ХИЛИЙН 0288 ДУГААР АНГИ ISO 9001:2015, ISO 45001:2018 ГЭРЧИЛГЭЭ АВЛАА
  • 11:44
  • 7516
Хил хамгаалах байгууллагын хөгжил үе шаттайгаар өгсөн дээшилж байна. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд зэвсэглэл, техникийн хувьд дэлхийн хөгжил, стандарттай хөл нийлүүлэн алхаж, барилга байгууламж, хувцасны шинэчлэлт, өөрчлөлтийг дотооддоо хийж чадсан. Харин энэ жилээс нэгэн шинэ нэр томъёо орж ирлээ. Энэ бол ISO дэлхийн стандарт. Өөрөөр хэлбэл, ISO олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулж чадна гэдгээ хилийн 0288 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дэлхийд баталгаажууллаа.

Дэлхий даяарчлагдаж өөрчлөгдөхийн хэрээр стандарт нь үйлдвэрлэл, бизнесийн амжилтад хүрэх гүүр, өндөр технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх хөгжлийн түлхүүр болж байна. Монгол Улсад томоохон үйлдвэрлэл эрхлэгчид энэхүү дэлхийн стандартын гэрчилгээг авдаг байсан цаг саяхан. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт төрийн байгууллагуудыг стандарттай болгох зорилт тавьсан юм. Хилийн 0288 дугаар анги уг олон улсын чанарын стандартын гэрчилгээг авснаараа ижил төстэй төрийн цэргийн байгууллагуудаас анхдагч нь болов.

Энэ жил Хил хамгаалах байгууллага “Хилчдийн хөгжлийн орчинг сайжруулж, хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлнэ” гэх зорилтыг дэвшүүлсэн.

Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги, салбараас хөгжлийнхөө орчинг сайжруулан зорилгыг тодорхойлсон түүчээлэгч нь хилийн 0288 дугаар анги боллоо.

Олон улсын стандартын гэрчилгээг хилийн 0288 дугаар ангийн бие бүрэлдэхүүн шинэ оны босгон дээр гардав.  Гэрчилгээ олгох ёслолын ажиллагаанд хилийн 0288 дугаар ангийн удирдлагуудаас гадна, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав,  Хяналт шалгалт, дотоод аудит эрхэлсэн дад дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга, хошууч Д.Оюунгэрэл,  хилийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Алтангэрэл, “Монсертф” ХХК-ий баталгаажуулалтын газрын дарга Б.Энхтөгс, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Хилийн 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр:

-Манай хамт олон 2020 онд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьсан. Тиймээс есдүгээр сард “Менежмент ур чадвар” хүрээлэнтэй  гэрээ байгуулан гурван сарын хугацаанд зөвлөх үйлчилгээ авч ажилласан. Өнөөдрийн энэ үр дүн бол бидэнд зөвлөсөн зөвлөхүүд болон ангийн Чанарын болон Бүтээмжийн багийн амжилт юм. Энэ хоёр менежментийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага нь нэгдүгээрт, ажилчдадаа ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байгууллага болох байлаа. Энэ нөхцөл бүрдэхээр хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг баталгааг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж үзсэн. Үйлдвэрлэлийн чанар, үр ашиг нэмэгдэхийн хэрээр эдийн засаг ч өсөх юм. Энэ зорилго, зорилтыг хангахын тулд манай бие бүрэлдэхүүн гурван сар хичээнгүй ажилласан. Үр дүнд нь “Монсертф” ХХК-аар хөндлөнгийн аудит хийлгэж Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын тогтолцоо ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээгээ гардан авлаа.

Бид 2021 онд “Нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлнэ” гэх зорилт дэвшүүлсэн. Энэ гэрчилгээг хүлээж авснаар менежментийн тогтолцоо нэвтэрчихэж байгаа зүйл биш юм. Энэ бол зөвхөн ажлын эхлэл. Энэ гэрчилгээ гурван жилийн хугацаатай. Энэ хугацанд бид энэ стандартыг ангидаа нутагшуулж, хэвшүүлэх ёстой. Үүний төлөө удирдлага, хамт олны зүгээс зорьж ажиллах болно.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав:

-Хил хамгаалах байгууллагын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ. Энэ бол хилчдийн дүрэмт хувцсыг 30 жил оёсон хилийн 0288 дугаар анги маань төрийн цэргийн оёдлын байгууллагуудаас хамгийн түрүүнд олон улсын стандартын гэрчилгээг гардан авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Стандарт гэдэг хэм хэмжээ, хууль юм. Энэ анги, Монголынхоо оёдлын үйлдвэрүүдэд төдийгүй дэлхийн улс орнуудад бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалга нь нээгдлээ.

Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж:

-Анх зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн өмнө зөрүүгийн шинжилгээ гэж хийдэг. Бид энэ дагуу стандарт шаардлага тус бүрээр нь шинжилгээ хийхэд 28.6 хувь нь стандартад нийцэж байна гэсэн дүн гарч байсан. Одоо бол огт өөр түвшинд очсон. Тиймээс ч энэхүү гэрчилгээг гардаж авлаа. Энэ амжилтад нэгдүгээрт цэргийн байгууллагын зохион байгуулалт, хоёрдугаар, ангийн захирагчийн манлайлал их нөлөөлсөн. Ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр манлайлан ажиллаж чадсанд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тиймээс ч энэ хоёр стандартыг оёдлынхоо үйлдвэрт нэвтрүүлж чадлаа. Одоо Хилийн цэргийн бүх алба хаагчид дэлхийн стандартад нийцсэн чанартай хувцас өмсөж байгаа шүү. Энэ гэрчилгээг авснаар гурван жил дараалан магадлан аудитадаар баталгаажуулаад  дэлхийн стандарт бүрэн нутагшжээ гэдгийг харуулах ёстой юм.

Стандарт нэвтрүүлэхэд урт болон богино хугацааны үр дүн гэж байдаг. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын тогтолцоо ISO 45001:2018 стандартын богино хугацааны үр дүн гэхэд нэгдүгээрт, ажилтны эрүүл мэнд, байгууллагын аюулгүй байдал, хэрэглэгчийн аюулгүй байдлыг цогцоор нь шийдэж өгдөг. Жишээлбэл, ажилчдын өдрийн хоолны материалыг өдөр бүр авч байгаа. Авахдаа бараа материал бүртээ стандартын шаардлага тавьж хэрэглэж байгаа хүнс аюулгүй гэдгийг мэддэг байх ёстой юм. Энэ ангийн нэг давуу тал нь эмчтэй юм билээ. Нэг оёдолчин, эсгүүрчинг эмч үзээд “Та өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаж болохгүй” гэсэн бол ажиллахгүй гэж ойлгох хэрэгтэй. Эмчээс зөрөөд ажиллаж байгаад ямарваа нэг асуудал гарвал яах вэ. Энэ бүх эрсдлийг тооцоолж, ажилдаа стандартыг нэвтрүүлж чаддаг байх ёстой юм. Мөн гадаад, дотоод хэрэглэгчдэд ямар асуудал тулгарч байгааг тооцоолж төлөвлөлтөө гаргана. Одоо энэ ангийн бүх бие бүрэлдэхүүн шат шатандаа стандартын дагуу эрсдлээ тооцоолж бичиг баримтаа төлөвлөж, боловсруулж чадна. Тиймээс ч стандартыг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, үл тохирол, удирдлагын дүн шинжилгээний чухал журам, бичиг баримт, чанарын гарын авлага боловсруулж гаргасан байгаа. Манай байгууллага зөвхөн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн. Одоо бүх зүйл ангийн хамт олноос шалтгаална. Мэдээж шаардлагатай тохиолдолд бид зөвлөмж өгнө. Энэ ангийн бие бүрэлдэхүүн чадна гэдэгт итгэлтэй байна.

Монсертф ХХК-ий баталгаажуулалтын газрын дарга, ISO 9001-2015, ISO 45001-2018 стандартын олон улсын аудитор Б.Энхтөгс:

-Манай компани олон улсын менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг хийдэг. Монголд ийм баталгаажуулалт хийдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсан хоёр хувийн компани байдаг юм. Мөн Стандартчилал хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын газар ийм үйлчилгээг үзүүлдэг. Манай компани үндэсний итгэмжлэл болон Казакстан улсын итгэмжлэлтэй. Анх 2016 онд байгуулагдсанаас хойш 98 байгууллагад 137 гэрчилгээ олгожээ. Казакстан улс маань IАF итгэмжлэлийн форумын жинхэнэ гишүүн гэдэг утгаараа олон улсын ISO стандартын гишүүн 160 гаруй оронд хүчин төгөлдөр гэрчилгээг олгож байна. Гэрчилгээ олгосон байгууллагуудын 30 хувь нь төрийн байгууллага. Ялангуяа сүүлийн гурван жилд төрийн байгууллагууд стандартад маш их анхаарал хандуулдаг болсон.

