиллагаа явуулна, эндээс дайралт ирвэл гэх мэт байнга төлөвлөнө. Тэгэхээр маш хурдан сэтгэнэ. Баруун гар, хөл нь хүчтэй юм байна, энэ гар хөл ирэхэд би юу хийх үү гэж хэдхэн секундын дотор тактикаа боловсруулаад дайралт ирэхэд бэлэн болчихсон байна гэсэн үг. Тэгж байж ялалтад хүрнэ. Түүнээс мунагдаж зодолдоод, дайраад ялалтанд хүрдэг тулааны спорт гэж байхгүй. 

-Энэ спортыг больё гэж нэг удаа ч болов бодож үзэж байсан уу?

-Нэг ч удаа бодож үзээгүй. Хүүхэд байхад зодолдож орж ирээд тархиа доргиочихлоо гэхээр аав, ээж минь ч сүртэй хүлээж авдаггүй байсан. Тиймээс хүүхэд байхын хэнэггүй байсан юм болов уу. Ер нь тулааны тамирчид айдасгүй болчихсон байдаг. 

-Ямар ч зүйлээс айдаггүй гэж үү?

-Цагдаагаас айна. Тиймээс гэрээсээ гарч чадахгүй байна. Энэ гэхдээ айдас гэхээсээ илүү хүндлэл юм. Би өөрөө цагдаагийн байгууллагад таван жил үүрэг гүйцэтгэсэн. Танил тал гээд гараад явж болно л доо. Гэхдээ энэ нь нэгт иргэн хүний үүрэг, хоёрт үүргээ гүйцэтгээд зогсож байгаа хүнийг хүндэтгэж байгаа хэлбэр юм.