Төрийн болон хувийн бүх байгууллагууд нэгдсэн менежментийн суурь болох ISO 9001-2015  стандартыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой. Энэ стандарт дээр нэмэгдээд хөдөлмөрийн, мэдээллийн, байгаль орчны тогтолцооны гээд чиглэл чиглэлээрээ хэрэгжүүлээд явдаг.

Цэргийн оёдлын үйлдвэрт аудит хийхэд анх ойлголтын зөрүүнээс өөр ямар нэг хүндрэл гарсангүй. Зөвлөх үйлчилгээ авсан гурван сарын хугацаанд ажиллаад сурчихсан байсан нь гайхалтай байлаа. Ойлголтын зөрүү гэдгийг тайлбарлая л даа. Цэргийн газар болохоор шалгалт өгөөд, шалгуулж дүн тавиулаад сурчихсан байсан. Энэ хандлагаар хандаж эхэлсэн ч бидний аудит өөр юм гэдгийг ойлголцсон.  Өөрөөр хэлбэл, менежментийн тогтолцооны аудитын гол зорилго нь хазайлтууд, үл тохирлыг сайжруулалт, боломжийг олж харах байдаг. Мөн стандартыг яаж хийвэл олон улсын шаардлагыг хангах вэ гэдэг зөвлөмжийг өгөх зорилготой. Манай аудит бол шалгалт биш сайжруулах алхам юм гэдгийг ойлголцсон. Тиймээс ч нээлттэй байж сайжруулалтуудыг хийсэн.

Энэ анги үйлдвэрлэлээ стандартынхаа дагуу явуулж, ажлаа хийж чадна. Харин цэргийн байгууллага учир ХХЕГ болон удирдлагаас өгч байгаа үүрэг, чиглэлийг стандартдаа яаж нийцүүлж, уялдуулах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Үүрэг, чиглэлийн хажуугаар стандартыг мөрдөж давхар ажил болгож болохгүй юм.

Энэ гурван жил гэдэг нэг л цикл юм. Яагаад гэхээр дэлхий даяарчлагдаж, хүмүүс, техник технологи хөгжиж, хөдөлмөрийн харилцаа ч өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад менежмент нь өөрчлөгдөх ёстой. Стандарт нь өөрөө 162 орны сайн туршлагуудыг экспертүүд шинжлээд энэ шаардлагуудыг хангачихвал тухайн байгууллага менежементийн хувьд алдаагүй байнга сайжраад явах юм байна гэж тогтоодог. Тиймээс ч стандарт таван жил тутамд шинэчлэгддэг. Жишээлбэл, 9001-2015 стандартыг энэ жил олон улсын ISO-гийн техникийн хороо шинэчлэх талаар ярилцаад 9001-2022 гэдэг стандарт гарч ирж магадгүй. Ийм тохиолдолд тухайн стандартаа дагаад хилийн 0288 дугаар анги өөрчлөгдөх ёстой. Тиймээс гурван жилийн хугацаа олгодог. Гурван жил шинэчлэгдэхгүй болчихлоо, одоо энэ л стандартаараа явна гэж болохгүй. Аливаа зүйлд төгс юм гэж байдаггүй. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөнө. Дэлхийтэй хөл нийлүүлье л гэвэл урьдчилан харж, төлөвлөх ёстой юм. Энэ бол сайжруулалт юм. Суурь нь нэгэнт зөв тавигдсан байгаа энэ ангид дараа дараагийн стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй байж магадгүй. Сая үүдээр орж ирэхэд хогоо ангилж ялгадаг нь харагдсан. Энэ нь байгаль орчны чиглэлээр стандарт нэвтрүүлэх эхний алхмаа хийчихсэн гэсэн үг шүү.